| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 106/2023/0092/ |
| Дугаар | 2025/ШЦТ/216 |
| Огноо | 2025-01-20 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Билгүүн |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/216
2025 01 20 2025/ШЦТ/216
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн хөтлөн,
улсын яллагч Б.Билгүүн,
шинжээч Ж.Б,
хохирогч Э.М-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,
хохирогч Б.У-, түүний өмгөөлөгч О.Анхбаяр,
хохирогч Д.С-, түүний өмгөөлөгч Б.Манлайжав,
шүүгдэгч Т.Э-, түүний өмгөөлөгч Ч.Өнөрбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос М овогт Т-н Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад ** гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405000000151 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр *** хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, М овогт Т-н Э- /регистрийн дугаар **/,
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Т.Э- “Батлан даалтын сангаас зээл авна” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “***” худалдааны төвийн “**” банкнаас Д.С-ос шилжүүлсэн нийт 186.600.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
Мөн “...Би Хятад улсаас машин оруулж ирэх тендер авсан. Машинаа оруулж ирэх гэхээр мөнгө дутаад байна, тендерийн мөнгө авах гээд хүнд мөнгө гүйцээгээд өгөх хэрэгтэй байна...” хэмээн тендер авсан гэх хуурамч баримт бичгийг хохирогч Э.М-д үзүүлэн түүнийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь бэлнээр 2.500.000 төгрөг, ХААН банкны *** тоот данс руу 3 удаагийн үйлдлээр 19.500.000 төгрөгийг, мөн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа Э.М-аас С.У-н ХААН банкны *** тоот дансыг ашиглан 3 удаагийн гүйлгээгээр 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогч Э.М-д нийт 42.000.000 төгрөгийн хохирол,
Мөн “...Би Хятад улсаас машин оруулж ирэх тендер авсан. Машинаа оруулж ирэх гэхээр мөнгө дутаад байна, ...тендрийн мөнгө авах гээд хүнд мөнгө гүйцээгээд өгөх хэрэгтэй байна...” хэмээн тендер авсан гэх хуурамч баримт бичгийг Б.У-д үзүүлэн түүнийг хуурч, гэрээгээр халхавчлан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байсан хохирогч Б.У-аас нийт 350.000.000 төгрөгийг шилжүүлэн авч үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 578.600.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э- мэдүүлэхдээ: “...Би Д.С-ос хүүтэй мөнгө зээлж байсан. Тухайн мөнгө нь эргэлдээд ороод ирсний дараа Д.С-д хүүтэй нь хамт буцаагаад төлж байсан. Би энэ харилцааг хүүтэй мөнгөний харилцаа гэж бодож байна. Э.М- эгчээс авсан 22.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогч Б.У-тай Э.М- бид хоёр зээлийн гэрээ хийж хохирогч Б.У-аас 350.000.000 төгрөгийн зээл авсан...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.У- мэдүүлэхдээ: “...4 жилийн өмнө Э.М- над дээр Т.Э-ыг дагуулж ирж, миний эгчийн хүүхэд байгаа юм гэж танилцуулсан. Би Э.М-тай 10 гаруй жил найзалж байгаа. Анх над дээр ирэхдээ Э.М- Т.Э-ыг тендерт орсон тул 350.000.000 төгрөг дутсан, мөнгө зээлээч 20 хоногийн дотор буцааж өгнө гэж хэлсэн. Би үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь аваад хамт нотариат явсан. Дараа нь гэрээ хийгээд тэр мөнгийг би Э.М-д шилжүүлсэн. Би энэ хоёрыг санаатайгаар намайг хуурсан гэж бодож байна..” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.С- мэдүүлэхдээ: “...Т.Э-тай 2013 оноос хойш хамт ажилласан. Би эхлээд Т.Э-аас 10 хувийн хүүтэй мөнгө зээлдэг байсан ба би 2019 оноос хойш жирэмсний амралтаа аваад гэртээ байдаг болсон. Хамгийн анх Т.Э- надад би зээл авах гэж байна гэж хэлэхээр нь би надад бас зээл авчихаарай гэж хэлсэн. Тэгээд надад 39.600.000 төгрөг зээлсэн. Тэгээд ийм ажил хийх гэж бйна, мөнгө олоод өгөөч гэдэг байсан. Хамгийн сүүлд ковидын үед хүнсний бүтээгдэхүүн тараадаг ажил авчихлаа чи надад 20.000.000 төгрөг олоод өг гэж хэлэд 20.000.000 төгрөг авсан. Би эхний 39.600.000 төгрөгийг Банк бус санхүүгийн байгууллагаас авсан байсан. Графикийн дагуу би сард 2.700.000 төгрөгийг төлдөг байсан. Би Т.Э-ыг 2.070.000 төгрөгийг шилжүүлж байгаарай гэхэд Т.Э- над руу 2.075.000 төгрөгийг шилжүүлж байсан. Т.Э- эхний 5 сар тухайн мөнгийг шилжүүлдэг байсан. Тэгээд дараагийн сараас эхлээд шилжүүлэхээ больсон. Миний нэхэмжилж байгаа мөнгөн дээр хүү өгөөгүй. Т.Э- надад зөвхөн 5 сар 2.075.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Би нийт 183.600.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Дунд нь 3.000.000 төгрөгийг өгсөн...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Ж.Б мэдүүлэхдээ: “...Нэмэлт ажиллагаа хийсний дараах 11 дүгээр сарын 7-ны өдрийн тогтоолд Д.С- 7 удаагийн үйлдлээр 184.000.000 төгрөг залилуулсан гэж дурдсан байсан. 462.440.000 төгрөг бол Д.С- Т.Э- руу шилжүүлсэн дүн. Шилжүүлсэн мөнгөн дүнгээ нэмээд тооцвол бодит дүн гарч ирнэ. Тухайн дүн зөрөх үндэслэл байхгүй. 20.000.000 төгрөгөөр зөрж байгаа гүйлгээг харахад 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 20.000.000 төгрөг, 2021 оны 2 дугаар сарын 6-ны өдөр 20.000.000 төгрөг гарсан байна. Тухайн 2 дүнг орхигдуулсан бол 20.000.000 төгрөгийн зөрүү гарна. Мөрдөгчийн тогтоолд ганцхан Д.С-той холбоотой асуудал байсан. Эх баримтад үндэслэн дүгнэлт гаргадаг тул дансны хуулгыг эх баримт гэж үзээд дүгнэлтээ гаргасан. 11 дүгээр сарын 8-ны өдөр хошууч Г-тай би тухайн Т.Э- гэх хүнтэй холбогдох гэсэн юм гэж ярьхад утас нь холбогдохгүй байсан... Дансны хуулга дээр өдөр бүрийн гүйлгээ тус бүрээрээ гардаг. Би тооцооллын аргаар тухайн дүгнэлтийг гаргасан... Шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар шүүхэд ирж байгаа баримт эх хувиараа байна гэж заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг гаргасан... Би Д.С- гэх хүнийг таньдаггүй. Д.Солонгын эгчээс 20.000.000 төгрөгийг авсан байсныг хасаж тооцсон. Шинжээчийн дүгнэлт дээр 295.500.000 төгрөгийг Т.Э-аас шилжүүлж авсан байна. Энэ нь Т.Э-ын төлсөн мөнгө. Энэ мөнгөн дүнд байртай холбоотой болох 17.000.000, 30.000.000 төгрөг ороогүй юм...” гэв.
Эрүүгийн 2405000000151 дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.М-ын хохирогчоор өгсөн: “...2021 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, *** хотхоны хажууд байрлах манай компаний байранд М.А Т.Э- гэх Баянгол дүүргийн *** ажилтай гэх хүүхнийг дагуулж ирсэн. ...Хятад Улсаас хогийн машин оруулж ирэх тендер Т.Э- гээд дүү маань авсан, машинаа оруулж ирэх гэсэн чинь мөнгө дутаад байна, 350.000.000 төгрөг зээлээч гэж хэлэхээр нь би “боломжгүй, ийм их хэмжээний мөнгө надад байхгүй” гэж хэлсэн чинь Т.Э-, М.А хоёр “Үйлдвэрийн байраа барьцаалаад мөнгө олоод өгөөч, сарын дотор 400.000.000 төгрөг болгож өгнө, бас 50.000.000 төгрөгийг урамшуулал гэж нэмж өгнө” гэж хэлэхээр нь би хамтын ажиллагаатай байдаг “А” ХХК-ийн захирал Б.У- эгчээс 350.000.000 төгрөгийг өөрийн Үйлдвэрийн байр, *** хорооллын нэг өрөө байр зэргийг барьцаалаад өөрийн нэр дээрх “ХААН” банкны *** дугаарын дансаар шилжүүлэн авсан. Яг миний данс руу шилжүүлсэний дараа Т.Э- манай захирлын данс гээд Н.Г гэх хүний ** дугаарын данс руу өгөхөөр нь 350.000.000 төгрөгийг би өөрийнхөө данснаас шилжүүлсэн. ...2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 20 сая төгрөгөө Баянгол дүүргийн 25 дугаар эмийн сангийн хажуу талд миний машин дотор хоёулаа сууж байгаад шилжүүлсэн. 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 22 сая төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байх манай ажлын байранд байхад ирж авсан. 2.5 саяыг бэлнээр үлдсэн мөнгийг дансаар авсан. Буцаагаад авсан мөнгөнөөсөө 17.000.000 төгрөгийг 4 дүгээр сарын 13-ны өдөр миний “ХААН” банкны данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 39-40, 225, 3-р хавтаст хэргийн 93 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Г-н гэрчээр өгсөн: “...Манай компани тендерт оролцсон асуудал байхгүй. 2021 оны 1 дүгээр сард байх, яг өдрийг нь сайн мэдэхгүй байна, Т.Э- намайг нэг ажил байна гэж хэлэхээр нь уулзсан чинь “Хятадаас хогийн машин оруулж ирэх ажил байна, тендер бол зарлахгүй, шууд ирээд гэрээгээ хийгээд машинаа судлах хэрэгтэй байна” гэж хэлэхээр нь би хэдэн төгрөгийн төсөвтэй юм бэ гэхэд 750.000.000 төгрөгийн төсөвтэй гэж хэлэхээр нь би ийм их мөнгөний ажил бол гэрээгээр хийгдэнэ гэж байхгүй, худлаа байх гэж Т.Э-д хэлсэн чинь энэ бол шууд хийгдэнэ, асуудалгүй ажил байгаа гэж хэлээд намайг Хятадаас машин судлах хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд би Хятадаас машин судлаад байж байсан чинь нэг өдөр Т.Э- над руу залгаад “Г тамга чинь хэрэгтэй байна” гээд гэрээс ирж авсан. ...Тэгээд хэд хоногийн дараа гэрээ байгуулсан гээд над дээр ирж гарын үсэг зуруулсан. Т.Э-д би хогийн машин судалсан нийтдээ 5200 гаруй сая төгрөг болох юм байна гэж хэлээд 2021 оны 3 дугаар сард Т.Э- над руу залгаад хувь дансаа өгчих гэж хэлэхээр нь “яах гэж байгаа юм бэ” гэж хэлэхэд “нөгөө машин оруулж ирэх мөнгөний ихэнхийг нь олчихлоо” гэж хэлэхээр нь өөрийнхөө “ХААН” банкны *** тоот дансаа өгсөн чинь 350.000.000 төгрөг 30-40 минутын дараа миний дансанд орсон. Тэгээд мөнгө орсоны дараа Т.Э- өөрийнхөө дансыг явуулаад “ийшээ мөнгөө хийчих” гэж хэлэхээр нь би буцаагаад данс руу нь шилжүүлсэн. Тэгээд бараг 1, 2 сарын дараа байх Э.М- гэдэг хүн залгаад “машин тэрэг ирсэн үү, мөнгө төгрөгөө авмаар байна” гэх утгатай зүйл ярихаар нь би Т.Э-д буцааж 350.000.000 төгрөгийг нь өгсөн гэдгээ хэлсэн. Т.Э-ын хэлж байгаагаар хогийн машин оруулж ирэх гэрээ хийгдсэн мөн мөнгө нь орсон гэсэн боловч ямар нэг байдлаар Хятад улсаас машин оруулж ирэхгүй, дээрх мөнгө хэн, ямар байдлаар зарцуулсныг би мэдэхгүй байна. Миний ойлгосноор манай компаниар дамжуулан машин орж ирэх ёстой байсан боловч улсаас машин оруулж ирэх асуудлыг болиулсан гэж Т.Э- надад тайлбарласан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 57-59 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Ц-н гэрчээр өгсөн: “...Манай албаны 2021 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажил бөгөөд дээрх худалдан авах ажиллагаа нь манайхаас нээлттэй тендер шалгаруулах журмаар 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр зарлагдсан бөгөөд тендерт 7 байгууллага үнийн санал ирүүлснээс “****” гэх нэртэй компани үнийн санал ирүүлээгүй мөн дээрх 7 байгууллага уг тендерт шаардлага бүрэн хангахгүй байсан учир уг тендер хүчингүй болсон. Дахин 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр зарлагдахад “*** **” нэртэй компани үнийн санал ирүүлж шаардлага хангасан үнэлгээний хорооны шийдвэр гарч захиалагч буюу Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 71-72 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Н-н гэрчээр өгсөн: “...2021 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргээс дүүргийн хөрөнгө оруулалтаар хог тээврийн автомашин худалдан авах албан даалгаврыг мөн энэ албан даалгаврыг манай Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Төлөвлөлт хяналт шинжилгээний үнэлгээний хэлтэс боловсруулан 2 дарга нь хянаад надад оруулж ирэхээр нь би хянаад гарын үсэг, тамга дараад явуулдаг. Үүний дагуу Худалдан авах албанаас тендерийг зохион байгуулдаг. 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 135 дугаартай албан бичгээр худалдан авах ажиллагааны албанаас тендерт “****” компани шалгарсан, энэ компанитай гэрээ байгуулж болно гэсэн бичиг ирсэн. Албан бичгийн дагуу манайхаас 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хогийн машин худалдан авах гэрээг “***” компанитай байгуулсан гэрээндээ машиныг 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор багтаан нийлүүлэх гэрээ хийсэн боловч цар тахлын улмаас машин оруулж ирэх гэрээг 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүртэл сунгасан, одоо удахгүй манайх машин хүлээж авах гэж байгаа. ...2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн бичгийг шүүж үзсэн, манайхаас огт ийм албан бичиг яваагүй байна. Хэрвээ явсан бол төсөл болон эх хувь байх ёстой, дугаараар нь шүүж үзэхэд өөр утгатай албан бичиг байсныг хэргийн материалд хавсаргуулахаар хуулбарлан авчирсан. Миний хувьд хаана ямар байдлаар дээрх албан бичиг үйлдэгдсэнийг мэдэхгүй байна. Гэрээний хувьд бас хуурамч байна. Манайх өөрөө гэрээгээ байгуулдаг. Худалдан авах ажиллагааны албанаас хүн гэрээ байгуулдаггүй, захиалагч талыг төлөөлж би өөрөө мөн Санхүү төрийн сангийн хэлтэс, гүйцэтгэгч компани оролцож гэрээ байгуулдаг. Би гэрээг хуулбарлан авчирсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 75-76 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.А-н гэрчээр өгсөн: “...Т.Э- нь “хогийн машин оруулж ирэх тендер авчихсан байна, хөрөнгө оруулагч хэрэгтэй байна, ажлаа бүтчихээр нь тэр хөрөнгө оруулсан хүнд мөнгө өгнө” гэж хэлэхээр нь би өөрийнхөө байдлыг хэлээд мөнгө байхгүй, харин таньдаг хүнээсээ асууж өгье гээд хэд хэдэн хүмүүст хэлсэн чинь Э.М- мөнгө хөөцөлдөөд зөндөө хоног явсан, мөнгө төгрөг болж бүтэхгүй байна гэж хэлэхээр нь би ер нь та хоёр болио, угаасаа бүтэхгүй юм байна гээд салцгаасан. Ер нь больчихсон гэж бодсон. Гэтэл 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Э.М- над руу залгаж уулзъя гэж хэлэхээр нь уулзсан чинь чамаас нуугаад Т.Э-д мөнгө олоод өгчихсөн гэж хэлсэн. ...Т.Э- нь “Хятад улсаас 10 ширхэг хогны машин оруулж ирэх ажил байна, та хөрөнгө оруулж чадах уу” гэж асуухаар нь би боломжгүй талаараа хэлж Э.М-тай холбож өгсөн. Түүнээс өөрөө ямар нэгэн холбоо байхгүй. ...Би Т.Э-тай ямар нэгэн мөнгөний тооцоо байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 82-83, 3-р хавтаст хэргийн 12 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.С-н хохирогчоор өгсөн: “…2013 оноос хойш 4-5 жил Баянгол дүүргийн ** дүгээр *** *** ажилтнаар хамт ажиллаж байсан Т.Э- гэх эмэгтэй мөнгө зээлээч батлан даалтын сангаас 600 сая төгрөгийн зээл авах гэж байгаа, 40 сая хэрэгтэй байна гэсний дагуу 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 40 сая төгрөгийг Хан-Уул дүүргийн “***” худалдааны төвийн “**” банкны салбараас Т.Э-ын өөрийнх нь “ХААН” банкны ** тоот данс руу шилжүүлсэн. Үүний дараа энэ мөнгөндөө гэрээ байгуулж батлуулсан ба 8 сарын туршид хүүгээ төлж явсан. Энэ хугацаанд дахин мөнгө хэрэгтэй байна гэж хэлсний дагуу 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 55 сая төгрөгийг 6 хувийн хүүтэй, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 20 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй, 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр 9 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 3 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй, 2021 оны 2 дугаар сарын 6-ны өдөр 20 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй тус тус надаас зээлж нийт 187 сая төгрөг авч хохироогоод байна. Харин эхний зээлсэн 40 сая төгрөгөөс бусад зээлсэн мөнгөнд ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Амаар дээрх байдлаар хүү төлнө гэж хэлээд авсан. ...3 сая төгрөгийг дансаар гомдол гаргасны дараа өгч байсан, ингээд 183.600.000 төгрөгийн үлдэгдэл байгаа юм...” гэсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 26-27, 29, 36-37, 4-р х-ийн 243 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд А.Д-н гэрчээр өгсөн: “...Иргэдийн төлөөлөгчийн хурал нь ямар нэг тендер төсөл зохион байгуулдаг газар биш, манай иргэдийн төлөөлөгчийн хурлаас ямар нэг тендерийн ажилд оролцохгүй. Т.Э-ын хувьд Иргэдийн төлөөлөгчийн хурлын хуралдаан зохион байгуулдаг чиг үүрэгтэй хэлтсийн даргаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.У-ын хохирогчоор өгсөн: “...Би 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Би 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн “****” плазагийн 2 давхарт байрлах нотариат дээр гэрээгээ батлуулж 1 давхарт байрлах “ХААН” банкны киоск машинаар Э.М- руу шилжүүлсэн. Түүнээс хойш би Э.М- болон Т.Э-аас нэг ч төгрөг аваагүй. Тухайн өдөр намайг үл хөдлөх рүү явж батлуулах уу гэж хэлэхэд нь тухайн үед короно вирусын өвчлөлтэй, карентины үе байсан учраас илүү зардал гаргаад яах вэ, та нарыг мөнгөгүй ядаж байхад гэж хэлээд бүртгүүлээгүй орхисон. Дараа нь би барьцаа хөрөнгөө үл хөдлөхөд бүртгүүлэх гэхэд өөр хүний нэр дээр байна гэж бүртгэж аваагүй. Тэгэхэд Э.М- өөр хүний барьцаанд байсан хөрөнгийг надад барьцаалуулсан байсан. Би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 79-80 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Т-н гэрчээр өгсөн: “...2021 оны 4 дүгээр сарын үед санагдаж байна, Э.М- нь Т.Э- гэх Баянгол дүүргийн Тамгын газарт ажилладаг гэх хүнийг дагуулан ирээд хогны машины тендерт шалгарсан, тус машиныг оруулж ирэхэд шаардагдах мөнгө зээлье гэж хэлэхээр нь судлаж үзье, барьцаа хэрэгтэй гэж хэлэхэд Э.М- эгч миний нэр дээр барьцаалбар хийгээд ирсэн, би тухайн үед нь Т.Э-ын ярьсан зүйлийг үнэн эсэхийг шалгахаар дүүргийн хот тохижилтын холбогдох хүмүүсээс мэдээлэл аваад ямар нэг хогийн машин оруулж ирэх талаар байхгүй, Т.Э-ыг ярьсан тендерт шалгарсан зүйл байхгүй гэсэн тул Э.М- эгч болон Т.Э-д зээл өгөхөөс татгалзсан. Ингээд би зээл өгөх боломжгүй гэдгийг хэлсэн...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 87-88 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд О.А-н гэрчээр өгсөн: “...У- гэж хүн манай нотариатаар байнга үйлчлүүлдэг хүн байна. 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг гэрчилж өгсөн байна. Энэ гэрээг хийх үед зээлийн барьцаанд тавьж байсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон зээлийн барьцааны гэрээг дуусгавар болгосон тухайн бичиг баримт нь Т.Э-, Э.М- нарт эх хувиараа байсан болохоор зээлийн барьцаанд тухайн үл хөдлөх хөрөнгүүдээс барьцаанд барьцаалсан гэрээг гэрчилж өгсөн...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 90-91 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд С.У-н гэрчээр өгсөн: “...Т.Э- 2021 онд хамт ажилладаг байхад картаа өгөөч гэж хэлээд миний картыг ашигласан. Би хэд хэдэн удаа виза картаа Т.Э-д өгч байсан. Өөрөө надад картгүй байна гэж хэлээд миний картыг ашигладаг байсан... Т.Э- миний дансанд хэдэн төгрөг хийгээд буцааж авдаг байсан талаар мэдэхгүй. Миний утсанд мэдээлэл ирдэггүй, би ч дансны хуулгаа шалгаж байгаагүй...” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 245-246 дахь тал/,
Зээлийн гэрээний хуулбар /1-р хх-ийн 11-14 дэх тал/, дансны шилжүүлгийн баримт /1-р хх-ийн 23 дахь тал/, депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд /1-р хх-ийн 97-100, 117-159, 2-р хх-ийн 70-81, 138-160, 167-187 дахь тал/, хог тээврийн автомашин худалдан авах ажлын даалгавар /хуулбар/ /1-р хх-ийн 104-106 дахь тал/, хохирогч Д.С-н депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 60-62, 85-129 дахь тал/, *** 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн 03/2524 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 102 дахь тал/, Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас Баянгол дүүргийн *** 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 135 дугаартай “Худалдан авах ажиллагаа зохион байгуулсан тухай” албан бичгийн хуулбар /1-р хх-ийн 107 дахь тал/, Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт хүргүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 223 дугаартай “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичгийн хуулбар /1-р хх-ийн 108 дахь тал/, хохирогч Д.С-ос 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд шилжүүлсэн мөнгөний тооцоог Т.Э- хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан баримт /2-р хх-ийн 82-84 дэх тал/, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн *** дүгээр “хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан” прокурорын тогтоол /3-р хавтаст хэргийн 214-215 дахь тал/,
“***” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн “...Монгол Банкны ерөнхийлөгч, Сангийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ** дүгээр тушаалаар баталсан “Банкны нягтлан бодох бүртгэлийн загвар”-ын дагуу дүгнэлт гарах бүрэн боломжтой болно. Мөн гүйлгээ хийсэн банкууд нь гүйлгээ хийснийг баталгаажуулж тэмдэгээ дарсан байна. Т.Э-ын данс руу 330 удаагийн гүйлгээгээр 462.440.000 төрөгийг шилжүүлсэн байна. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 182//ШШ2024/*** дугаартай захирамжийн дагуу 30.000.000 төгрөг, хоорондоо тохиролцсон зээлийн хүүнд төлсөн 17.930.000 төгрөгийг хасч 41 удаагийн гүйлгээгээр ** тоот данснаас 295.540.000 төгрөгийг хүлээн авч 166.900.000 төгрөгийн бодит хохирол учруулсан байна. Иргэн Д.С-ос 15.758.320 төгрөгийг зээлийн хүү нэхэмжилж байгаа нь иргэдийн хооронд байгуулсан зээлийн гэрээ байхгүй тул мөрдөн байцаалтаар тогтоолгохоор байна...” гэх дүгнэлт /5-р хавтаст хэргийн 137-143 дахь тал/,
Шүүгдэгч Т.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Э.М-аас 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 22 сая төгрөгийг Э.М-ын “ХААН” банкны данснаас өөрийн “ХААН” банкны дансаар аваад буцааж 17 сая төгрөгийг 4 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн бөгөөд 15 сая төгрөг нь үндсэн мөнгө, 2 сая төгрөг нь хүү нь гэж төлөөд 22 сая төгрөгөөс одоо 7 сая төгрөг үлдсэн. 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 350.000.000 төгрөгийг Э.М- эгчийн данснаас Н.Г гэх хүний дансаар дамжуулан өөрийнхөө “ХААН” банкны дансанд авсан. ...2021 оны 5 дугаар сард 20.000.000 төгрөг авсан. Ингээд нийт 377.000.000 төгрөг Э.М- эгчид өгөх ёстой болсон. Дээрх мөнгийг авахдаа Э.М- эгчид Хятад улсаас хогийн машин авах гэж байгаа гэж хэлж авсан боловч би өмнө нь хүмүүсээс зээлсэн мөнгөө төлөхөд ашигласан. Би Э.М- эгчид 377.000.000 төгрөгөөс нэг ч төгрөг буцааж өгөөгүй байгаа. ...Би У-аас авсан мөнгийг 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***”-гийн 2 давхарт байрлах нотариат орж гэрээгээ байгуулаад тухайн байрны 1 давхарт байрлах киоск машинаас У- эгч Э.М- эгчийн данс руу 350.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд Э.М- эгчид би Н.Г гэх “Ар жаргалантын гол” гэх нэртэй компанийн захирлын хувийн данс руу шилжүүлүүлсэн. Тэгээд Н.Г-н данснаас өөрийн данс руу шилжүүлүүлсэн... Энэ хэрэгт Э.М- эгчийн оролцоо огт байхгүй. Би хохирол төлбөрөө төлнө...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 205-206, 3-р хавтаст хэргийн 19, 85, 158 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 160 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /3-р хх-ийн 161 дэх тал/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Э-ыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Нэг: Гэм буруугийн талаарх дүгнэлт
Шүүх хуралдаанд улсын яллагчаас гэм буруугийн талаар “...шүүгдэгч Т.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “үргэлжилсэн үйлдлээр хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал,
Хохирогч Э.М-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн “...Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Э-ыг гэм буруутайд тооцож, шүүгдэгч Т.Э-аас 25.000.000 төгрөг гаргуулж, хохирогч Э.М-д олгож өгнө үү...” гэх хүсэлт,
Хохирогч Б.У-ын өмгөөлөгч О.Анхбаяр “...Монгол Улсын Дээд шүүх энэ хэргийг шийдвэрлээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Хүчингүй болгохдоо үйл баримт бүрт дүгнэлт хийсэн байдаг. Улсын Дээд Шүүхийн 151 дүгээр тогтоолын 4 дэх нүүрнээс 5 дахь нүүрэнд шилжих хэсэгт хохирогч Б.У-тай холбоотой асуудалд дүгнэлт хийсэн байдаг. Уг тогтоолд Э.М- Б.У-аас ганцаараа тухайн мөнгийг зээлсэн асуудал яригдаж байдаг. Өмгөөлөгчийн зүгээс үүнийг хууль зүйн үндэслэлтэй гэж харж байна. Хавтаст хэрэгт Т.Э- Э.М-тай хамт Б.У-аас 350.000.000 төгрөг зээлсэн гэрээ байдаг. Энэ зээлийн гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр ба Э.М-ыг иргэний хариуцагчаар татсан тул Э.М- нь Б.У-д 350.000.000 төгрөг өгөх иргэний хариуцагч мөн. Тухайн зээлийн гэрээг нотариатаар батлуулсан, гэрээнд 50 сая төгрөгийн хүүтэй, 21 хоногийн хугацаатай Э.М- мөнгө зээлсэн. Мөн бодит байдал дээр дансны хуулгаар тухайн мөнгийг Э.М- авсан. Зээлийн гэрээнд зааснаар хохирогч Б.У- зээлдүүлэгчийн үүргээ бүрэн биелүүлсэн. Харин Э.М- Б.У-ыг хуурсан асуудал харагдаж байна. 4 хавтаст хэргийн 237-239 талд 2 дугаар сард мөрдөгч Б.У-ыг хохирогчоор тогтоосон. Хохирогч Б.У- мэдүүлэг өгөхдөө иргэний хариуцагч Э.М-аас 350.000.000 төгрөг нэхэмжилж байгаагаар мэдүүлэг өгч байсан. Тухайн байр суурь өнөөдрийн шүүх хуралдаанд хэвээрээ байгаа. Зээлийн гэрээг харахад Э.М- иргэний нэхэмжлэлийг хууль ёсны дагуу хариуцах ёстой иргэний хариуцагч мөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно гэж заасан байдаг тул хууль ёсны иргэний хариуцагч мөн юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийг хамт хянан шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Зээлийн гэрээний дагуу хохирогч Б.У- 350.000.000 төгрөгийг шаардах эрхтэй. Өнөөдрийн байдлаар нэг ч хохирол төлбөр барагдуулаагүй байна. Иймд өмгөөлөгчийн зүгээс иргэний хариуцагч Э.М-аас 350.000.000 төгрөг гаргуулж хохирогч Б.У-д олгуулах саналыг шүүхэд гаргаж байна...” гэх дүгнэлт,
Хохирогч Д.Солонгын өмгөөлөгч Б.Манлайжав “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Т.Э- нь 4.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Иймд 186.600.000 төгрөгөөс 4.000.000 төгрөгийг хасаж тооцоод улсын яллагчийн дүгнэлтэд дурдсан 182.600.000 төгрөгийн бодит хохирол учруулсан байна. Шинжээчийн дүгнэлтийн зардал 2.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Д.С-д олгож өгнө үү...” гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Өнөрбаяр “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Э-ыг 3 хохирогчоос мөнгө авсан гэдэг асуудалд нэгдмэл байр суурьтай оролцохгүй байна. Хяналтын шатны шүүх энэ хэргийг аль нь зээлийн гэрээний харилцаа, аль нь залилах гэмт хэрэгт орж байгааг бүрэн тогтоогоогүй нь хууль хэрэглээний алдаа гэж дүгнэсэн. Шинжээчийн дүгнэлтээр 17.930.000 төгрөгийг зээлийн хүүд авсан гэдэг нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл зээлийн эрх зүйн харилцаа явагдаж байсан байна. Мөн хэрэг үүссэний дараа 150.000.000 төгрөг өгсөн байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Энэ нь зөвхөн мөнгөө олж авахын тулд Цагдаагийн газарт гомдол гаргаж байгаа асуудал харагдаж байна. Шүүгдэгчийн хувьд анхнаасаа хохирогч нарыг залилах асуудал байгаагүй гэдгээ илэрхийлсэн. Иймд залилах гэмт хэргийн шинж бүрэн хангагдахгүй байна гэж үзэж байна...” гэх санал дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч Т.Э- шүүхэд хандаж хэлсэн эцсийн үгэндээ: “...Би 9 сар хоригдоод ажил хийж чадаагүй. Би авсан мөнгөө буцааж төлж барагдуулна. Надад хэн нэгнийг залилах санаа байгаагүй. Надад Д.С-ос мөнгө аваад залилах сэдэл санаа байгаагүй. Хохирол төлбөрөө төлж барагдуулаагүй нь миний буруу. Би хохирол төлбөрөө төлж барагдуулна...” гэв.
Прокуророос шүүгдэгч Т.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “үргэлжилсэн үйлдлээр хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Т.Э-ыг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор Иргэдийн төлөөлөгчийн хурлын хуралдаан зохион байгуулдаг чиг үүрэгтэй хэлтсийн даргаар ажиллаж байхдаа “Батлан даалтын сангаас зээл авна, Хятад улсаас машин оруулж ирэх тендер авсан” гэж бусдад итгүүлэн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд нэр бүхий хохирогч нарын урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон Д.С-ос 186.600.000 төгрөг, Э.М-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан нийт 392.000.000 төгрөг, хохирогч Б.У-д хуурамч бичиг баримт үзүүлэн, гэрээгээр халхавчлан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 350.000.000 төгрөгийг залилан авч бусдад нийт 578.600.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, мөн хохирогч нарын эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авахдаа танил хүмүүсийн данс, төлбөр тооцооны хэрэгсэл болох картыг ашиглан шилжүүлэн авсан үйлдлүүд нь нэг санаа сэдэлтээр, нэг төрлийн аргыг хэрэглэн, нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангаж үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн байна гэж шүүх дүгнэлээ.
Тодруулбал: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э- мэдүүлэхдээ нэр бүхий эдгээр хохирогч нараас авсан мөнгийг урьд тавьсан өр зээлээ төлж барагдуулсан гэж мэдүүлсэн бөгөөд Батлан даалтын сангаас зээл аваагүй, Хятад улсаас машин оруулж ирэх тендерт оролцоогүй атлаа би Хятад улсаас машин оруулж ирэх тендер авсан, машинаа оруулж ирэх гэхээр мөнгө дутаад байна, тендер авсан гэх зэргээр бодит байдлыг нууж, бусдыг хуурч, төөрөгдөлд оруулан өөрийн үг, үйлдэлдээ итгүүлэн их хэмжээний мөнгийг бусдын болон өөрийн нэр дээрх дансаар шилжүүлэн авсан байна. Энэхүү үйлдэл нь залилах гэмт хэргийн бүхий л шинжийг бүрэн хангасан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж, тухайн гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” бол гэж тус тус тодорхойлж, харин энэ гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.
Иймд шүүх шүүгдэгч Т.Э-ыг “үргэлжилсэн үйлдлээр хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Т.Э-ын нөхөр нь тусдаа амьдарч байгаа тул 2 хүүхэд нь хүнд байдал байна. Иймд түүний хувийн байдлыг харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч Т.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмтт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч буйг тухайн хэргийн жинхэнэ байдалтай холбон шийдвэртээ бодитой, итгэл төрүүлэхүйц дүгнэх үүрэгтэй.
Шүүгдэгч Т.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг тус тус харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-д оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцохдоо хавтаст хэрэгт авагдсан хууль сануулж үнэн зөв мэдүүлэх үүрэг хүлээсэн хохирогчийн мэдүүлэг болон дансны хуулга, шинжээчийн дүгнэлт зэргийг харьцуулан үнэлэлт дүгнэлт хийж шүүгдэгч Т.Э-ын хохирогч нарт учруулсан хохирлыг тооцож дараах байдлаар шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-аас нийт 537.900.000 /таван зуун гучин долоон сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Э.М-д 25.000.000 /хорин таван сая/ төгрөг, хохирогч Д.С-д 162.900.000 /нэг зуун жаран хоёр сая есөн зуун мянга/ төгрөг, хохирогч Б.У-д 350.000.000 /гурван зуун тавин сая/ төгрөг тус тус олгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Үүнд: Шүүгдэгч Т.Э- хохирогч Б.У-д 350.000.000 төгрөгийн хохирол, мөн хохирогч Э.М-д 42.000.000 төгрөгийн хохирол учруулснаас 17.000.000 төгрөг төлж барагдуулсныг шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь хүлээн зөвшөөрдөг, харин хохирогч Д.С-д “166.900.000 төгрөгийн бодит хохирол учирсан” гэх 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан байна. Хохирогч Д.С- шүүх хуралдаанд 183.900.000 төгрөгийг шүүгдэгч Т.Э-аас нэхэмжилдэг бөгөөд шүүгдэгч 3.000.000 төлсөн гэж мэдүүлдэг тул шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 166.900.000 төгрөгөөс шүүгдэгч Т.Э-ын төлсөн гэх 3.000.000 төгрөгийг хасаж тооцон 162.900.000 төгрөгийг шүүгдэгч Т.Э-аас гаргуулж, хохирогч Д.С-д олгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Дөрөв: Бусад асуудлын талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-ын урьд цагдан хоригдсон 251 /хоёр зуун тавин нэг/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,
Хохирогч Д.С- шүүхийн хэлэлцүүлэгт “****” ХХК-д 2.500.000 төгрөг төлсөн талаарх баримтыг шинээр гаргаж өгсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Э-аас 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөг гаргуулж хохирогч Д.С-д олгож,
Баянгол дүүргийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 151 дүгээр “хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан” прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хохирогч Б.У-ын өмгөөлөгч О.Анхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...шүүгдэгч Т.Э- хохирогч гэх Э.М-тай хамт хохирогч Б.У-аас 350.000.000 төгрөг зээлсэн зээлийн гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Э.М-ыг иргэний хариуцагчаар татсан тул Э.М- нь Б.У-д 350.000.000 төгрөг өгөх иргэний хариуцагч мөн. ...Иймд иргэний хариуцагч Э.М-аас 350.000.000 төгрөг гаргуулж хохирогч Б.У-д олгож өгнө үү...” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй юм.
Хэрэгт авагдсан үйл баримт буюу тухайн цаг хугацаанд болсон үйл явдлын талаар мэдүүлсэн хохирогч Э.М- болон шүүгдэгч Т.Э-ын мэдүүлэгээс дүгнэхэд хохирогч Э.М- нь Т.Э-ыг “...Үйлдвэрийн байраа барьцаалаад 350.000.000 төгрөг олоод өгөөч, сарын дотор 400.000.000 төгрөг болгож өгье, бас 50.000.000 төгрөгийг урамшуулал гэж нэмж өгнө” гэж хэлсний үндсэн дээр ашиг олох зорилгоор, өөрийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг Б.У-д барьцаалан өөрийн нэр дээрх “ХААН” банкны дансаар Б.У-аас 350.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан, шилжүүлэн авсан уг 350.000.000 төгрөгийг шүүгдэгч Т.Э- Н.Г-н данс руу шилжүүлэн авч, улмаар Т.Э- Н.Г-с өөрийн данс руу шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Иймд шүүгдэгч Т.Э-аас 350.000.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.У-д олгох нь зүйтэй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Т-н Э-ыг “үргэлжилсэн үйлдлээр хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-д оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-аас нийт 537.900.000 /таван зуун гучин долоон сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Э.М-д 25.000.000 /хорин таван сая/ төгрөг, хохирогч Д.С-д 162.900.000 /нэг зуун жаран хоёр сая есөн зуун мянга/ төгрөг, хохирогч Б.У-д 350.000.000 /гурван зуун тавин сая/ төгрөг тус тус олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Э-аас 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөг гаргуулж хохирогч Д.С-д олгосугай.
7. Баянгол дүүргийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн *** дүгээр “хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан” прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Шүүгдэгч Т.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Хэрэгт эд мөрийн баритаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ
с