Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 157/ШШ2021/00052

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “М” ТӨҮГ-ын харьяа Б үйлдвэрийн нэхэмжлэлтэй /РД: ..../

Хариуцагч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багт байрлах “Д ” ХХК-д  /РД: .../ холбогдох “хүйтэн усны төлбөр 458.800 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т , хариуцагч Д  ХХК-ийн захирал М.Б  нар оролцов.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

         НэхэмжлэгчМ ” ТӨҮГ-ын харьяа Б үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д  ХХК нь хүйтэн усны төлбөрөө 2020 оны 02 дугаар сараас 2020 оны 12 дугаар сар хүртэл огт төлөөгүй. Иймд хүйтэн усны төлбөр болох 458.800 төгрөгийг “Д ” ХХК-иас гаргуулах хүсэлтэй байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Намайг ажил авахад энэ компани 2.200.000 төгрөгийн өртэй байсан. Тэр өрнөөсөө 1.800.000 төгрөгийг төлөөд 400.000 төгрөгийг үлдээсэн байсан. Б нь Ч  гэдэг хүний өр учраас 400.000 төгрөг үлдээлээ гэсэн. Сар бүр 59.400 төгрөгийн усны төлбөр нэмэгдэж байгаа. Эхлээд сар бүр төлдөг байсан, тэгээд сүүлийн хэдэн сар алдаг оног төлж байгаад хуримтлагдсан өр нь 458.400 төгрөг болчхоод байгаа. Би энэ хүнд хэлж байсан. Танай компанийн өр учраас танай компани хариуцах ёстой. Ч  гэдэг хүн дээр өр үүсээгүй. Би Ч-н өрийг авчраад “Д ” ХХК дээр нэмсэн бол миний хариуцлагын асуудал болно. Ийм учраас эвлэрэх боломжгүй, төлбөрөө төлөх ёстой” гэв.

 Хариуцагч “Д ” ХХК-ийн захирал М.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 онд “Д ” ХХК-ийг ээж О  ямар нэгэн байгууллагад өр тооцоо байхгүй гэж аман гэрээгээр худалдаж авсан байдаг. Хуримтлагдсан усны төлбөрийг аваад акт нийлээд гарын үсэг зураад явж байсан. Тэгээд 8 сарын дараа 512.000 төгрөгийн өр байна гэж хэлсэн. Энэ хэзээний өр вэ гэхэд 2014 оны гэж хэлсэн. Ч  эгч “Н ” зоогийн газраа ажиллуулж байсан. Би Ч эгчтэй уулзаж ярилцаад 200.000 төгрөгийг 10.000, 20.000 төгрөгөөр цувуулж байгаад авсан. Тэгээд 340.000 гаран төгрөг үлдчихээд байгаа. Би 2016 онд Ч  эгчээс мөнгө гаргуулах гэж шүүхэд өгсөн, тэгсэн Ч-н гэрийн хаяг тодорхойгүй гээд нэхэмжлэл буцаж ирсэн. Хоёр захирлын нүүр үзсэн компанийн 300.000 төгрөгийг 7, 8 жил дараа төлөхөд чанга байна. Зөрүү болох 117.000 төгрөг нь 2020 оны 9, 10 сарын төлбөр байгаа” гэв.

 

Ү Н Д Э С Л Э Х нь:

            Нэхэмжлэгч “М ” ТӨҮГ-ын харьяа Б үйлдвэр нь “Д” ХХК-д холбогдуулан хүйтэн усны төлбөр 458.800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн  шаардлагыг гаргажээ.

Хариуцагч нь дээрх төлбөр нь манай компанийн хэрэглэсэн хүйтэн усны төлбөр биш, Ч  гэж хүний түрээсэлж байхдаа үүсгэсэн төлбөр тул төлөх боломжгүй гэж маргав.

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд хариуцагч нь М ТӨҮГ-ын харьяа Б үйлдвэрээс цэвэр усаар хангагдах үйлчилгээг авдаг,  хариуцагч нь 2020 оны 02 дугаар сараас 2020 оны 12 сарыг хүртэл хүйтэн усны төлбөр 458.800 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгч талаас ирүүлсэн “Хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээ” /хх-н 5-7 хуу/, ”Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан” /хх-н 3-4 хуу/ зэргээр тогтоогдож байна. Талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй болно.

Талуудын байгуулсан гэрээ, хүсэл зориг, гэрээний агуулга зэргээс дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг зохицуулсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь стандартын шаардлага хангасан цэвэр усыг хариуцагчид нийлүүлэх, хариуцагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөхөөр тус тус тохиролцжээ. 

Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т цэвэр усаар хангах ...үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг хэрэглэгч хүлээсэн байдаг. Дээрх хуулиудад заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас хүйтэн усны төлбөрийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь уг төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч нь энэхүү хүйтэн усны төлбөр нь манай компанид хамаагүй Ч  гэх хүний 2014 онд хэрэглэсэн усны төлбөр гэж маргаж байх боловч дээрх төлбөр тооцоо нь “Д ” ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр үүссэн өр төлбөр байна. Өөрөөр хэлбэл 2020 оны 02 дугаар сараас 2020 оны 12 дугаарыг сарыг хүртэлх хугацааны хүйтэн усны төлбөр бөгөөд энэхүү төлбөрийг хариуцагч төлөх үндэслэлтэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                  Т О Г Т О О Х нь:

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Д ” ХХК-иас 458.800 /дөрвөн зуун тавин найман мянга найман зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М ” ТӨҮГ-ын харьяа Б үйлдвэрт олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14.414 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч “Д ”  ХХК-с 14.414 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ТӨҮГ-ын харьяа Б үйлдвэрт олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Р.БАТБАЯР