| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 195/2025/0057/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/155 |
| Огноо | 2025-01-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Мандуул |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/155
2025 01 14 2025/ШЦТ/155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн хөтлөн,
улсын яллагч Э.Мандуул,
шүүгдэгч Б.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Т овогт Б-н Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр ** аймгийн ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гар урлалын дизайн мэргэжилтэй, ** аймгийн *** галч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт *** дугаар баг, *** дугаар гудамжны ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Т овогт Б-н Г- /регистрийн дугаар **/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Г- Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г-ын өгсөн “...2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр би, грушик хийдэг байсан. М- гэдэг ах зохион байгуулалтын ажил хийдэг байсан. Би 07 цагт ажлаа тараад М- ахтай хамт архи уусан. Бид хоёр 2 шил архи уусан. Тэгээд сууж байтал М- ах намайг гэнэт алдахаар нь би тойрч явсан. М- ах надад ахархаад байсан тул би түүнийг алгадсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,
Хохирогч Н.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 8 дугаар сарын дугаар сарын 11-ний өдөр Эмээлтийн бойн дээр ажиллаж байгаад өдрийн цайны цагаар ганцаараа архи уугаад байж байтал хамт ажиллаж байсан Г- гэх залуу ирээд миний ууж байсан архинаас 2, 3 татчихаад явсан. Тэгээд хутга шөвөгтэй харьцдаг болохоор согтуу мал хийгээд ярьшиг гэж бодоод бойны хашаанд байдаг гэрт унтаад өгсөн. Гэнэт унтаж байхад Г- алгадаж сэрээхээр нь би яасан бэ, юу болов, ах нь явж унтлаа гэж хэлээд гэрээс гараад явж байтал намайг дуудахаар нь эргээд хартал тэр над руу шилэн бариултай стакан шидээд тэр нь миний духыг оноод тэр хэсгээр их хэмжээний цус гарч эхэлсэн. Энэ үед манай эхнэр ирээд Г-д руу уурлаад унтаж байсан хүнийг яах гэж сэрээсэн юм, нүүр амыг нь яаж байгаа юм бэ гээд орилоод байсан. Тэгээд цагдаа дуудаж өг гэж хэлээд цагдаад дуудлага өгчхсөн... Намайг унтаж байхад Г- эхнэртэйгээ маргалдаад байсан гэсэн. Яагаад намайг стакан шидэж гэмтээснийг би ойлгохгүй байна. Маргааш нь асуухад тасарчихсан байна, таныг ууя гэж л сэрээсэн байх уучлаарай гэж хэлсэн. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй... Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,
Гэрч Т.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө шиг санагдаж байна. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт түмэн сүрэг бойны газрын хашаанд манай нөхөр бид хоёр малын бой хийгээд тэр бойны газрын хашаанд ажилчдын өрөөнд байж байхад манай нөхөр 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн үдээс хойш хамт ажиллаж байсан хүмүүстэй архи уугаад согтчихоод унт гэхэд унтахгүй гэж хэлээд гараад явчихсан. Араас нь сураг тавихад манаачийн гэрт очиж унтсан гэж байсан. Тэгэхээр нь би түнийг тэнд байгааг мэдчихээд унтсан. Шөнө 2 цаг өнгөрч байхад намаг хүн сэрээхээр нь юу болсон талаар асуухад нөхөр чинь толгойгоо хагалуулчихлаа гэхээр нь босоод гараад очтол манаачийн гэрийн гадаа нүүр нь битүү цус болчихсон сууж байхаар нь шууд эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн. Намайг сэрээсэн Д эгч надад манай хүүтэй маргалдаад толгойгоо хагалуулчихлаа гэж хэлсэн. Хүүг нь Г- гэдэг гэж байсан. Нөхрийн биеийн байдал хэвийн болсон. Тухайн үедээ духных нь орчимд шилэн аяга шидсэн л гэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
Шинжээч О.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.М-ын биед хийсэн дүгнэлт дээр үзүүлэгч М-ын духанд шарх гэмтэл тогтоогдлоо гэжээ. Уг хоёр шарханд нэгэн зэрэг үйлчлэхүйц боломжтой, гадаргуутай зүйлээр нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаартай “...Н.М-ын биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
Хохирогч Н.М-ын Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай “...түргэн тусламжийн үйлчилгээнд 49.920 төгрөг...” гэх мэдээлэл /хавтаст хэргийн 46 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Г-ын яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ээж Г-н ажилд нь туслахаар Эмээлт түмэн сүрэг бойны газарт очиж ээжтэйгээ нэг сар орчим хугацаанд ажилласан. Би 8 дугаар сарын 10-ны өдөр ажлаа хийж байхад Н.М- гэх хүн намайг хамт архи ууя гэж хэлээд тэнд ажиллаж байсан хүмүүсийг уруу татааад байхаар нь би түүний авчирсан 0.5 граммын хэмжээтэй архийг хувааж уугаад 19 цагийн орчим архиа ууж дуусгасан. Харин М- бойнд мал оруулж байсан хүмүүстэй маргалдаад байсан. Тэр үед ажилчдаас М- гэх хүнийг бойны хашаан дотор байдаг ажилчдын байр руу оруулах хүн байхгүй болохоор намайг хамт архи уусан юм чинь авч яв гэж хэлэхэр нь би М-ыг ажилчдын байр руу оруулсан. М- намайг хамт явж юм авъя гэж хэлэхээр нь бид хоёр хамт явж 2 литрийн хэмжээтэй архи аваад ажилчдын байранд 20 цагаас хойш хувааж уучихаад унтсан байсан. Гэтэл шөнө хэдэн цагт гэдгийг мэдэхгүй байна М-ын эхнэр гэх хүн намайг сэрээгээд М-ыг манаачийн өрөөнөөс өөрийнх нь өрөөнд оруулах хэрэгтэй байна, би дийлэхгүй байна гэж хэлэхээр нь М-ыг өрөөнд нь оруулахаар очоод дуудсан чинь сэрэхгүй байхаар нь гулдчиж татаад сэрээсэн чинь М- над руу уурлаад миний нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр муудалцаж ноцолдсон. Тэр үед нь би согтуурхаад ширээн дээр байсан шилэн бариултай аягыг авч гараад М-ыг гадаа байхад нь түүн рүү шидсэн чинь нүүрэнд нь оночихсон. Тэгээд эхнэр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би хохирогчид эмчилгээний болон бусад зардалд нийт 1.700.000 төгрөг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-33 дахь тал/ болон
шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41 дэх тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Г- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсныг хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан хөнгөн гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.Г- өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Улсын яллагчаас “...шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” санал, дүгнэлт гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Иймд шүүгдэгч Б.Г- хохирогч Н.М-ыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн ба прокуророос Б.Г-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр нөхөн төлсөн байдал, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал, хохирол төлбөр нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Гурав. Хохирол хор уршгийн талаар:
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Н.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Хавтаст хэрэгт хохирогч Н.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй... Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/-д авагдсан байх ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г- би хохирогчид 1.500.000 төгрөгийг ээжийнхээ данснаас шилжүүлж байсан...” гэж мэдүүлсэн ба хохирогч Н.М-ын шүүгчийн туслахтай утсаар ярьсан тэмдэглэл хэрэгт авагджээ.
Иймд шүүгдэгч Б.Г-ыг хохирогч Н.М-ад 800.000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Мөн хавтаст хэрэгт Н.М- нь Эрүүл мэндийн даатгалаар “...түргэн тусламж 49.920 төгрөг...”-ийн тусламж үйлчилгээ авсан гэх Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хх-ийн 46 дахь талд авагдсан байх тул шүүгдэгч Н.М-аас 49.920 /дөчин есөн мянга есөн зуун хорин төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгохнь зүйтэй байна.
Дөрөв: Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Г- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Т овогт Б-н Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Г-т оногдуулсан 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.
4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Б.Г- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Г-аас 49.920 /дөчин есөн мянга есөн зуун хорин/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ