Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2020/ДШМ/36

 

Д.Соёлбаатарт холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                    Даргалагч, шүүгч                           Г.Давааренчин

                      Шүүгчид                                       Ц.Амаржаргал                                  

                                                                             Д.Буянжаргал

                     Оролцогчид

                      Прокурор                                     В.Батдэлгэр

                       Шүүгдэгч                                          Д.Соёлбаатар

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч              М.Гансүх

                     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЗ/172 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дамбын Соёлбаатарт холбогдох эрүүгийн 1931003070207 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1963 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн инженер мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймаг Шаамар сум 1 дүгээр баг “Ундрагч” ХХК-ийн хашаанд оршин суух, “Ундрагч” ХХК-ийн захирал ажилтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй Боржигон овогт Дамбын Соёлбаатар /РД: МА63122018/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Соёлбаатар нь 2019 оны 09 сарын 05-ны өдөр Шаамар сумын 1-р баг Онд орогч гэх газарт иргэн Б.Баярхишигтэй маргалдан эрх чөлөөнд нь халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн эрх чөлөөнд нь халдах явцдаа хохирогч Б.Баярхишигийн эзэмшлийн “Samsung galaxy A3” маркийн гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан  гэх гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Д.Соёлбаатарт холбогдох хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЗ/172 дугаартай шүүгчийн захирамжаар:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Соёлбаатарт холбогдох 1931003070207 дугаартай хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Яллагдагч Д.Соёлбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг аймгийн Прокурорын газарт очтол хэвээр хэрэглэсүгэй...” гээд, эрх бүхий этгээд хувийг гардан авсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцэлдээ: ...шүүгдэгч Д.Соёлбаатарт холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байх ба дараах хууль тогтоомж болон нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

1.Яллагдагч Д.Соёлбаатар нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг “Онд орогч" гэх газарт байгалийн ургамлын үр түүхээр очсон хүмүүстэй гэмт хэргийг таслан зогсоох нэрийдлээр маргалдан хохирогч Б.Баярхишигийн эрх чөлөөнд нь халдан, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, улмаар түүний өмч болох “Samsung galaxy A3” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан талаар хохирогч Б.Баярхишиг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх үүргийг тайлбарлан өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасныг сануулан авсан мэдүүлгээр “...2019 оны 09 сарын 05-ны өдөр Сүхбаатар сумаас 10 хүн хөлслөн авч Шаамар сумын 1-р баг Онд орогч гэх газраас ургамлын үр түүхээр явсан. ...Намайг эмийн ургамал түүлээ гэж Соёлбаатар ирээд намайг зодож гэмтээсэн тул цагдаагийн байгууллагад хандсан. ...Соёлбаатарт зодуулсны улмаас миний зүүн чихний хэнгэрэг цоорч, зүүн шанаа эрүү хэсэгт хавдсан ...Соёлоо миний самсунг А-3 загварын гар утсыг булаагаад авсан бөгөөд одоо болтол өгөөгүй байна...” тогтоогддог ба бусад гэрч нарын мэдүүлгүүд, хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шапгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр гэмт хэрэг хэрхэн яаж үйлдэгдсэн, гэм буруугийн хэлбэр нь хангалттай тогтоогдсон.

Тодруулбал : яллагдагч Д.Соёлбаатар нь бусдын эд хөрөнгө болох гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр авч буй үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлах бүрэн боломжтой байсан боловч түүнийг хүсэж үйлдсэн нь зориуд хор уршиг учруулсан санаатай үйлдэл гэж үзнэ. Харин гар утсыг хэзээ хаанаас худалдан авсан болохыг тогтоох нь зайлшгүй шаардлагатай хийх мөрдөн шалгах ажиллагаа биш юм.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ашид Билгүүн ХХК-ны үнэлгээний 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ТХҮ/518-054 дугаартай дүгнэлтээр Д.Соёлбаатарын эд зүйл болох ВАRSKA 15*70 мм Х-ТRAIL брендийн дуран нь 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгөөр үнэлэгдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Эд хөрөнгө устгах гэмтээх" гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Яллагдагч Д.Соёлбаатарын гомдлоор тус аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Т.Мөнхбаяр нь хэргийг хянаад хохирогч Б.Баярхишиг нь яллагдагч Д.Соёлбаатарын өмчлөлийн хоёр нүдний дуранг эвдсэн гэх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй байна гэж дүгнэн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1/147 дугаартай албан бичгээр Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахыг эрх бүхий албан тушаалтанд даалгасан. Гэвч эрх бүхий албан тушаалтан нь Б.Баярхишигийн үйлдэлд 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 2031000030 дугаартай зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 0004147 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэгт Зөрчлийн хэргийг нэгтгэн шалгаж шийдвэрлэх хуулийн зохицуулалт байхгүй байгаа нь яллагдагч Д.Соелбаатарын бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэргийг Б.Баярхишигийн “Эд хөрөнгө устгах гэмтээх" зөрчлийн хэрэгтэй нэгтгэн шалгах боломжгүй хууль зүйн үндэслэлгүй байна.

3. Уг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдап нь зөвхөн яллагдагч, хохирогч нарын хооронд болсон ба гэмт хэргийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шууд гэрчлэх хүнгүй, эзгүй хээр газар үйлдэгдсэн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчоор тогтоогдсон Б.Баярхишигт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх үүргийг тайлбарлан өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасныг сануулсны үндсэн дээр мэдүүлэг авсан, яллагдагч Д.Соёлбаатар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй.” гэж заасан зэргээс үзэхэд нүүрэлдүүлэн байцаах нь зайлшгүй хийж гүйцэтгэх мөрдөн шалгах ажиллагаа болох нь үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байхад анхан шатны шүүх хэрэгт авагдаагүй, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх үндэслэлгүй асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4-т заасан дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэж заасны дагуу бодитой дүгнэлт хийлгүйгээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 172 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүххуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагаа анхнаасаа дутуу хийгдсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад би удаа дараа хүсэлтүүд гаргасан ба миний хүсэлтийг шийдэж өгөөгүй. Миний үйлчлүүлэгч Д.Соёлбаатарыг буруутгасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж ажиллагаа хийсэн. Өнөөдрийг хүртэл Д.Соёлбаатарын Цагдаагийн газарт анх очихдоо авч очсон хоёр шуудай ургамал болон тухайн үед гаргасан өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байгаа. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би өөрийгөө гэмт хэрэг үйлдсэн гэж бодохгүй байгаа. Учир нь манай тариан талбайн ойролцоо хэдэн хүмүүс дэрэвгэр жирэвгэрүү гэдэг ховор ургамлыг их хэмжээгээр түүж бэлтгэсэн байсан. Би тэр хүмүүст “та нар энэ ургамлыг их хэмжээгээр түүж болохгүй, зөвшөөрөл байгаа юу?” гэж асуугаад Б.Баярхишигийн түүсэн ургамлаас 2 шуудайг нь авч Цагдаагийн газарт хүргэж өгөх гээд машиндаа суулгаад аваад явсан. Гэтэл замд Б.Баярхишиг бид хоёр муудалцаад миний машинд байсан дурангаар Б.Баярхишиг намайг цохих гэж байгаад дуранг маань эвдчихсэн. Ингээд бид хоёр хамт Цагдаагийн газрын даргынх нь өрөө рүү орж, Б.Баярхишигт ургамал түүсэнтэй нь холбогдуулан арга хэмжээ авахуулж, асуудлыг шийдвэрлүүлэхээр хандсан. Тэр үед би Б.Баярхишигийн биед ямар нэгэн байдлаар хүрээгүй. Б.Баярхишиг ч тухайн үед ямар нэгэн гомдол гаргаагүй. Гэтэл 2-3 хоногийн дараа Б.Баярхишиг надад зодуулж, хөнгөн гэмтэл авсан гэсэн дүгнэлтийг эмнэлэгт үзүүлж гаргуулсан байдаг. Тухайн үед надад зодуулсан талаар яриагүй мөртлөө дараа нь ингэж намайг хэрэг үйлдсэн гэж байгаад гомдолтой байна. Би гэмт үйлдлийг таслан зогсоосоноос биш өөрөө гэмт хэрэг үйлдсэн гэж бодохгүй байна. Миний дуран 5.000.000 төгрөгийн үнэтэй дуран атал шүүх шинжилгээний байгууллага юуг баримтлан дуранг маань 280.000 төгрөг гэж үнэлсэнд гайхаж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Д.Соёлбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорын газарт буцааж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт очтол хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэсэн байна.

Прокурорын эсэргүүцлийн дагуу Д.Соёлбаатарт холбогдох эрүүгийн 1931003070207 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал: 

Анхан шатны шүүхээс яллагдагчид холбогдох хэргийг шүүхийн урьдчилан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд уг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, шүүгчийн захирамжинд заасан мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нотлоход ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоох, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмуудад нийцнэ гэж үзлээ.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд заасан үндэслэлүүдээс гадна Д.Соёлбаатарын цагдаагийн байгууллагад гаргасан гэх “хориглосон ургамал зөвшөөрөлгүй түүсэн” гэх мэдээллийг хэрхэн шалгаж шийдвэрлэсэн баримтыг хэрэгт хавсаргах шаардлагатай байна.

 Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЗ/172 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн  2020/ШЗ/172 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

      

                 ДАРГАЛАГЧ                       Г.ДАВААРЕНЧИН

                  ШҮҮГЧИД                        Ц.АМАРЖАРГАЛ

                                                              Д.БУЯНЖАРГАЛ