| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2017/02019/И |
| Дугаар | 101/ШШ2017/01937 |
| Огноо | 2017-06-06 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2017/01937
| 2017 оны 06 сарын 06 өдөр | Дугаар 101/ШШ2017/01937 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, Гэрэл төв 3 давхар, 309 тоот хаягт байрлах ******* ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар /-ийн ,
: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 31-1-38 тоот хаягт байрлах*******ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар /-д ,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 70,020,679 иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ХХК болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь*******ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Их тойруу гудамж, Цагдаагийн гудамж, 100 айлын уулзварын өргөтгөл шинэтгэлийн төслийн ажлын хүрээнд тус уулзварын гэрлэн дохиод суурилуулах ажлыг нийт 90,208,622 төгрөгөөр хийхээр болж 2014 оны 5 дугаар сарын 25-ны өдөр АГ14-01/12 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба урьдчилгаанд 20,187,943 төгрөгийг авсан.
Гэрээний дагуух ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэн өгсөн боловч*******ХХК нь гэрээний 3.1.3-д заасныг зөрчиж Гудамж төслөөс олгогдсон санхүүжилт бөгөөд Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн дагуу манай компанид төлөх ёстой 70,020,679 төгрөгийг хүлээн авсан атлаа өөр ажилд зарцуулсан гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл олгохгүй манай байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж байна.
Дээрх хугацаанд 2014 оны 5 дугаар сарын 25-ны өдөр АГщ14-01/12 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний дагуу манай компанийн гүйцэтгэсэн ажилтай холбоотой асуудлаар нэг ч удаа гомдол гараагүй бөгөөд чанар, стандартын шаардлагыг бүрэн хангаж байгаа болно.
Иймээс*******ХХК-иас 2014 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн АГ14-01/12 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 70,020,679 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгож өгнө үү гэв.
Хариуцагч*******ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:*******ХХК нь 2014 онд Гудамж төслөөс хэрэгжүүлсэн 100 айлын уулзварын ажлыг хийж гүйцэтгэхдээ нэхэмжлэгч тал болох ******* ХХК-ийг Ажил гүйцэтгэх гэрээ ГД:АГ14-01/12-ээр ажиллуулсан. Үлдэгдэл төлбөр болох 70,020,679 төгрөгийг манай байгууллага төлөх нь үнэн болно.
Манай байгууллагын сангийн яамнаас авах тус ажлын санхүүжилт болох 339,000,000 төгрөг 2014 оноос хойш шийдэгдэхгүй удаж байгаа нь нэхэмжлэгч талд төлөх төлбөрийг барагдуулах хугацааг өнөөдрийг хүргэх шалтгаан болж байна.
Гэвч бид захиалагч болон санхүүжүүлэгч талд олон удаа албан шаардлага хүргүүлсний эцэст 2017 оны төсөвт уг ажлын санхүүжилтээ суулгуулж чадсан. Иймд сангийн яамнаас санхүүжилт орж ирмэгц эсхүл тус санхүүжилтээс өмнө бидний энэ жил хийгдэх ажлын тодорхой санхүүжилт орж ирмэгц нэхэмжлэгч талд төлөх өр төлбөрийг бүрэн барагдуулах болно гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч*******ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 70,020,679 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч*******ХХК нь нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрч маргаагүй бөгөөд Гудамж төслөөс хэрэгжүүлсэн Сүхбаатар дүүрэг, 100 айлын уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэх ажлын төсөв Сангийн яамнаас олгогдоогүй саатсанаас шалтгаалж, 70,020,679 төгрөгийг ******* ХХК-д төлж чадаагүй хэмээн шүүхэд тайлбарласан.
Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.
Талууд 2014 оны 5 дугаар сарын 25-ны өдөр АГ14-01/12 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, ажил гүйцэтгэгч тал болох ******* ХХК нь захиалагч тал*******ХХК-ийн гүйцэтгүүлэх ажил болох Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 100 айлын уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч тал нь гэрээнд заасан төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон, уг гэрээ нь талуудын сайн дурын үндсэн дээр хийгдсэн, хүчин төгөлдөр байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар нэхэмжлэгч нь дээрх ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг бөгөөд гэрээний дагуу үйл ажиллагаа явагдаж тодорхой үр дүнд хүрснээр захиалагч тал нь ажил гүйцэтгэгчид төлбөр төлөх үүрэг хүлээдэг.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ******* ХХК болон*******ХХК-ийн гаргасан Тооцооны үлдэгдлийн баталгаа-аас үзэхэд*******ХХК нь 70,020,679 төгрөгийг ******* ХХК-д төлөх төлбөрийн өртэй гарсныг талууд харилцан баталжээ.
Иймд хариуцагч*******ХХК-иас 70,020,679 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч*******ХХК-иас 70,020,679 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 565,080 төгрөгийн 508,053 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 57,027 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 дугаар данснаас буцаан гаргуулж, хариуцагч*******ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 508,053 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА