2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/566

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

хохирогч Э.А,

шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305027730022 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Д-ын Э, Монгол Улсын иргэн, 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаар ***, урьд:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 894 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Э нь хохирогч Э.А-ийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч Д.Э нь 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр *** тоотод хохирогч Э.А-ийн биед “дүү Х-г өмөөрлөө” гэх шалтгаанаар халдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, зүүн ухархайн дотор, доод ханын хугарал, зүүн дээд зовхинд шарх, зүүн, баруун дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн нүдний алимын салстад цус харвалт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дахь тал),

- Хохирогч Э.А-ийн “...Өнөөдөр буюу 2023.07.20-ны өдөр би гэрт байхдаа манай хүүхэд гэрт орж ирээд “...гадаа Х аниа уйлаад байна, утсаа өгөөч гээд байна...” гэхээр нь би гараад очиход Х гэх хажуу айлын эмэгтэй жоохон хүүхэд тэвэрсэн байсан. Тэгээд Х надад “аниа утсаа өгч байгаач, цагдаад дуудлага өгөх гэсэн юм” гээд миний утсыг аваад дуудлага өгсөн. Дуудлага өгчхөөд “манай ах миний утсыг авчихлаа. Та ороод аваад өгөөч” гэхээр нь би гэрт нь ороход Х-г зодсон гэх залуу байсан. Тэгээд тэр залууд би “Х утсаа нэхээд байна, чамд байгаа юм уу” гэтэл “чамд ямар хамаатай юм бэ, г**** минь” гэхээр нь би “чи өгчхөөч” гэсэн чинь гараараа боогоод чирч унагаагаад гараараа миний зүүн нүд рүү цохичихсон. Тэр залууг би танихгүй. Манай хөрш айлын Х гэх охины ах нь гэсэн. Намайг ямар шалтгааны улмаас цохисныг нь би мэдэхгүй. Дүүг нь өмөөрөөд утсыг нь өг гэсний төлөө намайг цохисон. Миний зүүн нүднээс цус гараад хавдаж хөхөрч хавдсан. Шүд өвдөөд толгой эргээд өвдөөд байна. Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11, 14-15 дахь тал),

- Гэрч М.Х-ийн “...Манай нагац ах болох Э өөрийн эхнэртэйгээ муудалцсан гээд манайд ирсэн. Тэгээд 1 пиво ууж байгаад надаас утсыг минь аваад фейсбүүк ухаж байсан. Тэгээд фейсбүүк дотроос ахын эхнэр болох Н-ын мөн миний хоорондоо зугаалгаар гадагш амралтад явна гэсэн зурвасыг хараад уурлаж 4-5 удаа намайг цохисон. Үүний дараа би гэрийнхээ гадаа ахаас утсаа авах гээд зогсож байтал манай хажууд амьдардаг А эгч юу болсон  бэ гээд гараад ирсэн. Тэгээд би А эгчид манай ах миний утсыг аваад өгөхгүй байна гэхэд А эгч ахаас миний утсыг авах гэж очоод гараас нь зуурахад ах тавиулах гэж гараа савахдаа А эгчийн нүүр хэсэг рүү цохисон. Үүний дараа Э ахыг цагдаа нар ирээд аваад явсан. Миний нагац ах Э надтай хамт өсөөгүй, амьдардаггүй байсан тул балчир байх үеийн зан чанарыг нь би мэдэхгүй байна. Гэхдээ түүнтэй найр, наадмаар уулзахад нөхөрсөг, даруухан хүнтэй мууддаггүй хүн байсан. Тамхи татдаг, архи баяр, наадмаар л уудаг...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22 дахь тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 9404 дугаартай дүгнэлтэд “...Дүгнэлт: 1.Э.А-ийн биед зүүн ухархайн дотор, доод ханын хугарал, зүүн дээд зовхинд шарх, зүүн, баруун дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн нүдний алимын салстад цус харвалт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна. 4.Дээрх гэмтлүүд нь 2023.07.20-нд үүссэн байх боломжтой. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн (хавтаст хэргийн 25-29 дэх тал) зэрэг болно.

 Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

​​​​​​​1.2. Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 9404 дугаартай дүгнэлтээр хохирогч Э.А-ийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Э нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирогч Э.А-ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.

Шүүгдэгч Д.Э-ын хохирогч Э.А-ийг цохисон үйлдэл, хохирогчийн биед учирсан зүүн ухархайн дотор, доод ханын хугарал, зүүн дээд зовхинд шарх, зүүн, баруун дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зүүн нүдний алимын салстад цус харвалт гэмтлүүд нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас шүүгдэгч Д.Э-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

​​​​​​​1.3. Хохирол, хор уршиг

Хохирогч Э.А нь гэмт хэргийн улмаас биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан ба шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн баримтаар 96,000 төгрөгийг эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин хөлс, цаашид гарах эмчилгээний төлбөрийг тус тус нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Э-оос 96,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, хохирогч Э.А нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Учир нь хэрэгт хохирогч Э.А нь гэмт хэргийн улмаас дутуу авсан цалин хөлсийг тооцоолохтой холбоотой баримт, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримт тус тус авагдаагүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй юм.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Д.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 410 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Мөн урьд 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 894 дугаартай шийтгэх тогтоолоор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн боловч дээрх ялаа эдлээгүй байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасны дагуу тус тусад нь эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид учирсан хохирол 96,000 төгрөгийг нөхөн төлөгдөөгүй байна...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 88 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 33 дахь тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 37 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Д.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан/, шүүгдэгчийн хувийн байдал /урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан/ зэргийг тал бүрээс харгалзан үзэж шүүгдэгч Д.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Э-д нийтэд тустай ажил хийлгэх оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон газарт өдрийн наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Шүүгдэгч Д.Э нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 894 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн боловч тухайн ялыг биелүүлсэн эсэх нь тодорхойгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

​​​​​​​​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Э нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д 600 (зургаан зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д оногдуулсан 600 (зургаан зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон газарт өдрийн наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 894 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-оос 96,000 /ерэн зургаан мянга/ төгрөг гаргуулан хохирогч Э.А-т олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Э нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хохирогч Э.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг  тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АМАР