| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 146/2019/00212/И |
| Дугаар | 101/ШШ2022/02226 |
| Огноо | 2022-05-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2022/02226
2022 05 12 101/ШШ2022/02226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, шүүгч Т.Ганчимэг, шүүгч Н.Сарангүн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Н-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Г-т холбогдох,
Гэм хор учруулсны төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагч Д.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А нь өөрийн эзгүйд, хариуцагч нь иргэдийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тодруулсан шаардлагадаа:
С.Н миний бие нь 3 хүүхдийн хамт ам бүл дөрөвүүлээ амьдардаг. 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ө аймгийн Г сумын 2 дугаар баг 00-00 тоотод миний нөхөр М.Г толгойн тус газар нэг удаа сандлаар цохиж санаатайгаар алсан. 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр эрүүгийн шүүх хурал болж 68 тоот шийтгэх тогтоол гарч манай нөхрийг алсан Д.Г-т 9 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Эрүүгийн шүүх хуралд миний бие нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.4 дэх хэсэгт зааснаар нас барагчийн 8 нас хүрээгүй хүүхдийг 8 нас хүртэл тэтгэвэр олгох хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжилсэн боловч байнгын цалин хөлс орлогогүй болсон гэх үндэслэл болох эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр үлдээхээр шийдвэрлэсэн. Миний бие нь Ө аймгийн Г сумын 0 дугаар цэцэрлэгт туслах багшаар түр ажиллаж байсан бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн.
Үндсэн ажилтан нь ажилдаа орсон учраас. Одоо би ажилгүй, орлогогүй 3 хүүхдийн хамт амьдарч байна. Том охин Г.О нь 05 дугаар сарын 18-нд төрсөн, дунд охин Г.Д 09 дүгээр сарын 24-нд төрсөн, бага хүү Г.О 04 дүгээр сарын 24-нд төрсөн. Улсаас тэжээгчээ алдсаны тэтгэмж гэж сар бүр 210, 000 төгрөг олгодог. Манай нөхөр нас барах үедээ хувиараа ажил хийдэг байсан бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож тогтоосон билээ. Дээрх мөнгө манай гэр бүлд хаана ч хүрдэггүй. Би ажилгүй учраас амьдрал маань хүнд байна. Иймд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.4-т заасны дагуу охин Г.Д, хүү Г.О нарт 8 нас хүртэл тус бүр сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр Д.Г-оос гаргуулж өгнө үү.
С.Н-н итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А би 2019.06.20-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр тодруулж байна.
Хариуцагч Д.Г нь нэхэмжлэгч С.Н-ийн нөхөр М.Г-г толгойн тус газар нь сандлаар цохиж санаатайгаар алсан. 2018.03.30-ны өдөр Ө аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 68 шийтгэх тогтоолоор Д.Г-ыг гэм буруутай гэж үзэж 9 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 8 дахь заалтанд “Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.4 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсан” болно.
Эрүүгийн шүүх хурлаар буюу 68 тоот шийтгэх тогтоолоор тэжээгчээ алдсаны тэтгэмж гэж сар бүр 210,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн.
Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч С.Н нь ажил хийгээгүй тул Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.4-т зааснаар хүүхдүүдээ хараад гэртээ байгаа, мөн хариуцагч Д.Г тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг өгөхгүй байгаа бөгөөд 3 хүүхдээ ганцаараа тэжээж, ажилгүй учраас амьдрал маань хүнд байгаагаа дурдсан тул Г.О буюу 04.24-ний өдөр төрсөн хүүг 8 нас хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр сар бүр гэм хор учруулсны төлбөрийг гаргуулж өгнө үү.
Давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүхээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2-т зааснаар гаргасан. Гэтэл давхцуулж гаргалаа гэдэг нь үндэслэлгүй юм. Учир нь иргэний шүүхэд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.4-т зааснаар нэхэмжилсэн болно гэжээ. /хх-ийн 159-160/
Хариуцагч Д.Г нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзлынхаа үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
Иргэний хэргийн хариуцагч Д.Г миний бие шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч С.Н нь Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн шүүх хуралдааны 2021.09.23-ны өдрийн 1116 дугаар тогтоолын дагуу өөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.4-т “нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс, орлогогүй нас барагчийн эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэгэнд түүний нас хөдөлмөрийн чадварыг харгалзахгүйгээр уг хүүхдийг найман нас хүртэл” гэж заасныг үндэслэл болгосон байна.
Би өөрийн бусдад учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар огт маргаагүй ба ял шийтгэл оногдуулсан шийтгэх тогтоолын дагуу нэхэмжлэгчийн үр хүүхдүүдэд ногдох төлбөрийг төлж барагдуулж байгаа.
Нэхэмжлэгч С.Н-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэл болгож буй Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.4-т заасан шаардах эрхийн талаар маргахгүй ба харин энэхүү шаардлагын дагуу гаргаж буй шаардлагын үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон бол мөн л маргахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх байна.
Гэвч нэхэмжлэгч С.Н нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.4-т зааснаар байнгын ажил орлогогүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй ба харин ч байнгын цалин, хөлс, орлоготой ажилтай болох нь нотлох баримтаар тогтоогдсон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цугуулах үүрэгтэй” гэж зааснаар С.Н нь байнгын цалин хөлс, орлогогүй болохоо нотолж чадаагүй байна.
Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаар нотлогдоогүй шалтгаанаар хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа ба өөрийн татгалзлыг нотлох баримтаар нотолсон гэж үзэж байна.
Учир нь С.Н нь байнгын ажилтай, ажил олгогчийн зүгээс Нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байгаа болох нь нотлох баримтаар тогтоогдсон.
Иймд миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй хариу тайлбар болон түүний үндэслэлийг баталсан хэргийн баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч С.Нийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.
Нотлох баримтын тухайд:
Нэхэмжлэгчээс: Ө аймгийн Г сумын 0 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2019.06.03-ны өдрийн Б/12 тоот тушаал, Ө аймгийн Г сумын Б багийн Засаг даргын тодорхойлолт, охин Г.Д, хүү Г.О нарын төрсний гэрчилгээний хуулбар, С.Н-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, охин Г.О-н төрсний гэрчилгээний хуулбар, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн дэвтрийн хуулбар, Ө аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.30-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоол, С.Н-ээс М.А-т олгосон итгэмжлэл, хяналтын журмаар гаргасан гомдол, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага /хх-ийн 3-24, 116, 159-160/ зэрэг баримтуудыг,
Хариуцагчаас: Хариу тайлбар, Ө аймгийн Г сумын Б багийн Засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, охин Г.Н, хүү Г.Д-н төрсний гэрчилгээний хуулбар, мөнгөн шилжүүлгийн баримт, Г сумын хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнгийн тодорхойлолт, мөнгөн шилжүүлгийн баримт, давж заалдах гомдол, улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлэх хүсэлт, давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт, хариу тайлбар /хх-ийн 33-42, 72-73, 86-87, 185/ зэрэг баримтуудыг тус тус шүүхэд ирүүлсэн.
Шүүхээс: Ө аймаг Г сумын 0 дугаар цэцэрлэгийн тодорхойлолт, Нийгмийн даатгалын ерөнхий газраас С.Н-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх 2000 оноос хойших мэдээлэлийг хариуцагчийн хүсэлтээр /хх-ийн 174-178/ шүүх бүрдүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Н нь Д.Г-т холбогдуулан гэм хор учруулсны төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Ө аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор хариуцагч Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоожээ.
Энэ гэмт хэргийн улмаас М.Г-н амь нас хохирсон байх ба шийтгэх тогтоолын 5-т: “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2 дах хэсэгт зааснаар тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасч, зөрүүг сар бүр шүүгчдэгч Д.Г-оос гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н-т олгох”,
8-т: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н-ийн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.4 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг” дурдсан байна.
Нэхэмжлэгч С.Н нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тэжээгчээ алдсаны тэтгэмжид сард 210,000 төгрөгийг улсаас олгодог, тодорхой эрхэлсэн ажилгүй, байнгын цалин, хөлс, орлогогүй учир хүү Г.О-г 8 нас хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон гэм хор учруулсны төлбөр гаргуулахаар шаардсан гэжээ.
Хариуцагч Д.Г нь гэм буруугийн талаар маргаагүй боловч нэхэмжлэгч нь байнгын цалин, хөлс, орлогогүй гэдгээ баримтаар нотлоогүй, тэрээр байнгын цалин, хөлс, орлоготой болох нь баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т: “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.4-т: “нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин, хөлс, орлогогүй нас барагчийн эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэгэнд түүний нас, хөдөлмөрийн чадварыг харгалзахгүйгээр уг хүүхдийг найман нас хүртэл” хугацаанд гэм хор учруулсны төлбөрийг нөхөн төлнө гэж тус тус заажээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан Ө аймгийн Г сумын 0 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 09 дугаартай албан бичгээр С.Н-ийг тус цэцэрлэгт туслах багшаар ажилладаг болохыг тодорхойлсон байх ба Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор нэхэмжлэгч нь 2019 оны 7 сараас 2019 оны 9 сар хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын сайн дурын даатгал төлсөн, үүнээс бусад буюу 2007 оны 3 сараас 2019 оны 6 сар, 2019 оны 10 сараас 2022 оны 3 сар хүртэлх хугацаанд даатгуулагчаас болон ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болох нь тус тус тогтоогдож байна. /хх-ийн 174-178/
Нэхэмжлэгч нь дээрх баримтын талаар маргаагүй, эдгээрийг баримтаар няцаагаагүй нь түүнийг байнгын цалин, хөлс, орлогогүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.
Иймд хариуцагч Д.Г-т холбогдох, хүү Г.О-г найман нас хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон сар бүр гэм хор учруулсны төлбөр гаргуулах тухай, нэхэмжлэгч С.Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А нь өөрийн эзгүйд, хариуцагч нь иргэдийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг тус тус гаргасан тул тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэгчийн шүүхэд урьд гаргасан тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзсэн болохыг, мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.4.4-т заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.Г-т холбогдох, хүү Г.О-г найман нас хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон сар бүр гэм хор учруулсны төлбөр гаргуулах тухай, нэхэмжлэгч С.Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч С.Н-ийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ
ШҮҮГЧИД Т.ГАНЧИМЭГ
Н.САРАНГҮН