| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 188/2024/0941/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/498 |
| Огноо | 2025-02-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/498
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Л.Солонго (томилолтоор),
шүүгдэгч Г.П, түүний өмгөөлөгч Э.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408000000474 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
И овогт Г-ийн П, Монгол Улсын иргэн, 1968 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, 56 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөргөлтийн механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.П нь хохирогч Д.Б-ы Хаан банкны виза картаас 479,370 төгрөгийг хулгайлсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан.
Шүүгдэгч Г.П, түүний өмгөөлөгч Э.Нямсүрэн нараас хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргахгүй, хавтаст хэргийн материалаас шинжлэн судлах нотлох баримтгүй гэсэн болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүгдэгч Г.П нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо *** дугаар байрны орчмоос хохирогч Д.Б-ы гээгдүүлсэн Хаан банкны *** дугаарын дансны чиптэй виза картыг олж, улмаар тус картыг ашиглан Д.Б-ы данснаас үргэлжилсэн 20 удаагийн үйлдлээр нийт 479,370 төгрөгийн гүйлгээ хийж бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 4-5 дахь тал),
- Хохирогч Д.Б-ы эзэмшлийн Хаан банкны *** дугаарын данснаас 479,370 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн талаар үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 6-7 дахь тал),
- Хохирогч Д.Б-ы “...Би 2024 оны 02 дугаар сарын 29-ний орой 23 цагийн орчим Драгон худалдааны төвийн Шунхлай ШТС-ээс шатахуун хийхдээ Хаан банкны виза картаа ашигласан. Виза картаа өмсөж байсан куртикний зүүн талын халаасандаа хийсэн. Би машинаа *** байрны ард зогсоол дээр байрлуулаад гэртээ орсон. Маргааш өглөө нь 09 цаг 30 минутын орчим өөрийн Хаан банкны виза картаа үзэхэд байхгүй байсан бөгөөд данснаас 20 удаагийн үйлдлээр 483,000 төгрөгийн зарлага гарсан байсан. Миний гээсэн виза карт чиптэй учир аж ахуйн нэгжийн пос машинд чидийг нь ашиглаж төлбөр төлөх боломжтой. ...Миний картыг олсон гэх надаас уучлалт гуйгаад миний картаас уншуулсан мөнгө болох 483,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17, 19 дэх тал),
- Гэрч Б.Ш-ийн “...2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 08 цаг өнгөрч байхад үл таних залуу 2 удаа эдэн нэртэй 0,7 литрийн архи виза картны чипээр уншуулан тооцоо хийсэн. Манай дүүгийн карт пин кодыг нь мэдэхгүй байна гэхээр нь чипээр нь уншуулсан болно...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал) зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Г.П-ын үйлдэл нь идэвхтэй, хууль бус шинжтэй болох нь илэрхий бөгөөд шунахай сэдэлтээр, ашиг олох зорилгоор хохирогчийн виза картыг ашиглан түүний данснаас эд хөрөнгийг шилжүүлэн авсан байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүгдэгч Г.П нь хохирогч Д.Б-ы гээгдүүлсэн Хаан банкны *** дугаарын дансны чиптэй виза картыг газраас олсон хэдий боловч тэрээр тухайн картыг олсны дараа тухайн картын чиптэй, пин код хийхгүйгээр зарлагын гүйлгээ хийх боломжтой байдлыг далимдуулан шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох гэсэн зорилгоор 20 удаагийн үйлдлээр, тухайн картын чипийг ашиглан пин код хийхгүйгээр зарлагын гүйлгээ хийж эд зүйл худалдан авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан” буюу хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Г.П, түүний өмгөөлөгч нараас хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргаагүй болохыг тэмдэглэв.
1.3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Шүүгдэгч Г.П нь гэмт хэрэг үйлдсэн өдрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг бүрэн нөхөн төлсөн байх тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П-д 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Миний үйлчлүүлэгч Г.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэм хэрэг үйлдсэн өдрөө цагдаагийн байгууллагад өөрөө очиж мэдүүлгээ өгч, хохирлоо бүрэн төлж, хохирогчоос уучлалт гуйсан. Тэрээр анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хувийн байдлын тухайд хөдөө орон нутагт шилжиж мал маллах хүсэлтэй байх боловч энэ хэргээ шийдүүлэх хүртэл хойшлуулсан байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 32 дэх тал), жолоочийн лавлагаа мэдээлэл (хавтаст хэргийн 34 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Г.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хохирогчийн Хаан банкны виза картыг олсон/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /479,370 төгрөгийн хохирол учруулж, учруулсан хохирлоо бүрэн төлсөн/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн өдрөө хохирлоо төлж, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Г.П-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 10 сарын хугацаагаар тэнсэв.
Шүүгдэгч Г.П-д хорих оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь түүний хувийн байдалд тохирно гэж шүүхээс үзэв.
Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Г.Пд сануулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.П нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1 И овогт Г-ийн П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П-д хорих ял оногдуулахгүйгээр 10 /арав/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.П-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Г.П-д сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.П нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР