Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 350

 

Г.Б, Л.М нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Буяннэмэх, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоол, Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018  оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаар магадлалтай, Г.Б, Л.М нарт холбогдох 1712000790017 дугаартай эрүүгийн хэргийг Архангай аймгийн прокурорын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр бичсэн 16 дугаар эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгч В.Удвал нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Г-ын Б,

2. Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Л-ийн М нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  Л.М, Г.Б нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч тус бүрт 5 жил хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Архангай аймгийн прокурорын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр бичсэн 16 дугаар эсэргүүцэлд: “Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар хохирогч Б.Г нь шүүгдэгч Л.М-ын бэлэг эрхтнээс базаж авсан, мөн толгойн тус газар нь чулуугаар цохьсон нөхцөл байдал тогтоогдсон ба Л.М-ын эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоох зорилгоор шинжилгээ хийлгэхэд Л.М-ын баруун чамархайд 2x1.5 см тав тогтсон шархтай, 2 төмсгөнд ямар нэгэн гэмтлийн өөрчлөлтгүй гэж дүгнэжээ. Шинжээч С.Х нь шүүгдэгч Л.М-ыг үзэж, дүгнэлтээ гаргасан, шинжээчийн дүгнэлт хууль ёсны үндэслэлтэй байхад давж заалдах шатны шүүх уг дүгнэлтийг яагаад үндэслэлгүй гэж үзэж байгаа талаар дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2.7-д заасныг зөрчсөн.

Хохирогч Б.Г нь шүүгдэгч Г.Б-ын мөрнөөс хазсан талаарх баримтууд хэрэгт авагдсан боловч шүүгдэгч Г.Б нь тухайн үед гэмтлийн зэрэг тогтоолгох талаар санал, хүсэлт гаргаагүй, тухайн үед түүний биед гэмтэл учирсан гэж үзэхэд одоо эдгэрч, эрүүл мэндэд нь учирсан хохирлыг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүсжээ. Өөрөөр хэлбэл тухайн хэрэг явдал болсноос хойш 10 сар гаруй хугацаа өнгөрсөн байх тул Г.Б-ын Б.Г-т хазуулсан гэх шарх эдгэрэх хугацаа өнгөрсөн байна.

Гэрч П.Б нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд “Г.Б- нь Б.Г-ийн хэвлийн тус газар нь өшиглөсөн гэж би хэлээгүй, Ганзоригийг хэн нэгэн зодож байхыг би хараагүй” гэж мэдүүлсэн боловч тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “Г.Б, Б.Г нар харилцан бие биенээ өшиглөөд байсан гэж мэдүүлсэн. Мөн П.Б-ийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч Б.М, Г.Л, Л.Г, Б.М нарын мэдүүлгээр давхар нотлогдсон байхад зөрүүтэй мэдүүлгүүдийг үнэлсэн, шүүхийн шийдвэр бодит байдалд нийцээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Гэрч П.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь бусад гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогдсон тул уг мэдүүлгийг нь үндэслэн хэргээ шийдвэрлэж, түүнийг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд худал мэдүүлэг өгсөн гэж үзвэл уг гэмт хэргийн шинжтэй үйлдлийг тусад нь мөрдөн байцаах байгууллагад шилжүүлэн шалгуулж, шийдвэрлэх боломжтой юм.

Хохирогч Б.Г-ийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоож дүгнэлт гаргасан шинжээч Б.О нь хохирогч Б.Г-ийн биед учирсан хүнд гэмтлийн хүндрэл нь гэмтэл учирсан даруй үүснэ гэж, гэрч Б.Мг нь Г урьд нь ямар ч эмчилгээ хийлгэж байгаагүй, архаг хууч өвчин байхгүй, ...гэрээсээ гарахаасаа өмнө эв эрүүл, ямар нэгэн гэмтэлгүй явсан гэж тус тус мэдүүлсэн бөгөөд хохирогч Б.Г урьд нь автомашинд дайруулж, гэмтсэн гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.3 дугаар зүйлд шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаар хийлгэх журмыг тогтоосон бөгөөд уг хуулийн 27.3 дугаар зүйлийн 1-т “Шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаар хийлгэх шийдвэрээ шинжилгээний объектын хамт хүргүүлнэ.”, 27.3 дугаар зүйлийн 2-т “Шүүхийн шинжилгээний байгууллага нь шүүх, прокурор, мөрдөгчийн тогтоолыг хүлээн авагч шинжилгээ, эсхүл шинжээчдийн багт шинжилгээ хийлгэхээр даалгана” гэж заасан. Дээрх журмын дагуу хохирогч Б.Г, шүүгдэгч Л.М нарын эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоох зорилгоор шинжилгээ хийлгэх, шинжээч томилох тухай мөрдөгчийн тогтоолд шинжилгээ хийх шинжээчийн нэрийг дурдалгүйгээр шинжилгээний объект болох үзүүлэгчийн эмнэлгийн баримт бичгүүд болон үзүүлэгчийг өөрийн биеэр нь Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албанд хүргүүлсэн ба тус албанаас шинжилгээ хийлгэхийг даалгасан шинжээч Б.О, С.Х нар шинжилгээ хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт бодит байдалтай нийцсэн, эргэлзээгүй, үндэслэлтэй, ач холбогдол бүхий дүгнэлт болсон байх бөгөөд шинжээчийн дүгнэлтүүдийг нотлох баримтаар тооцож, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.

Мөн шүүхэд хохирогчийн өмгөөлөгч В.Удвал гаргасан гомдолдоо “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Г.Б, Л.М нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэцэрлэг сумын Туулант багийн “Цагаан толгойн рашаан” гэх газарт иргэн Б.Г-ийн хэвлийн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон байтал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал тогтоогоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, яг ямар асуудлыг тогтоогоогүй гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргахаар хуульчилсны дагуу гарсан шийтгэх тогтоолыг мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийг ноцтой зөрчиж байна.Магадлалд дурдсан 4 үндэслэлд тайлбар хийсэн прокурорын эсэргүүцлийг бүрэн санал нэгтэй дэмжиж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгч Л.М-ын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоох ажиллагаа хийгдээгүйгээс гадна гэрч нарын мэдүүлгийн эх сурвалжийг мухарлаж шалгаагүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд прокурор Г.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Б, Л.М нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд явуулсан, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгасан байна. Анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтыг үндэслэн шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэл бүхий болсон байна. Харин давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, магадлалд шалгуулахаар заасан ажиллагаанууд ач холбогдол алдсан шалгах боломжгүй ажиллагааг давтан явуулахаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Энэ хэрэгт мөрдөгч шинжээч томилохдоо шинжээчийг нэр зааж томилоогүй, шинжилгээний байгууллагад даалгасан, шинжээчид хуульд заасан эрх үүргийг тайлбарласан нь тодорхойгүй мөрдөгчийн тогтоолд шинжээч нар дүгнэлт гаргасан нь хуульд нийцээгүй талаар дурдсан байна. Гэвч шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолд шинжээчийн нэрийг бичээгүй зөрчил гаргасан боловч бодит байдалд уг тогтоолыг шинжээч нарт танилцуулж, хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгч гарын үсэг зуруулснаас гадна шинжээч нар гаргасан дүгнэлтдээ өөрийн хүлээсэн эрх, үүрэг, хариуцлага хүлээхийг урьдчилан сануулсан талаар тэмдэглэж баталгаажуулсан тул уг ажиллагааг хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй ба дээрх зөрчил нь хэргийг шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөх ноцтой зөрчил биш гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Архангай аймгийн прокурорын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр бичсэн 16 дугаар эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгч В.Удвалын гаргасан гомдлыг үндэслэн Г.Б, Л.М нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Г.Б, Л.М нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэцэрлэг сумын Туулант баг, Цагаан толгойн рашаан гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Б.Г-той маргалдан, улмаар хэвлий руу өшиглөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Б, Л.М нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн тэднийг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тогтоож, хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нарт хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулжээ.

Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон үндэслэлээ  гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, хохирогч Б.Г-ийн үйлдлийн улмаас шүүгдэгч Г.Б-ын эрүүл мэндэд хохирол учирсан эсэхийг дахин нягтлан шалгах шаардлагатай болон шинжээч томилсон тогтоол нь хуулийн шаардлага хангаагүй, 347 дугаартай шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гарсан зэрэг зөрчлүүдийг магадлалдаа дурдсан боловч эдгээр нь шүүхийн дүгнэлтэд хэрхэн сөргөөр нөлөөлсөн, шүүх тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан ямар алдаа гаргасныг тодорхойлж чадаагүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Б, Л.М нар нь бүлэглэн хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Б.Г-той маргалдан, хэвлийд өшиглөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан талаар хэрэгт хангалттай баримт авагдсан байна.

Түүнчлэн гэмт хэрэг гарснаас хойш 10 сар өнгөрсөн байхад хохирогч Б.Г-ийн үйлдлийн улмаас шүүгдэгч Г.Б-ын эрүүл мэндэд хохирол учирсан эсэхийг тогтоох байдлаар хохирогчийг энэ хэрэгт холбогдуулан шалгах нь ач холбогдолгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгох тухай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018  оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

 

                       

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН