Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
Хэргийн индекс | 128/2022/0520/З |
Дугаар | 128/ШШ2022/0784 |
Огноо | 2022-10-25 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2022/0784
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Б********, Г***** Н********* К******;
Хариуцагч: Н**;
Н**-ын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн Нэгдүгээр хавсралтын 14 дэх хэсгийн Б.Б********, Г***** Н********* К****** нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Т*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У****** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Н**-ын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн Нэгдүгээр хавсралтын 14 дэх хэсгийн Б.Б********, Г***** Н********* К****** нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар
2.1.Нэхэмжлэгч Б.Б********, Г***** Н********* К****** нар шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний бүлэг иргэд Б*** хороо, Ж****-ын Хаан банкны хойд, Ж****-ын талбайн баруун талд орших 2 давхар автомашины тоосгон гражуудыг эзэмшдэг ба уг гражийн барилга нь газар чөлөөлөлтөд 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хамрагдахаар болсон тухай 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б*******-ийн Газар зохион байгуулалтын албаны даргын гарын үсэг бүхий мэдэгдэх хуудас граж бүрийн үүдэнд 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр наагдсан байна.
Бид уг мэдэгдэх хуудас наагдсаны дараа Б*******-ийн холбогдох албан тушаалтнуудад хандсан ба тэдгээр хүмүүс Н**-ын А/388 тоот захирамжаар танай граж буугдаж байгаа гээд цаашид уг газар юу хийхээр төлөвлөгдсөн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй. Уг захирамжийг гаргахдаа хэд хэдэн хуулийн үндэслэл болгосон байх боловч Газрын тухай хууль. Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл голлох үндэслэл болгон заасан байна.
Н**-ын шийдвэр нь богино хугацаанд хэрэгжихээр төлөвлөгдсөн, граж буулгалтын ажил нэн даруй хийгдэхээр байгаа зэрэг шалтгаануудын улмаас нэхэмжлэл гаргагч нь урьдчилан шийдвэрлүүлэх журмаар дээд шатны захиргааны байгуулагад хандах шаардлагагүй гэж үзсэн болно. Доорхи үндэслэл, нөхцөлүүдийн хүрээнд уг захирамжийн заалтуудыг бидний эзэмшиж байгаа гражуудад хамаарахгүй хэмээн үзэж байна. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-ыг гол үндэслэлээ болгосон байдаг ба уг заалтанд хун амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх гэж заасан байна.
Бид эдгээр заалтанд хамаарах аливаа харш үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд бид харин ч тухайн орчны цэвэрлэгээг удаа дараа тогтмол байнга хийж байдаг болно.
Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-д газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах; гэснийг үндэслэл болгосон байна. Бид доорхи хоёр үндэслэлээр уг заалт нь энэхүү гражид тохирохгүй хэмээн үзэж байна.
Харин бидний хувьд анх олгосон Б*******-ийн Засаг дарга Т.Г*******ийн 2001 оны 5 дугаар сарын 27-ний өдрийн 215 тоот захирамжийн 1-р хавсралтын 6 дэс дугаарт заагдсаны хүрээнд автомашины гражийн чиглэлээр ашиглуулахаар шийдэгдсэны дагуу гэрээний дагуу ашиглаж байгаа.
Бид нийгмийн хариуцлагын хүрээнд нийслэл хотоо цэвэр өнгө үзэмжтэй байлгах зорилгоор уг 26 граж бүхий 2 давхар барилгыг 2021 онд өөрсдийн хөрөнгөөр засч сайжруулсан. Уг барилгажилт бүхий талбай нь 50 орчим градусын хэвлий бүхий газрыг тухайн үедээ газрын сайжруулалт хийн 3,2 метрийн өндөр хаалт хийн 2 талаасаа оролт бүхий 2 давхар гражийн барилга баригдсан байдаг. Одоо уг байгууламжийг нураасан тохиолдолд 3,2 метрийн гүн эгц босоо шороон хана үүсэх эрсдэлтэй.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэсэн заалт болон 57 дугаар зүйлийн 57.3-д зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө гэсэн заалтыг удирдлага болгосон байна.
Бид доорхи гурван үндэслэлээр уг заалт нь энэхүү гражид тохирохгүй хэмээн үзэж байна Уг гражууд нь Б*******-ийн Засаг дарга Т.Г******-ийн 2001 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 215 тоот захирамжийн 1-р хавсралтын 6 дэс дугаарт заагдсаны хүрээнд автомашины гражийн чиглэлээр ашиглуулахаар шийдэгдсэн байдаг. Үүний дараа тухайн эзэмшигч нь уг барилгыг 26 ширхэг бие даасан гражууд болгон иргэдэд худалдан борлуулсан ба эдгээрээс 2 граж нь өнөөдөр нэхэмжлэгч нарын нэр дээр шилжигдсэн ба өнөөдрийг хүртэл зориулалтынх нь дагуу хэвийн ашиглаж байна. Граж эзэмшигч К.Г****** нь уг газрыг ашиглахдаа "Газрын төлбөрийг тодорхойлох акт"-аар албажин 2013 оноос газрын төлбөрийн тухай хуулийн дагуу 2013-2020 онуудын хооронд тогтмол төлж ирсэн, Иргэн Б.Б******** нь мөн уг газрыг ашиглахдаа "Газрын төлбөрийг тодорхойлох акт №64-40/1"-aap албажин 2018 оноос газрын төлбөрийн тухай хуулийн дагуу 2018-2020 онуудын хооронд тогтмол төлж ирсэн байдаг ба 2021 оноос БЗД-ын газрын албаны төлбөрийн байцаагчид тодорхой тайлбар өгөхгүйгээр газрын төлбөрийг авахыг зогсоосон эс үйлдэлийн улмаас уг төлбөр төлөх ажиллагаа биднээс хамааралгүйгээр зогссон байдаг.
Уг захирамжад Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 9.4.2-ийг гол үндэслэл болгосон байна. Энэ заалтад гэр хорооллын мухар гудамж, зуслангийн бүсийн орц, гарц, орон сууцны хороолол дундах газар, нийтийн эзэмшлийн зам талбайн газрын зөрчлийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, түргэн тусламж, гал унтраах, аврах ажиллагааг шуурхай хүргэх, нэвтрэх боломжийг бүрдүүлсэн байна гэж заасан. Харин уг гражийн барилга нь үндсэн чиглэлтэй нийцсэн харшилхааргүй бөгөөд дараах үндэслэлүүдээс тодорхой харагдана. Н** бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 6.3.6-д “Тээврийн хэрэгслийн ил, газар доорх, дэвшилтэт технологи бухий олон давхар зогсоолуудыг шинээр барьж, зогсоолын менежментийг шинэчлэн сайжруулна" хэмээсэн байдаг. Гэтэл энэхүү нураагдах гэж байгаа гражийн барилга нь одоогоор Улаанбаатар хотод байгаа ганц ил давхар граж юм. Уг байгууламж нь автомашины болон явган хүний замд саад болохооргүй байрлалтай бөгөөд хоёр талын барилга хүртэл 10,5-13 метр хүртэлх зайтай. Иймд Н**-ын 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн А/388 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын 14 дугаарт байх "Б*******-ийн 4-р хороо, 11-р байрны урд талд гэж байрлал тодорхойлсон хэсгийг хүчингүй болгон өгч" иргэдийн зөрчигдсөн эрхийг хангаж өгнө үү гэжээ.
2.2.Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.Т********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасныг үндэслэсэн байсан. Энэ заалт газрын эзэмшилтэй холбоотой харилцаа буюу зохих этгээдийн зөвшөөрөлгүй дур мэдэн барилга байгууламж барьсан гэх үндэслэлээр газрыг чөлөөлөх мэдэгдлийг өгсөн. Гэтэл манайх газар эзэмших харилцаанд оролцоогүй. Газрыг ашиглах харилцаанд оролцсон. Б*******-ийн Засаг даргын 2021 оны 05 сарын 29-ний өдрийн 215 дугаартай захирамжаар Баянзүрх дүүрэг 4 дүгээр Хаан банкны хойно байрлалтай 120 м.кв 26 айлын авто гараашийг барьсан. Анх барьсан хүн Ш.Х******* байсан. К******* нь 2001 оны 10 сард гэрээ байгуулж 5 сая төгрөгөөр авсан. Б********* нь З******** гэдэг хүнээс 2017 оны 09 сарын 08-ны өдөр 8 500 000 төгрөгөөр худалдаж авсан байдаг. Захиргааны байгууллага дур мэдэн барьсан гэдэг боловч энэ нь Засаг даргын захирамжтай, тухайн хүмүүсээс гэрээгээр худалдан авч байсан. Зохих зөвшөөрөлтэй газрын төлбөрийг төлж байсан актууд байдаг учраас зөвшөөрөлгүй ашигласан зүйл байхгүй. Анх тоосгон улаан гарааш байсан. Үзлэгийн явцад харсан бол манай зүгээс өнгө үзэмжийг нь сайжруулаад 8 сая төгрөг гарган зассан. 11 дүгээр байрны урд талын талбай налуу байсныг шороог нь хусаад тэгшлэн засан сайжруулсан. Газрыг зөв зохистой ашигласан гэж бид үзэж байгаа. Н**-ын 388 дугаар захирамжид дурдсан шиг бусдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хөндсөн зүйл байхгүй. Н**-ын зүгээс оршин суугч иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд гэж байгаа боловч газрын архитектор төлөвлөлтийн даалгаврыг харахад газрыг дахиад гарааш хэлбэрээр ашиглах гэж байгаа баримт байсан.
Гарааш хэлбэрээр ашиглах гэж байгаа бол гараашийг буулгах эрх зүйн үндэслэлгүй байна. 26 гараашны хажууд хар зам байгаа. Тэнд ногоон байгууламж хийх бүрэн боломжтой. Ж****-ын талбай байгаа учраас түүнийг ногоон байгууламж хэлбэрээр ашиглах боломжтой.Заавал энэ гараашийг буулгаснаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдах эрх зүйн үндэслэл харагдахгүй байна. Мөн Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө гэж заасан. Газрыг хууль ёсны дагуу эзэмшиж ашиглаж байгаа хүнээс газрын төлбөр авна. Гэтэл захиргааны байгууллага бид нар та нараас төлбөр авсан нь ашиглаж эзэмшүүлж байгаа учраас биш зохих зөвшөөрөлгүй байж эзэмшиж, ашиглаж байгаа учраас төлбөр авсан гэдэг байдлаар тайлбарласан. 2002 оноос хойш газрыг ашигласны төлбөр авч байж одоо гэнэт зөвшөөрөлгүй юм барьсан гэж байгаа нь үндэслэлгүй байх тул Н**-ын 2022 оны А/388 дугаар захирамжийн Г****** К*******, Б******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Газрын тухай хуулийн 20 дугаар зуйлийн 20.2.2 дахь заалтад Н** нь газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах бүрэн эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх зөрчил арилгах тухай А/388 дугаар захирамжийг гаргасан болно. Төрийн өмчийн газрыг ашиглаж, ашигтай чанарыг гаргаж хэрэглэж байгаа бол хуульд заасны дагуу төлбөр төлөх нь тухайн этгээдийн үүрэг тул захиргааны байгууллагаас холбогдох хугацаанд төлбөр авч ашиглуулж байсан. Одоо маргаан бүхий газарт байрлаж буй тухайн гараашууд нь газар эзэмших эрхгүй тул Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 57 дугаар зүйлийн 57.3-т зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө. 57.4-т мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж тус тус заасны дагуу газар чөлөөлөх арга хэмжээ авахаар Н** нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх зөрчил арилгах тухай А/388 дугаар захирамжид тусгасан болно. Иймд Н**-ын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2022 оны А/388 дугаар захирамжийг Н** өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд гаргасан. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасны дагуу харьяа нутаг дэвсгэрт газрын зөрчил арилгах, хяналт тавих эрхтэй. Газрыг шилжүүлж авсан гэж байгаа бол хуульд энэ талаар зохицуулсан. 2001 онд Х****** гэх хүнээс объектыг авсан бол доор нь байх газрын эрхийг шилжүүлэх хүсэлтээ өгөх ёстой байсан. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан. Нэхэмжлэгч нарт гэрээ гэрчилгээ эзэмшүүлсэн шийдвэр байдаггүй. Тиймээс зөвшөөрөлгүй ашигласан гэдэг үндэслэл харагдаж байна гэж үзэж байна. Газрыг ашиглах харилцаа гэж байгаа боловч ашиглуулах шийдвэр байхгүй. Ийм шийдвэргүй бол зөвшөөрөлгүй ашигласан л гэж үзнэ. Зохих зөвшөөрөлгүй ашиглаж байгаа гараашийг буулгаад тохижилт хийх ажил явагдаж байгаа. Нийтийн эрх ашгийн төлөө энэ захирамжийг гаргасан. Н**-ын захирамж хууль ёсных байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг.Маргаж буй эрх зүйн харилцааны төрөл, маргааны зүйл:
1.1Энэхүү хэрэгт Н**ас иргэдийн өмч, өмлөх эрхэд халдсан үр дагавар бүхий захиргааны актын үндэслэлийг хянан хэлэлцсэн болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1.Нэхэмжлэгч Б.Б********, Г***** Н********* К****** нар нь Б*** хороо, Ж****-ын талбайн ззүн талд, орон сууцны дунд орших шороон далан ухаж барьсан 2 давхар, нийт 26 автомашины зориулалтаар баригдсан, тоосгон барилгаас тус тус нэг автомашины гараж өмчилдөг байна.
2.2.Энэ 26 автомашины гарааш нь 2 давхар бөгөөд, газраас салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох үл хөдлөх хөрөнгө мөн болох нь нэхэмжлэгч нарын шүүхэд гаргау өгсөн гаражийн анхны фото зураг /ХХ-1-н 34 дэх тал/ болон шүүхийн үзлэгээр тогтоогдлоо. /ХХ-1-н 230-235 дахь тал/
2.3.Б*******-ийн газар зохион байгуулалт, газрын харилцааны алба болон иргэн Ш.Х**** нарын хооронд 2002 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрээнд туссанаар Б*******-ийн Засаг даргын 2001 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 215 дугаар захирамжийг үндэслэн Ш.Х**** нь 120 метр квадрат газрыг “автомашины гараж” зориулалтаар 1 жилийн хугацаанд ашиглахаар болжээ. /ХХ-2-н ... тал/
2.4.Иргэн Ш.Х****-ийн гэх газар ашиглах гэрчилгээний хуулбарыг нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар гаргаж ирүүлсэн боловч энэхүү баримт нь нотлох баримтын шаардлага хангасан байдлаар шүүхэд олдоогүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
2.5.Харин Б*******-ийн Засаг даргын 2001 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 215 дугаар захирамжид Ш.Х****д 120 метр квадрат газрыг “автомашины гараж” зориулалтаар ашиглуулахаар тусгаагүй боловч иргэн Б********д 5 хороо, Хаан банкны хойд талд 120 метр квадрат газрыг “автомашины гараж” зориулалтаар түр ашиглуулахаар шийдвэрлэсэн нь Б.Б********, Г***** Н********* К****** нарын өмчлөлийн гараж оршин байгаа газрын байршил мөн байна.
2.6.Б*******-ийн Засаг даргын харьяа агентлаг Газар зохион байгуулалтын албанаас уг газарт гаражийн зориулалтаар газар ашиглахэрх үүссэнтэй холбоотой баримт, үүний дотор Ш.Х****д холбогдох баримтыг гаргаж өгөхийг шаардсан боловч ийм баримт байхгүй гэх тайлбарыг өгсөн болно.
2.7.Нэхэмжлэгч нар нь эдгээр гаражийн өмчлөлийг Худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр 1-3 өмчлөгч дамжуулан худалдан авч өмчлөл шилжсэн байгаа тул анхны газар ашиглахтай холбоотой эх баримтууд иргэдээс гаргаж өгөх боломжгүй болж, ийм баримт шүүхэд олдсонгүй.
2.8.Шүүхэд шалгаж тогтоосон нотлох баримтаар нэхэмжлэгч Б.Б******** нь 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр Ж.З********с уг авто гаражийг худалдан авч өмчлөх эрх үүссэн байгаа бөгөөд улмаар Б*******-ийн газрын албатай Газрын төлбөрийг тодорхойлох акт үйлдсэн байна.
2.9.Уг актын 4-т “Түр байгууламж, ТҮЦ, контейнер, өргөтгөл, гарж, павильон тул шаардлагатай үед нөхөн олговоргүйгээр чөлөөлөх үүрэгтэй болох заалтыг зөвшөөрч Б.Б******** гарын үсэг зуржээ.
2.10.Харин нэхэмжлэгч Г***** Н********* К****** нь 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б*******-ийн газрын албатай Газрын төлбөрийг тодорхойлох акт үйлдэж, актыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан бөгөөд тэрээр төлбөрийг бүрн төлсөн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
2.11.Уг актад Б.Б********ийнхтэй адил нөхөн олговоргүйгээр чөлөөлөх үүрэг болгосон заалт тусгаагүй байна.
2.12.Ийнхүү уг газар дээр 2002 онд гараж баригдаж, нэхэмжлэгч Б.Б******** нь 2017 оноос, Г***** Н********* К****** нь 2013 оноос гаражуудыг өмчилж ирсэн болох нь тогтоогдлоо.
2.13.Гэтэл Н**-ын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжаа гаргаж, уг захирамжийн 1 дэх заалтаар оршин суугчид, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах явагн хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар баталж шийдвэрлэсний дотор Нэгдүгээр хавсралтын 14 дэх хэсэгт Б*** хороо, 11 дүгээр байрны урд талын 13 гарааш /гараж/-ийг хамруулж шийдвэрлэсэн байна. /ХХ-1-н 40, 44 дэх тал/
2.14.Үүнийг үндэслэн Б*******-ийн газрын албанаас 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 8 дугаартай Мэдэгдэх хуудсаар газрыг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дотор чөлөөлөхийг мэдэгдсэн байна.
2.15.Нэхэмжлэгч Б.Б********, Г***** Н********* К****** нар Н**-ын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн Нэгдүгээр хавсралтын 14 дэх хэсэг нь өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж маргасан.
2.16.Уг захирамж гарахаас өмнө буюу 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Б*******-ийн Засаг даргын “Газар албадан чөлөөлөх тухай” А/61 дүгээр захирамжаар “... дүүргийн нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүй автомашины тоосгон болон бетонон гарааш барьсан, ... зөрчлийг зөрчлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд албадан буулгаж, газар чөлөөлөхөөр шийдвэрлэсний /ХХ-1-н 139/ дотор Хавсралтын 8-д 11 дүгээр байрны урд талд 40 ширхэг гараж, 9-д 11 дүгээр байрны урд 13 ширхэг гараж гэж заасан байна.
2.17.Нэхэмжлэгч нар энэ захирамжид холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй болохыг тэмдэглэж байна.
2.18.Н**-ын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн Нэгдүгээр хавсралтын 14 дэх хэсэгт 13 гараж, Б*******-ийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/61 дүгээр захирамжийн Хавсралтын 13 гараж, 40 гараж гэж заасан нь нэхэмжлэгч нарын өмчилдөг гараж нь 26 гаражаас бүрдсэн нэг байгууламж байгаатай таарахгүй байна.
2.19. Н**-ын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн Нэгдүгээр хавсралтын 14 дэх хэсэгт 13 гараж гэсэнд заасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “тайлбар байхгүй” гэсэн тул уг захирамжийн заалт нэхэмжлэгч нарын гаражид холбогдох хэсэгт хамааралтай заалт эсэх нь нотлогдоогүй боловч Б*******-ийн газрын албанаас газрыг албадан чөлөөлөхийг шаардсан байгаа нь уг захирамжийн үр дагавар гэж шүүх үзсэн болно.
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:
3.1.Маргаан бүхий захиргааны актын үндэслэл нь оршин суугчид, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд “газрын зөрчил арилгах” гэжээ.
Н**ас гаргасан шийдвэрийнхээ үндэслэл, үр дагаварыг газрыг чөлөөлж, дээр нь “ногоон байгууламж байгуулна” гэж тайлбарласан.
3.2.Гэтэл уг захирамжид туссаны дагуу нэхэмжлэгч нарын гараж оршин байгаа нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хэрхэн зөрчсөн талаар нотлох баримт байхгүй, ийм нотлогоо хийсэнгүй тул энэ үндэслэл нь тогтоогдсонгүй.
3.3.Захирамжид гаражийг чөлөөлж газар ашиглалтыг сайжруулах явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх гэжээ.
3.4.Энэ нь хэрхэн хэрэгжих талаар шүүхээс судлахад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02/09 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн Зургаа дахь хэсгийн 6.4 дэх зорилтоор “дүүрэг бүрд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, нийтийн эзэмшлийн зам талбайн ногоон байгууламжиыг нэмэгдүүлэх, нягтруулах замаар нэг хүнд ногдох ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна” гэж тусгаад хүрэх түвшинг тогтоосны дотор цэцэрлэгт хүрээлэн, амралтын талбайг 18 гэсэн суурь түвшинээс 24 гэсэн хүрэх түвшинг тогтоосон байна. /ХХ-1-н 115 дахь тал/
3.5.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын ...-ны өдрийн .... дугаар тогтоолоор баталсан “....................” болон Б*******-ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Б*******-ийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоолоор маргаан бүхий актад хамаар газрын чөлөөлөх, түүнчлэн уг газар дээр ногоон байгууламж барих, зам талбай байгуулахаар тусгаагүй байгаа тул дээрх үндэслэл нь мөн нотлогдсонгүй.
3.6.Мөн шүүхийн үзлэгээр 26 авто гараж бүхий газрын баруун талд их хмэжээний сул талбай байгаа боловч уг газрын тохижилт хийгдээгүй, сул шороотой, дээр нь автомашинууд эмх замбараагүй зогссон байгаагаас үзвэл уг гаражийг буулгаж ногоон байгууламж барих гэж байгаа гэх үйл баримт нь үндэслэлгүй гэж үзэхэд хүргэсэн болно.
3.7.Өөрөөр хэлбэл, эдгээр гаражийн хажуу дахь одоо сул байгаа газрыг огт тохижуулаагүй байж, бүхэл бүтэн 2 давхар авто гаражийг буулгаж байгаад дээр нь ногоон байгууламж барьж тохижуулна гэдэг нь үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй юм.
3.8.Дээрх Үндсэн чиглэлийн Ес дэх хэсгийн 9.4 дэх зорилтоор “орон сууцны хороолол дундах газар, нийтийн эзэмшлийн зам талбайн газрын зөрчлийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, түргэн тусламж, гал унтраах, аврах ажиллагааг шуурхай хүргэх, нэвтрэх боломжийг бүрдүүлсэн байна” гээд 2500 газрын зөрчил шийдвэрлэлт хийхээр түвшинг тогтоожээ. /ХХ-1-н 120 дахь тал/
3.8.Мөн зорилтын хүрээнд зам талбайн хүрэлцээг сайжруулах гэх үндэслэл байхгүй байна.
3.9.Учир нь авто гараж барьсан уг газар нь налуу далан бүхий газар байсан байх бөгөөд уг далан ухаж, даланг ашиглан 2 давхар гараж барьсан байгаа, гаражаас цааш 100 гаруй метрт далан үргэлжилж байгаа тул налуу газрыг зам, эсхүл талбайгаар тохижуулах боломжгүй болох нь энгийн хүнийн дүгнэлтээр ч хийх боломжтой ойлголт байхын хамт энэ талаар дээрх төлөвлөгөөнд тусгаагүй байгаа тул эрх зүйн үндэслэл байгаагүй тул захирамжийн энэ үндэслэл нотлогоогүй гэж үзлээ.
3.10.Нэхэмжлэгч нарыг зохих зөвшөөрөлгүй газар ашиглаж байгаа тул гаражийг албадан чөлөөлөх ёстой гэж маргасан нь үндэслэлгүй байна.
3.11.Учир нь дээр дурснаар уг газар дээр гараж барих зориулалтаар Ш.Х**** газар ашиглах гэрээ 1 жилийн хугацаатай байгуулсан байна. Гэрчилгээ олгосон ч гэж үзэхээр байна.
3.12.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж тус тус заасан байна.
3.13.Газрын тухай хуульд Монгол Улсын иргэнд “газрыг түр ашигуулах” гэх зохицуулалт тусгаагүй байгаа тул ийм хууль зүйн олйголт байхгүй гэж үзнэ.
3.14.Ийнхүү эдгээр иргэдэд газрыг түр ашиглуулсан гэх, ялангуяа үл хөдлөх хөрөнгө бүхий газрыг түр ашиглуулж, улмаар шаардлагатай гэж үзмэгцээ чөлөөлөхийг шаардах эрх олгосон зохицуулалтууд тусгаагүй тул энэ тохиолдолд “байгууллага, албан тушаалтанд хуулиар эрх олгоогүй бол хориглоно” гэдэг эрх зүйн зарчим үйлчилнэ.
3.14.Эндээс үзвэл, иргэд гаражийн зориулалтаар үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байгаа тохиолдолд уг үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай газрыг шийдвэрлэж өгөх нь төрийн захиргааны байгууллагын үүрэг мөн болно.
3.15.Энэ ч утгаараа уг 26 гараж бүхий газрыг “гаражийн зориулалтаар ашиглах” гэрээ байгуулсныг /гэрчилгээ байсан гэж үзэхээр байна/ зохих зөвшөөрөл биш гэж үзэх хууль зүйн үндэслэл Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасны дагуу байхгүй байгаа учраас шүүх зохих зөвшөөрөлтэй газрыг эзэмших эрх үүссэн гэж дүгнэж байна.
3.16.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч нарыг гараж эзэмшдэг /өмчилдөг/ бол хүсэлтээ гаргаж захирамж гаргуулж, гэрчилгээ авсан байх ёстой” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
3.17.Тодруулбал, уг үл хөдлөх хөрөнгө болох байгууламж нь 26 автомашины гараж байгаа бөгөөд ийнхүү 26 өмчлөгч уг байгууламжийг дундаа хамтран өмчилж байгаа тохиолдолд түүний доор газар нь нийтийн эзэмшилд байх ёстой.
3.18.Өөрөөр хэлбэл, 2 давхар гаражийн доорхи газрыг тус бүрийн гараж өмчлөгчид хувааж эзэмшүүлэх хууль зүйн боломжгүй учраас уг газарт автомашины гараж барьж ашиглалтад оруулснаар нийтийн эзэмшилд шилжснээр Ш.Х****-ийн газар эзэмшиж, ашиглах эрх дуусгавар болсон гэж үзлээ.
3.19.Ийнхүү зохих зөвшөөрлөөр уг газарт “гараж барих эрх” олгосон шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т заасан “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно” гэж заасны дагуу эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт мөн байна.
3.20.Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно” гэсний дотор хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй, захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан бол гэжээ.
3.21.Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно гэж мөн заасан байна.
3.22.Хариуцагч Н**ас нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлж, ашиглуулж байгаа шийдвэрийг нийтийн эрх, ашиг сонирхолд нөлөөлсөн гэж үзсэн байсан ч энэ эерэг үйлчлэлтэй захиргааны актыг хүчингүй болгож, эрхийг хязгаарлах хөөн хэлэлцэх хугацаа нь анх газар дээр гараж барьсан 2002 оноос тооцоход дуусгавар болсон байна гэдгийг мэдвэл зохино.
3.24.Баянзүрх дүүргиын Засаг даргын 2001 оны 215 дугаар захирамжид Ш.Х****-ийн нэр байхгүй байгаа ба Ш.Х****д газар эзэмшүүлсэн гэрээ, гэрчилгээ байхад энэ газарт холбогдох хувийн хэргийн баримтыг бүрдүүлээгүй, эсхүл алга болгож үрэгдүүлсэн нь захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай ажиллагаа тул газар эзэмших хувийн хэрэг байхгүй, захирамжид нэр байхгүй нь иргэнийг буруутгах, түүнчлэн газар эзэмшүүлэх захирамжгүйгээр газар эзэмшсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл биш болно.
3.25.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч Б.Б********, Г***** Н********* К****** нарын бусадтай хамтран өмчилж буй үл хөдлөх хөрөнгө болох 26 автомашины гараж нь Б*******-ийн Засаг даргын харьяа Газар зохион байгуулалтын албаны зөвшөөрлөөр 2001 оноос эзэмшиж, ашиглаж ирсэн нь нотлогдож байхын хамтаар эдгээрийн өмчлөлийн эд хөрөнгийг албадан чөлөөлөх ажиллагааны зорилго нь Нийслэл болон дүүргийн газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөнд тусаагүй, зам талбай, ногоон байгууламж барих зорилго нь бодитой биш зэрэг нөхцлийг үндэслэн Н**-ын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн Нэгдүгээр хавсралтын 14 дэх хэсгийн Б.Б********, Г***** Н********* К****** нарт холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмын дагуу хууль бусад тооцож, хүчингүй болгох нь зүйтэй дүгнэв.
Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь талуудын маргаж байгаа үйл баримтын хүрээнд нотлох баримтыг цуглуулж, үнэлж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 48 дугаар зүйлийн 48.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1”д заасныг баримтлан нэхэмжлэгч ... нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Н**-ын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн Нэгдүгээр хавсралтын 14 дэх хэсгийн Б.Б********, Г***** Н********* К****** нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Б.Б********, Карпова Г****** нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, уг хураамжийг хариуцагчаас нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ