| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 106/2025/0031/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/92 |
| Огноо | 2025-01-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Анударь |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/92
2025 01 08 2025/ШЦТ/92
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн хөтлөн,
улсын яллагч Э.Анударь,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б-н Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар срын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто механик мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** ** *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Б-н Б /регистрийн дугаар **/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б 2024 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн *** дүгээр хорооны *** дүгээр байрны *** тоотод хохирогч Б.Т-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Т Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т-н өгсөн “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,
Хохирогч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 34 дүгээр хороо, 21 дүгээр байранд найз Бат-Эрдэнийн гэрт нь найзуудаараа очсон. Гэтэл Б-н таньдаг ах Т гэдэг залуу гаднаас орж ирээд юм ярилцаад сууж байгаад намайг барьж аваад бид хоёр ноцолдсон. Эхлээд намайг тоглоомоор нэг удаа заамдаж түлхсэн ба дараагийн удаа намайг заамдаад нудраад, хоолой боогоод байсан болохоор нь би хөлөөрөө түүний хүзүү хэсгээр ороогоод түлхэх гэж оролдсон, тэгээд шууд миний нүүр хэсэгт 2 удаа цохисон. Босож ирээд толгойгоороо нүүр хэсэгт нэг удаа мөргөсөн. Манай найзууд түүнийг салгаад боль гэхэд над руу дахиад дайраад байсан. Тухайн өдөр хамар битүүрээд байсан. Би 2024 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд хамар хугарчихсан байна гэсэн тул цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 6 дугаар сарын 6-ны орой 20-21 цагийн орчим байрны гадаа сагс тоглодог ах Т- ганцаараа ирээд манай найз Даваажаргал өртэй байсан тул өрөө авахаар ирсэн гэсэн. Тэгээд өгч чадахгүй гээд бид нар маазраад тоглож байсан. Т- нь Т- ахыг та миний нэг цохилтыг даахгүй, би таны нэг цохилтыг даана гээд тоглоомоор ярьж байсан. Тэр үед би ариун цэврийн өрөө ороод толгойгоо угааж байсан. Гэрт чанга чимээ гарахаар нь гүйгээд очсон чинь Т- орон дээр хамар нь хавдсан байдалтай байж байсан. Т- нөгөө өрөө рүү ороод Т- ах араас нь ахыгаа уучлаарай асуудал байвал хэлээрэй гэж хэлсэн. Бид нар удалгүй гараад дэлгүүрээс хүйтэн мөстэй аяга жин тавихаар авч өгсөн. Бид нар бүгд тоглож байгаад салаад явсан. Тэр хоёр эвлэрээд салаад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаартай “...Б.Т-ийн биед хамар ясны хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын “...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэх загвар /хавтаст хэргийн 11 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Т-ийн яллагдагчаар өгсөн: “...2024 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн *** дүгээр хороонд байрлах ** дүгээр байранд очиход Д найзыуудын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Би тухайн үед Т- гэх дүүг чи энд юу хийж яваа юм гэж асуухад найзууд миний гар утсыг ломбардчихсан гэж хэлсэн. Би Т-т гар утасныхаа кодыг тайлж байж найзууд чинь ломбардана биз дээ гээд найзуудад нь гар утсыг нь хурдан авч өгөөд аав, ээжтэй нь холбоо бариул, 3 өдөр гэртээ хариагүй байна гэж хэлсэн. Т- тухайн үед өөрөө тоохгүй өнгөрөөсөн. Би Т-т хоёулаа ноцолдох уу гэж хэлээд би өөрөө гарыг нь татаж чангаасан ба Т- надад хариу үйлдэл үзүүлж намайг өргөж шидээд дээрээс дарж унасан. Би Т-ийг түлхэж унагаагаад хойш нь далаар нь хэвтүүлсэн. Би Т-ийн дээр гартал миний хүзүүг 2 хөлөөрөө хавчиж хүзүүгээр боож эхэлсэн. Тэр үед хөл нь толгой хэсэгт хүрэхээр нь би уурлаад түүний баруун шанаа хэсэгт нэг удаа цохисон. Гэтэл миний гарыг барьж хориод байсан ба би гараа угзарч татахад Т-ийн хамар хэсэг рүү мөргөсөн. Тэгээд бид хоёр салаад Т-ээс уучлалт гуйсан ба хамар хэсэг нь хавдчихсан байсан. Т- жин тавьмаар байна гэхээр нь дэлгүүр орж хүйтэн ундаа авах гэтэл байхгүй байсан тул Т-ээс юу авах юм гэхэд хүйтэн лаазтай пиво байна гэж хэлэхээр нь нэг пиво авсан. Тэгээд жин тавьж байгаад тэр пивоо уусан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/ болон
шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56 дахь тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэгийн 58 дахь тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Т- 2024 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн ** дүгээр хорооны ** дүгээр байрны *** тоотод хохирогч Б.Т-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсныг хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд насанд хүрээгүй хохирогч, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, насанд хүрээгүй хохирогчид учирсан хөнгөн гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.Т- өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Улсын яллагчаас “...шүүгдэгч Б.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” санал, дүгнэлт гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Иймд шүүгдэгч Б.Т-ийг хохирогч Б.Т-ийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн ба прокуророос Б.Т-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Б.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Т-т Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Гурав. Хохирол хор уршгийн талаар:
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Б.Т-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийн 2.1.1-т гэмт хэргийн улмаас хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр тус зүйл ангийг тусгасан байна.
Мөн тушаалын 2 дахь хэсгийн 2.3-т “Энэ журмын 2.1-т заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл” тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загварыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэрэгт хавсаргана гэж заасан байх боловч Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн “...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэх маягтын загвар /хавтаст хэргийн 11 дэх тал/, “...Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 10 дахь тал/-д авагджээ.
Хавтаст эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний “…яаралтай тусламж 124.762 төгрөг, түргэн тусламж 49.920 төгрөг, амбулаторийн тусламж үйлчилгээ 20.000 төгрөг, амбулаторийн тусламж үйлчилгээ 20.000 төгрөг, нийт 144.762 төгрөг…” гэх баримт /хх-ийн 15 дахь тал/ авагдсан байх тул шүүгдэгч Б.Т-өөс 144.762 /нэг зуун дөчин дөрвөн мянга долоон зуун жаран хоёр/ төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Дөрөв: Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Т- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт Б-+н Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Т-т оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.
4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин Т- болтол шүүгдэгч Б.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Т-өөс 144.762 /нэг зуун дөчин дөрвөн мянга долоон зуун жаран хоёр/ төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
6. Шүүгдэгч Б.Т- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ