| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2018/04015/И |
| Дугаар | 101/ШШ2019/00762 |
| Огноо | 2019-03-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2019/00762
2019 оны 03 сарын 13 өдөр Дугаар 101/ШШ2019/00762 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.П,
Хариуцагч: Б.Ц
Зээлийн гэрээний үүрэгт 17.000 ам.доллар гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.П нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ц нь 2013 оны 12-р сарын 30-ний өдөр надаас 17.000 ам.доллар зээлдэж аваад өнөө маргаашгүй өгнө гэсээр зээлсэн мөнгөө өгөхгүй маш их хугацаа алдсан. Ингээд миний бие нь 2017 оны 02-р сарын 22-ны өдөр Б.Цтой уулзаж зээлсэн мөнгөндөө хүү тооцохгүй харин доллараар нь буцааж авахаар харилцан тохиролцож 17.000 долларыг 2017 оны 05-р сарын 31-ны дотор төлж барагдуулахаар тохиролцож бичгээр хэлцэл хийж хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулсан. Гэвч Б.Ц нь одоо хүртэл зээлсэн мөнгөө төлөхгүй явсаар байна. Иймд Б.Цоос 17.000 ам.доллар /42.092.000 төгрөг/ гаргуулж миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний үүрэгт 17 000 ам доллар буюу 42 092 000 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч нь 2013.12.30-нд 17 000 ам доллар зээлсэн. Өнөө маргаашгүй өгнө гэсээр хугацаа алдсан. 2017.2.22-нд зээлсэн мөнгөндөө хүү тооцохгүй доллараар өгөхөөр тохиролцсон. Ингэхдээ 2017.5.1-нд төлөхөөр тохирсон. Гэвч мөнгөө төлөөгүй тул 42 092 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээ байгуулсан. Хэлцлийн огноо нь нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгө шилжүүлсэн огноогоор тогтоогдож байгаа. Улмаар Иргэний хуулийн 281-д заасан үүрэг үүссэн. Хариуцагчийн төлөөлөгч нь өмнөх шийдвэрийг үндэслээд байна. Хариуцагчийн төлөөлөгч 99118468 дугаараа барьцаалаад авсан зээлийг өмнөх харилцаатай холбоотойгоор зээлийг төлж байсан гэсэн. Иймд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан нь хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдсон. Хэрэгт байгаа хэлцэл гэсэн баримтаар зээлийн гэрээг 2017.2.22-нд дүгнэж 5 сард өгнө гэсэн байна. Иргэний хуульд зааснаар үүргийг хүлээн зөвшөөрсөнөөр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байдаг. Иймд 2017.2.22-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолно. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281-д зааснаар шаардах эрхтэй. Уг баримтад гарын үсэг зураагүй гэж маргаагүй. Дарамталж зуруулсан гэдгээ нотлоогүй гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ү нь шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн С.П-гийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Холбогдох нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд хүргүүлэх болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013.12.30-нд гэрээ байгуулсан гэж байна. 2017 онд хүү тооцохгүйгээр тохирсон гэж байна. 2013.12.30-нд гэрээ байгуулагдсан тодорхойгүй. Иргэний хуулийн 282-д зааснаар мөнгийг шилжүүлсэнээрээ гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Баримтаар гэрээ байгуулагдсан эсэх нь тодорхойгүй. Хөөн хэлэлцэх хугацаа 2016.12.30-нд дууссан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж байна. Энэ нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх үед яригдахгүй. 2017.2.22-ны өдрийн баримт үйлдэхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан. Нэхэмжлэгч нь мөнгийг 2017.2.22-ны өдрийн ханшаар тооцсон байдаг. Гэтэл 2013 онд долларын ханш 1320 төгрөг орчим байсан. Иймд 2017.2.22-ны өдрийн ханшаар тооцох нь үндэслэлгүй. Иргэний хуульд зааснаар ханш өөрчлөгдвөл үүрэг үүссэн үеийн ханшаар тооцох нь зүйтэй. Хэрэгт байгаа баримтын хувьд нэхэмжлэгчийн нөхөр нь хариуцагчийн гэрт ирж дарамталж гарын үсэг зуруулсан гэж надад хэлсэн гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.П нь зээлийн гэрээний үүрэгт 17,000 ам доллар буюу 42,092,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Б.Ц, түүний төлөөлөгч нь зээлийн гэрээ байгуулагдаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь зээлийн гэрээний харилцаа 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үүссэн болох нь хэргийн 4 дүгээр талд байгаа гараар бичсэн баримтаар тогтоогдоно гэж тайлбарласан. Гэвч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна. Улмаар зохигч хэн аль нь зээлийн гэрээний харилцаа хэзээ үүссэн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.
Харин зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь хэргийн 3 дугаар талд байгаа баримтаар тогтоогдсон. Тодруулбал уг баримт нь эх хувь гэж үзэхээр байх бөгөөд баримтад хариуцагч Б.Ц гарын үсэг зурсан болох нь түүний төлөөлөгчийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нөхөр нь хариуцагчийн гэрт ирж дарамталж гарын үсэг зуруулсан гэж надад хэлсэн гэх тайлбараар тогтоогдсон. Түүнчлэн энэхүү баримтад дарамталж буюу хүч хэрэглэж болон хүч хэрэглэхээр заналхийлж гарын үсэг зуруулсан гэх үйл баримт тогтоогдоогүй.
Дээр дурдсан баримтаар зохигчид 17,000 ам долларын зээлийг 2017 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн дотор хариуцагч нь төлж барагдуулахаар тохиролцсон байна. Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, мөн зүйлийн 79.3-т зааснаар 2017 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс шинээр эхлэн тоологджээ. Эдгээрээс хариуцагч, түүний төлөөлөгчийн зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.
Мөн хариуцагч нь зээлийг буцаан төлөөгүй болох нь түүний төлөөлөгчийн буцааж төлөөгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрх үүссэн гэх тайлбараар тогтоогдсон.
Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 17,000 ам долларыг шаардах эрхтэй.
Зохигчид 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр харилцан тохиролцож, хариуцагч нь 17,000 ам доллар төлөхийг зөвшөөрсөн байх тул тус өдрийн төгрөг болон ам долларын харилцах ханшаар 17,000 ам долларыг хөрвүүлэн тооцох нь зүйтэй. Үүнээс тооцвол 17,000 ам доллар нь 42,092,340 /17,000*2,476.02/ төгрөг болно.
Гэвч нэхэмжлэгч нь 42,092,000 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Түүнчлэн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх ажиллагаанд хариуцагч талаас хэргийн 23 дугаар талд байгаа баримтаар төлбөрийг хасаж тооцуулах талаар маргаагүй, мөн ББСБ-д нэхэмжлэгчийн зээлийн төлбөрийг түүний өмнөөс хариуцагч нь төлсөн гэх баримтыг гаргуулах хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.Цоос 42,092,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Пд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 368,410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 368,410 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД