Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/175

 

Б.У-т  холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Пүрэвдагва,

шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЗ/1809 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Ганбулганы бичсэн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 71 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Б.У-т холбогдох эрүүгийн 1902 00437 0045 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

З овгийн Б-ийн У, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокуророор ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ...-ийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ... /;

 

Б.У нь Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Н.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1531 дугаар зүйлийн 1531.1 дэх хэсэгт заасан яллагдагч Т.М-д холбогдох эрүүгийн 201301051889 дугаартай “2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул-2 худалдааны төвийн 2 дугаар давхарт гал гарч бусдын эд хөрөнгө устгасан” гэх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан дуусгаж 2015 оны 2 дугаар сарын 22-ны өдөр “Хэргийг прокурорт шилжүүлэх” тухай мөрдөн байцаагчийн тогтоолоор Чингэлтэй дүүргийн прокурорын газарт ирүүлснийг туслах прокурор Ж.С-ийн 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн “х/п У шийдвэрлэе” гэсэн цохолтоор Б.У нь хэргийг хяналтдаа хүлээн авч, албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан, зориуд хэрэгжүүлэлгүй, хийх ёсгүй үйлдлийг хийсэн буюу Прокурорын байгууллагын нэгдсэн цахим бүртгэл, мониторингийн системд хэргийг 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 60 дугаартай яллах дүгнэлт үйлдэн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд шилжүүлсэн гэсэн төлөвтэй мэдээлэл оруулж, 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 39 дугаартай тогтоолоор яллах дүгнэлтийг хүчингүй болгосон гэсэн мэдээллийг цахим бүртгэлд бүртгэсэн, мөн өдрөө тусгаарласан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 189 дүгээр зүйлийн 189.2 дахь хэсэгт заасан яллагдагч Ш.О-д холбогдох эрүүгийн 2015250001720 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1531 дугаар зүйлийн 1531.1 эх хэсэгт заасан яллагдагч Т.М-д холбогдох эрүүгийн 201301051889 дугаартай хэргийг нэгтгэсэн гэсэн худал мэдээлэл оруулан хаалт хийж, хэргийг өөрийн сейфэнд шийдвэр гаргалгүй 2018 оны 11 дүгээр сар хүртэл дарагдуулсан,

өөрийн албаны үүргээ зориуд хэрэгжүүлээгүй, хийх ёсгүй үйлдлийг хийсэн үйлдлээ нуух зорилгоор 2018 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.О-т “Манай ажил дээр шалгалт ирэх гээд байна. Миний хяналтад байгаа нэг хэргийг түр аваад өөр дээрээ байлгаж байгаач, удахгүй буцаагаад авна. Нарантуул худалдааны төв шатсан хэрэг байгаа юм.” гэж хэлэн өгч явуулсан,

яллагдагч Т.М-д давуу байдал бий болгож, хөөн хэлэлцэх хугацааг дуусган, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөлд хүргэсэн;

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ж.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн 171100318 дугаартай “Х” ХХК нь 2016 онд бусад аж ахуйн нэгжүүдэд бараа худалдан борлуулсан, ажил үйлчилгээ нийлүүлсэн мэтээр нийт 121 ширхэг НӨАТ-ын падаан хий бичилт хийж 4.602.382.364,54 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвараас санаатайгаар зайлсхийсэн” гэх хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан дуусгаж 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” мөрдөгчийн санал гарган Чингэлтэй дүүргийн прокурорын газарт хүргүүлснийг мөн өдөр хяналтын прокурор Б.У хяналтдаа хүлээн авсан боловч шийдвэр гаргалгүй Прокурорын байгууллагын нэгдсэн мониторингийн системд 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан мэт дугааргүй шивж оруулан, эрүүгийн 171100318 дугаартай хэргийг буюу хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг устгасан;

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан яллагдагч С.М-д холбогдох эрүүгийн 201725030081 дугаартай “2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ...ё тоотод оршин суух П.М-ын гэрийн хаалгыг эвдэн 3 ширхэг буу, бөгж, цагаан сувдан хослол алдагдсан” гэх олон үйлдэлтэй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан дуусгаж, 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай гаргасан Чингэлтэй дүүргийн прокурорын газарт ирүүлснийг хяналтын прокурор Б.У нь цохолтоор хяналтдаа хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 3 дугаартай эрүүгийн хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоолоор С.М-д холбогдох эрүүгийн 201725030081 дугаартай хэргээс яллагдагч С.М-д холбогдох эрүүгийн 201725030400 дугаартай тусгаарласан эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн, тусгаарласан эрүүгийн 201725030081 дугаартай хэргийн нотлох баримтуудыг эх хувиар нь болон хуулбар хувийг авч хэргийн материал тусгаарлаагүй, тус хэрэгт ямар нэг прокурорын шийдвэр гаргаагүй, хэргийн материалыг мөрдөн шалгах байгууллагад мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шилжүүлээгүй, хэргийн материал буюу хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, дээрх эрүүгийн 201725030081 дугаартай хэргийг устгасан хууль бус үйлдлээ нуух зорилгоор Прокурорын байгууллагын нэгдсэн мониторингийн цахим системд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 382 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдсэн гэж худал мэдээлэл оруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Б.У-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Хэргийг хаасан гэх компьютер нь байгууллагын данс бүртгэлд байдаг эсэхийг тогтоох, мөн хэзээ, хэний эрхээр, ямар IP хаяг /интернет протокол/-аар хэн нэвтэрч дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгдсэнийг тогтоох, С.М-д холбогдох эрүүгийн 201725030400 дугаартай хэрэгт холбоотой ач холбогдол бүхий баримтуудыг эх хувиар нь хавтас хэрэгт хавсаргасан гэсэн боловч уг баримтууд эх хувиараа хэрэгт авагдаагүй. Хэрэг бүртгэлтийн 1711 00318 дугаартай “Х” ХХК-нд холбогдох алга болсон хэргийг шүүгдэгч Б.У хүлээн авч гарын үсэг зурсан эсэх талаар нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж дүгнэж, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Ганбулган бичсэн эсэргүүцэлдээ: “...Мөрдөгч 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр прокурорын байгууллагын цахим бүртгэлийн мониторингийн системийн программд Улсын Ерөнхий Прокурорын газрын хяналтын прокурорын Д.Б-ыг оролцуулан мөрдөн байцаалтын 201301051889, 201725030081, хэрэг бүртгэлтийн 171100318 дугаартай хэргүүдийг цахим бүртгэлд бүртгэгдсэн байдлыг шалгахад дараах нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд:

 201301051889 дугаартай хэрэгт 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 60 дугаартай тогтоолоор шүүхэд шилжүүлсэн, яллах дүгнэлтийг 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 39 дугаартай тогтоолоор хүчингүй болгосон, эрүүгийн 2015250001720 дугаартай хэрэгт 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 201301051889 дугаартай хэрэг нэгтгэгдсэн, эрүүгийн 2015250001720 дугаартай хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.1-т заасан үндэслэлээр 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 296 дугаартай тогтоолоор түдгэлзүүлсэн, эрүүгийн 201725030081 дугаартай хэрэгт 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 382 дугаартай шийдвэрээр эрүүгийн хэргийг “шүүхэд шилжүүлсэн” гэж бүртгэсэн, хяналтын прокурорын нэр хэсэгт “6883” гэсэн код бичигдсэн. Уг кодыг хэн эзэмшдэг талаар үзлэгийн ажиллагаанд оролцогч Д.Б-аар шалгуулж үзэхэд хяналтын прокурор Б.У-ийн дугаар байсан. Хэрэг бүртгэлтийн 171100318 дугаартай хэргийг хяналтын прокурор Б.У 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хааж шийдвэрлэсэн талаар бүртгэгдсэн боловч шийдвэрийн дугааргүй бүртгэгдсэн, лог хэсэгт туслах ажилтан Б.У-ын эрхээр 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр тус шийдвэрийг бүртгэсэн талаар мэдээлэл бүртгэгдсэн нөхцөл байдал тус тус тогтоогдсон. Мөн Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх хүртэлх хугацаанд хяналтын прокурор цахим сангийн бүртгэлийг өөрийн эрхээр бүртгэдэг. Прокурорын туслах ажилтан цахим сангийн бүртгэлийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хийх эрхтэй болсон талаар үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан ба хэргийг хэн, хэзээ, хэний эрхээр бүртгэсэн болох нь тогтоогдсон, мөн хэргийг хэн бүртгэснээс хамаарч хэргийн зүйлчлэл, субъект өөрчлөгдөхгүй. Мөрдөгч нь 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр С.М-д холбогдох эрүүгийн 201725030400 дугаартай 31 хавтас хэрэгт үзлэг хийж, үзлэгээр 8 дугаар хавтасны 149, 159-160, 169-171 дүгээр хуудас, 9 дүгээр хавтасны цагдаагийн дэслэгч Д.Б 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр эрүүгийн 201725030081 дугаартай хэрэг нэгтгэсэн тогтоол 1 хуудас, 140-145, 147 дугаар хавтас, 10 дугаар хавтасны 67, 68-73, 75-76, 92-93, 94, 95, 108-122, 207-212, 213-214, 241 дүгээр хуудас, 21 дүгээр хавтасны 157-188 дугаар хуудас, нийт 86 хуудас нотлох баримтыг хуулбарлан авсан ба 2 дугаар хавтас хэргийн 82-167 дугаар хуудаст хуулбарлан авсан нотлох баримтууд авагдсан, харин тус хэргээс эх хувиар нь нотлох баримтыг авсан талаар үзлэг хийсэн тэмдэглэлд тусгаагүй, шүүгчийн захирамжид эх хувиар нь нотлох баримтыг хавсаргасан талаар дурдсан нь ойлгомжгүй байна. Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/4148 дугаартай албан бичгийн хавсралт /1 хх 130/, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/39 дугаартай албан бичгийн хавсралт /1 хх 141/, 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1/1781 дугаартай албан бичгийн хавсралт /3 хх 211/-аар Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэрэг, материал хүлээлцдэг дэвтрийн 4 дүгээр хуудаст хэрэг бүртгэлтийн 171100318 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хяналтын прокурор Б.У гарын үсэг зуран хүлээн авсан талаар тэмдэглэгдсэн байгаа нь тус хэргийг Б.У хүлээн авсан болох нь нотлогдсон. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.

 

Прокурор Д.Пүрэвдагва тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэн хаанаас ямар IP хаягаар орсон болохыг үзлэг хийсэн тэмдэглэлд тусгасан. 171100318 дугаартай хэрэгт хэний IP хаягаар нэвтэрсэн болоход үзлэг хийхэд туслах ажилтан Б.У-ын хаяг байсан. Хяналтын прокурор энэ хэргийг хүлээж авсан. Туслах ажилтны эрхээр хаалт хийгдсэн нь хэргийн зүйлчлэлд хамаарахгүй. 2020 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүлээж авсан гэж буруу бичигдсэн байна. Энэ нь 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хүлээж авсан. 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 60 дугаартай яллах дүгнэлтээр хэргийг хаасан мэдээлэл 6883 дугаартай прокурор Б.У-ийн эрхээр хийгдсэн. Туслах ажилтан прокурорын албан ёсны шийдвэр гарсны дараа шийдвэрийн хүрээнд дугаар, огноо олгодог. Шийдвэр гараагүй байхад цахим бүртгэлд бүртгэх боломжгүй. 1 дүгээр хавтасны 130 дугаар талд авагдсан албан бичиг мэдээлэл баримт бичиг гаргуулан авч байгаа нь бүгд адилхан баримт. Ийм учраас энэ бол нэг хүн, гарын үсэг нь мөн байна гэж үзсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтаар үйл баримт нь тогтоогдсон. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд шүүх шийдвэрлэх боломжтой гэж үзэж байх тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, би 2018 оны 11 дүгээр сард ээлжийн амралтаа авсан байсан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэрч О, Г нар оролцсон. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээ шүүхийн шатанд үгүйсгэсэн. 4 дүгээр сард У гэх туслах ажилтан байгаагүй. Тэр эрхээр орж бүртгэсэн асуудлыг ойлгохгүй байна. 6383 дугаартай IP кодыг миний эрх гэж үзэхгүй байна. 100000150 гэж миний эрх байсан. Хэргийн тооллогыг жилд 2 удаа хийдэг байсан. Нарантуул шатсан хэрэг нь 2015 дугаартай хэргээр тоологдож шийдвэрлэгдээгүй байгаа гэдгийг мөрдөн байцаах тасгийн дарга болон бусад хүмүүс мэдэж байсан. Би 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ажлаасаа гарсан. Тухайн үед өмнө хийгдэж байсан тооллого, жилийн эцсийн тооллогын үеэр татвар төлөхөөс зайлс хийсэн хэрэг, М-аас тусгаарласан гэх хэргийг тухайн үед надаас нэхэж байгаагүй. М-ын тусгаарласан хэргийн үйлдлээ нуухын тулд шүүхэд шилжүүлсэн гэж худал мэдээлэл оруулсан байна гэсэн. Энэ мэдээллийг туслах ажилтан буруу оруулсан байна. Шүүх рүү шилжээгүй байна гэдгийг миний ажлыг авсан Э, Ц нар хүлээн зөвшөөрсөн. Хэрэг хүлээн авсан бүртгэлд 2 хэргийн дугаар бичиж дунд нь би гарын үсэг зурсан нь миний гарын үсэг мөн. Бүхэл бүтэн 2 хавтастай хэргийг алга болгох, устгах санаа зорилго байхгүй. Ямар нэгэн байдлаар устгаж бусдад давуу байдал олгох санаа зорилго байхгүй. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.У-ийн өмгөөлөгч Б.Мөнхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Прокурор У ажлаа хүлээлгэж өгөхөд ажлын хэсэг гарч гар дээр байсан хэргийг тоолж хүлээж авсан. Үүнээс 1 жил гаруй хугацааны дараа өөрийн чинь хэрэг алга болсон гэж буруутгасан. 6883 дугаартай код бичигдсэн байгаа учир үүгээр У хийсэн болох нь тогтоогдсон гэж прокурор эсэргүүцэл бичсэн. Тухайн бүртгэлд орсон IP хаяг /интернет протокол/-ийг үзэж цаг хугацаагаар нь гаргаж ирэх боломжтой. Улмаар үүнийг У хийсэн эсэх нь тодорхой болно. М-д холбогдох хэргийг түдгэлзүүлж шийдсэн гэдгийг У мэдүүлэгтээ хэлсэн. М-д холбогдох хэргийн шийдвэр нь О-д холбогдох хэргийн материалд байж болзошгүй учир түүнийг шалгаж өгнө үү гэх талаар удаа дараа хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Энэ хэргийг түдгэлзүүлж шийдсэн гэдгээ У санаж байгаа учир энэ байдлыг тодруулах гэсэн боловч хүлээж аваагүй. М-д холбогдох хэрэгт үзлэг хийж холбогдох баримтыг хавсаргалаа гэж мөрдөгч тэмдэглэлдээ бичсэн боловч хэрэгт үзлэг хийж аваагүй. Албан шаардлага хүргүүлсний дагуу цагдаагийн хошууч О-ийн ирүүлсэн материалыг үзлэг хийхдээ авсан материал мэтээр тайлбарлаж байх тул үзлэг хийхдээ бэхжүүлсэн баримт гэж үзэх боломжгүй. 1 дүгээр хавтас хэргийн 131 дүгээр талд авагдсан баримтад У-ийн гарын үсэг байхгүй. Хэрэг шалгах ажиллагааны явцад хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг гэж үзэж буруутгахдаа хувийн ашиг сонирхол юу байсныг тогтоож байж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт буруутгана. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэрэг бүрт давуу байдал олгосон гэж үзэж болохгүй. Шүүгчийн захирамжид зааснаас гадна давуу байдал олгосон гэдгийг нотлохын тулд хувийн ашиг сонирхол гэдэг зүйлийг тогтоож гэмт хэрэг мөн эсэхийг тогтоох ёстой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зориудаар нотлох баримтыг устгасан бол гэсэн зохицуулалт байж байгаад 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс зориуд гэдэг үгийг хассан. Зориудаар энэ материалыг устгасан эсэхтэй холбоотой ажиллагаа хийгдэх ёстой. “Х” ХХК-тай холбоотой хэргийг авсан эсэхээ санахгүй байна гэж мэдүүлсээр байтал чи устгасан байна гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид зааснаас гадна шалгаж тодруулах олон зүйл байгаа учир прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт мөрдөгч О “надад хадгалж байгаарай гэж өгсөн” гэж мэдүүлсэн. Гэтэл гэрч Г “хэргийн тооллого болох гэж байсан учир тооллогод оруул гэж прокурор хүргүүлсэн” гэж мэдүүлсэн. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан учир прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “...Хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотлох, ...хэргийг хаасан гэх комьютер нь байгууллагын данс бүртгэлд байдаг эсэх, мөн хэзээ хэний эрхээр ямар интернет протоколоор хэн нэвтэрч гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг тогтоох, ...баримтуудыг хэрэгт эх хувиар нь хавсаргасан гэсэн боловч баримтууд эх хувиараа авагдаагүй, ...хэрэг бүртгэлтийн 171100318 дугаартай хэргийг шүүгдэгч хүлээн авч гарын үсэг зурсан эсэхийг тогтоох” гэсэн үндэслэлүүдийг зааж Б.У-т холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болжээ.

                                                         

Мөрдөн шалгах ажиллагаагаар гэрч Д.Ц-ийн: “...О-аас асуухад “Б.У прокурор намайг түр аваад байж байгаач, шалгалт дуусахаар эргүүлж авна гэхээр нь аваад байж байгаад 2018 оны 12 дугаар сард тасгийн мөрдөгч О.Г-ээр өгүүлсэн боловч буцаагаад явуулчихсан байсан. Хяналт шалгалтын хүрээнд гаргаж өгч байна” гэж хошууч О хэлсэн. ...” /1 хх 88/,

 

гэрч Б.О-ын “...2018 оны 11 дүгээр сарын үед Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.У нь Чингэлтэй дүүргийн прокурорын газарт байрлах өөрийнхөө өрөөнд байхдаа “Манай ажил дээр шалгалт ирэх гээд байна. Миний хяналтад байгаа нэг хэргийг түр аваад өөр дээрээ байлгаж байгаач, удахгүй буцаагаад авна, Нарантуул худалдааны төв шатсан хэрэг байгаа юм.” гэж хэлсэн. ...Ингээд би хэргийг нь аваад Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 205 дугаартай албан өрөөндөө авч ирээд өөрийнхөө сейфэнд хийсэн. ...Үүнээс хойш Б.У 2019 оны 3 дугаар сард прокурорын ажлаас чөлөөлөгдсөн байсан тул уг хэргийг ахлах прокурор Ц-д 2019 оны 3 дугаар сарын сүүлээр хүлээлгэж өгсөн. ...Хэргийг 2018 оны 11 дүгээр сард авсан. 2018 оны 12 дугаар сард буцааж Ө.Г-ээр хүргүүлсэн. Намайг 2019 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн үед ажилдаа ороход над руу буцаан хүргүүлсэн байсан. Хэзээ миний өрөөнд хүргэгдэж ирсэн талаар мэдэхгүй. 2019 оны 3 дугаар сард У прокурор ажлаас чөлөөлөгдсөн. Ингээд 2019 оны 4 дүгээр сард ахлах прокурор Ц-д хүлээлгэн өгсөн. ...” /1 хх 91-92/,

 

гэрч Ө.Г-ийн: “...ахлах мөрдөгч Б.О ээлжийн амралтаа аваад удаагүй байхдаа миний утас руу залгаад “Миний сейфэн дотор бичгийн цаасны хайрцагтай хэрэг байгаа. Б.У прокурорт хүргээ өгчих” гэж надад хэлсэн. Хэлсэн ёсоор сейфийг нь онгойлгоод үзэхэд тавиур дээр хайрцагтай хэрэг байсан. Хайрцагны тагийг авахад нэлээн хэдэн хавтас хэрэг байсан. Чингэлтэй дүүргийн прокурорын газарт очиж хяналтын прокурор Б.У-т хайрцагтай хэргийг өрөөнд нь оруулж өгсөн. Хэргийг оруулж өгөхөд Б.У прокурор шүүх хуралд гарах гэж байсан бөгөөд надад “Хайрцагтай хэргээ сейфэнд хийчих” гэж хэлсэн. Би хайрцагтай хэргийг сейфэнд нь хийгээд гарсан. ....Намайг Б.У прокурорт хэрэг өгснөөс хойш нэг их удаагүй, 10 гаруй хоногийн дараа эргэж ирсэн. Миний шалгаж байсан олон хавтастай хэрэг прокуророос буцаж ирэхэд хамт ирсэн байсан. Тэгэхээр нь би буцаагаад хайрцагтай нь Б.О ахлахын сейфэнд хийсэн. 2019 оны 4 дүгээр сарын дундуур дүүргийн прокурорын газраас ахлах прокурор Д.Ц миний өрөөнд сууж ажиллаж байхад ахлах мөрдөгч Б.О өрөөнд орж ирээд “У прокурор ажиллаж байхдаа надад түр аваад байж байгаач гэж хэлээд энэ хэргийг өгсөн. Энэ хэргийг одоо яах вэ” гэж хэлээд ахлах прокурор Д.Ц-д миний Б.У прокурорт хүргэж өгч байсан хэргийг танилцуулж байсан. ...” /1 хх 94-95/ гэх мэдүүлгүүдийг хэрэгт цуглуулсан бөгөөд мөн гэрчээр Б.О, Ө.Г, Т.М нараас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг авсан байна.

 

Гэрчийн мэдүүлгийн нотолгооны ач холбогдол нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан байхаас гадна тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй этгээдээс гаргуулсан эсэх нь хамааралтай бөгөөд энэ нь хэргийн оролцогчтой нэгдмэл, эсхүл хараат байж болох этгээдээс авсан мэдүүлгийн үнэн зөвийг бүрэн үгүйсгэхгүй боловч нотлох чадварын хувьд харьцангуй сул болохыг шүүх тооцох учиртай. Өөрөөр хэлбэл, хуульд заасан чиг үүргийн хувьд харилцан хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож мөрдөн шалгах чиг үүргийг хэрэгжүүлэгч албан тушаалтан, мөн холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналтыг хэрэгжүүлж байсан албан тушаалтан/прокурор/-ы эсрэг байдлаар мэдүүлэг өгсөн байж болзошгүй нөхцөл байдлыг шүүх зайлшгүй тооцох нь зүйтэй байна.

 

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулган 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 246 дугаартай яллах дүгнэлт үйлдэхдээ:

 

Б.У нь Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Н.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1531 дугаар зүйлийн 1531.1 дэх хэсэгт заасан яллагдагч Т.М-д холбогдох эрүүгийн 201301051889 дугаартай “2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул-2 худалдааны төвийн 2 дугаар давхарт гал гарч бусдын эд хөрөнгө устгасан” гэх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан дуусгаж 2015 оны 2 дугаар сарын 22-ны өдөр “Хэргийг прокурорт шилжүүлэх” тухай мөрдөн байцаагчийн тогтоолоор Чингэлтэй дүүргийн прокурорын газарт ирүүлснийг туслах прокурор Ж.С-ийн 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн “х/п У шийдвэрлэе” гэсэн цохолтоор Б.У нь хэргийг хяналтдаа хүлээн авч, албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан, зориуд хэрэгжүүлэлгүй, хийх ёсгүй үйлдлийг хийсэн буюу Прокурорын байгууллагын нэгдсэн цахим бүртгэл, мониторингийн системд хэргийг 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 60 дугаартай яллах дүгнэлт үйлдэн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд шилжүүлсэн гэсэн төлөвтэй мэдээлэл оруулж, 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 39 дугаартай тогтоолоор яллах дүгнэлтийг хүчингүй болгосон гэсэн мэдээллийг цахим бүртгэлд бүртгэсэн, мөн өдрөө тусгаарласан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 189 дүгээр зүйлийн 189.2 дахь хэсэгт заасан яллагдагч Ш.О-д холбогдох эрүүгийн 2015250001720 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай 1531 ангийн  дугаар зүйлийн 1531.1.1  дэх хэсэгт заасан яллагдагч Т.М-д холбогдох эрүүгийн 201301051889 дугаартай хэргийг нэгтгэсэн гэсэн худал мэдээлэл оруулан хаалт хийж, хэргийг өөрийн сейфэнд шийдвэр гаргалгүй 2018 оны 11 дүгээр сар хүртэл дарагдуулсан,

Өөрийн албаны үүргээ зориуд хэрэгжүүлээгүй, хийх ёсгүй үйлдлийг хийсэн үйлдлээ нуух зорилгоор 2018 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.О-т “Манай ажил дээр шалгалт ирэх гээд байна. Миний хяналтад байгаа нэг хэргийг түр аваад өөр дээрээ байлгаж байгаач, удахгүй буцаагаад авна. Нарантуул худалдааны төв шатсан хэрэг байгаа юм.” гэж хэлэн өгч явуулсан,

яллагдагч Т.М-д давуу байдал бий болгож, хөөн хэлэлцэх хугацааг дуусган, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөлд хүргэсэн;

 

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ж.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн 171100318 дугаартай “Х” ХХК нь 2016 онд бусад аж ахуйн нэгжүүдэд бараа худалдан борлуулсан, ажил үйлчилгээ нийлүүлсэн мэтээр нийт 121 ширхэг НӨАТ-ын падаан хий бичилт хийж 4.602.382.364,54 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвараас санаатайгаар зайлсхийсэн” гэх хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан дуусгаж 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” мөрдөгчийн санал гарган Чингэлтэй дүүргийн прокурорын газарт хүргүүлснийг мөн өдөр хяналтын прокурор Б.У хяналтдаа хүлээн авсан боловч шийдвэр гаргалгүй Прокурорын байгууллагын нэгдсэн мониторингийн системд 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан мэт дугааргүй шивж оруулан, эрүүгийн 171100318 дугаартай хэргийг буюу хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг устгасан;

 

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан яллагдагч С.М-т холбогдох эрүүгийн 201725030081 дугаартай “2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух П.М-ын гэрийн хаалгыг эвдэн 3 ширхэг буу, бөгж, цагаан сувдан хослол алдагдсан” гэх олон үйлдэлтэй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан дуусгаж, 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай гаргасан Чингэлтэй дүүргийн прокурорын газарт ирүүлснийг хяналтын прокурор Б.У нь цохолтоор хяналтдаа хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 3 дугаартай эрүүгийн хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоолоор С.М-д холбогдох эрүүгийн 201725030081 дугаартай хэргээс яллагдагч С.М-д холбогдох эрүүгийн 201725030400 дугаартай тусгаарласан эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн, тусгаарласан эрүүгийн 201725030081 дугаартай хэргийн нотлох баримтуудыг эх хувиар нь болон хуулбар хувийг авч хэргийн материал тусгаарлаагүй, тус хэрэгт ямар нэг прокурорын шийдвэр гаргаагүй, хэргийн материалыг мөрдөн шалгах байгууллагад мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шилжүүлээгүй, хэргийн материал буюу хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, дээрх эрүүгийн 201725030081 дугаартай хэргийг устгасан хууль бус үйлдлээ нуух зорилгоор Прокурорын байгууллагын нэгдсэн мониторингийн цахим системд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 382 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдсэн гэж худал мэдээлэл оруулсан” гэж хэргийн агуулгыг ойлгомжгүй байдлаар, шүүгдэгч нь гэм буруугийн ямар хэлбэрээр, ямар үйлдлийг хэзээ хийж, хэрхэн бусдад давуу байдал бий болгосон, энэ нь түүний хувийн ямар ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгыг хангасан зэргийг тодорхой дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т заасан шаардлагыг бүрэн хангаагүйгээс гадна яллагдагчийн хувьд мөн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх” эрх зөрчигдсөн гэж үзнэ.

 

Прокурорын яллах дүгнэлт хуульд заасан шаардлага хангаагүй нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.7, 34.14, 35.8 дугаар зүйлд заасны дагуу “Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд” яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцэхгүй болно.

 

Иймд прокурор Б.Ганбулганы бичсэн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 71 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЗ/1809 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЗ/1809 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Ганбулганы бичсэн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 71 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                         ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ