| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 188/2024/0947/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/565 |
| Огноо | 2025-02-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/565
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Б.Ундрах,
шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408001520946 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Н овогт Б-ийн С, Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт *** тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаар: ***, урьд
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.05.20-ны өдрийн 317 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.С нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Н.Б-ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүгдэгч Б.С нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, *** тоотод байхдаа гэр бүлийн харилцаатай Н.Б-ыг “миний машиныг банк бус санхүүгийн байгууллагад буцааж өглөө” гэх шалтгаанаар нүүр рүү нь өшиглөж, гараараа цохиж, зодсон,
мөн тухайн өдрөө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, *** тоот болох иргэн Д.Б-ийн гэрт байхдаа хөл рүү нь өшиглөж, үсдэж, нүүр, толгой руу нь гараараа цохиж, зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь "баруун нүдний дотор булан, доод зовхи зүүн доод зовхи, дээд уруулын дотор салст, баруун гуянд цус хуралт, хамрын үзүүрт, баруун угалзны дорд ирмэг, хамрын зүүн угалзны дээд хэсэг, доод уруулын дотор салстад зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал" гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
- “...манай дүүг хүн зодсон байна...” гэх утга бүхий гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 3 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 565 дугаартай дүгнэлтэд “...Дүгнэлт: 1.Н.Б-ын биед баруун нүдний дотор булан, доод зовхи, зүүн доод зовхи, дээд уруулын дотор салст, баруун гуянд цус хуралт, хамрын үзүүрт, баруун угалзны доод ирмэг, хамрын зүүн угалзны дээд хэсэг, доод уруулын дотор салстад зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэх (1-р хавтаст хэргийн 17-18 дахь тал),
- Хохирогч Н.Б-ын “...Би 2023.12.16-ны өглөө 10 цагийн орчим Б.С нь манай гэрт орж ирээд И гэх найзыгаа дуудаад 0.75-тай Эдэн архи нэг шилийг, 10 ширхэг Касс пиво аван уугаад байж байтал манай үеэл Б хоёр хүүхэдтэйгээ манай гэрт ирсэн. Тэгээд юм яриад орон дээр сууж байтал С нь гэнэт миний баруун нүд тус газар өшиглөсөн, хоёр гурван удаа гараа атгаж байгаад нүүрэн тус газар хоёроос гурван удаа цохисон. Тэгээд миний хамраас цус гараад байж байтал манай үеэл Б одоо хүү чинь ирээд бөөн юм болно, хүүхдүүдээ айлгаад гэж хэлээд манай гэрт очиж сууя гээд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны *** тоотод 11 цаг болж байхад ирсэн. Тэгээд үеэлийн гэрт орохдоо бид хэд 0,75 литрийн Эдэн архи нэг шилийг 10 лааз пиво авсан. Тэгээд ороод ууж байтал миний толгой нүүр өвдөөд хэвтэж байтал С нь бос гээд хөнжлөөс татаад баруун талын хөл рүү өшиглөөд байсан. Тэгээд С-ын найз болох И “одоо боль оо, эмэгтэй хүнд гар хүрлээ” гэж салгах гэтэл С нь найз И-ийг зодоод өшиглөөд хазсан. Манай хүү Д гэртээ орж ирээд эгч рүү залгаад гэр нил цус болсон байна. Ээжийг Б эгч аваад гарсан байна гэж хэлсэн байсан. Тэгээд намайг Б эгчийнд хэвтэж байтал гаднаас миний төрсөн эгч Ц хүргэн ах М, төрсөн эгч О нар гаднаас ороод ирсэн чинь С миний эгч О-ийг зодох гээд гараа далайгаад байсан. Хүргэн ах М гаднаас орж ирээд С-ыг цагдаа дуудаад өгөөд явуулсан...Тухайн үед миний хоёр нүд нүүр хэсэгт тэр чигтээ хавдаж зулгарсан байсан. Тухайн үед И, Б, хүүхдүүд байсан. Би С-тай дотно харилцаатай байсан бөгөөд ямар нэгэн байдлаар хамтран амьдрагч байгаагүй бөгөөд ганц хоёр удаа ирж хонодог байсан. Тэрнээс өөр ямар нэгэн харилцаа байгаагүй. Тухайн үед гэмтлийн арын хувийн эмнэлэгт үзүүлж томографийн зураг 150,000 төгрөгөөр авхуулсан. Өөр хувийн эмнэлгээр орж 255,000 төгрөгөөр шарлага хийлгэсэн. Шүүх эмнэлэгт 8,000 төгрөгөөр үзүүлсэн. Ойр зуурын эм тариа 150,000 төгрөгөөр авсан. Би хувийн эмнэлэгт үзүүлж нүүр, толгойны зураг авхуулсан баримт байгаа бусад баримтууд нь байхгүй байгаа. Би сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоос татгалзаж байна. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...Тухайн үед С надад урьдчилгаа 1,500,000 төгрөг байна. Машин авах гэтэл зээлийн хар түүхтэй болохоор зээл авч болохгүй байна. Чиний нэр дээр аваад мөнгийг нь би төлнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд Хонда фит маркийн тээврийн хэрэгслийг банк бусаас лизингээр авч өгсөн. Тухайн тээврийн хэрэгслийг С өөрөө унаж хэрэглэж байсан. Гэтэл С эхний 3 сарын мөнгийг төлөөд сүүлийн 3 сарын мөнгийг төлөөгүй. Банк бусаас над руу залгаад байхаар нь би С-ыг гэртээ дуудаад ирэхээс нь өмнө банк бус руу машинаа ирж аваарай гээд ярьчихсан байсан. Ингээд С манай гэрт байж байхад банк бус санхүүгийн байгууллагын хүмүүс ирээд машиныг ачаад явсан. Тэгээд удалгүй би тээврийн хэрэгслийн мөнгийг нь төлөөд банк бус санхүүгийн байгууллагаас худалдаж авсан. Одоо би өөрөө ашиглаж байгаа юм. Тэрнээс болж надтай хэрүүл хийгээд намайг зодож цохисон юм. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 25-26, 34-35, 87-89 дэх тал),
- Гэрч Н.О-ийн “...Миний бие тухайн үед гэртээ байж байтал миний төрсөн дүү Б-ын охин нь залгаад ээжийг Хан-Уул дүүрэгт байрлах гэрт нь тухайн үед үерхэж байсан С гэх залуу зодоод дагуулаад гараад явчихлаа гэхээр нь хэнтэй хаашаа явсан талаар асуухад манай үеэл Б-тай хамт явсан талаар хэлсэн. Ингээд Б-ийн ааваас гэрийг нь асуугаад Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б-ийн түрээсэлдэг байранд ирэхэд Б-тай байрны үүдэнд таараад гэр лүү нь ороход Б, С нар унтаж байсан. Тэгээд би Б-ын хөнжлийг сөхөөд сэрээгээд харахад Б-ын нүүр хэсэг нь битүү хавдсан, хөхөрсөн байдалтай байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн үед Б, С нар нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Тэгээд цагдаа ирээд С-ыг аваад явсан. Маргааш нь би Б-ыг шүүх эмнэлэгт үзүүлсэн. Тухайн үед ямар шалтгаанаар цохиж зодсон талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрт нь зодож улмаар Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, *** байранд ирэхэд нь бас зодсон байсан. Гараараа нүүр хэсэгт нь цохиж, нүүр лүү өшиглөсөн гэж хэлсэн. Би Б, С нарыг уулзаж үерхэж байсан гэдгийг нь л мэдэж байна. Өөр нарийн зүйлсийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 54-55 дахь тал),
- Гэрч Д.Б-ийн “...Тухайн үед би гэртээ хоёр хүүхдийн хамтаар байж байтал манай үеэл Б над руу залгаад манай хоёр хүүхэд танай хоёр хүүхэдтэй тогломоор байна гэсэн. Та манайд хүрээд ирээч гэхээр нь би хоёр хүүхдээ дагуулаад очсон. Тухайн Б-ын гэрт очиход С болон бас нэг танихгүй залуу байсан. Тухайн үед Б, С болон үл таних залуу архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэгээд хүүхдүүдийн хажууд архи согтууруулах ундаа хэрэглээд яах вэ гэж бодоод Б, С болон таних залуугийн хамтаар Б-ын гэрээс гараад такси бариад Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, *** тоотод манай гэрт очсон. Манай гэрт ороход С 10 лааз пиво авч манайд орж ирээд ууцгаасан. Тэгээд би хоол хийж өгөх гээд гал тогоонд байж байтал гэнэт Б орилохоор нь тэр хэдийн байсан том өрөө рүү ороход Б-ын хамар амнаас нь цус гараад, нүд ам нь хавдчихсан байсан бөгөөд үл таних залуу С-ыг салгаад байж байсан. Тэгтэл хаалга цохихоор нь онгойлгоход Бын хоёр эгч нь орж ирээд цагдаа дуудаад С-ыг цагдаа нар аваад явсан. Би Б-ын гэрт очоод хүүхдүүдэд зайрмаг авах гээд гарсны дараа цохиж зодсон юм шиг байна лээ. Ямар ч байсан намайг зайрмаг авчхаад Бын гэрт ороход хүүхдүүд нь С-ыг зайл, энэ ээжийг зодоод байна гээд байсан. Би цохиж зодохыг нь хараагүй. Харин манай гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, *** тоотод манай гэрт очсон. Манай гэрт ороход С 10 лааз пиво авч манайд орж ирээд ууцгаасан. Тэгээд би хоол хийж өгөх гээд гал тогоонд байж байтал гэнэт Б орилохоор нь тэр хэдийн байсан том өрөө рүү ороход Б-ын хамар амнаас нь цус гараад, нүд ам нь хавдчихсан байсан бөгөөд үл таних залуу С-ыг салгаад байж байсан. Тухайн үед ямар шалтгаанаар цохиж зодсон талаар би сайн мэдэхгүй байна. Би өөр өрөөнд хоол хийгээд байж байсан бөгөөд тэр хэдийн сууж байсан өрөө нь гал тогооны өрөөнөөс жаахан хол байсан болохоор юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Ер нь хальт сонсоход мөнгө төгрөгийн асуудал яриад байх шиг байсан. Тухайн үед Б-ын хамар, амнаас нь цус гарч, уруул нь хавдсан байсан. Тэр өдрийн 15 цагийн үед намайг очиход Б-ын биед ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 82-84 дэх тал),
- “...нөхөр айлд ирчхээд надад агсам тавиад байна...” гэх утга бүхий дуудлагын лавлагааны хуудас (1-р хавтаст хэргийн 107 дахь тал) зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.С-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Н.Б-той хамт архидан согтуурч, хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцов.
Шүүгдэгч Б.С-ын хохирогч Н.Б-ын биед халдаж, цохиж зодсон үйлдэл, хохирогчийн биед учирсан “баруун нүдний дотор булан, доод зовхи, зүүн доод зовхи, дээд уруулын дотор салст, баруун гуянд цус хуралт, хамрын үзүүрт, баруун угалзны доод ирмэг, хамрын зүүн угалзны дээд хэсэг, доод уруулын дотор салстад зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Түүнчлэн, шүүгдэгч Б.С-ын зүгээс хохирогчтой хамтран амьдарч байгаагүй, гэр бүлийн харилцаа байхгүй гэж мэдүүлэх боловч хэрэгт авагдсан хохирогч Н.Б-ын “...Би С-тай дотно харилцаатай байсан. Тухайн үед үерхэж байсан. Хааяа манай гэрт ирж хонодог...би Хонда фит маркийн тээврийн хэрэгслийг банк бусаас лизингээр авч өгсөн. Тухайн тээврийн хэрэгслийг С өөрөө унаж хэрэглэж байсан....” гэж, гэрч Н.О-ийн “...Би Б, С нарыг уулзаж үерхэж байсан гэдгийг нь л мэдэж байна...” гэж, гэрч Д.Б-ийн “...Б, С нар үерхдэг бөгөөд яг хамтран амьдраад байсан зүйлгүй. С хааяа гэрт нь оччихсон байгаа харагддаг...” гэж тус тус мэдүүлсэн.
Дээрхээс дүгнэхэд, шүүгдэгч Б.С, хохирогч Н.Б нар нь үерхэж, дотно харилцаатай байсан талаараа хэн аль нь мэдүүлэх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар “...хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан...” буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байна.
Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Энэ хуулийн ... үйлчлэлд хамаарах хүний ... эрүүл мэндэд гэм хор учруулсан, ...үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээн тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хуульд ...заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан.
Иймд хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.С-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэх шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Б.С хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргаагүй болно.
1.3. Хохирол, хор уршиг
Хохирогч Н.Б нь хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй, сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “ ... шүүхээс шүүгдэгч Б.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүний цагдан хоригдсон 6 хоногийг эдлэх ялаас хасч тооцуулан биечлэн эдлэх ялыг 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгч: “...би хувиараа барилгын ажил хийдэг. Мөн машин лизингээр аваад банканд 60-аад сая төгрөгийн өртэй байгаа. Гэхдээ миний дансны хуулгаар сарын орлого бол 30-аад сая төгрөгийн ашиг олдог. Доороо хүмүүс ажиллуулдаг. Ажилгүй үедээ би компанид ажилладаг. Барилгын хүмүүс зуны улиралд л гол орлогоо олдог. Тиймээс надад торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт болох асап сангийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 6-14 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 48 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (1-р хавтаст хэргийн 49 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 70 дахь тал), Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол (1-р хавтаст хэргийн 73-78 дахь тал), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 10-01/204 тоот албан бичиг (1-р хавтаст хэргийн 80 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (1-р хавтаст хэргийн 114 дэх тал), Хаан банкны депозит дансны хуулга (1-р хавтаст хэргийн 142-156, 176-192 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Б.С нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.05.20-ны өдрийн 317 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн ба уг ялаа бүрэн эдэлж дууссан болох нь 1-р хавтаст хэргийн 80 дахь талд авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ын цагдан хоригдсон 6 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжээр тооцон нийт 90 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 90,000 төгрөгийн торгох ялыг түүний эдлэх ялаас хасч тооцов.
2.3. Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.С нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Н овогт Б-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-т 1,500 (нэг мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-т оногдуулсан торгох ялыг 03 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ын цагдан хоригдсон 6 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжээр тооцон нийт 90 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 90,000 төгрөгийн торгох ялыг түүний эдлэх ялаас хасч тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.С нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.С-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР