| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 195/2025/0198/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/298 |
| Огноо | 2025-01-29 |
| Зүйл хэсэг | 16.3.1., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/298
2025 01 29 2025/ШЦТ/298
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтлөн,
улсын яллагч: Б.Тогтох
шүүгдэгч: С.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***************холбогдох эрүүгийн 2410001831897 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ************ төрсөн, эмэгтэй 43 настай, дээд боловсролтой, ************ мэргэжилтэй, ам бүл ************ хамт *************** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,
***************
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.М нь “...хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн төрсөн охин болох 3 настай М.Номинжинг хараа хяналтгүй хаяж, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхиж төөрүүлсэн...” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.М нь “...хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн төрсөн охин болох 3 настай М.Номинжинг хараа хяналтгүй хаяж, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхиж төөрүүлсэн...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Мийн “...би хүүхдээ хаяагүй нөхрийнхөө найзад өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2410001831897 дугаартай хэргээс шинжлэн судалсан:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Баярбилэгийн “.....Би Хан-Уул дүүргийн "Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын хэлтэс"-т хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаалтай, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ХУД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн холбогдох албан тушаалтнууд нь “төөрсөн хүүхэд олдсон, ар гэрийг нь олж тогтоохоор ажиллаж байгаа ч уг хүүхэд бага насны 3-4 настай, хувийн мэдээллээ хэлэх боломжгүй, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулах шаардлагатай хүүхэд байна” гэсээр манай ажил дээр авч ирсэн. Ер нь бол хүүхэд манай дээр ирэхдээ хамар нь битүүрсэн, хатгалгаатай, хоол тэжээл, эрдэс бодисын дутагдалтай, цэнхэр өнгийн цамц, пүүз өмссөн, хувцас хунар маш муу хэл ярианы болон өөрийгөө илэрхийлэх чадвар маш сул хүүхэд ирсэн юм. Бид нар эхлээд хүүхдийнхээ хаяг болон ар гэрийг нь тогтоох зорилгоор цагдаагийн байгууллагатай хамтарч ажилласан, мөн хүүхдэд шаардлагатай хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлсэн. 4 настай М.Номинжингийн төрсөн эцэг, эх нь гэх Мөнгөнцэцэг болон Мөнхбаяр нарыг олж тогтооход архины хамааралтай, тодорхой оршин суух хаяггүй, эрхэлсэн ажилгүй, хүүхдийн анхан шатны хэрэгцээг ч хангах чадваргүй хүмүүс болох нь тогтоогдсон. Хүүхэд манай хамгаалах байранд 1 сар гаран амьдарсан бөгөөд энэ хугацаанд миний бие М.Номинжингийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон. 2024 оны 01 дүгээр сард Б.Бямбацэрэн, Ц. Чимэддамба нар манай байгууллага дээр ирээд хүүхэд үрчилж авах хүсэлтэй байгаа талаар нь хэлэхэд би 4 настай М.Номинжинг санал болгосон, тухайн гэр бүлд маань ч гэсэн Номинжин таалагдаад, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр "Асралт гэр бүлд хүүхэд асруулах үйл ажиллагааны гурван талт гэрээ"-г байгуулан, Б.Бямбацэрэн, У.Чимэддамба нарт хүлээлгэн өгсөн. "Асралт гэр бүлд хүүхэд асруулах гэрээнийхээ дагуу сар, улирал бүр тухайн айлдаа очиж эрсдэлийн үнэлгээ хийж ажилладаг. Одоо бол хүүхдийн маань зан ааш, сэтгэл санааны байдал эрс дээшилсэн, үрчилж авсан эцэг эхдээ дассан, хоол ундандаа маш сайн болж, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаанд хамрагдаад нийгэмшээд маш хөөрхөн байна. Үрчилж авсан эцэг эх нь ч гэсэн хүүхдэдээ маш сайн ханддаг юм.
Миний хувьд өнөөдрийн байдлаар огт энэ хүмүүстэй /С.М, М.Мөнхбаяр/ уулзаж үзээгүй байна. Манайх руу өөрсдөө ирсэн зүйл огт байхгүй. Цагдаагийн байгууллагын олсон мэдээлэл дээрх ХУД-ийн 12 дугаар хороо Сонгинын 12-383-1 тоот хаягт очиход уг хаягт Мөнхбаяр, Мөнгөнцэцэг нар нь амьдардаггүй болох нь тогтоогдож, Мөнгөнцэцэгийн Дундговь аймгийн Хулд суманд бүртгэлтэй боловч сүүлийн 10 жилийн хугацаанд амьдраагүй гэж байсан юм. Ямар ч байсан энэ хүмүүс гудамжинд хаясан үр хүүхдээ өөр дээрээ авах талаар хүсэлт огт ирүүлээгүй, хүүхдийнхээ биеийн байдлыг нэг ч асуудаггүй, хүүхдийнхээ талаар асууж сураглаж манай дээр ирсэн зүйл огт байхгүй. Миний ойлгосноор архины хамааралтай хүмүүс юм шиг байна лээ.Анх манай дээр ирэхдээ хоол тэжээлийн дутагдалтай, хэл ярианы хөгжил маш сул хүүхэд ирсэн, биед нь бол ил харагдах гэмтэл бэртэл, шарх сорви харагдаагүй. Манай хамгаалах байранд байхад нь бид нар эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээнд хамруулсан, хатгалгаа өвчний хүндэрсэн хэлбэртэй байсан, мөн хоол тэжээлийн дутагдалтай хүүхэд байсан. Үрчилж авсан эцэг эх нь эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ, зөвлөгөөг нэлээн сайн дагаж, хүүхдээ эрүүл мэндийн шаардлагатай үзлэгт тухай бүрд нь хамруулдаг ч хүүхэд маань төрснөөс хойших товлолт вакцинуудад огт хамрагдаагүй, гамриттай, хагалгааны заалт бүхий оношоор 2024 оны 09 дүгээр сард оношлогдсон байна.
Энэ эрүүл мэндийн байдлаасаа болоод хичээл сургалтын үйл ажиллагаандаа тогтмол хамрагдаж чадахгүй байгаа, мөн бага насны хохирогчийн цэцэрлэгийн хоолны мөнгийг төлөх гэхээр төрсөн эцэг эхийнх нь дансаар ирүүл гэсэн шаардлагаас болоод хүүхдээ цэцэрлэгт хамруулахад хүндрэл учраад байгаа юм. Холбогдогч этгээдүүдийн хэргийг яаралтай шийдүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тохиолдолд М.Мөнхбаяр, С.М нарын эцэг эх байх эрхийг нь хасуулах арга хэмжээг шүүхийн байгууллагаар гаргуулах, түүний дараа хүүхдийн үрчлэлтийн асуудлыг яаралтай шийдвэрлүүлэх шаардлагатай байгаа учир хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлттэй байна "... гэх мэдүүлэг (хх-ийн121-123 дугаар тал)
Гэрч Б.Бямбацэрэнгийн ...”Би эдгээр хүмүүсийг огт танихгүй, хараагүй, сургийг нь л сонсож байсан, яагаад гэхээр миний үрчилж авах гээд хүсэлт гаргаад байгаа хүүхэд болох Номинжингийн төрсөн эцэг эх нь байгаа юм аа, гэхдээ би энэ 2 хүнтэй нэг ч удаа уулзаж үзээгүй, биеэр харж байгаагүй. Нөхөр бид 2-ын хувьд хүүхэд үрчилж авах гээд олон удаа хүсэлт гаргаж байсан, тэгтэл 2024 оны 01 дүгээр сард Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсээс залгаад “эгчээ та хүүхэд үрчилж авна гэсэн байна, асрамжийн газар өгөхөөр яригдаж байгаа 3 нас гарантаа охин хүүхэд байна, та ирээд уулзаадхаач” гээд нөхөр бид 2 тухайн газарт нь очиж уулзаад төрийн байгууллагаас тавьсан бичиг баримтын шаардлагуудыг нь хангасны үндсэн дээр М.Номинжинг үрчилж авахаар болоод байгаа юм. Хүүхдийн эцэг эхийг архины хамааралтай хүмүүс, мөн цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа гэж хүүхдийн мэргэжилтэн хэлж байсан, нөхөр бид 2 ярилцаад охиноо үрчилж авах гээд хүлээгээд л байна. 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр манай нөхөр бид 2 М.Номинжинг гэртээ авч ирсэн, одоо манай гэрт амьдраад 3 сар болох гэж байна. Энэ хугацаанд бид 3 хоорондоо дасаад, аятай таатай байна. Хүүхэд анх манайд ирэхдээ юмнаас айж цочсон, хоол тэжээл, амин дэмийн дутагдалтай, шүд маш муутай, туранхай, үеийн хүүхдүүд дундаа биеэр жижигхэн хүүхэд ирсэн. Ажиглахад зөнгөөрөө л хүн болж байгаа бололтой, нэг өдөр хогийн сав ухаад шууд хоолны үлдэгдэл олоод идэж байхыг нь анзаарсан, түүнээс анзаарахад л өөрөө өөрийгөө л болгоод явдаг байсан байх.
Би охиныхоо зураг болон бичлэгийг байнга хүүхдийн мэргэжилтэн Баярбилэгт явуулдаг юм, Баярбилэг л Номинжингийн ээжид охиных нь зураг хөргийг үзүүлж миний дугаарыг өгөөгүй бол надтай тэгж утсаар ярьсан зүйл байхгүй. Баярбилэг ч гэсэн надад Номинжингийн ээж нь манай ажил дээр ирсэн, хүүхэдтэйгээ уулзах гэж ирсэн гэж огт хэлж байгаагүй, харин ч ээж, аавтай нь уулзах гэхээр огт олдохгүй байна гэж хэд хэдэн удаа ярьж байсан "... гэх мэдүүлэг (хх-ийн 125 дугаар тал)
Гэрч Н.Машбатын ...”Би энэ Мөнгөнцэцэг, Мөнхбаяр нарыг маш сайн танина, яагаад гэхээр Мөнхбаяр нь миний эхнэр Дэлгэрмаагийн төрсөн дүү, Мөнгөнцэцэг нь эхнэр нь байгаа юм. Энэ 2 хүний тухай ярих юм биш, яагаад гэхээр мөнхийн архи ууна, агсан согтуу тавина, хоорондоо зодоон нүдээн хийнэ, Мөнхбаяр нь эхнэрээ зодоод бөөн хөх няц болгочихсон л явж байдаг 2 нөхөр шүү дээ. Энэ 2 хүнд орох орон, оочих аяга гээд байх юм огт байхгүй, орц хонгил, траншейн гээд хаа тааралдсан газраа архидаад явдаг хүмүүс байгаа юм. Ажил төрөл олж хий гээд ямар ч нэмэр байхгүй, хадам дүү болох Мөнхбаярт удаа дараа ажил олоод өгсөн, архи уугаад хөөгдчихнө, эсвэл байгууллагынхаа эд зүйлийг хулгайлаад эцэст нь би өөрөө өр төлбөрт унаад таардаг. 2023 оны 6 дугаар сарын Мөнхбаяр, Мөнгөнцэцэг нарыг өрөвдөөд өөрийнхөө хуучин гэрийг хашаандаа бариад, бүрээс, унь, тооныг нь солиод шинэчлээд өгсөн, тэгээд 7 хоног амьдарчхаад Мөнхбаяр орж ирээд Ах аа би Толгойт руу найзынхаа хашаа руу нүүлээ гэхээр нь За чи өөрөө мэд гээд, хашаанаас гэр бараагаа ачиж аваад явсан, тэгтэл 10 ч хүрэхгүй хоногийн дараа өгсөн гэрийг маань 750.000 төгрөгөөр зарчихсан байсан. Нэг хэсэгтээ манайхаар үзэгдэхгүй байж байгаад бүүр мөнгө төгрөггүй болоод ирэхээрээ л манайд ирээд хэвтчихдэг. Хэсэг хоол унд идэж, өнгө зүс орж аваад энэ 2 нийлээд гараад дахиад архиа уугаад алга болчихдог юм. 2021 онд М.Номинжин төрсөн, бага насны хүүхдээ дагуулаад Мөнхбаяр, Мөнгөнцэцэг нар нь архидаад алга болчихдог, өвлийн хүйтэн, зуны халуун байна уу огт хамаагүй, архиа уугаад л, хоолтой хоолгүй тэнээд явна. Сүүлд хүүхдээ гудамд хаячхаад бид нарт болохоор хүүхэд байгаа шүү дээ гээд худлаа хэлээд байдаг. Аймаар уран яруу үгтэй, ёстой худалч. "Та нар одоо насанд хүрээгүй хүүхэд дагуулж явахаа болио, наад хүүхдийн чинь амь нас эрүүл мэнд хэцүүдлээ, бусдын бэлгийн хүчирхийлэлд өртвөл яана" гэх зэргээр хэлээд ч огт тоохгүй. Хүүхдийнхээ 100.000 төгрөгөөр л нийлээд архидаад явдаг бололтой байдаг. Одоогоос жил гарангын өмнө би зун 23:00 цагийн үед ажлаа тараад гэртэй ороод иртэл фэйсбүүк дээр бага насны хүүхэд алга болсон гээд Номинжингийн зургийг тавьсан байсан, Би тухайн үед нь Хан уулын цагдаагийн 2 дугаар хэлтсээс очиж охиныг олж авсан. Тэр үедээ Мөнхбаяр, Мөнгөнцэцэг 2 хүүхдээ алга болсныг ч мэдэхгүй согтуу манайд ирээд унтчихсан байсан хүмүүс. Миний хувьд энэ хүүхдийг сайн хүмүүст үрчлүүлээсэй гэж хүсэж байна. Мөнгөнцэцэг, Мөнхбаяр хоёр 2023 оны 11 дүгээр сард хүүхдээ хаячхаад юун эрж хайх үргэлжлүүлээд л архи уугаад яваад байсан, тэгсэн мөртлөө манайд ирэхгүй, цагдаа нар хайж явсаар энэ хоёр нөхрийг траншейнаас олж авсан байсан. Өө энэ 2 хүн чинь хүүхдээ байнга зодно, муухай муухай орилоод хүүхдээ айлгаж цочооно, цохиод авна, бүүр нэг хөх няц болтол нь зодож нүдээд байхгүй ч байнга л уйлуулчихсан байж байдаг, архиа уусан үедээ хүүхэд хаана хаясан, яасан ийснээ ч мэдэхгүй, хүн үнэмшихийн аргагүй дампуу хүмүүс байгаа юм. Харахад л хоол тэжээлийн дутагдалтай, туранхай жоохон шүү дээ, манай ач охиноос эгч мөртлөө хамаагүй жижигхэн биетэй хүүхэд байгаа юм. Орон гэрчгүй хүмүүс чинь юугаараа ч хүүхэд тэжээж тэтгэх юм. Мөнхбаяр бол Сэлэнгэ аймгийн хаягтай, харин Мөнгөнцэцэг болохоор Дундговь аймгийн хаягтай. Хотод оршин суух хаяггүй гээд хүүхдийнхээ гэрчилгээг ч авч чадахгүй байхад нь би хүнээс гуйж, өмнөөс нь өргөдөл бичиж өгч байж М.Номинжинг гэрчилгээтэй болгож байсан юм. Би өөрөө өвчтэй эхнэрээ асарч хамгаалдаг тул хүүхдийг халамжлах ямар ч боломжгүй юм. Хүүхдийн ирээдүйг бодсон ч тэр үрчлүүлсэн нь дээр байх. Мөнхбаярын хувьд өмнөх эхнэрийн 2 хүүхэд байгаа, гэхдээ тэр хүмүүсээ бас харж хандаад байдаггүй. Надад нэмж хэлэх зүйл алга, энэ 2 хүн хүүхэд тэжээн тэтгэх ямар ч чадваргүй хүмүүс байгаа юм, тэгэхээр хүүхдийг нь сайн хүнд үрчлүүлсэн нь дээр байх, хүүхэд Мөнгөнцэцэг, Мөнхбаяр 2 дээр байвал удахгүй үхэж ч магадгүй гэж үзэж байна гэх мэдүүлэг (хх-ийн 127-129 дүгээр тал) зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Шүүгдэгч С.М нь “...хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн төрсөн охин болох 3 настай М.Номинжинг хараа хяналтгүй хаяж, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхиж төөрүүлсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Баярбилэгийн мэдүүлэг /хх-ийн 121-123 дугаар тал/, гэрч Б.Бямбацэрэнгийн мэдүүлэг /хх-ийн 125 дугаар тал/, гэрч Н.Машбатын мэдүүлэг /хх-ийн 127-129 дүгээр тал/, М.Номинжингийн төрсний гэрчилгээний хуулбар болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван зургаа дугаар бүлэгт “Хүүхдийн эсрэг гэмт хэргийг тодорхойлж заасан ба 16.3 дугаар зүйлд “Хүүхдийг хаях, төөрүүлэх” гэмт хэргийг тодорхойлохдоо “Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон” гэж зааж, хүүхдийн эрхийн эсрэг үйлдлүүдийг гэмт хэрэгт тооцно.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1-д “....хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх...”, 26.2.2-т “....хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх...”, 26.3 дугаар зүйлд, “Эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхдэдээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно” гэж тус тус зааж хүүхдийн эцэг, эхийн үүргийг хуульчилсан байна.
Прокуророос, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүүхдээ төрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлджээ.
Шүүгдэгч С.М нь хуулиар хүлээсэн хүүхдээ асран хамгаалах үүргээсээ санаатай зайлсхийж, хүүхдээ хаяж, төөрүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хийсэн санаатай үйлдэл байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
М.Номинжин нь шүүгдэгч С.Мийн төрсөн охин болох нь хавтаст хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбараар /103 дугаар тал/ тогтоогдож байх тул түүнийг шүүгдэгчийн төрсөн охин мөн гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч С.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүүхдээ хаях, төрүүлэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч С.Мийг хүүхдээ хаях, төрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг тооцсон талаарх шүүхийн дүгнэлт:
Дээрх гэмт хэргийн улмаас бодит хохирол хор уршиг учраагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч С.Мт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт дүгнэлт хийж шүүгдэгч С.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Мт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн
хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх
хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүүхдээ хаях, төрүүлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Шүүгдэгч С.Мт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч С.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ