Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2020/ДШМ/37

 

Ө.Батсүрэнд холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                 Даргалагч, шүүгч                           Г.Давааренчин

                   Шүүгчид                                       Ц.Амаржаргал                                  

                                                                         Д.Буянжаргал

                   Оролцогчид

                                      Прокурор                                     Б.Эрхэмбаяр /онлайн/

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч              Ч.Мөнгөнцэцэг /онлайн/

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч               Б.Зулбаяр

                              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлоор Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3, мөн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Өнөрбатын Батсүрэнд холбогдох эрүүгийн 1932000000228 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 32 настай эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг Улиастайн №12 тоотод оршин суух хаягтай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Боржигон овогт Өнөрбатын Батсүрэн /РД: МЗ88082377/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ө.Батсүрэн нь 2019 оны 12 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг Улиастайн №12 тоотод байрлах гэртээ өөрийн төрсөн охин болох 12 настай Б.Энхжингийн хүсэл зоригийн эсрэг хүч, хэрэглэж энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг, гэр бүлийн хамаарал бүхий хүнийг/ хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Ө.Батсүрэнд холбогдох хэргийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор:

“1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ө.Батсүрэнд холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Боржигон овогт Өнөрбатын Батсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Батсүрэнг 12 /арван хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ө.Батсүрэнд оногдуулсан 12 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Ө.Батсүрэн нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4- д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Б.Энхжингийн өмсөж байсан дотоож 1 ширхэг, шүүгдэгч Ө.Батсүрэнгийн хар өнгийн цамц 1 ширхэг, бор эмжээртэй цайвар өнгийн машины суудлын бүрээс 2 ширхэг, ягаан өнгийн бүтээлэг 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт Ө.Батсүрэнгийн 2019 оны 12 дүгээр сарын 07-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 88 /наян найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ө.Батсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Ө.Батсүрэнгийн эдлэх ялыг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай

..” гээд, эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  

Шүүгдэгч Өнөрбат овогтой Батсүрэн миний бие надад холбогдох 1932000000228 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд гаргасан Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 сарын 03-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөорч дараахи үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Дээрхи шийтгэх тогтоолоор Өнөрбат овогтой Батсүрэн намайг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Миний хувьд хүүхдээ хүчиндэх байтугай, загнаж зандрах гар хүрэхээс айдаг хүн. Гэтэл анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтууд харилцан зөрүүтэй байхад хэргийн бодит байдалтай нийцээгүй, хохирогчийн өгсөн мэдүүлгүүд эргэлзээтэй дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлөхөөр байхад анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн. Учир нь: Хэрэг болсон гэх цаг хугацаа бүрэн тогтоогдоогүй байхад мөрдөгчийн зүгээс хөтөлж асуух зэргээр хэрэг болсон гэх цаг хугацааг улам тодорхойгүй болгосон. Харин хэрэгт авагдсан хохирогчийн гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлэгүүдэд зарим нэг үйл явдлыг тодорхой мэдүүлсэн байдаг. Тухайлбал хэрэг болсон гэх өдөр “..ээж эмнэлгээс акт авч өгсөн...” гэх мэдүүлэг, мөн мэдүүлэг өгч байхдаа “.....хамгийн сүүлд өчигдөр хүчиндсэн...”, эсхүл “...намайг хүчинддэг өдөр амралтын өдөр байсан ...” гэх тодорхой үйл баримтуудыг дурьдсан байхад акт авсан өдрийг тодруулах, акт өгсөн эмчийг гэрчээр байцаах зэргээр хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж тогтоох үүргээ биелүүлээгүйд гомдолтой байна. Мөн мөрдөгч нь надаас 3 удаа байцаалт авсан бөгөөд миний зүгээс дээрхи цаг хугацааг тодорхой нэг бүрчлэн шалгаж өгөхийг удаа дараа мөрдөгчөөс хүсч байсан боловч миний хүсэлтийг анхаарч үзэлгүй хэт нэг талыг барьсанд гомдолтой байна. Түүнчлэн миний хувьд шүүхийн тогтоолд дурьдсан өдөр цуг байсан гэрчийг асуулгах хүсэлт удаа дараа тавиад байхад цаг хугацааны хувьд сүүлд ирсэн бусад хүмүүсийг тойруулж асуугаад хэргийн талаар ач холбогдолтой мэдүүлэг өгөх хүнийг байцаагүйг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн хүнд гэмт хэрэгт холбогдсон хүнийг өмгөөлөгчгүйгээр байцаалт авсан, ингэхдээ хэрэг болсон гэх цаг хутацааг шүүхэд шилжүүлэхийн өмнө техникийн алдаа байсан гэж хэлж гэнэт өөрчилсөн нь намайг өөрийгөө гэм буруугүй болохоо нотлуулах боломжоор хангаагүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 03-р сарын -ны өдрийн 25 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүгдэгч Ө.Батсүрэнг 2019 оны 12-р сарын 02,03-ны өдрүүдэд төрсөн охин лох 12 настай Б.Энхжинг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн гэмт хэрэгт буруутайд тооцсон. Дээрх хэргийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан... хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах болон цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх, нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэсэн заалт болон мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлон тогтоогүй мөн хуулийн 16.2 дугаар 1 дэх хэсгийн 1.1-д заасан ..гэмт хэрэг гарсан байдал / гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн зэргийг нотлоно гэсэн хуулийн заалтуудыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Үүнд хохирогч Б.Энхжингийн мэдүүлэг, гэрч Уугантуяагийн мэдүүлэг, яллагдагч Ө.Батсүрэнгийн мэдүүлэг зэргээс үзэхэд хэрэг гарсан гэх цаг хугацаа нь хоног өдөр хоорондоо тохирохгүй зөрүүтэй байгааг шүүх харгалзан үзээгүй, мөн хохирогч Б.Энхжингийн биед үзлэг хийсэн эмэгтэйчүүдийн эмч Б.Чимгээийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд шинжээчийн дүгнэлтэнд болон гэрчийн мэдүүлэгт дурьдагдсан зарим зүйл нь эргэлзээтэй байна.

Шүүгдэгч Ө.Батсүрэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6-р зүйлд заасан хүнд гэмт хэргийн ангилалд багтааж ял шийтгэл, гэм буруугийн асуудлыг хэлэлцэж байгаа тохиолдолд нотолбол зохих зүйлийг эргэлзээгүй нотлон тогтоосны эцэст ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 03-р сарын 03-ны өдрийн 25 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэж, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 сарын 03-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахи үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Дээрхи шийтгэх тогтоолоор Өнөрбат овогтой Батсүрэнг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.

Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтууд харилдан зөрүүтэй байхад хэргийн бодит байдалтай нийцээгүй, хохирогчийн өгсөн мэдүүлгүүд эргэлзээтэй дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлөхөөр байхад анхаарч үзэлгүй шийдвэрлэжээ. Тухайлбал: Хэрэг болсон гэх цаг хугацаа бүрэн тогтоогдоогүй байхад мөрдөгчийн зүтээс хөтөлж асуух зэргээр хэрэг болсон гэх цаг хугацааг улам тодорхойгүй болгожээ. Харин хэрэгт авагдсан хохирогчийн гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлэгүүдэд зарим нэг үйл явдлыг тодорхой мэдүүлсэн байдаг. Тухайлбал хэрэг болсон гэх өдөр “...ээж эмнэлгээс акт авч өгсөн...” гэх мэдүүлэг, мөн мэдүүлэг өгч байхдаа “.....хамгийн сүүлд өчигдөр хүчиндсэн” , эсхүл “... намайг хүчинддэг өдөр амралтын өдөр байсан. ..” гэх тодорхой үйл баримтуудыг дурьдсан байхад акт авсан өдрийг тодруулах, акт өгсөн эмчийг гэрчээр байцаах зэргээр хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж тогтоох үүргээ биелүүлээгүй байна.

Мөн мөрдөгчөөс Ө.Батсүрэнгээс 3 удаа байцаалт авсан бөгөөд хүнд гэмт хэрэгт холбогдсон хүнийг өмгөөлөгчгүйгээр байцаалт авсан, ингэхдээ хэрэг болсон гэх цаг хугацааг шүүхэд шилжүүлэхийн өмнө техникийн алдаа байсан гэж хэлж гэнэт өөрчлөх зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдаануудыг гаргасан байна. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:  Мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил гараагүй. ...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн  гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Ө.Батсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3, мөн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 12 жилийн хорих ял оногдуулж, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын дагуу Ө.Батсүрэнд   холбогдох эрүүгийн 1932000000228  дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн дараах зөрчлүүд илэрлээ. Үүнд:

-Ө.Батсүрэнд холбогдох хэрэгт 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 17 цаг 40 минутад Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын прокурорын Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолоор хэрэгт мөрдөн байцаалт явуулж, энэ тогтоолыг Ө.Батсүрэнд даруй танилцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт яллагдагчийн эрх үүргийг тайлбарлан өгч, энэ тухай тэмдэглэлд тусгаж, гарын үсэг зуруулж, хуульд заасан хугацаанд мэдүүлэг авахыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Бямбасайханд даалгажээ.

2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 18 цаг 00 минутаас 18 цаг 30 минутын хооронд цагдаагийн ахлах мөрдөгч Г.Бямбасайхан өмгөөлөгч А.Хандмааг оролцуулан Цагдан хорих байрны мэдүүлэг авах өрөөнд сэжигтэн Ө.Батсүрэнд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг танилцуулсан тухай тэмдэглэл үйлдсэн боловч цагдаагийн мөрдөгч О.Алтанцөгц 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 18 цаг 15 минутаас 17 цаг 15 минутын хооронд  Цагдаагийн хэлтсийн мэдүүлэг авах өрөөнд мөн өмгөөлөгч А.Хандмааг оролцуулан Ө.Батсүрэнгээс мэдүүлэг авсан нь ойлгомжгүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг хэд хэдэн мөрдөгчид даалгасан эсхүл прокурорт мэдэгдэн хэргийг нөгөө мөрдөгчид  шилжүүлсэн тухай шийдвэргүйгээр мөрдөгч О.Алтанцөгц  яллагдагчаас дахин мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1-д “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны дарга хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад дараахь эрхтэй:

...1.2. мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг нэг, эсхүл хэд хэдэн мөрдөгчид даалгах;

1.3. шаардлагатай гэж үзвэл тухайн хэрэгт хяналт тавьж байгаа прокурорт мэдэгдэж хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх...” гэсэн заалтуудыг, улмаар 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 21 цаг 15 минутаас 22 цаг 07 минутын хооронд мөрдөгч О.Алтанцөгц нь өмгөөлөгч оролцуулалгүйгээр яллагдагч Ө.Батсүрэнгээс дахин мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д “Дараахь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй.  ...1.4.бүх насаар хорих ял оногдуулж болох;...” гэсэн заалтуудыг тус тус зөрчжээ.

Түүнчлэн энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын шийдвэргүйгээр цагдаагийн мөрдөгч Б.Батхуяг, Б.Энхтамир, Ө.Энхтөр, Г.Амгаланбаатар нар мөрдөн шалгах ажиллагаа явуулж шаардлагатай гэрчүүдээс мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 6.3 дугаар зүйлийн 1, 1.2, 1.3-д заасан заалтуудыг зөрчсөн, хавтаст хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй, дээрх ажиллагаануудыг шүүх хуралдааны шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар 1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:           

            1. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

            2. Хэргийг прокурорт очтол Ө.Батсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

      

            ДАРГАЛАГЧ                       Г.ДАВААРЕНЧИН

    ШҮҮГЧИД                Ц.АМАРЖАРГАЛ                                                                                Д.БУЯНЖАРГАЛ