| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2021/05267/И |
| Дугаар | 101/ШШ2022/01998 |
| Огноо | 2022-04-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2022/01998
| 2022 04 29 | 101/ШШ2022/01998 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 0 тоотод оршин байрлах, Т б ХХК /рд:0/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 0 тоотод оршин суух, Тайж овогт З.Т, /рд:/,
Хариуцагч: 0 тоотод оршин суух, Боржигон овогт Б.Т /рд:0/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 61,197,602.57 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
Хариуцагч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр тэдгээрийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлдэгч З.Т, Б.Т нар нь *******тай 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 105400349635 тоот зээлийн гэрээ байгуулан, 45,000,000 төгрөгийн орон сууц барьцаалсан хэрэглээний зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Улаанбаатар хот, 0 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 105400349635 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан барьцаалуулсан. Банк зээлийн гэрээний дагуу 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр зээлдэгч З.Т-ын 105400349635 тоот зээлийн дансанд 45,000,000 төгрөгийн зээлийн олголт хийж, зээлийн гэрээний 2.1.3-д заасны дагуу ******* дах 102300283778 тоот З.Т, Б.Т нарын хамтран эзэмшидэг харилцах дансанд 45,000,000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж зээлийг бодитойгоор бүрэн олгосон. 105400349635 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1-ийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдэгч нар нь зээл, хүүгийн төлбөрийг cap бүр бүрэн төлөх үүрэгтэй боловч 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн тул банкнаас удаа дараа зээлийн төлбөрийг төлөх тухай Мэдэгдэл-ийг зээлдэгчид өгч, мөн удаа дараа биечлэн уулзалт хийж зээлийн төлбөрийн зөрчлөө арилгах шаардлага тавьж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч Т б ХХК-д хохирол учруулж байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 2,848,249.82 төгрөг, хүүнээс 5,950,616.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 6,500.25 төгрөг, нийт 8,805,366.98 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэнээр үндсэн зээлийн төлбөр 42,151,750.18 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 18,430,513.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 600,839.16 төгрөг, нийт 61,183,102.57 төгрөг болж хуримтлагдсан байна. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 30 дугаар зүйлийн 30.1, талуудын хооронд байгуулсан 105400349635 тоот орон сууц барьцаалсан хэрэглээний зээлийн гэрээ зэргийг үндэслэн нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 61,197,602.57 төгрөгийг зээлдэгч нараас нэхэмжилж байна. Зээлдэгч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Улаанбаатар хот 0 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэв.
Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зээлийн үндсэн төлбөрийн үнийн дүнд маргахгүй. Харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй. Учир нь улс орны эдийн засгийн байдал ковид гарсантай холбоотойгоор хүндэрсэний улмаас бидний эрхэлж байсан бизнес зогссон. Ингээд зээлээ төлөх боломжгүй болсон. Банктай эвлэрье гэхэд 2 сарын хугацаа л өгнө гэсэн. Яагаад ийм шударга бус байгаа юм бэ, орлогогүй байгаа хүмүүсээс яаж 2 сарын дотор 60,000,000 төгрөг гаргуулах юм бэ. Бизнес эрхэлж байгаа хүмүүсээ банк нь, төр засаг нь дэмжих ёстой байтал ковидын үеийн зээлийн хүүг зогсоох ёстой. Манай нөхөрийг яагаад хамтран зээлдэгчээр оруулсан юм бэ. Тухайн үед заавал нөхрөөрөө гэрээ дээр гарын үсэг зуруулах ёстой гэхээр нь би очоод зуруулсан. Түүнээс манай нөхөр хамтран зээлдэгчээр орохгүй байсан. Хамтран зээлдэгчээс нөхрөө хасуулах хүсэлт гаргахад хүлээж аваагүй. Би өмнөх шүүх хуралдаанаар өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан. Ингээд хурлаас тараад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрэх талаар ярилцахад ...та өмгөөлөгч аваад хэрэггүй, өмгөөлөгчдөө төлөх хөлсөө зээлэндээ төлж байсан нь дээр танд бид хугацаа олгоно гэж хэлсэн болохоор нь би өнөөдөр өмгөөлөгчгүй шүүх хуралд ирсэн. Гэтэд надад олгоно гэж байсан хугацаагаа олгосонгүй, би гомдолтой байна. Би 1 дүгээр курсээсээ хойш нөхөртэйгөө энэ дүүрэгт компани байгуулж, бизнес эрхэлж, татвар төлсөөр ирсэн гэдгийг үе үеийн Баянзүрх дүүргийн засаг дарга нар мэднэ. Гэхдээ бид ковидын үеийн хөнгөлөлт байх болов уу гэж ойлгож байна. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надад огт байхгүй гэж хэлсэн. Үндсэн төлбөрт маргахгүй, үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч надад хугацаа олгох юм бол бүх төлбөрийг зөвшөөрье гэж бодсон боловч О.Т өнөөдрийн хурлаас 1 цагийн өмнө надад боломжгүй гэсэн шийдвэр гарсан гэж хэллээ. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг ковидын нөхцөл байдлаас болж төлөх боломжгүй байна. Барьцааны байрыг аав, ээж маань анх авч өгч, хадаг уяж өгч байсан тул манай нөхөр бид хоёр байрыг барьцаанд өгөх боломжгүй байна. Би Т б-ны захирлыг төсөл хэрэгжих гэж байгаа газраа хүртэл дагуулж яваад бодит байдлаа үзүүлээд хэлсэн. Манай төсөл эхлэхээс 7 хоногийн өмнө хил хаагаад хөрөнгө оруулагч маань ирэх, бид очих боломжгүй болсон. Дэлхий даяар хямрал болж байхад яагаад Т б хүүг зогсоох юм уу, хөнгөлөх хугацаа олгож болохгүй юм уу гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
- нэхэмжлэгчээс гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019 оны 05 сарын 29-ний өдөр З.Т-аас Т б-нд гаргасан хүсэлт, зээлдэгчийн анкет, мемориалын баримт, 2019 оны 06 сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн дансны харилцагчийн хуулга, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, барьцаалбар, Б.Таас З.Т-д 2019 оны 05 сарын 29-ний өдөр олгосон итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүд, зээлдэгчтэй уулзалт, утсаар ярьсан тэмдэглэлүүд, З.Т-с банкинд гаргасан хүсэлтүүд,
- хариуцагчаас гаргасан эмнэлгийн магадлагаа,
- шүүхийн журмаар бүрдүүлсэн зээл, хүүний тооцооны хүснэгт зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т б ХХК нь хариуцагч З.Т, Б.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 61,197,602.57 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч нар үндсэн төлбөр 42,151,750 төгрөгийг зөвшөөрч, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эс зөвшөөрч маргасан.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагч нарт холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Т б ХХК болон хариуцагч З.Т, Б.Т нар 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 45,000,000 төгрөгийг орон сууц барьцаалсан хэрэглээний зээлийн зориулалтаар сарын 2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлэхээр тохирчээ. /хх-ийн 12-14 дүгээр тал/
Түүнчлэн зохигчид уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж, Б.Т-н өмчлөлийн 0 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. /хх-ийн 15-16, 19-20 дугаар тал/
Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр эрх бүхий хуулийн этгээд нь зээлдүүлэгчийн хувьд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан гэрээний харилцаа үүсчээ.
Барьцааны гэрээг талууд бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байх тул тэдгээрийн хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.
Зохигчид зээлийн гэрээний зүйл болох 45,000,000 төгрөгийг зээлдэгч нарт зээлдүүлэгчээс хүлээлгэн өгсөн эсэх талаар маргаагүй ба хэргийн 11 дүгээр талд авагдсан мемориалын баримтаар зээлдэгч Б.Т-ын эзэмшлийн 102300283778 тоот дансанд 45,000,000 төгрөгийг зээл олгов гэх гүйлгээний утгаар нэхэмжлэгч Т б ХХК-иас шилжүүлжээ.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр хариуцагч З.Т, Б.Т нар нь зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг ашигласан хугацааны хүүгийн хамт 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хооронд сар бүр 1,470,886.98 төгрөгөөр төлж барагдуулах үүрэг хүлээсэн байна. /хх-ийн 14 дүгээр тал/
Хариуцагч буюу зээлдэгч З.Т, Б.Т нар нь 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хугацаанд зээл, хүүгийн төлбөрт нийт 8,805,336 төгрөгийг төлж, 2019 оны 12 дугаар сараас эхлэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн үйл баримтад талуудын хэн аль нь маргаагүй тайлбарласан. Уг үйл баримт нь зээлдэгчийн дансны хуулга, зээл, хүүгийн тооцооллын хүснэгтээр тогтоогдсон. /хх-ийн 17-18, 82-83 дугаар тал/
Нэхэмжлэгч Т б ХХК-иас зээлдэгч нарыг зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгч, уулзалт, утсаар ярих замаар мэдэгдэж байсан болох нь зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүд, зээлдэгчтэй уулзалт, утсаар ярьсан тэмдэглэлүүдээр тогтоогдсон. Мөн зээлдэгч З.Т-аас удаа дараа Т б ХХК-д бичгээр ...барьцаанд байгаа хөрөнгөө худалдан борлуулах замаар зээлийн төлбөрийг төлнө, хугацаа олгохыг хүссэн байна. /хх-24-37 дугаар тал/
Гэвч Т б ХХК-иас хугацаа олгосон байх боловч үр дүн гараагүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаанаас өмнө гэрээг цуцалж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрх үүссэн байна.
Хариуцагч нар нь зээлийн гэрээний үндсэн үүрэг 42,151,750.18 төгрөг үлдсэн, төлвөл зохих үндсэн хүүгийн төлбөр 18,430,513.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 600,839.16 төгрөгийн хэмжээнд маргаагүй. Харин хариуцагч нар нь зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.
Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ ...шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш эвлэрэх хүсэлт гаргахад уг хүсэлтэд хариу өгөөгүй, ковидын улмаас хөл хорио тогтоож, бизнесийн үйл ажиллагаа доголдож зээлийн төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн. Ковидын үед зээлийн хүүгээс чөлөөлөгдөх ёстой гэж тайлбарласан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт тус тус зааснаар зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэх эрхтэй. Уг эрхийн хүрээнд хариуцагч нараас эвлэрэн хэлэлцэх хүсэлт гаргасныг нэхэмжлэгч эвлэрэх нөхцөлийг хүлээн зөвшөөрөөгүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчтай эвлэрэх эсэх нь түүний эрхийн асуудал тул эвлэрэх талаар хариу өгөөгүй нь хариуцагч нар зээлийн гэрээний дагуу хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан биш юм.
Түүнчлэн хариуцагч нар нь Ковид-19 өвчний цар тахал гарч хөл хорио тогтоосоны улмаас зээлийн төлбөр төлөх хуваарь зөрчсөн гэж тайлбарлаж байгаа боловч зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх хуваарийг 2019 оны 12 дугаар сараас эхлэн зөрчсөн байна. Тухайн цаг хугацаанд Монгол Улсад хөл хорио тогтоогоогүй байсан ба хариуцагч нарыг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Мөн хариуцагч нарын авсан зээлийн гэрээний зориулалт нь хэрэглээний зээл байх тул Ковидын үеийн хугацааны хүү зогсоох зээлийн төрөлд хамаарахгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбараа хариуцагч өөрөө нотлох баримтаар нотлох үүрэгтэй. Хариуцагч нар нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлаа баримт гаргаж нотлоогүй.
Мөн хариуцагч З.Т-с гаргасан зээлийн гэрээний үүргийг Б.Т хариуцахгүй, манай нөхөр миний гуйлтаар гэрээнд гарын үсэг зурсан гэх татгалзал үндэслэлгүй. Тэрээр 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцож үүрэг хүлээж, хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан. Өөрийн эзэмшлийн дансаар зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Т нь хамтран үүрэг гүйцэтгэгч байна.
Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байна. Үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцно гэж заасан байна.
Зээлдэгч нар нь 2019 оны 12 дугаар сараас эхлэн зээлийн төлөлт огт төлөөгүй, хуваарь зөрчсөн байх ба нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөр зээлийн гэрээг тасалбар болгон цуцалж, уг өдөр хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардсан болохыг дурдах нь зүйтэй.
Иймд хариуцагч З.Т, Б.Т нараас зээлийн үндсэн төлбөр 42,151,750.18 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 18,430,513.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 600,839.16 төгрөг, нийт 61,183,102.57 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т б ХХК-д олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс хариуцагч нарт холбогдуулан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд байгуулсан барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн эрх нь хариуцагч Б.Т-ын өмчлөлийн хөрөнгө байна. /хх-ийн 19 дүгээр тал/
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.Т нь 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд барьцаалах, барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, лавлагаа авах, үүргийн гүйцэтгэлийг хангах эрхийг З.Т-д олгожээ. Гэхдээ барьцааны гэрээнд Б.Т нь өөрөө гарын үсэг зурж байгуулсан байна. /хх-ийн 21 дүгээр тал/
Харин дээрх итгэмжлэлийг үндэслэн З.Т нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж тус тус зааснаар үл хөдлөх хөрөнгө дээр суурилсан салшгүй холбоотой эрх учраас хуульд заасан журмын дагуу барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж, түүнчлэн 41.2-т Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй гэж, мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.
Нэгэнт үүрэг гүйцэтгэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч байх тул барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлтэй.
Иймд Б.Т-ын өмчлөлийн 0 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч нь шүүхэд хариуцагч нарыг зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүйтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргахын тулд нотариатын зардалд 14,500 төгрөг төлсөн гэж нэхэмжилсэн боловч уг нэхэмжлэлээ баримтаар нотлоогүй тул 14,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 61,183,102.57 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, нэхэмжлэлээс үлдэх хэсэг болох 14,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Бусад:
Хариуцагч З.Т нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр, хариуцагч Б.Т нь 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр тус тус нэхэмжлэлийн хувь гардаж авсан. Хариуцагч нараас шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.
Шүүх 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр шүүх хуралдааныг товлон зарласан ба тус өдөр хариуцагч нар өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасныг хүлээн авч, хуралдааныг хойшлуулсан. 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч нар нь өмгөөлөгчөө сонгон аваагүй байсан ба шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг үндэслэн хойшлуулсан.
Дараагийн шүүх хуралдаан 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр товлогдсон ба нэхэмжлэлийн хувь гардаж авахаас эхлээд шүүх хуралдаан хойшилж, дахин товлогдох хүртэл хугацаанд хариуцагч нар нь өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байхад уг эрхээ хэрэгжүүлээгүй.
Хариуцагч нар нь 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны товыг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр мэдэж, тов мэдэгдэх хуудаст гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул тэдгээрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч З.Т, Б.Т нараас 61,183,102.57 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т б ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 14,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б.Т-ын өмчлөлийн 0 тоотод байрлах, 43,69 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 534,065 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 534,065 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ