Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 266

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга А.Болор, улсын яллагч С.Уянга, хохирогч Ц.Отгонцэцэг, шүүгдэгч Э.Эрдэнэсүрэн, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Эрдэнэсүрэнд холбогдох эрүүгийн 2017 2501 0335 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, Эсто ХХК-д туслах ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдарх, Орхон аймгийн Баян-Өндөр 11 дүгээр баг, Цагаанчулуутын 12-р гудамж 8 тоотод оршин суух хаягтай, урьд 2006 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 24 дугаартай шийтгэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

          2006 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хорих ялаар шийтгүүлж,

          2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2 жил 9 сар 6 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, 2007 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ялаар шийтгүүлж, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 161 дугаартай, ялыг нийцүүлэн хасах тухай захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж оногдуулсан 11 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж 2 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчилж 2008 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

          2009 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

          2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 162 дугаартай, шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Эрдэнийн Эрдэнэсүрэн. /РД: ФБ82112015/

 

         Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Эрдэнэсүрэн нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан хугацаандаа буюу 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цэргийн хотхоны 584 тоотод оршин суух хохирогч Ц.Отгонцэцэгийн Монгол гэрийн хаалгыг хөшиж хууль бусаар нэвтэрч, скай ворт маркийн 42 инчийн зурагт, удирдлага, жи мобайлын гар утас, нокиа 6300 маркийн гар утас, орны бүтээлэг, эрэгтэй хүний түрийвч 2 ширхэг, 12 доллар, 6 юань, 87 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад 1.297.133 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Эрдэнэсүрэн мэдүүлэхдээ: 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүнээс мөнгө авах гээд явж байсан юм. Автобусны мөнгөгүй болохоороо уулаараа товчлоод явж байсан. Доошоогоо уруудаад явж байхад цоожтой хаалга байхаар нь би эвдэж ороод зурагтыг орны дэвсгэрт нь боож аваад гарсан. Тэгээд Нарантуул зах дээр зурагтаа зарах гэж явж байгаад цагдаад баригдсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би дахиж ийм хэрэг хийхгүй гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Отгонцэцэг мэдүүлэхдээ: Тухайн үед би орон нутаг руу хоёр хүүхдээ явуулах гээд гэрээсээ гараад явж байсан. Манай хашаа хоёр салаа замтай тэгээд зүүн талынхаа замаар явж байхад шүүгдэгч манай хашааны зүүн талаар өгсөж байсан. Би энэ хүнийг хараад л өнгөрсөн. Би тэр үед ямар муухай хулгайч шиг царайтай хүн бэ гэж бодоод өнгөрсөн. Хүүхдүүдээ унаанд суулгачихаад 16 цагийн үед гэртээ ирэхэд гэрт маань хулгай орсон байсан. Гэрээс маань зурагт, зурагтны удирдлага, орны бүтээлэг, нөхрийн маань хэтэвч, утас, хэтэвчинд иргэний үнэмлэх нь байсан. Надад 265.000 төгрөгийн хохирол учирсан. Хохирлоо барагдуулж авсан. Нөхрийнхөө иргэний үнэмлэхийг авах хүсэлтэй байна гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

           Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Отгонцэцэгийн өгсөн: “...2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 13 цаг 40 минут болж байхад би гэрээсээ гарсан ба гадуур явж байгаад оройн 16 цаг 15 минутанд гэртээ орж иртэл гэрийн хаалга хаалттай байсан ба хаалгыг эвдэлсэн байсан. Мөн амбаарын хаалга нээлттэй байсан ба амбаар дотор байсан 2 ширхэг лоом гэрийн хажууд тавьсан байсан. Тэгэхээр нь хаалгаа нээгээд дотогш ортол зурагт болон баруун орон дээр байсан бүтээлэг байхгүй болсон байсан. Зарим нэг шүүгээг онгойлгож үзсэн шинжтэй бас тооно онгорхой байсан. Гэрт байсан 42 инчийн Скай ворт маркийн лед зурагт, эрэгтэй хүний 2 түрүүвч, нокиа маркийн товчлууртай гар утас, Жи мобайлын гар утас мөн алга болсон байсан” гэх мэдүүлэг /хх 18/,

           Мөрдөн байцаалтад гэрч Г.Өнөрмөнхийн өгсөн: “...Тухайн өдөр өдрийн 13 цагийн орчим дэлгүүрээсээ гараад тамхи татах гээд зогсож байтал дэлгүүрийн урдуур хар өнгийн савхитай, саарал өмдтэй эрэгтэй хүн зүүн мөрөн дээрээ улаан өнгийн /улаан эрээн/ адеяланд зурагт боосон байдалтай урд зүгт уруудаад алхаж байсан. Уг эрэгтэй хүний зүүн гарын атгаас яс, гарын ар хэсэгт шивээстэй байсан ба цагаан гартай болохоор шивээс нь тод харагдаж байсан. Царайг нь хараагүй, нилээд өндөр 175 см орчим өндөр, туранхай хүн байсан” гэх мэдүүлэг /хх.20/,

                Мөрдөн байцаалтад сэжигтэнээр Э.Эрдэнэсүрэнгийн өгсөн: “…Би Шар хаднаас наашаагаа хотын төв рүү хойгуураа уулан дээгүүр дөтөлж явж байтал хоёр гэр нийлүүлээд барьсан айл байсан ба би хашаанд нь ороод эхний гэрийнх нь хаалганд дүүжилдэг цүүтэй цоож байхаар нь хашаанд байсан лоомоор хөшиж нээгээд дотор нь ортол авах зүйл байхгүй байсан, тэгэхээр нь тэр гэрээр дамжаад 2 дахь гэрийн хаалганд очиж нээх гэтэл нууц цоожтой байсан тэгэхээр нь би шууд татаад байтал хаалганы рам нь цоожныхоо тэр хэсгээр эвдрээд хаалга нь онгойсон. Тэгэхээр нь арын гэрт нь ортол хойморт нь том 41 инчийн маркийг нь мэдэхгүй ЛСД зурагт байсан. Тэр зурагтыг зүүн талын орон дээр байсан адеяланд боож аваад, гэрийн авдар дээр ил байсан шар өнгийн түрийвчийг аваад тухайн айлаас гарсан. Тэгээд урд зүгт чиглэн алхсаар төв зам ороод такси бариад шууд Нарантуул зах орсон ба тэндээ хүнд зурагтыг зарах гэж байгаад цагдаад баригдсан” гэх мэдүүлэг /хх.40/,  

          Мөрдөн байцаалтанд гэрч М.Батсайханы өгсөн: “…Э.Эрдэнэсүрэн бол миний төрсөн дүү Мөнхөөгийн Батдэлгэр гэдэг эмэгтэйн хамгийн том хүү нь бөгөөд 1982 онд төрсөн, эрэгтэй. Батдэлгэр нь 3 хүүхэдтэй бөгөөд хамгийн том нь Эрдэнэсүрэн бөгөөд Эрдэнэсүрэнгийн доор байдаг дүү нар нь ажил хийгээд амьдарч байгаа энгийн хүмүүс байдаг”. гэх мэдүүлэг /хх 45/,

 

          Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл фото зургийн үзүүлэлт /хх3-9/, эд зүйлийн үнэлгээ /хх19, 107/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх16/, урьд шийтгэгдэж байсан гэх шийтгэл тогтоолууд /хх69-77, 91-99/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх44/, хүүхдийн төрсний гэрчилгээ /хх52-53/, хохирлын төлбөр төлсөн баримт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Э.Эрдэнэсүрэн нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаандаа буюу 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цэргийн хотхоны 584 тоотод оршин суух хохирогч Ц.Отгонцэцэгийн Монгол гэрийн хаалгыг хөшиж хууль бусаар нэвтэрч, скай ворт маркийн 42 инчийн зурагт, удирдлага, жи мобайлын гар утас, нокиа 6300 маркийн гар утас, орны бүтээлэг, эрэгтэй хүний түрүүвч 2 ширхэг, 12 ам доллар, 6 юань, 87 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж бусдад 1.297.133 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэсүрэн нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний 162 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаандаа буюу түүний ялтай байдал дуусаагүй байхдаа, давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.                                            

          Шүүгдэгч Э.Эрдэнэсүрэн нь 110 хоног цагдан хоригдсон, хохирол төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

          Харин шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Э.Эрдэнэсүрэн гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж гэм хорыг арилгасан болон өөрт оногдох хөрөнгөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бага насны 2 хүүхэдтэй зэргийг хөнгөрүүлэх, ялтай байдал дуусаагүй байхдаа давтан гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Эрдэнийн Эрдэнэсүрэн нь тэнсэн хянан харгалзсан хугацаандаа, давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Э.Эрдэнэсүрэнг эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаа/ сарын баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Э.Эрдэнэсүрэнд оногдуулсан 6 /зургаа/ сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

4. Э.Эрдэнэсүрэнд нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэсүрэнгйин цагдан хоригдсон нийт 110 /нэг зуун арав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,  Э.Эрдэнэсүрэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Э.Эрдэнэсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.АРИУНХИШИГ