| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 136/2019/00421/И |
| Дугаар | 136/ШШ2020/00070 |
| Огноо | 2020-01-31 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 136/ШШ2020/00070
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, шүүгч Д.Наранцэцэг, Б.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Х РД://-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М /РД:/,
Хариуцагч: Дорноговь аймаг, С сум, 1-р баг, Аюушийн гудамж, 3-7 тоотод байрлах, “С өргөө” ХХК /РД:/-д холбогдох
Автомашины гражийн дээврийг буруутай этгээдээр засварлуулах буюу засварлах хөрөнгийн зардал 7 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Н, хариуцагч Дорноговь аймгийн Мал эмнэлгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагч “С Өргөө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, иргэдийн төлөөлөгч Х.А, гэрч Н.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Аймгийн ХХААГазар нь 2018 оны намар Г.Ганбаяр захиралтай “С өргөө” ХХК компаниар өөрийн эзэмшлийн автомашины гражийн дээвэр, хаалганы засварын ажлыг 15.300.000 /арван таван сая гурван зуун мянга/ төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн. Гүйцэтгэгч тал тус байгууллагын гражийн дээвэр, хаалга засварлах ажлыг захиалагч талд хэвийн ажиллагаатай хүлээлгэн өгсөн бөгөөд гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг дүгнэж зохих шаардлагыг хангасан гэж үзэн ажлын хөлсийг төлсөн болно.
Засварын ажлын баталгаат хугацаа 4 жил байна гэж 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Гражийн засварын ажил гүйцэтгэх гэрээ”-нд заасан байдаг боловч гүйцэтгэгчийн зүгээс гражийн хаалга баруун тийш салхины өөдөөс харсан чиглэлтэй тухайн өдөр /2019.05.15-нд/ онц хүчтэй салхи шуургатай байхад уг гражийг ашиглаж байсан Мал эмнэлгийн газрын жолооч /Мал эмнэлгийн газрын дарга/ машин гарга гэж хэлсэн гэснээр гражийн хаалгыг тухайн өдрийн 10 цаг 30 минут, 12 цаг 15 минутын үед тус бүр 2 удаа нээсний улмаас дээвэр нь хуулагдсан байна. Иймд гүйцэтгэгчийн зүгээс дангаараа бурууг хүлээж энэ хохирлыг барагдуулах боломжгүй тул гарах зардлыг харилцан тохиролцож барагдуулахаар Мал эмнэлгийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Баярмандахтай уулзсан боловч өөртөө огт хир халдаахгүй намайг тас загнан гаргасан тул дээврийн засварын ажлыг өнөөдрийг хүртэл хийж гүйцэтгээгүй болно гэсэн.
Аймгийн ХХААГ нь автомашины 3 гражтай бөгөөд Мал эмнэлгийн газар нь тус байгууллагын автогражаас 1 гражийг нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн ямар нэг гэрээ хэлцэлгүйгээр итгэлцлийн журмаар түр ашиглаж байсан болно. Тухайн онц хүчтэй шороон шуургатай 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр манай ХХААГ өөрийн ашиглаж байсан 2 гражаа огт нээгээгүй тул дээвэр нь хуулагдаагүй бүтэн үлдсэн. Аймгийн ХХААГ-ын зүгээс аймгийн Мал эмэлгийн газарт тус байгуулагыг хохиролгүй болгох талаар удаа дараа хэлсэн, мөн цаашид уг эвдэрлээс үүдэн үлдсэн дээвэр нь хуулагдвал хэн хариуцах талаар дахин давтан 4-5 удаа анхааруулсаар байтал Мал эмнэлгийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Баярмандах нь өнөөдрийг хүртэл уг хохирлыг барагдуулах талаар ямар ч арга хэмжээ аваагүй болно. Үүнээс гадна аймгийн Мал эмнэлгийн газрын зүгээс аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулаад манайх өөрөө шүүхээр хөөцөлдөж танайхыг хохиролгүй болгож өгнө гэсэн ч тодорхой арга хэмжээ авалгүй өвөлтэй золгож хүндрэл учруулж байна. Энэ асуудлаар тус байгууллагын нягтлан бодогч Г.Ичинхорлоо хамгийн сүүлд 11 дүгээр сарын 20-ны өдөр албаны дарга н.Мөнхсарнайтай, газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Баярмандахтай 11 дүгээр сарын 28 нд тус тус уулзсан боловч мөн л тодорхой арга хэмжээ авахгүй хугацаа алдаж байгаа тул шүүхэд хандахаас өөр аргагүйд хүргэж байна. Уг хохирол нь ойролцоогоор 7.5 сая орчим төгрөг болно. Иймд уг хохирлыг холбогдох буруутай этгээдээр засварлуулах буюу 7.5 сая төгрөгийг гаргуулж аймгийн ХХААГ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч төлөөлөгч Ж.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар гэх 2 байгууллага 1 байгууллага байсан. Тэгээд 2019 оны 01 дүгээр сараас эхлээд тусдаа байгууллага болсон ба граж Хөдөө аж ахуйн газрын граж болсон. Манай байгууллага 1 гражийг Мал эмнэлгийн газарт ашиглуулсан. Гэхдээ ямар нэгэн гэрээ хийгээгүй. Тухайн үед салхи шуургатай үед хаалгыг 2 удаа нээсэн учир гражийн дээвэр эвдэрсэн гэж үзэж байна. Хохирлын хэмжээг тогтоолгон үнэлгээ хийлгэсэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд засвар хийлгэж хохиролгүй болох хүсэлтэй. Эрх бүхийн байгууллагын үнэлгээ буюу 3 869 488 төгрөгийн засвар үйлчилгээг хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Би мал эмнэлгийн газрыг буруутай гэж үзэж байгаа тул Мал эмнэлгийн газраас хохирлыг гаргуулна. “С Өргөө” ХХК-иас татгалзаж, нийт төлбөрийг Мал эмнэлгийн газраас гаргуулна гэв.
Хариуцагч Мал эмнэлгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүнс хөдөө аж ахуйн газраас уг дээврийн асуудлыг салхи шуургатай өдөр жолооч хоёр удаа хаалгыг нээж хаасан учир Мал эмнэлгийн газрыг гэм буруутай байсан гэж үзээд хариуцагчаар татсан. Мөн “С өргөө” ХХК мөн энэ асуудлыг хариуцах үндэслэлтэй гэх тайлбарыг өмнөх шүүх хуралдаан дээр гаргаж байсан ч энэ шүүх хуралдаан дээр хариуцах үндэслэлгүй гэх тайлбарыг гаргаж байгаа юм байна. Энд ямар асуудал яригдаж байгаа вэ гэхээр Хүнс хөдөө аж ахуйн газар, С өргөө ХХК хооронд 2019 оны 05-07 дугаар сарын хооронд уг гурван гражийн дээвэр, хаалга засварлуулах гэрээ хийгдсэн. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд уг гражийн дээврийг засварлах ажлын гүйцэтгэл, доголдлын асуудал яригдаж байна гэж үзэж байна. Яагаад гэвэл Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1 дэх хэсэгт заасны дагуу С өргөө ХХК-иас хохирлоо шаардах хэрэгтэй.
, С өргөө ХХК хооронд хийгдсэн гэрээний 2.3 дахь хэсэгт барилгыг хүлээлгэн өгсөн өдрөөс хойш 4 жилийн хугацаанд хариуцах талаар баталгаат хугацааг заасан байдаг. Мөн гүйцэтгэгчийн үүргийг 5.1 дэх хэсэгт барилгын ноором, дүрэм, стандартын дагуу чанартай засаж гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулах, 5.2 дахь хэсэгт буруу, дутуу хийсэн ажлаа тухай бүр өөрийн хөрөнгөөр хийж гүйцээх, ажлын явцад илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгах талаар заасан.
Хүлээлгэж өгсний дараа ажлын гүйцэтгэлээ үзээд дутуу ажлуудыг шалгаж үзээд дахин хийсэн гэсэн нотлох баримтыг өмнөх шүүх хуралдаан дээр өгсөн. 5.3 дахь хэсэгт хэрэв баталгаат хугацааны дотор эвдрэл гарвал харилцагч талууд комисс гаргаж гэмтлийн шалтгааныг тогтоож буруутай тал өөрийн хөрөнгөөр засах талаар заасан, 5.4 дэх хэсэгт засварын баталгаат хугацаа дуусаагүй байхад буруутай үйл ажиллагааны улмаар зөрчил үүсвэл үүнийг засварлах үүрэгтэй гэж заасан. 6.2 дахь хэсэгт Захиалагчийн эрх буюу барилгын ноором, дүрэм зөрчсөн, чанарын доголдол гаргасан, санхүүжилтийг зориулалтын бусаар ашигласан, гэх мэт тохиолдолд гэрээг цуцалж хохирол төлүүлэх тухай заасан. Барилгын тухай хуулийн 3.1.6 дахь хэсэгт зааснаар Барилга байгууламжийг хүлээн авснаас хойш түүний чанар, аюулгүй байдлыг ажил гүйцэтгэгч хариуцах хугацааг хэлнэ гэж заасан байдаг. Үүний дагуу хугацааг өөрсдөө тохирсон байдаг. Гэтэл энэ баталгаат хугацаа буюу 4 жилийн хугацаа заасан ч 8 сарын дараа энэ асуудал үүссэн байдаг. Үүнийг Мал эмнэлгийн газрын буруутай үйл ажиллагаа гэж хоёр тал үздэг. Өмнөх шүүх хуралдаан дээр Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга хэлэхдээ манай байгууллага нэгэнт акт гаргаад хүлээгээд авсан учир С өргөө ХХК-иас нэхэмжлэх шаардлагагүй гэдэг. С өргөө ХХК манай байгууллага акт гаргаад хүлээлгээд өгсөн учир хохирлыг хариуцахгүй гэдэг.
Хэрэгт энэ талаар нотлох баримт байгаа ч хүлээж авсан гэх үндэслэлээр хариуцлага үүрэхгүй байх үндэслэл биш. Энэ нь баталгаат хугацааны дотор гомдлын шаардлага гаргахад хамааралгүй гэж үзэж байна. Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлд барилга байгууламж ямар шаардлага хангасан байх шаардлагатай талаар заасан байдаг. Уг хуулийн 9.1.5 дахь хэсэгт үйлдвэрлэлийн гоо зүй, байгаль орчны нөхцөлийг буюу салхи шуурганд тэсвэртэй байх талаар тодорхой заасан. Тэгэхээр энэ шаардлагыг хангаагүй харагдаж байна. Ажил гүйцэтгэгчийн эрх үүрэг гээд барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх хэсэгт барьж байгаа барилга байгууламжийг болзошгүй байгалийн гамшиг гэнэтийн аюулаас хамгаалах арга хэмжээ авах үүрэгтэй гэж заасан. Тэгэхээр С өргөө ХХК нь дээрх хуулийн зүйл заалтуудыг хангаж ажиллаагүйгээс салхинд барилгын дээвэр нурж унасан гэж үзэж байна. Энэ асуудалд Мал эмнэлгийн газрын буруутай үйл ажиллагаа байхгүй гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчийн хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С Өргөө ХХК-д холбогдуулан автогражийн дээвэрт 7 500 000 төгрөгийн засвар, үйлчилгээ хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа 3 869 488 төгрөг болгон багасгаж, анх сонгосон 2 хариуцагчаас С Өргөө ХХК-д холбогдох шаардлагаас татгалзсан болно.
Хариуцагч Дорноговь аймгийн Мал эмнэлгийн газар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...манай байгууллага гэм буруугүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэж маргана.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагч Дорноговь аймгийн Мал эмнэлгийн газар нь нэхэмжлэгч Дорноговь аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын өмчлөлийн автогражийн 1 автомашины гражийг 2019 оны 01 дүгээр 01-ний өдрөөс түр хугацаагаар, үнэ төлбөргүйгээр ашиглаж байсан үйл баримт тогтоогдсон энэ талаар талууд маргаагүй болно.
Нэхэмжлэгч нь хариуцагч Дорноговь аймгийн Мал эмнэлгийн газар 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүчтэй шуургатай үед гражийн хаалгыг онгойлгосноос болж дээврийн хэсэг салхинд хуулагдаж, хохирол учруулсан гэм буруутай гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.
Дорноговь аймгийн С суманд 2019 оны 05 дугаар сарын 15-нд салхи баруун хойноос секундэд 15-21 метр хүрч, хүчтэй шороон шуурга шуурсан. Цаг агаарыг аюултай үзэгдэл 7-10 цаг үргэлжилсэн нь Ус, Цаг Уур, Орчны шинжилгээний төвийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 247 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.
Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 286 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Сэрэмжлүүлэх болон урьдчилан сэргийлэх мэдээнд орох ус цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн жагсаалт”-аар дээрх үзэгдэл нь хүчтэй салхитай, аюултай үзэгдэлд хамаарч байна.
Гэвч хариуцагч байгууллага нь хүчтэй салхи, шуургатай үед гражийн хаалгын нээж, хохирол учруулсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх, мөн хуулийн 25 дугаар зүйлд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг зохигч хүлээхийг тус тус зохицуулсан ба үүний дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотлох баримтуудыг шүүхэд ирүүлэх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байна.
Харин хариуцагч Дорноговь аймгийн Мал эмнэлгийн газар нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримт болох Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 11-07-024/141 дугаар “барилгын ашиглалт, чанар байдлын тухай” дүгнэлтийг ирүүлсэн.
Дээрх дүгнэлтээр 1. “...С Өргөө” ХХК-ийн засварласан мал эмнэлгийн газрын авто машины гражийн дээвэр 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр салхинд дам нуруу, хучилтын банзны хамт хуурч унасан байна. 2. Тоосгон ханан дээр 5 см-ийн болох 3см-ийн банзнуудыг хооронд нь хавсарч дам нуруу болгон тавьсан. /бэхэлгээг хангалтгүй хийсэн/ 3. Хучилт хийхдээ банзаар хийсэн дам нуруун дээрээ банз хадаж түүнийхээ дээр шууд нимгэн төмөр хадсан. /барилгын норм дүрэм баримтлаагүй, бэхэлгээг туйлийн хангалтгүй хийсэн/ 4. Захиалагч гүйцэтгэгч нь ямар материал хэрэглэх яаж хийх талаар гэрээнд тусгаагүй, захиалагчийн хяналт тавиагүй нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтыг зөрчсөн байна...” гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Мал эмнэлгийн газрын гаргасан нотлох баримтыг үндэслэл муутай гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч нь шинжээч томилуулах, баримт гаргах боломжтой бөгөөд Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлтийг үгүйсгэсэн нотлох баримтыг гаргаагүй болно.
Иймд хариуцагч Дорноговь аймгийн Мал эмнэлгийн газрын гэм буруутай үйлдэл тогтоодохгүй байх тул Дорноговь аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын нэхэмжлэлтэй эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 3 869 488 төгрөгийн засвар, үйлчилгээ хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Цаашид нэхэмжлэгч нь гэм буруутай этгээдээс гэм хорын хохирол гаргуулахаар шаардлага гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Дорноговь аймгийн Мал эмнэлэгийн газарт холбогдох 3 869 488 төгрөгийн засвар үйлчилгээ хийлгүүлэх тухай Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛГИРМАА
ШҮҮГЧИД Д.НАРАНЦЭЦЭГ
Б.НАРАНЧИМЭГ