2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/154

 

 

 

 

 

 

 

2025          01           14                                    2025/ШЦТ/154

 

                              

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  З.Өлзийдүүрэн хөтлөн,

улсын яллагч Б.Тогтох,

шүүгдэгч Д.З- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Д-н З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “**” ХХК-д тэсэлгээчин ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ** хороолол, ** дугаар байрны ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Д-н З- /регистрийн дугаар **/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Д.З- 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, “Ханбогд” хорооллын *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий хохирогч Х.З-ийн биед халдан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.З-ын “...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн, зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,  

 

           Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.З-ийн хохирогчоор өгсөн: “...2024 ны 9 дүгээр сарын 26-ны өдөр 23 цагийн үед Хан-Уул дүүргийн ** дүгээ хороо, *** хороолол *** тоот гэртээ манай нөхөр Д.З- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн орж ирээд хэрүүл өдөөд янхан, гичий, нохой гэж дуудаад байхаар нь би тоохгүй байсан чинь уурлаад хүүхдүүдийн орон дээр сууж байхад манай нөхөр миний нэг хөлнөөс 2 гараараа татж унагаагаад миний толгой хэсэгт гараараа 2-3 удаа цохисон. Миний хамраас цус гарсан чинь толгой хэсэгт 2-3 удаа цохисон учраас охины утсаар цагдаа дуудлаа гэж хэлсэн чинь манай нөхөр гэрээсээ гараад явсан. Удалгүй цагдаа нар ирээд намайг авч явах гэтэл би босож чадахгүй байсан тул мэдүүлэ өгч чадаагүй... Манай нөхөр З- 2023 оны 11 дүгээр сард архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гараараа миний толгой хэсэгт цохиж зодож байгаад 14 хоног баривчилгаанд явж байсан.

Тухайн өдөр манай охин, хүү хоёр хамт байсан. Миний толгой битүү хавантай, цээж хүндүүр, хамар хэсэг чихэгдэж хугарсан байсан...

2024 оны 10 дугаар сард хамрын хагалгаанд орох 3.500.000 төрөг надад өгсөн учраас би 1 дүгээр эмнэлгийн харъяа чих хамар хоолойн тасаг Уянга эмч дээр хагалгаанд орсон. Надад одоонэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлыг минь бүрэн төлж барагдуулсан....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8, 23-24 дэх тал/,

Хохироч Х.З-ийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дахин өгсөн “...2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо ** хотхоны 202 дугаар байрны ** тоот гэртээ байж байтал мнай нөхөр З- хэдэн хоног гртээ ирээгүй байж байгаад исэн. Тухайн үед жаахан архи дарс үнэртүүлсэн байдалтай байсан. тэгээд намайг зүгээр байж байхад үгээр өдөөд хараалын үгээр хэлээд байсан. намайг тоохгүй байсан болохоор З- миний хөлнөөс гараараа татаж орноос унагаад миний нүүр ррүү хэд хэдэн удаа цохисон. Намайг нүүрээ дараад газар дээр дээш хараад хэвтэж байхад миний нүүр рүү нэг удаа дэвссэн. Тэгэхээр нь би цагдаа дуудлаа гэж хэлэхэд З- гэрээс гараад явчихсан...

Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй, би сэтгэл санааны хохирл тогтоолгох хүсэлгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дахь тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад З.А-н гэрчээр өгсөн: “...2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүрэг *** дүгээр хороо, *** хорооллын 202-107 тоотод амьдардаг аажв, ээжийн гэрт байж байхад аав согтуу орж ирсэн. Ээж БатЗ- нь А, А 2 дүүгийн хичээл хийлгээд байж байхад аав хэл үгээр доромжлоод хэрүүл өдөөд байсан. Ээж аавыг өрөөндөө орж унт гэж хэлсэн, би жижиг өрөөндөө хүүхэд унтуулах гээд ороод байж байтал аав ээжийн унтлагын өрөөнөөс түс тас гэсэн чимээ гарсан учраас явж очтол ээж Х.З- шалан дээр газарт унасан байдалтай хамарнаас цус гарсан байсан  болохоор аав З-т яаж байгаа юм бэ гэж хэлээд шаардлага тавьсан чинь над руу дайраад та нар ойлгохгүй байна гэж хэлээд орилоод байсан. Би А, А нарыг өөрийнхөө өрөөнд оруулаад цагдаад дуудлага өгсөн. Гэтэл аав гэрээс гараад явсан байсан ба өглөө эрт гэртээ орж ирээд том өрөөнд архи задлаад уугаад сууж байхаар нь би гэрээс хөөгөөд гаргасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

 

- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаартай шинжээчийн “...Х.З-ийн биед зүүн нүдний салст, бауун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, дух, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.З-ын яллагдагчаар өгсөн: “...Би ажлаасаа буугаад амралтаараа хотод ирчихсэн байсан юм. тэгээд би амралтаараа 21 дүгээр хороололд сангийн ажил хийгээд төв зам сэтлэж байсан болохоор шөнөөр ажиллаж байсан. 2024 оны 9 дүгээр сарын 26-ны шөнө хүйтэн байсан болохоор дотроо дулаацуулах гээд архи уугаад ажлаа хийгээд байж байсан. ажлаа хийж дуусчихаад өөрийн төрсөн ээж Т.о-н гэрт очоод байж байтал манай найз Э утсаар яриад манай ээжийн гэрт ирсэн. Тэгээд Э бид хоёр үргэлжлүүлж уугаад би гэр рүүгээ харихаар болсон. Тэгээд нэг ухаан орсон чинь би тасарчихсан, гэртээ ирчихсан байсан, гэртээ яаж ирснээ санахгүй байгаа юм. Би тухайн үйл явлоыг наринй санахгүй байгаа юм. Миний санаж байгаагаар манай эхнэр хоёр хүүхдийнхээ хичээлийг хийлгээд байж байхад би эхнэр дээрээ очсон чинь эхнэр намайг ямар муухай үнэр танартай юм, цаашаа бай гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2, 3 хоног шөнө хүйтэнд ажил хийж байгаад ирж байхад чи зайл гэж хэллээ гээд хэрүүл маргаан үүсгэсэн. Бид хоёр хэрэлдэж байгаад би эхнэрийгээ орон ээр сууж байхад нь татаж унагаад толгой хэсэг рүү нь 2-3 удаа цохисон санагдаж байна. Тэгээд би З.А-с маргааш өдөр нь болсон зүйлийн талаар асуутал эхнэртэйгээ муудалцаад, эхнэрийнхээ толгой ру 2-3 удаа цохисон байсан.... Би эхнэрийн данс руу 5.260.000 төгрөг шилжүүлсэн ба манай эхнэр хамрын хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68-70 дахь тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 дэх тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.З- 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, “**” хорооллын *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий хохирогч Х.З-ийн биед халдан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсныг хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд  хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан хөнгөн гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Д.З- өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч Д.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” санал, дүгнэлт гаргав.

 

Шүүгдэгч Д.З- Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 5.1.1-т “5.1.1."гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгоно гэж, мөн энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна” гэж тус тус гэж заажээ. 

 

Хавтаст хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн Ерөнхий газрын гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар хохирогч Х.З-, шүүгдэгч Д.З- нар нь эхнэр, нөхөр болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.З- нь хохирогч Х.З-ийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн ба прокуророос Д.З-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Д.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.З-т Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр нөхөн төлсөн, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.З-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Д.З-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2000 /хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Гурав. Хохирол хор уршгийн талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Х.З-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийн 2.1.1-т гэмт хэргийн улмаас хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр тус зүйл ангийг тусгасан байна.

Гэвч хохирогч Х.З-ийн мөрдөн шалгах ажилалгаанд өгсөн “...Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй, би сэтгэл санааны хохирл тогтоолгох хүсэлгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дахь тал/ авагдсан байх тул сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох шаардлагагүй гэж үзэв.

Хохирогч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх боловч шүүгдэгч Д.З- шүүх хуралдаанд 5.260.000 төгрөг төлсөн гэж мэдүүлсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй байна.

Дөрөв: Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Д.З- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:          

 

1. Шүүгдэгч Б овогт Д-н З-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.З-т Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар 2000 /хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.З-т оногдуулсан 2000 /хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.З-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Хэрэгт Д.З- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ