| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 197/2025/0166/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/144 |
| Огноо | 2025-03-13 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/144
2025 03 13 2025/ШЦТ/144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн хэлэлцүүлгийг шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: Б.Учрал,
улсын яллагч: Ц.Цэрэнбалжир,
шүүгдэгч: *********, түүний өмгөөлөгч Э.Намжилцэрэн /ҮД: 3178/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *********д холбогдох эрүүгийн *************** дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
*********,*******,***********/РД: **********/.
Монгол Улсын иргэн, ********************-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс халх, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургууль 1 курсэд сурдаг, ам бүл 4, эцэг, эх, дүүтэйгээ Сүхбаатар дүүргийн **************** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч *********нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 22 цаг 40 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо ********* баруун замд согтуугаар M.Delica маркийн ********* дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөний улмаас T.Vellfire маркийн *********, T.Harrier маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч *********нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 22 цаг 40 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо ********* баруун замд согтуугаар M.Delica маркийн ********* дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөний улмаас T.Vellfire маркийн *********, T.Harrier маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөсөн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:
-Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-13/,
-2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны *********нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил тогтоогдсон гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-6
-Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 2-7 дахь тал/,
-Жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 40 дэх тал/,
2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Зерчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан талаар анхан шатны шүүхийн шийтгэвэрийн хуулбар /хавтаст хэргийн 72-73/,
-иргэний нэхэмжлэгч *********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 22 цаг 40 минутын орчимд гэртэй байж байхад танихгүй дугаараас залгаад баны машиныг мөргөчихлөө гэсэн. Гараад очтол 2 хүн миний машины хажууд зогсож байсан. Мөн өөр нэг машиныг миний машин хөдлөөд наалдчихсан зогсож байсвед Тэр 2 хүн миний машиныг мөргөсөн талаар хадлахэлэхдээ өөр хүн мөргөчихеед залан гэж хэлсэн. Тэгсэн хажуугаар цагдаагийн машин явж таараад 2 цагдаа 2 залуутай ярилцаад өөрсдөө мөргөсөн гэдгийг мэдсэн. Үнэлгээгээр 3,680,000 төгрөг. Би машинаа зогсоолд байрлуулсан байсан. Үнэлгээгээр гарсан зардал, үнэлгээ хийлгэсэн зардал, тээврийн хэрэгслийг ачиж явах эд ангийн оношилгоонд орсон зардал зэргийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,
-Иргэний нэхэмжлэгч, хариуцагч *********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр 01 цагийн орчим хүү болох *********гээс мэдээлэл авсан. Дүүргийн Замын цагдаагийн хэлтэс дээр байна гэхээр нь очиж болсон зүйлийн талаар мэдсэн.... Тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийлгэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,
- Иргэний нэхэмжлэгч *********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө 22 цагийн 40 минутад гараад ирсэн чинь цагдаагийн машин ирчихсэн. Энэ 2 машины эзэн байна уу гэсэн. Тэгээд нэг нь миний машин байсан. Тэнд байсан нэг залуу худлаа яриад байсан. Тэгсэн нөгөө залуу өөрөө болж таарсан. Өндөр туранхай, 18-20 орчим настай залуу байсан. Тухайн залуу согтуу байсан. Би Байгаль төвийн урд зогсоол дээр тавьсан байсан. Зүүн урд хаалга, буферын урд булан гэмтсэн. Цонхны механизм гэмтсэн. Тухайн тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийлгэсэн. Нийт үнэ нь 960,000 төгрөг болсон. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Би хохирлоо дансаар авсан. Одоо гомдолгүй ээ. 1,030,000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,
-Гэрч *********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед би хамт байсан. Уужимсанаа согтууруулах ундаа хэрэглэсэн 64 дүгээр дэлгүүрийн Си Юугээс Үй цай сургууль руу зүүн эргэх явцад тоормос хаазаа андуурч гишгээд 2 машинд хохирол учруулаад манай машинд бас давхар хохирол учруулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,
-Хөрөнгийн үнэлгээний *********ХХК-ний T.Harrier маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохиролыг 3,680,000 төгрөгөөр үнэлсэн" үнэлгээ /хавтаст хэргийн 47 дахь тал/,
-Хөрөнгийн үнэлгээний *********ХХК-ний T.Vellfire маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохиролыг 960,000 төгрөгөөр үнэлсэн /хавтаст хэргийн 58 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч *********гийн яллагдагчаар өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирол төлбөрийг бүрэн барагдуулж дууссан тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү....” гэж /хавтаст хэргийн 90-91 дэх тал/, мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хавтаст хэргээс шинжлэн судлах баримтгүй гэв.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч ********* нь өмнө нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэгдсэн болох нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1270 дугаартай шийтгэврээр нотлогдож байна.
Дээрх хугацаа дуусаагүй үедээ буюу жолооны эрхгүй үедээ шүүгдэгч ********* нь дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн нь хэрэгт авагдсан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 2-3 дахь тал/, жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 9 дахь тал/ зэргээр нотлогдсон.
Иймд шүүгдэгч *********гийн дээрх үйлдлийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээрийн хэрэгсэл жолоодсон үйлдэл гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч *********г “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “..********* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 22 цаг 40 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо ********* баруун замд согтуугаар M.Delica маркийн ********* дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөний улмаас T.Vellfire маркийн *********, T.Harrier маркийн ********* улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгөөр торгох ялын саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Прокурорын саналын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.
Шүүгдэгч *********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд Монгол Улсын Их сургуулийн бизнесийн сургуулийн 1 дамжааны оюутан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг нь харгалзан үзлээ.
Иймд улсын яллагчийн санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч *********г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон мянган) төгрөгөөр торгох ял Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч *********д оногдуулсан торгох ялыг 8 (найм) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.
Дээрх хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг торгох ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс хугацааг тоолно.” гэж зааснаар шүүгдэгч *********д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй юм.
2.3. Бусад асуудлын талаар
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************************* “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар *********д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 8 (найм) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болмогц тоолсугай.
5. Эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардаж авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА