| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 106/2025/0030/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/91 |
| Огноо | 2025-01-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Анударь |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/91
2025 01 08 2025/ШЦТ/91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн хөтлөн,
улсын яллагч Э.Анударь,
шүүгдэгч Э.Э.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Э-ны Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ний өдөр С аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ** бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Б овогт Э-ны Э.Э- /регистрийн дугаар ***/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Э.Э- 2024 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Sea” гэх нэртэй баарны гадна хохирогч Т.Э.Э-тай үл ялих зүйлээр маргалдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Э.Э- Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э-ын өгсөн “...Тухайн өдөр би 2 найзтайгаа хамт бааранд ороод цаг гаран болоод гэр рүүгээ харих гээд үүдний өрөө рүү очоод гадуур хувцсаа авах гэж байхад нэг охин ирээд миний фейсбүүк хаягийг асуусан. Би утсыг нь аваад фейсбүүк хаягаа бичээд өгсөн чинь цаанаас нэг эрэгтэй хүн хүрч ирээд миний нүүр рүү цохисон. Би зөрүүлээд заамдаад авсан чинь хамгаалагч хүрч ирээд бид хоёрыг гаргасан. Би 12 настайгаасаа унаж татдаг болсон тул байнга эмчийн хяналтад байдаг. Энэ жил миний бие гайгүй байсан. Тухайн хэрэг болсны дараа би хохирогчтой уулзаад “хоёулаа тохиролцъё” гэж хэлсэн. Би тэр хүнтэй уулзах гэж гэрт нь очсон чинь “замын эсрэг талд хар тээврийн хэрэгсэл байгаа, тэр тээврийн хэрэгсэлд очоод суучих” гэж надад хэлэхээр нь би тухайн машинд нь очоод суусан чинь тэр хүн 3 ахтайгаа хамт намайг хүлээгээд сууж байсан. Ингээд намайг уул руу авч яваад 3 ахтайгаа зодсон. Би тэр үйл явдал болсны дараа цагдаагийн газарт очиж гомдол гаргасан. Маргааш нь тэр хүн 3 ахтайгаа хамт ирээд надаас уучлалт гуйсан. Би сарын дараа таньдаг эгчийнхээ дэлгүүрт ажилд орсон боловч ажил хийж байхдаа татаж унасан. Үүнээс болоод би ажлаасаа гарсан. Дэлгүүрийн камерт миний татаж унаж байгаа бичлэг байгаа. Би одоо 2 төрлийн эм уудаг. Эмчийн дүгнэлт дээр миний онош тодорхой бичигдсэн байгаа... Би 2 жил гаруй хугацаанд эмчийн бичиж өгсөн эмийг уухад өвчин маань сэдрээгүй. Тухайн хэрэг болсны дараа миний өвчин сэдэрч хүндэрсэн. Шинжээчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл гэж гарсан. Чингэлтэй дүүрэгт гэмтлийн зэргээ тогтоолгохоор өгсөн байгаа. Тухайн үед хэрэг маань шийдвэрлэгдэхгүй чимээгүй болсон. Хохирогч маргааш нь ирээд “хоёулаа гомдлоо татъя” гэж хэлсэн. Эхлээд өөрөө надаас уучлалт гуйсан. Би тэр үед гомдлоо татсан. Харин Т.Э.Э- гомдлоо татаагүй байсан...” гэх мэдүүлэг,
Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,
Хохирогч Т.Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 3 дугаар сарын 02-ны өдөр найз С-н төрсөн өдөр байсан тул орой 00 цагийн үед Б, С, М нарын хамт төрсөн өдөр тэмдэглэх гээд 6 дугаар хороололд байрлах “3” гэх нэртэй караоке орж 1 цаг дуулж байгаад орой 1 цаг өнгөрч байхад 3, 4 дүгээр хорооллын тэнд “***” гэх нэртэй баар руу орсон. Тэнд бид 4 нэг хүний 2, 2 пиво ууж бүжиглэж байгаад 4 цагийн үед баар хаах болоод гарах гэж байхад хэдэн залуучууд манай найз М-н куртик болон гар утсыг нь авчихаад өгөхгүй байхаар нь би очоод М-н авъя гээд тухайн хүмүүсийг түлхэхэд тухайн баарны хамгаалагч нар нь намайг чи гарч бай гэхээр нь би хэрүүл маргаан хийхгүй гээд Б-д чи С, М хоёрыг аваад гараад ир гэж хэлчихээд түрүүлээд гарсан. Баарнаас гараад автобусны буудлын гадаа гадуур хувцасаа өмсөөд байж байхад баарнаас 3-4 залуучууд гарч ирээд намайг цохиод байсан. Тэгээд манай найз Б болон хамгаалагч гэх хүмүүс хаалганы тэнд хүмүүс хаагаад зогсож байхад гэнэт 3 залуу гүйж ирээд миний нүүр болон хөл, гар хэсэг рүү цохиод байсан. Тэгээд би доош суухад миний нүд хэсэг рүү хөлөөрөө өшиглөөд байсан. Тухайн хүмүүс зугтаад би гар утсаа гаргаж ирээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,
Гэрч Х.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 3 дугаар сарын 2-ны өдөр найз С-гийн төрсөн өдөр байсан тул найзуудын хамт орой 00 цагийн үед Нисдэг машины хажууд байх караокед байж байгаад үүрээр 1 цагийн үед 3, 4 дүгээр хорооллын тэнд “***” гэх баар руу орсон. Тэнд бид 4 нэг хүний 2, 2 пиво ууж бүжиглэж байгаад 4 цагийн үед гарах гээд өлгүүрээс хувцасаа авах гэж байхад манай найзын дугаарыг нь авах гээд нэг эрэгтэй куртикнээс нь татаад байхаар нь манай найз Э.Э- очоод найзыгаа аваад явъя гэхэд тухайн эрэгтэй олуулаа явж байсан. Тэгээд манай найз руу дайраад барьцалдаад байж байсан. Би голоор нь орж салгаад Э.Э-ыг түрүүлж гаргаад тухайн маргалдаад байсан хүмүүсийг гаргахгүй гээд хаагаад байж байхад араар 3 залуу гараад манай найз Э.Э-ын ардаас очоод зодчихсон байсан. Тэгээд би тухайн хүмүүсийг хааж байгаад эргээд харсан чинь манай найзыг зодоод явчихсан байсан... Манай найз Э.Э- хөмсгөндөө оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
Гэрч М.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр амралтын өдөр байсан учир гэртээ амарч байсан. Орой найзуудтайгаа гарна гэж ярилцсан байсан тул орой 01 цагийн үед хороололд багын найзууд болох А, Ө, Э.Э- нартай уулзаад хороололд байх “***” нэртэй бааранд орсон. Ингээд бид 4 бааранд ороод ширээ аваад 2 сэт авч мөн ззадгай пиво уугаад манай найз Ө, Э.Э- 2 босож бүжиглэж байгаад бид нар баар хаатал суусан байх. Ингээд тасарчихсан байсан, нэг мэдэхэд би Ө-той хамт тооцоо хийгээд гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
Гэрч Ө.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Замын-Үүдээс хичээлтэй гээд хот руу ирсэн. Хотод ирэхэд найз Э, Э.Э-, Ө нар залгаад уулзах уу гэхээр нь гэрээсээ 21 цагийн үед гараад Энхбат, Э.Э- нарыг аваад Ө-той хороололд уулзсан. Тэгээд “***” нэртэй бааранд ороод бид 4 нийлээд 3-4 шил архи уугаад бүжиглэж байсан. Ингээд би согтоод найзууддаа түрүүлээд явлаа гэж хэлээд хувцасаа аваад такси бариад харьсан. Удалгүй 1-2 хоногийн дараа байх Э.Э-тай уулзахад би бааранд орсон өдөр хүнтэй маргалдаад гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн *** дугаартай “...Т.Э.Э-ын биед баруун нүдний ухархайн доод, дотор хананы цөмөрсөн хугарал, баруун хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний алимны салстад цус харвалт, дух, баруун нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 39-46 дахь тал/,
“****” ХХК-ийн “...Т.Э.Э- нь Үйлдвэрийн оператор албан тушаалд 2024 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 14/14 уртын ээлжийн хувиараар ажиллаж байгаа бөгөөд нэг сарын цалин 2.300.000 төгрөг олгогддог болохыг тодорхойлов...” гэх тодорхойлолт /хавтаст хэргийн 55 дахь тал/,
“Лазер мед” эмнэлгийн “...компьютер томографийн төлбөр 130.000 төгрөг...” гэх кассын орлогын ордер №*** дугаартай баримт /хавтаст хэргийн 57 дахь тал/,
“Энто фарм” ХХК-ийн 10.080 /арван мянга наян/ төгрөгийн баримт /хх-ийн 59 дэх тал/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын “...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн...” гэх загвар /хавтаст хэргийн 60 дахь тал/,
Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 82-85 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Э.Э-ын яллагдагчаар өгсөн: “...Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлээ ярьсан тул нэмж ярих зүйл байхгүй... Би хийсэн үйлдлийнхээ гэм бурууг ухамсарлаж байгаа боловч хохирлын баримттай санал нийлэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 94-95 дахь тал/ болон
шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32 дахь тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэгийн 70 дахь тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Э- 2024 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Sea” гэх нэртэй баарны гадна хохирогч Т.Э-ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсныг хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан хөнгөн гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Э.Э- өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Улсын яллагчаас “...шүүгдэгч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” санал, дүгнэлт гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Иймд шүүгдэгч Э.Э- хохирогч Т.Э-ыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн ба прокуророос Э.Э.Э-ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Э.Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Э-ад Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр нөхөн төлсөн байдал, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Э-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал, хохирол төлбөр нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Э.Э.Э-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, дээрх хугацаанд байнга оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр ажил, оршин суух дүүргийн нутаг дэвсгэрийн хооронд зорчих үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.
Гурав. Хохирол хор уршгийн талаар:
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Т.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийн 2.1.1-т гэмт хэргийн улмаас хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр тус зүйл ангийг тусгасан байна.
Мөн тушаалын 2 дахь хэсгийн 2.3-т “Энэ журмын 2.1-т заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл” тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загварыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэрэгт хавсаргана гэж заасан байх ба энэ талаарх баримт хавтаст хэргийн 60 дахь талд авагдсан байна.
Иймд хохирогчийн уг гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэх болон хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдлыг тус тус харгалзан Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлж 3.300.000 /гурван сая гурван зуун мянган/ төгрөгийг хохирогч Т.Э.Э-ын сэтгэцэд учирсан нөхөн төлбөр гэж тооцсон болно.
Хэрэгт хохирогч Т.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн “Лазер мед” эмнэлгийн “...компьютер томографийн төлбөр 130.000 төгрөг...” гэх кассын орлогын ордер №36138 дугаартай баримт /хавтаст хэргийн 57 дахь тал/, “Энто фарм” ХХК-ийн 10.080 /арван мянга наян/ төгрөгийн баримт /хх-ийн 59 дэх тал/ тус тус авагдсан байх тул шүүгдэгч Э.Э-аас 140.080 /нэг зуун дөчин мянга наян/ төгрөг гаргуулж, хохирогч Т.Э-ад олгож шийдвэрлэлээ.
Мөн шүүгдэгч Э.Э- нь Эрүүл мэндийн даатгалын санд нийт 414.197 /дөрвөн зуун арван дөрвөн мянга нэг зуун ерөн долоон/ төгрөг нөхөн төлснийг дурдах нь зүйтэй байна.
Түүнчлэн хохирогч Т.Э- нь ажилгүй байсан үеийн цалин болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2-д зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх боломжтойг тайлбарлах нь зүйтэй байна.
Дөрөв: Бусад асуудлын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээж,
Шүүгдэгч Э.Э- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт Э-ы Э.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ыг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ад дээрх хугацаанд байнга оршин суух дүүргийн нутаг дэвсгэр буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газар, ажлын хооронд зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ял оногдуулахыг шүүгдэгч Э.Э-ад анхааруулсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арваннайм дугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Э-аас 3.3300.000 /гуван сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар 140.080 /нэг зуун дөчин мянга наян/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Э-ад тус тус олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Т.Э- нь ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Э.Эрдэнэбааас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг хуурцагийг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.
10. Шүүгдэгч Э.Э- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ