Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2022/0795

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ш-Л-У***” ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Маргааны төрөл: “Ш-Л-У***” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгасан Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/07 дугаар захирамж нь хуульд нийцсэн эсэх газрыг маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М**, Э.Г**, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У**, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Ш-Л-У***” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/07 дугаартай захирамжийн Ш-Л-У***”  ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгох, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 120 дугаар захирамжийн дагуу нэгж талбарын 3002/0049 дугаар бүхий 4.400 м.кв газрыг ашиглах 60 жилийн хуагцаатай эрхийн гэрчилгээг дахин олгохыг даалгах” тухай нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/07 дугаартай захирамжийн Ш-Л-У***”  ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгох, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 120 дугаар тогтоолын дагуу нэгж талбарын 3002/0049 дугаар бүхий 4.400 м.кв газрыг ашиглах 60 жилийн хуагцаатай эрхийн гэрчилгээг дахин олгох, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

2.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 120  дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4400 м.кв газрыг Контор, зочид буудал, бизнес төвийн зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн 0000431 дүгээр гэрчилгээг Британи Виржин арлуудын 100 хувийн хөрөнгө оруулалттай  “Ш-Л-У***” ХХК олгожээ.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/07 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Ш-Л-У***” ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгахдаа Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4396 м.кв болгон газрын хэмжээг өөрчлөн, газар эзэмших эрхийн хугацааг 5 жил болгон багасгажээ.

3.Нэхэмжлэгчээс “...Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/07 дугаар захирамжаар үндэслэлгүйгээр манай компанийн газар ашиглах эрхийн талбай хэмжээ болон хугацааг богиносгосон...” гэж маргажээ.

4.Нэхэмжлэгч “Ш-Л-У***” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

1/“Ш-Л-У***” ХХК нь 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах гэрээ” байгуулж, 0000431 дугаартай 60 жилийн хугацаатай газар ашиглах эрхийн гэрчилгээг 2005 оны 07 дугаар сарын 05-ны өдөр авсан.

2/2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр бид холбогдох журмын дагуу Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд “газар эзэмших, ашиглах эрхийн шинэчлэгдсэн улсын бүртгэлийн дугаар авах хүсэлт”-ийг гаргасан бөгөөд уг хүсэлтэд газар ашиглах эрхийн гэрчилгээний эх хувийг хавсарган хүргүүлсэн байдаг. Гэтэл, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас бидэнд шинэчлэгдсэн улсын бүртгэлийн А-2203000081 дугаартай гэрчилгээг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр олгохдоо бидэнд урьдчилан мэдэгдэлгүй, холбогдох тайлбарыг авалгүйгээр манай компанийн газар ашиглах эрхийн хугацааг 60 жил байсныг 5 жилийн хугацаатай болгон өөрчилсөн төдийгүй газрын талбайн хэмжээг 4,400 м.кв байсныг мөн 4,396 м.кв болгон өөрчилсөн байсан.

3/Бид манай компанийн газар ашиглах эрхийн хугацааг ийнхүү анх олгогдсон 60 жилийн хугацааг 5 жил болгон богиносгон өөрчилсөн нь ямар хууль зүйн үндэслэлтэй болох талаарх тодруулж, энэ нь хуульд заасан үндэслэлгүйгээр манай эрхийг зөрчиж буй талаар холбогдох тайлбаруудыг зохих шатны байгууллагуудад тухай бүр тавьж байсан байдаг боловч ийнхүү өөрчилсөн үндэслэлийн талаар албан ёсны тайлбар бичгээр авч байгаагүй.

 Улмаар, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр  газар ашиглах эрхийн гэрчилгээг анх  олгогдсон 60 жилийн хугацаагаар нь гаргаж өгөхийг хүссэн хүсэлтийг хүргүүлсэн. Харин, манай тус хүсэлтэд Нийслэлийн газар зохион байгуулалтын алба 2022 оны 05 дугаар сарын 20-ны огноо бүхий 02-08/2633 дугаартай албан бичгийг “М” ХК нь  бидэнд 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэн өгсөн.

4/Тус 02-08/2633 дугаартай албан бичгээр Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтын 3.1 дэх хэсэгт “Хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, газар дээрх үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламжийн ашиглалтын зориулалт, хийц, газрын гэрээний үүргийн гүйцэтгэлийг үндэслэл болгон газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 40 хүртэл жил, ашгилах эрхийн гэрчилгээний хугацааг 5 хүртэл жилээр сунгах тухай шийдвэрийг тухай шатны засаг дарга гаргана” гэж заасныг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2015 оны А/985, 2021 оны А/962 дугаар захирамжаар газар ашиглах эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаагаар сунгасан байна.” гэх тайлбарыг ирүүлжээ.

5/Манай компани нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж болохын хувьд Хөрөнгө оруулалтын тухай хуулинд заасан татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийн хүрээнд тус газрыг 60 жилийн хугацаагаар ашиглах эрхийг авч байсан болно. (Нийслэлийн засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 13-ны 120 тоот шийдвэрээр).

6/Гэтэл Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас манай компанийн газар ашиглах эрхийн хугацааг 5 жил болгон богиносгосон шийдвэр гаргахдаа үндэслэл болгосон журам нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалтыг өөрчлөх үйл ажиллагааны журам” байна. Гэтэл, энэ журам нь Захиргааны хэм хэмжээний актын жагсаалтад бүртгэлгүй байх бөгөөд тус журмыг баримтлахад үндэслэл болох Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам" нь хүчингүй болсон байна. Иймд, захиргааны байгууллагаас хуулийн этгээдэд хуулиар олгосон эрхийг хэм хэмжээний акт гаргах байдлаар эсвэл хүчингүй болсон журам дээр үндэслэн хязгаарлах, явцууруулан хязгаарлах нь үндэслэлгүй байна.

7/Харин, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12.1-д “Хөрөнгө оруулагчид татварын хуулийн 12.1.1-д “газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хуртэл жилээр сунгах” гэж заасныг тус тус заасан байдаг.

Иймд, Нийслэлийн засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/07 дугаартай  захирамжийн “Ш-Л-У” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Нийслэлийн засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 120 тоот захиармжийн дагуу нэгж талбарын 3002/0049 дугаар бүхий 4,400 м.кв газрыг ашиглах 60 жилийн хугацаатай эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид дахин олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болохын хувьд маргаан бүхий харилцаанд хамаарах газар ашиглах эрхийг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан буюу 1993 оны Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн 60 жилийн хугацаатай авсан. Нэхэмжлэгч нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэдэг нь хавтаст хэргийн 5 дугаар хуудаст авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр баталгааждаг. Анх олгогдсон газар ашиглах эрхийн гэрчилгээ болон гэрээ нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулах тухай гэдэг агуулгаар гарсан. Уг газар ашиглах эрхийг 60 жилийн хугацаатай авсан нь гадаадын хөрөнгө оруулагч нарт Монгол Улсад хөрөнгө оруулах шийдвэр гаргахад маш чухал хэсэг нь болсон. Монгол Улсад хөрөнгө оруулаад үр шимийг хүртэх боломжтой гэсэн итгэл найдвар байсан учраас хөрөнгө оруулах шийдвэр гаргахад нөлөөлсөн. Энэ хугацаанд нэхэмжлэгч нь газрын төлбөр болон бусад хураамжийг цаг хугацаанд нь төлдөг, өр төлбөргүй, өнөөдрийг хүртэл газар ашиглахтай холбоотой ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Харин Засгийн газрын 2018 оны 188 дугаар тогтоолын дагуу газар ашиглах эрхийн гэрчилгээнд улсын бүртгэлийн шинэчилсэн дугаар авах шаардлагатай болсны улмаас 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч компани нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд “Шинэчлэгдсэн улсын бүртгэлийн дугаар авах тухай” хүсэлтийг гаргасан. Хариуцагч нь тус дугаар авах хүсэлттэй холбоотойгоор нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээ болон гэрээг эх хувиар нь авсан. Улмаар уг дугаар авах хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр, мөн гэрчилгээ болон гэрээг буцааж өгөлгүйгээр яваад байсан. Энэ хугацаанд нэхэмжлэгчээс уг хүсэлтээ шийдвэрлэгдсэн эсэхийг тодруулахын тулд удаа дараа очиж уулзаж байсан. Үүний дараа 2021 оны 12 дугаар сард Нийслэлийн Засаг даргатай биечлэн уулзаж, “...Улсын бүртгэлийн шинэчилсэн дугаар авах хүсэлтийг шийдвэрлэхгүй байна, мөн газар ашиглах эрхийн гэрчилгээ болон гэрээг эх хувиар нь авсан мөртөө эргүүлэн өгөхгүй байна...” гэсэн гомдлыг гаргасны дагуу 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр маргаан бүхий захиргааны акт буюу А/07 дугаартай захирамж байсан. Тус захирамжид “...нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг 5 жилийн хугацаатай сунгав...” гэсэн агуулгатай захирамж гарсан. Гэтэл нэхэмжлэгчийн хүсэлтийн агуулгад ямар нэгэн газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах тухай байгаагүй. Түүнчлэн маргаан бүхий захирамжид дурдагдсан хууль зүйн үндэслэлд иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг богиносгох эсхүл сунгахтай холбоотой ямар нэгэн зохицуулалт байхгүй. Тус захирамжид Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно” гэж заасныг дурдсан байдаг. Маргаан бүхий захирамж гарсны дагуу холбогдох гэрээ болон гэрчилгээг нэхэмжлэгчид гаргаж өгсөн. Энэ гэрээ, гэрчилгээ, захирамжийг нэхэмжлэгчийн зүгээс хүлээж аваад, нэхэмжлэгч нь Газар ашиглах эрхийн гэрчилгээний шинэчилсэн улсын бүртгэлийн дугаар авах хүсэлт гаргасан байхад хүсэлтийг шийдвэрлэн захирамж гаргахдаа газар ашиглах эрхийн хугацааг 60 жил байсныг 5 жил болгосныг эс зөвшөөрч 2022 оны 04 сарын 06-ны өдөр гомдол гаргасан. Хариуцагчаас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтын 3.1 дэх хэсэгт заасныг үндэслэн маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчид газар ашиглах эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгосон гэж тайлбарласан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн хүсэлт бол газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах тухай хүсэлт огт байгаагүй, дугаар авах тухай хүсэлт байсан. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийн хугацааг богиносгох, дуусгавар болгох, өөрчлөх аливаа эрх хэмжээ Нийслэлийн Засаг даргад байхгүй, түүнчлэн дээрх журам нь тус харилцааг зохицуулсан журам биш гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацааг сунгах үндэслэл бүрдээгүй. Учир нь нэхэмжлэгчийн анх авсан 60 жилийн хугацаа нь 2071 онд дуусгавар болох ёстой байсан ба нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацааг сунгах тухай асуудал нь эхний авсан хугацаа дуусаж байж үүсэх боломжтой гэж үзэж байна. Ингээд нэхэмжлэгч шүүхэд хандсан даруйд хариуцагчаас тайлбар ирүүлэхдээ Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсгийг үндэслэл болгосон гэж тайлбарладаг. Гэтэл Газрын тухай хуулийн 44.6-д “Энэ хуулийн 44.4-т заасан иргэнд хувийн гэр, орон сууцны хашааны зориулалтаар ашиглуулах газрын хэмжээ 0,05 га-аас, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тарих зориулалтаар олгох газрын хэмжээ 0,1 га-аас тус тус илүүгүй байна. Газрыг 5 жил хүртэл хугацаагаар гэрээгээр ашиглуулах бөгөөд гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна”  гэж заасан нь иргэнд хамааралтай заалт юм. Газрын тухай хуулийн 44.4-т “Монгол Улсад байнга /183 хоногоос дээш хугацаагаар/ оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд газрыг зөвхөн гэр бүлийн хамтын хэрэгцээний нь зориулалтаар ашиглуулах асуудлыг дуудлага худалдааны зарчмаар тухайн шатны Засаг дарга шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл тус заалт нь хуулийн этгээдэд хамааралгүй, тэр тусмаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид ямар ч хамааралгүй зохицуулалт юм. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг 60 жилийн хугацаагаар авсан үндэслэл нь 1993 оны Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, энэ нь одоо мөрдөгдөж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” гэж тодорхой заасан байдаг. Тийм учраас энэ 2 зохицуулалтын дагуу газар ашиглах эрхийн гэрчилгээг 60 хүртэл жилээр олгоод, 40 жилээр сунгах зохицуулалттай юм. Түүнчлэн, хариуцагч нь уг маргаан бүхий захирамжийг гарган нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг богиносгосон хэдий ч “Ш-Л-У” ХХК-ийн анх 60 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгосон 2005 оны 06  дугаар сарын 13-ны өдрийн 120 дугаар тогтоол хүчин төгөлдөр хэвээр байна. Уг тогтоолыг хүчин төгөлдөр бус болгосон шийдвэр, үйл ажиллагаа эрх бүхий этгээдээс явуулаагүй гэж үзэж байна. Үүнээс харахад нэхэмжлэгч нь зөвхөн Засгийн газрын 2018 оны 182-р тогтоолын дагуу зөвхөн газар ашиглах эрхийн улсын бүртгэлийн шинэчилсэн дугаар авах хүсэлт гаргасан. Өөрөөр хэлбэл тус хүсэлт газар ашиглах эрхийн хугацаатай холбоотой ямар ч газар ашиглах эрхийн хугацаатай холбоотой аливаа агуулга байгаагүй. Мөн хариуцагчид нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг өөрчлөх буюу богиносгох үндэслэл, нөхцөл үүсээгүй бөгөөд хариуцагчид ийнхүү нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг богиносгох эрх хэмжээ байхгүй буюу үүсээгүй байсан. Хариуцагч нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг богиносгосон тус маргаан бүхий тус захирамжийг гаргахдаа шийдвэр гаргах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүй. Шүүхээс хариуцагчаас хувийн хэргийг бүхэлд нь гаргуулж авахаар шаардсан боловч тус материалд шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримталсан тухай нотлох баримт байдаггүй. Эдгээр үндэслэлээр Нийслэлийн засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/07 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2005 оны 06 сарын 13-ны өдрийн 120 тоот тогтоолын дагуу нэгж талбарын 3002/0049 дугаар бүхий 4,400 м.кв газрыг ашиглах 60 жилийн хугацаатай эрхийн гэрчилгээг дахин олгож, гэрээ байгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд юм. Аль ч Гадаадын хөрөнгө оруулагчийн тухай хуульд, гадаадын хөрөнгө оруулагч нарт газар ашиглах эрхийг 60 жил хүртэл жилийн хугацаатайгаар олгоно гэж заасан нь Монгол Улс нь гадаадын хөрөнгө оруулагчдын татах бодлого барьдаг болохыг харуулдаг. Мөн Засгийн газраас одоо шинэ сэргэлтийн бодлогыг барьж ажиллаж байна. Энэ бодлогын хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах чиглэлийг хүчтэйгээр баримталж байгаа үед захиргааны байгууллагаас дээрх шийдвэрийг гаргаж байгаа нь харамсалтай байна. Нөгөөтээгүүр хариуцагчид өөрсдийн гаргасан алдаатай шийдвэрийг засах боломж байхад нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг харгалзалгүйгээр шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлж цаг хугацаа алдаж байгаа нь харамсалтай байна. Хоёрдугаарт. Нийслэлийн Засаг даргаас анхны удаа үндэслэлгүй шийдвэр гаргаж байгаа тохиолдол биш юм. Нэхэмжлэгчийн харилцаа хамаарал бүхий өөр хуулийн этгээдийн 60 жилийн хугацаатай олгогдсон байсан газар ашиглах эрхийг үндэслэлгүйгээр 5 жил болгож шийдвэрлэсэн. Гуравдугаарт: Засгийн газрын 186 дугаар тогтоолын дагуу газар эзэмшигч болон ашиглагч нар Э болон А дугаар авах тухай чиглэл ирсэн. Энэ чиглэлийн дагуу нэхэмжлэгчээс хүсэлт гаргасан. Дээрх тогтоол батлагдаагүй байхад нэхэмжлэгч компани нь газраа ашиглаад, газрын төлбөрөө төлж зөрчилгүй гаргалгүй явж байсан. Хариуцагчаас 5 жилийн хугацаатай газар ашиглах эрхийг сунгасан тухайгаа тайлбарлахдаа Нийслэлийн Засаг даргад 60 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгох эрх хэмжээ олгогдоогүй гэж тайлбарладаг. Хариуцагчаас дээрх үндэслэлгүй тайлбар гаргаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т** шүүхэд бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 120 дугаар тогтоолоор “Ш-Л-У***” ХХК-д Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4400 м.кв газрыг 60 жилийн хугацаатайгаар контор, зочид буудал, бизнес төвийн зориулалтаар эзэмших эрх олгосныг Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/07 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Ш-Л-У***” ХХК-д тус газрыг ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар олгосон байна.

2/Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт "...Газрыг 5 жил хүртэл хугацаагаар гэрээгээр ашиглуулах бөгөөд, гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна” гэж тусгасан ба Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/07 дугаар захирамж нь Газрын тухай хуульд нийцэн гарсан захиргааны акт болно.

Иймд маргаан бүхий захирамжууд нь хуульд нийцэн гарсан үндэслэл бүхий захиргааны акт байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн салбарыг зохицуулж байгаа Газрын тухай хуулиар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид хуулийн дагуу газар ашиглах эрхийг Засгийн газраас олгох ёстой. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар сунгасан нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5/14 дүгээр тогтоолд “...Гадаадын иргэн, аж ахуйн нэгжид Нийслэлийн Засаг дарга 5 жилийн хугацаатай олгоно...” гэж заасан байдаг. Нийслэлийн Засаг даргын хувьд хуулийн этгээдтэй холбоотой асуудлаар газар ашиглах эрхтэй холбоотойгоор 5 жилийн хугацаатай л байдаг. Тийм учраас Нийслэлийн Засаг дарга нь мөргөгдөж байгаа дүрэм, журмын дагуу 5 жилийн хугацаатай газар ашиглах эрхийг олгосон. Тийм учраас 60 жилийн хугацаатай газар ашиглах эрхийг олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах нь хууль  зөрчсөн асуудал буюу Нийслэлийн Засаг даргад газар ашиглах эрхийг 60 жилийн хугацаатай олгох эрх хэмжээ байхгүй юм. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/07 дугаар захирамж нь одоо үйлчилж байгаа дүрэм, журмын хүрээнд гаргасан захиргааны акт учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж  шийдвэрлэлээ.

1.Нэхэмжлэгчээс “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/07 дугаартай захирамжийн Ш-Л-У***”  ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгох, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 120 дугаар тогтоолын дагуу нэгж талбарын 3002/0049 дугаар бүхий 4.400 м.кв газрыг ашиглах 60 жилийн хуагцаатай эрхийн гэрчилгээг дахин олгох, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

2.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 120  дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4400 м.кв газрыг Контор, зочид буудал, бизнес төвийн зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн 0000431 дүгээр гэрчилгээг Британи Виржин арлуудын 100 хувийн хөрөнгө оруулалттай  “Ш-Л-У***” ХХК-д олгожээ.

3.Харин Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” А/07 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4396 м.кв газрыг Контор, зочид буудал бизнес төвийн зориулалтаар эзэмших эрхийн хугацааг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн 0000031052 дугаар гэрчилгээг “Ш-Л-У***” ХХК-д дахин олгожээ.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлГазар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах”, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно” гэж хуульчилсан.

 4.Гэвч хариуцагч Нийслэлийн Засаг дарга дээрх захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 37 дугаар зүйл, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн газрын талбайн хэмжээг 4396 м.кв болгон газар ашиглах эрхийн хугацааг 5 жил болгон багасгажээ.

5.“Ш-Л-У***” ХХК-иас PM0/20/216 дугаар албан бичгээр “...газар ашиглах гэрчилгээг шинэчилж, улсын бүртгэлд бүртгүүлэн дугаар авах хүсэлт...”-ийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд уг хүсэлтийн агуулга нь газар эзэмших эрхийн хугацаа болон эзэмшил газрын хэмжээ өөрчлөхтэй хамааралгүй байна.

6.Энэ үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгчээс “...манайх газар эзэмших эрхийн асуудлаар хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй байхад үндэслэлгүйгээр манай компанийн газрын хэмжээг өөрчлөн газар ашиглах эрхийн хугацааг богиносгосон...” гэж маргаж буй тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байна.

7.Учир нь нэхэмжлэгчид Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 120  дугаар тогтоолоор олгосон газар ашиглах эрхийг хүчингүй болгоогүй атлаа түүний газар ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээг шинэчлэн олгохдоо Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасныг зөрчсөн байна.

Газрын тухай хуулийн 3 дугаар 3.1.8-д “газар ашиглах эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүний газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг”,  мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэг “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор  ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно” гэж, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн /1993 оны/ 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулах гэрээний үндсэн хугацаа тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах хугацаагаар тодорхойлогдоно. Газар ашиглах гэрээний үндсэн хугацаа эхний ээлжид 60 жилээс илүүгүй байна. Газар ашиглуулах гэрээний хугацааг гэрээнд заасан анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгаж болно” гэж заасан.

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолын 3.1 дэх хэсэгт “Хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, газар дээрх үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламжийн ашиглалтын зориулалт, хийц, газрын гэрээний үүргийн гүйцэтгэлийг үндэслэл болгон газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 40 хүртэл жил, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 5 хүртэл жилээр сунгах тухай шийдвэрийг тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасны дагуу маргаан бүхий захиргааны актыг Нийслэлийн Засаг дарга гаргасан гэж тайлбарлаж буй хэдий ч тогтоол, журам хуульд нийцсэн байх учиртай.

9.Нөгөөтэйгүүр маргаан бүхий захиргааны акт нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид холбогдох хууль журмыг баримтлалгүйгээр зөвхөн Газрын тухай хуулийг хэрэглэж газрын хэмжээ, газар ашиглах эрхийн хугацааг үндэслэлгүйгээр богиносгосон нь нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байна.

10.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн /2013 он/ 12 дугаар зүйлийн 12.1-т “Хөрөнгө оруулагчид татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийг дараах хэлбэрээр үзүүлж болно”, 12.1.1-т “газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр  сунгах” гэснийг зөрчсөн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/07  угаартай захирамж нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг анх Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 120 дугаар тогтоолоор газар ашиглах эрх олгогдсон 60 жилийн хугацаанаас буюу 2005 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс тооцож гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

11.Харин Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 120  дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4400 м.кв газрын хэмжээг олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 Учир нь газрын бүртгэлийн программ шинэчлэгдсэн, хэмжих багажинд өөрчлөлт орсонтой холбоотойгоор анх олгосон 4400 м.кв газрын хэмжээ 4396 м.кв болж өөрчлөгдсөн байхыг үгүйсгэхгүй бөгөөд уг үндэслэлээр хариуцагчийн бүрэн эрхэнд  халдах боломжгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэг, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн /1993он/ 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн /2013 он/ 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/07 дугаартай захирамжийн Ш-Л-У***”  ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 120 дугаар тогтоолын дагуу нэгж талбарын 3002/0049 дугаар бүхий газрыг анх олгосон хугацаа буюу 2005 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс хойш 60 жилийн хугацаагаар тооцож гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгаж, газрын хэмжээг 4400 м.кв олгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.МӨНХ-ЭРДЭНЭ