Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 261

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга А.Болор, улсын яллагч М.Цэнд-Аюуш, шүүгдэгч А.Баатарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Баатарсүрэнд холбогдох эрүүгийн 2016 2501 1819 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, ам бүл 1, иргэний үнэмлэхийн лавлагаагаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, хүүхэд сургалт хүмүүжлийн тусгай төв гудамж 1 тоотод оршин суух хаягтай боловч бүртгэлтэй хаяган дээр оршин суудаггүй, одоо Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Том хөөс” авто угаалгын газарт ажиллаж байгаа, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Алтанхүүгийн Баатарсүрэн. /РД:УК91041453/,

 

         Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Баатарсүрэн нь 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн өглөө 8 цагийн үед Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Их тойруугийн 30 дугаар байрны 166 тоотод оршин суудаг иргэн Д.Оюунчимэгийн гэрт нэвтэрч нийт 276.500 төгрөгийн үнэ бүхий хувцас, гутал, үнэртэй ус, хүнсний зүйлс зэргийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Баатарсүрэн мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Би дахиж ийм хэрэг хийхгүй. Би архи уухгүй гэв.

 

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

           Мөрдөн байцаалтад хохирогч Д.Оюунчимэгийн өгсөн: “...2016 оны 5 дугаар сарын 05-ны өглөө би 7 цаг 45 минутын үед би гэрээсээ гарсан. Гэрээс гарахдаа хүү Банзрагчид хаалгаа түгжээрэй гэж хэлээд гарсан, Тэр чих муутай болохоор сонсоогүй юм шиг байгаа юм хаалгаа түгжээгүй гарсан байсан. Дамдиндорж гэртээ унтаж байсан. Дамдиндорж нь шөнийн цагаар компьютер тоглоод, өдрийн цагаар унтаж байдаг. Манайх 3 жилийн хугацаанд ер нь хаалгаа цоожилж байгаагүй, байнга хүн орж гарч байдаг болохоор түгжилгүй байж байдаг, Гаднаасаа ямар нэгэн саадгүйгээр ручка дараад онгойдог. Тэр өдөр хулгай орсон гэдгийг нь мэдээгүй байж байгаад орой ирээд хоол хийх гэхэд мах, будаа байхгүй, хүүхдийн хувцаснууд байхгүй болохоор нь хулгай орсон байна гэж мэдээд…цагдаагийн байгууллагад хандсан. Хөх өнгийн хөвөнтэй хантааз, хар саарал өнгийн малгайтай цамц, эрэгтэй хос гутал 1 ширхэг, 2 кг үхрийн мах, 5 кг цагаан будаа, орифлэймийн үнэртэй ус, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, цагдаагийн 54 размерийн савхин куртка, цагдаагийн хар өнгийн ноосон цамц, хар өнгийн спорт цүнх 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан.…2-оос 3 хоногийн дараа эд зүйлс алдагдсан талаар мэдээд орцныхоо хяналтын камерийг шүүж үзэхэд 25 орчим насны эрэгтэй хүн … манай спорт загварын цүнхийг үүрээд ганцаараа цүнхтэй эд зүйл аваад гарч явж байхаар  нь би хулгай орсон талаар мэдээд цагдаад дуудлага өгсөн юм. Манай гэрт байсан саарал өнгийн сөдөн хантааз, хар өнгийн ноосон цамц, эрэгтэй хүний хос гутал, спорт загварын хар өнгийн том үүргэвч, эмэгтэй хүний өмд, малгайтай цахилгаантай цамц, дунд гарын мөнгөн аяга, орифлэймийн үнэртэй ус, нимгэн энгийн нейлонон материалтай куртка зэрэг алдагдсан. Үүнээс би алдагдсан эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээж авсан. Манай гэрээс алдагдсан гэж миний хэлж байсан 54 размерийн савхин курткийг би 2017 оны 2 дугаар сарын эхээр цагаан сарын бэлтгэл хийгээд гэртээ байсан хуучин хувцасаа ухаж байгаад олсон. …Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. “ / хх 23-24, 58-59/ гэх мэдүүлэг,

           Мөрдөн байцаалтад гэрч Т.Алтанжигүүрийн өгсөн: “...2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр би хамт байсан. Бид нар орой ажлаа тараад өдөрт нь мөнгийг нь авдаг ажил хийдэг байсан болохоор Сансарын их тойруугийн 30 дугаар байрны нилээн дээд давхарын орцонд Баатарсүрэн, Жавхлантөгс бид 3 хоёр шил архи уусан. Жавхлантөгс ууж дуусаад гэр рүүгээ явсан. Бид 2 үлдээд Баатарсүрэн тасраад бос гэж хэлэхэд явахгүй байсан. Жижүүр нь хөөгөөд байхаар нь би Баатарсүрэнг авч гараад явья гээд сэрэхгүй байхаар нь гадаа саадны сандал дээр унтуулсан. Тус байр нь “өнөр бүл төв” гэдэг нэртэй Цайзад байдаг төвийн ажилчдын байр байгаа юм /хх 38/ гэх мэдүүлэг,

             Мөрдөн байцаалтад сэжигтнээр А.Баатарсүрэнгийн өгсөн: “…Би 2016 оны 5 дугаар сарын 04-ний оройн 22.00 цагийн орчим найз Алтанжигүүр, Жавхлантөгс нарын хамт Сансарын 30 дугаар байрны 6 давхарт 2 шил 0.75 литрийн Хараа архи уучихаад би тэндээ тасраад унасан байсан. Намайг 2016 оны 5 дугаар сарын 05-ны өглөө 8 цагийн орчим орцонд сэрэхэд манай найзууд байхгүй, би ганцаараа байсан. Тэгээд би Алтанжигүүрийн хуурай ах тухайн орцонд амьдардаг Дамдиндоржийн гэр рүү орсон байх гэж бодоод 5 дугаар давхар руу шатаар уруудаад 5 давхарт байх Дамдиндорж ахын 166 тоот хаалгыг тогшиход Дамдиндорж ах гэртээ цаад өрөөндөө унтаж байхаар нь … орон дээр нь байсан жилетка, малгайтай цамц, даавуун өмд хос эрэгтэй хүний гутал, ширээн дээр байсан дунд гарын хуучин цагийн мөнгөн аяга зэргийг аваад хаалгыг нь буцаагаад хаачихаад гараад явсан юм. Мөнгөн аягыг Тэргэл төвийн нэг давхарт байдаг ломбарданд 30.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Хувцасыг нь би өөрөө өмсөж байгаад Дамдиндорж ахад хэрэг гарсанаас хойш 3 хоногийн дараа өгөөд бас мөнгөн аягыг нь өгсөн. …өглөө сэрэхэд даараад байсан болохоор хувцасыг нь өмссөн, мөнгөн аягыг зарж борлуулая гэж бодоод авсан юм /хх 60/ гэх мэдүүлэг,

 

                 Эд зүйлийн үнэлгээ /хх16/, эд зүйлийг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх15/, А.Баатарсүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 17/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх18/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

   Шүүгдэгч А.Баатарсүрэн нь 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн өглөө 8 цагийн үед Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Их тойруугийн 30 дугаар байрны 166 тоотод оршин суудаг иргэн Д.Оюунчимэгийн гэрт нэвтэрч нийт 276.500 төгрөгийн үнэ бүхий хувцас, гутал, үнэртэй ус хүнсний зүйлс хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 

   Иймд шүүгдэгч А.Баатарсүрэнг бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Харин шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч А.Баатарсүрэн тохиолдлын нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж гэм хорыг арилгасан болон өөрт оногдох хөрөнгөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг хөнгөрүүлэх, харин согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.         Шүүгдэгч А.Баатарсүрэн нь 12 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Алтанхүүгийн Баатарсүрэн бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар А.Баатарсүрэнд эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар А.Баатарсүрэнд 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5 дахь

хэсэгт тус тус зааснаар А.Баатарсүрэнд оногдуулсан 2 жилийн хугацаатай хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалган, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

 

5. А.Баатарсүрэн нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Баатарсүрэнд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.АРИУНХИШИГ