Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 301

 

 

                                                                                                                                               

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг, улсын яллагч М.Эрдэнэзаяа, шүүгдэгч О.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэрэн овгийн Оюунбилэгийн Золбоод холбогдох эрүүгийн 2017 2501 0501 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 22-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1991 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, илчит тэрэгний туслах машнист мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамтаар Дорноговь аймаг, Замын-Үүд, 1-р баг 10 хэсэг, 116 дугаар байр, 3 тоотод оршин суух хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаянцагаан 12 дугаар гудамжны 06 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Цэрэн овгийн Оюунбилэгийн Золбоо /РД: УШ91010752/,  

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч О.Золбоо нь 2017 оны 2 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар байрны 2 дугаар орцны гадна талын ил зогсоолд тавьсан байсан хохирогч С.Анхбаярын эзэмшлийн 39-49 УНТ улсын дугаартай пруис-20 маркийн машиныг төмрөөр эвдэн гэмтээж, 2.308.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                             

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Золбоо мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм зүйл хийхгүй гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтад хохирогч С.Анхбаярын өгсөн: “...2017 оны 2 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө би өөрийнхөө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 13 дугаар байрны 128 тоот гэртээ найз охиныхоо хамт унтаж байхад 02:20 цагийн үед миний танил Золбоо өөрийнхөө 93166666 дугаарын утаснаас над руу 2 удаа залгахаар нь би унтаж байсан болохоор утсаа аваагүй. Урьд 2 хоногийн өмнө буюу 2017 оны 2 дугаар сарын 3-4-нд шилжих шөнө Золбоо над руу согтуу залгаад “би чамайг ална” гээд намайг Ичинноровтой хамт амьдарч байгаад их бухимдалтай байгаа гэж ярьсан. … Золбоо бол миний одоогийн найз охин Ичинноровтой үерхэдэг байсан. Золбоо, Ичинноров хоёр салаад 4 сар болж байхад би Ичинноровтой үерхэсэн. Түүнээс хойш Золбоо байнгын хэрүүл хийж уурлаад ална гэдэг байсан. …2017 оны 2 дугаар сарын 06-ны өглөө 08.30 цагийн үед ажилдаа явахаар гэрээсээ гараад өөрийн эзэмшлийн 39-49 УНТ улсын дугаартай тоёота приус маркийн машин дээрээ очиход миний машины урд салхины шил, хойд салхины шил, 4 хаалганы шил, 2 талын толь болон жижиг гурвалжин шил, их гэрэл дохио, хаалга, кирла, копуд гээд машины бүхий л эд ангийн эргэн тойрон гэмтэн хагарч эмтэрсэн байсан.” /хх25/ гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Д.Ичинноровын өгсөн: “…Золбоо өөрийн 93166666 дугаарын утаснаас Анхбаяр руу 2017 оны 2 дугаар сарын 03-ны шөнө бид хоёрыг хамт амьдарч байгаа талаар яриад уурласан. Намайг Золбоогоос салаад Анхбаяртай үерхэсэн гээд уурлаад залгасан. Хамгийн сүүлд Анхбаярын утас руу хэрэг гарах шөнийн 02.20 цагт 2 удаа Золбоо залгасан юм. Гэхдээ Анхбаяр түүнийг урьд нь согтуу хэрүүл хийгээд байсан болохоор нь утсыг нь аваагүй. Золбоо Анхбаяр руу ууртай мессэж бичдэг байсан байж хэрэг гарснаас хойш огт залгахаа больсон. …Би Золбоогийн үеэл дүүгийн эхнэр Энхшүртэй найзууд юм. Энхшүр хэрэг болсон шөнийг маргааш өглөө нь 2017 оны 2 дугаар сарын 06-ны өглөө байрны гадна таараад машин маань гэмтсэн байна гэхэд Энхшүр надад Золбоо манай үеэл дүү болон Мөнхбилэгийг эхнэр хүүхэдтэй нь хүргэж ирсэн. Гэхдээ тэр өөрийнхөө машинтай хүргэж ирээгүй гэж хэлсэн. Тэгэхлээр Золбоо хэрэг гарах үеэр манай гэрийн ойролцоо ирсэн нь тодорхой байгаа юм.” /хх29/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч З.Бямбацэрэнгийн өгсөн: “... Шөнө чимээ гараад байхаар нь юун чимээ гарч байгаа юм бол гэж бодоод гал тогооны өрөөндөө хүүхдийн сүү халааж байхдаа цонхоор харахад 2 орцны үүдэнд цааш харуулан тавьсан Пруис-20 маркийн машиныг нэг залуу төмрөөр цохиж байсан. Тэгэхэд би цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд харж хоносон юм шиг байна лээ. Тэр залуу төмрөө хаяад байрны булан тойроод зугтаагаад явсан. …Бараан өнгийн малгайтай куртиктэй хүн харагдаж байсан.” /хх30/ гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн байцаалтад гэрч М.Мөнхбилэгийн өгсөн: “… Тэр орой би бөхийн өргөөний 13 дугаар байранд ах Эрдэнэбаярын гэрт очих хэрэгтэй болоод халамцуу байсан тул Золбоотой хамт явсан. Эхнэр хүүхэд хоёроо авч явах байсан болохоор Золбоогоос тусламж гуйсан. … Тэгээд бид хоёр манай эхнэр хүүхдийг авч 23 цагийн үед баруун салаанаас гарч 13 дугаар хороололын 13 дугаар байрны гадна такси барьж ирсэн. … Золбоо ороод нэг их удалгүй байж байгаад гараад явсан. Хаашаа явна гэдгээ хэлээгүй. …Би машин эвдэрсэн байхыг харчихаад 13 цагийн үед Золбоо руу залгаад машин нь эвдэрсэн байна та ингэсэн юм уу гэж асуухад ”би юу гэж тэгдэг юм” гэж хэлж байсан.” /хх32/ гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн байцаалтад О.Золбоо сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “… Би дүү Мөнхбилэгийг эхнэр, хоёр хүүхэдтэй нь 13 дугаар хорооллын 13 дугаар байрны 5 дугаар орцонд 23 цагийн үед хүргэж өгсөн. Хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би хүлээн зөвшөөрөх юм бол байцаалт өгч энэ хэргийг хийгээгүй гэдгээ өөрөө ярих боломжтой болох болов уу гэж бодоод хүлээн зөвшөөрч байна гэж хэлсэн.” /хх42, 45/ гэх мэдүүлэг,

 

            Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургаар бэхжүүлсэн гэрэл зураг /хх7-10/, эд зүйлийн үнэлгээ /хх15-16/, Золбоогийн Анхбаярын гар утас руу залгасан дуудлага, мессэжүүд /хх76-79/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зураг /хх-20-21/, хохирогч Анхбаярт учирсан хохирлын эд зүйлийн үнэлгээ /хх15-16/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх47/, өмгөөлөгчгүй оролцох тухай хүсэлт /хх106/, хохирогчийн 4.000.000 төгрөг авсан гэх тодорхойлолт /хх107/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Золбоог 2017 оны 2 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар байрны 2 дугаар орцны гадна талын ил зогсоолд тавьсан байсан хохирогч С.Анхбаярын эзэмшлийн 39-49 УНТ улсын дугаартай пруис-20 маркийн машиныг төмрөөр эвдэн гэмтээж, 2.308.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч О.Золбоог бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээж 2.308.600 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч О.Золбоо нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч О.Золбоо нь хохирогч С.Анхбаярт уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 4.000.000 төгрөг төлсөн гэх баримт хэрэгт авагдсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зэвтэй махир труба төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна гэж үзэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Цэрэн овгийн Оюунбилэгийн Золбоог бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Золбоог 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

        3.   Эрүүгийн  хуулийн  ерөнхий   ангийн  52  дугаар  зүйлийн  52.5  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч О.Золбоод оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зэвтэй, махир труба төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

5. Шүүгдэгч О.Золбоо нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, хохиролд 4.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5 дахь хэсэгт тус тус зааснаар О.Золбоод оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаатай хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг тус дүүргийн Цагдаагийн хэлтэст даалган, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

         

          7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, тус шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол, эсэргүүцлийг гаргах эрхтэйг дурдсугай.

 

          8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Золбоод авсан батлан даалтад авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

          9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах эсэргүүцэл бичээгүй, гомдол гаргаагүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.АРИУНХИШИГ