Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2017/01863

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2017/01863

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх үүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Чингэлтэй 16-165 тоот хаягт оршин суух, Боржигоон овогт Баясгалангийн Энхмөнх /РД:УД92022334/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны зам 99/А, Шинэ дөл цогцолбор 502 тоот хаягт байрлах, Грийн ресурс ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар 5249589/-д холбогдох,

 

5,587,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дуламсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Содномцог, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дуламсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Грийн ресурс ХХК-ийн Баянгол дүүрэг, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын 14 давхарт Д-89 тоотод орон сууц захиалсан. Тус орон сууц захиалах гэрээнд барилгыг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор ашиглалтад оруулах байсан боловч одоог хүртэл баригдаж дуусаагүй тул миний бие өөр барилгад урьдчилгаа төлөөд орсон болно.

******* нь нэг нүд хараагүй, ээж Ц.Дуламсүрэнгээ асардаг болохоор хурдан орон гэртэй болох шаардлага гарсан тул шинэ байранд орсон. Тус барилгыг захиалсан байх хугацаанд бид гадуур айлуудаар амьдарсан бөгөөд ээж Ц.Дуламсүрэн их ядарч байсан болохоор шинэ байранд орохоос өөр арга байгаагүй.

2016 оны12 дугаар сарын 25-ны өдөр Грийн ресурс ХХК-ийн захиралд үнэн байдлаа хэлж гэрээг цуцлах хүсэлтэй байгаа тухай хэлэхэд Ганхүү захирал нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн дотор 5,587,000 төгрөгийг төлнө гэсэн боловч төлөөгүй тул 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр дахин очиж уулзахад мөнгийг хоёр хувааж өгнө, эхний удаа 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 2,587,000 төгрөгийг барагдуулах тухай баталгааны гэрээг бичиж өгсөн боловч өнөөг болтол төлөөгүй байна.

Иймд хариуцагч Грийн ресурс ХХК-иас орон сууцны урьдчилгаа төлбөр болох 5,587,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Грийн ресурс ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компанид холбогдуулан гаргасан 5,587,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий *******ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. ******* нь манай компанитай 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Орон сууц захилгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулсан. Энэхүү гэрээгээр бэлтгэгч тал болох манай компани нь орон сууцыг захиалагч тал болох *******ийн захиалсан нөхцөлийн дагуу, чанарын шаардлагад нийцүүлэн барьж, ашиглалтад хүлээлгэн өгөх, захиалагч тал болох ******* нь бэлтгэгч тал болох манай компанид хөрөнгө оруулалтыг хийж, захиалсан орон сууцыг хүлээн авах үүргийг тус тус хүлээсэн. Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ нь тус гэрээний 6.1 дэх хэсэгт Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ харилцан бүрэн гүйцэтгэснээр гэрээ дуусгавар болно гэж заасны дагуу талууд харилцан гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй байгаа тул дуусгавар болоогүй байгаа болно. Гэвч ийнхүү гэрээ дуусгавар болоогүй хүчин төгөлдөр үйлчилж байхад захиалагч тал болох ******* нь бидэнд өөрийн санаачилгаар гэрээг дангаар цуцлах саналыг ирүүлээд байна. Гэрээний 5.6 дахь хэсэгт заасны дагуу захиалагч нь хэдийгээр дангаар гэрээг цуцлах эрхтэй ч энэ тохиолдолд Захиалагч нь урьдчилгаа төлбөрийн 10 хувийг Бэлтгэгчийн үйл ажиллагааг саатуулсан гэж үзэж үл маргах журмаар бэлтгэгч талд төлнө. Гэрээ байгуулагдах өдөр буюу 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ******* нь гэрээний урьдчилгаа төлбөр болгон 5,587,000 төгрөгийг төлсөн. Энэхүү урьдчилгаа төлбөрийн 10 хувь болох 558,700 төгрөгийг захиалагч нь гэрээг дангаар цуцлаж байгаа тул торгууль болгон бэлтгэгч тал болох манай компанид төлөх үүрэгтэй болно. Мөн талууд харилцан тохиролцсоны дагуу тус гэрээний 5.7 дахь хэсэгт Захиалагчийн хүсэлтээр гэрээ цуцлагдсан тохиолдолд Захиалагчийн Бэлтгэгч талд төлсөн төлбөрөөс энэхүү гэрээний 5.6-д заасан үйл ажиллагаа саатуулсны төлбөрийг суутган авч, үлдэгдэл төлбөрийг тухайн орон сууц зарагдсаны дараа буцаан олгоно гэж заасан. Нэгэнт захиалагч тал болох ******* нь гэрээг дангаар цуцлаж байгаа тул гэрээний 5.7 дахь хэсэгт заасны дагуу үлдэх 5,028,300 төгрөгийг захиалагчийн захиалсан орон сууцыг зарагдсаны дараа манай компанийн зүгээс буцаан олгоно. Захиалагчийн захиалсан Баянгол дүүргийн 10 дугаар хорооны Хөх сувд хорооллын дахин төлөвлөлтийн барилга хугацаандаа ашиглалтанд ороогүй нь манай зүгээс шалтгаалаагүй юм. Уг барилгын дэд бүтцийн хөрөнгө улсаас санхүүжигдэх бөгөөд 2016 онд шийдвэрлэгдээгүйгээс хугацаандаа ашиглалтанд ороогүй бөгөөд Нийслэлээс дахин төлөвлөлтөнд газраа чөлөөлсөн иргэд болон захиалагч, гүйцэтгэгч барилгын компаниудад санхүүгийн хүндрэлээс болоод санхүүжүүлээгүй тухай удаа дараагийн уулзалт, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Нийслэлийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн газар тайлбар хийж байсан болно. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Содномцог шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь гэрээг дангаар цуцалж байгаа тул гэрээний 5.7-д зааснаар үлдэх 5,028,300 төгрөгийг захиалагчийн захиалсан орон сууцыг зарагдсаны дараа манай компанийн зүгээс буцаан олгоно гэсэн хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Грийн ресурс ХХК-д холбогдуулан орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу төлсөн урьдчилгаа төлбөр 5,587,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Талууд 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр З-16/64 дугаартай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулж, захиалагч ******* нь уг орон сууцны үнэ 55,870,000 төгрөгийг хуваарийн дагуу, орон сууцыг өөрийн материалаар барих, бэлтгэгч гэх Грийн ресурс ХХК-д төлөхөөр тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талууд баригдаж бэлэн болоогүй орон сууцыг захиалгаар бариулахаар тохиролцсон нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж үзэхээр байна.

 

Хариуцагч Грийн ресурс ХХК нь захиалгын орон сууцыг 2016 оны 4 дүгээр улиралд багтаан улсын комисс хүлээн авахад бэлэн болгох, захиалагч нь төлбөрийг төлөхдөө, гэрээ байгуулах үед 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр нийт төлбөрйн 10 хувь болох 5,587,000 төгрөг, орон сууцны барилгын гүйцэтгэлийн үед 2016 оны 12 дугаар сарын 20-ны дотор 20 хувь болох 11,174,000 төгрөг, 70 хувь болох 39,109,000 төгрөгийг бэлтгэгч талд төлөхөөр үүрэг тус тус хүлээжээ.

 

Нэхэмжлэгч ******* нь Гэрээнд заасан үүргээ биелүүлж, гэрээ байгуулсан 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 5,587,000 төгрөгийг Грийн ресурс ХХК-д төлсөн болох нь хэрэгт авагдсан Бэлэн мөнгөний орлогын баримт аар тогтоогдож байна.

 

Харин хариуцагч Грийн ресурс ХХК нь дээрх гэрээний дагуу 2016 оны 4 дүгээр улиралд орон сууцыг улсын комисст хүлээн авахад бэлэн болгоогүй, орон сууц баригдаж дуусаагүйгээс нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 5,587,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний биелэлтийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

 

Хариуцагч нь орон сууцны барилгын ажил саатсаныг өөрөөс шалтгаалаагүй гэх боловч энэ талаар шүүхэд нотлоогүй тул 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр З-16/64 дугаартай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний 1.2-т заасан хугацаанд орон сууцыг улсын комисс хүлээн авахад бэлэн болгох үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзсаныг буруутгах боломжгүй юм. Улмаар, гэрээний 5.7-д зааснаар захиалагчийн захиалсан орон сууцыг зарагдсаны дараа 5,028,300 төгрөгийг нэхэмжлэгчид олгоно гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Грийн ресурс ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд С.Содномцогийг оролцуулахаар 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр томилж, итгэмжлэл олгосон боловч хариуцагч нь 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 17/09 дугаар албан бичгээр Ж.Төмөрсайхан /РД: РЭ71010766/-д олгосон итгэмжлэлээсээ татагалзаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

 

Өөрөөр хэлбэл, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд зааснаар төлөөлж, эрх, үүрэг, хэргийн материалтай танилцсан этгээд нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Грийн ресурс ХХК-иас 5,587,000 төгрөгийг гаргуулж нэхэжлэгч *******өд олгосугай

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Грийн ресурс ХХК-иас 104,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******өд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА