Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2019/00041

 

 

 

 

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2019/00041

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б с СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Б-д холбогдох,

 

Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 184.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.О, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Бс СӨХ, түүний төлөөлөгч Т.Онар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Манай сууц өмчлөгчдийн холбоо нь 2015 оны 03 дугаар сарын 29-ний өдөр тус байрны сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хамгаалах зорилгоор байгуулагдсан. Тус байрны 12 тоотод оршин суугч Б.Б нь бүх гишүүдийн хурлаас хэлэлцэн баталсан дүрмээр тогтоосон сар бүр тогтмол төлөх сууц өмчлөгчдийн холбооны ашиглалт, үйлчилгээний зардлын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүйгээс үүдэн авлага үүсээд байна. Хариуцагчийн хуримтлагдсан төлбөр нь 2016 оны 10, 11, 12 дугаар саруудад тус бүр 18.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сараас 2018 оны 09 дүгээр саруудад тус бүр 18.000 төгрөг, нийт 180.000 төгрөг төлөөгүй. Төлбөрийн үлдэгдлийг төлөхийг түүнд удаа дараа сануулж, шаардсан боловч өдийг хүртэл төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй, шаардлага тавьсан ажилчдыг хэл амаар доромжлох, заналхийлэх зэргээр зохисгүй үйлдэл гаргаж байгаа тул дээрх төлбөр болон шүүхэд нэхэмжлэл гаргахад төлсөн нотариатын үйлчилгээний хөлс болох 4.500 төгрөг, нийт 184.500 төгрөгийг хариуцагч Б.Б-гаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Миний бие Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо  дүгээр байрны  тоотод ээж Чулуунцэцэгийн хамт оршин суудаг. Тус байрыг ипотекийн 8 хувийн зээлээр авсан бөгөөд ээж гэртээ ажилгүй суудаг. Бат сууц сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжилсний дагуу 2018 оны 04 дүгээр сараас 09 сар хүртэл миний бие ажилгүй байсан. Мөн 2016 оны 10, 11, 12 дугаар саруудыг манай ээжтэй тус сууц өмчлөгчдийн холбооны дарга Т.О нь зөвшилцсөний үндсэн дээр эдгээр 3 сарын төлбөрийг авахгүй гэж тохирсны дагуу дараа дараагийн саруудын төлбөрийг тушаасан. Нэхэмжлэлийн 2018 оны дээрх саруудын төлбөрийг боломжоороо өгч байгаа ба 2018 оны 9, 10 дугаар сарын төлбөрийг тушаасан. Иймд миний бие байрны зээл, байрны урсгал зардал гэх мэт зүйлийг ганцаараа ажил хийн төлдөг ба амьдралын боломж муу тул тус сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжилсэн мөнгийг төлж барагдуулах боломжгүй. Мөн Бат сууц сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээ огт байхгүй, оршин суугчдаас авч байгаа мөнгө юунд зориулагддаг нь тодорхойгүй, байр жижүүргүй олон сар болж байгаа. Цэвэрлэгээ, ариутгал тогтмол хийдэггүй, зуны улиралд хог нь өтөж машины зогсоол, орцны үүдээр дүүрэн өт болдог, үүдний гэрэлтүүлэггүй, тайлан тооцоо гишүүдэд нээлттэй тайлагнадаггүй. Дээрх саруудад оршин суугч сууц өмчлөгч гишүүний хувьд үйлчилгээ аваагүй. Төлбөрийн боломж муу, ажилгүй байгаа гэдгээ учирлан тайлбарласан боловч элдвээр хэлж хэл амаар доромжилж хаалга үүд өшгөчин мөнгөө нэхсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч, төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Бс сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Б.Б-д холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 184.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.Б нь сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээ үзүүлдэггүй, мөн зарим хугацааны төлбөрийг төлсөн, заримыг тооцож авахгүй талаар нэхэмжлэгчтэй тохиролцсон зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй гэж дүгнэв.

 

Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол 54 дүгээр байрны оршин суугчдын хурлын тогтоолоор Бат сууц сууц өмчлөгчдийн холбоог байгуулж, Баянзүрх дүүргийн сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгүүлэн, дүүргийн Засаг даргаас 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 198 дугаартай гэрчилгээ олгогджээ /хх-7/.

 

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй гэж тус тус заасан байна.

 

Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол  дүгээр байрны тоот хаягт байрлах 41.43 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг Төрийн банкны зээлээр худалдан авч өмчлөгч болсон гэж тайлбарлан шүүхэд Төрийн банкны тодорхойлолтыг гаргасан ба нэхэмжлэгч уг баримтыг үгүйсгэж маргаагүй /хх-75/. Иймд хариуцагч нь орон сууцны өмчлөгчийн хувьд, дээр дурдсан хуульд заасны дагуу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй этгээд юм.

 

Нэхэмжлэгч нь орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардалд 2016 оны 10-12 дугаар сарууд, 2018 оны 03-09 дүгээр саруудын нийт 10 сарын төлбөрт сард 18.000 төгрөг, бүгд 180.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Хариуцагч нь дээрх саруудад сууц өмчлөгч гишүүний хувьд үйлчилгээ аваагүй, гишүүдээс авч байгаа мөнгө юунд зориулагддаг нь тодорхойгүй, тайлагнадаггүй, жижүүргүй олон сар болж байгаа, цэвэрлэгээ, ариутгал тогтмол хийдэггүй, зуны улиралд хог нь өтдөг, үүдний гэрэлтүүлэггүй гэх зэргээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзан орон сууцны гаднах болон доторх байдлыг харуулсан фото зургууд, дүрс бичлэгийг тус тус нотлох баримтаар гаргасан /хх-31-37/. Уг фото зургуудад орцны жижүүрийн гэх өрөө цоожтой, 12 тоот сууцны үүдэн хэсэгт гэрэлтүүлэггүй, хогийн цэг болон гадна талбайд хогтой байгаа байдал тусгагдсан байх хэдий ч энэ нь нэхэмжлэлд дурдсан бүхий л хугацааны туршид нэхэмжлэгчийн зүгээс гишүүддээ үйлчилгээ үзүүлээгүй гэж дүгнэх үндэслэл болохгүй юм.

 

Сууц өмчлөгч нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу Бүх гишүүдийн хурал, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлөөрөө дамжуулан гүйцэтгэх захирлын тайлан, төлөвлөгөөг хэлэлцэх, гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэх, гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд хяналт тавих, холбооны санхүүгийн болон бусад үйл ажиллагаатай холбогдсон зөрчлийг арилгуулах арга хэмжээ авахад оролцох эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн татгалзалтай холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны 2017 оны тайлан, 2016-2017 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн байдалд улсын байцаагчийн хийсэн хяналт шалгалтын дүнгийн танилцуулга, 2018 оны нийгмийн даатгалын шимтгэлийн гүйлгээний жагсаалт, гишүүдээс төлсөн засварын зардлыг хуримтлуулдаг Төрийн банкин дахь дансны хуулга, барилгын дотор хяналтын камер угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, камер байрлуулахаас өмнө болон дараа авсан фото зургуудыг тус тус шүүхэд гаргасан ба эдгээр баримтаар сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулж байгаа болох нь нотлогдож байна /хх-44-46, 58-64/.

 

Харин шүүхээс үзлэг хийж бэхжүүлсэн дүрс бичлэгээр тус орон сууцны гадна талбай, автомашины зогсоол зэрэг талбайд өт шавьж их байгаа байдал тогтоогдож байх /хх-41-42/ ба нэхэмжлэгч зуны улиралд бороо орсны дараа хог муудаж өтдөг гэж тайлбарлан өөрөөс шалтгаалаагүй болохыг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй тул хариуцагчийн татгалзлын энэ хэсгийг шүүх үндэстэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэлд хавсаргасан оршин суугчдын хурлын протоколд 0-2 давхрын оршин суугч сард 18.000 төгрөг төлөхөөр тогтоосон байх /хх-10-11/ ба үүнээс засвар үйлчилгээний хуримтлал 5.000 төгрөг, гэрэлтүүлгийн зардал 1.500 төгрөг, цэвэрлэгээ 11.300 төгрөг болох нь Төрийн банкны нэхэмжлэхээр тогтоогдож байна /хх-4/. Иймд нэхэмжлэлээс 2018 оны зуны 3 сарын цэвэрлэгээний төлбөр 33.900 төгрөг /11.300*3/-ийг хасч тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Түүнчлэн хариуцагч нь 2018 оны 09, 10 дугаар сарын төлбөр 36.000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн болох нь Төрийн банкны орлогын мэдүүлгээр нотлогдож байх /хх-28/ тул нэхэмжлэлд 2018 оны 09 дүгээр сарын төлбөрийг хамааруулан нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

 

Хариуцагч 2016 оны 10-12 дугаар саруудын төлбөрийг тооцохгүй талаар түүний ээж Чулуунцэцэгтэй амаар тохирсон гэх тайлбараа шүүхэд нотлох баримтаар нотлоогүй учир уг тайлбарыг үндэстэй гэж үзэх боломжгүй.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан төлбөрийг төлөх үндэслэлгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар нотлоогүй болно.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.Б-гаас орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд нийт 128.100 төгрөг /180.000-18.000-33.900/ гаргуулж нэхэмжлэгч Бат сууц сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэлд нотариатын зардал 4.500 төгрөг нэхэмжилж байх ба хариуцагч хуулиар хүлээсэн үүргээ биеүүлээгүйгээс нэхэмжлэгч зардал гаргасан гэж үзэхээр боловч нотариатчид төлбөр төлсөн баримт хэрэгт авагдаагүй байх тул уг төлбөрийг хариуцагч төлөх үндэслэлгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Бгаас 128.100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Бс СӨХ-д олгож, нэхэмжлэлээс 56.400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.185 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-гаас 4.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Бс СӨХ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА