| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2024/0949/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/383 |
| Огноо | 2025-02-05 |
| Зүйл хэсэг | 10.1.2.5., |
| Улсын яллагч | Б.Энэрэл |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/383
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж, ерөнхий шүүгч Б.Дашдондов, шүүгч Г.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,
хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл, иргэдийн төлөөлөгч Л.Лхагвасүрэн, улсын яллагч Б.Энэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ж, шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал, шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Б.Түвшинтөгс нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 зааснаар Т.Б-г, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Н-ыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308 00000 1478 дугаар хэргийг
2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр ***** суманд төрсөн,*** настай, эрэгтэй, боловсролгүй, барилгын **** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо ***** тоотод оршин суух, урьд:
- Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.1, 261.1-д зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
- Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.2-т зааснаар 17 жилийн хорих ял шийтгүүлж, Дархан аймгийн сум дундын шүүхийн 3002 дугаартай ялыг нийцүүлэх хасах захирамжаар ялын хэмжээг 9 жил 4 сар 26 хоногийн хорих ял болгож, 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр шүүгчийн захирамжаар 8 сар 18 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдаж, 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 23/116 дугаар тогтоолоор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан.
З овогт Т. Б (РД:**********),
2. Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын ***-ний өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо ***** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Х овогт Н.Н (РД: *********).
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбит гэх газарт иргэн С.Бийн эд хөрөнгийг авах зорилгоор нүүрэн тус газар гараараа цохиж, хана мөргүүлж өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг алсан гэмт хэрэгт,
шүүгдэгч Н.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Б-тэй бүлэглэж 2023 оны 08 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбит гэх газарт амь хохирогч С.Бийн газарт унагаасны дараа нь хохирогчийн өмдний халааснаас нь гар утас, түрийвч зэрэг эд зүйлсийг авч дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 47 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт болон өмгөөлөгч нарын шинжлэн судлуулсан баримтуудыг шинжлэн судалсан.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухай: шүүгдэгч Т.Б:
1.1. Улсын яллагчаас шүүгдэгч Т.Бг дээрэмдэх явцдаа буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Н.Н-ыг хохирогчийг дээрэмдэх үйлдэлд үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж ялласан бол,
1.2. Шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр суурьтай, өмгөөлөгч Б.Түвшинтөгс шүүгдэгч Н.Нын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгах байр сууринаас мэтгэлцэж оролцсон.
1.3. Шүүхийн иргэдийн төлөөлөгч шүүгдэгч Т.Б, Н.Н нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан.
2. Шүүхээс хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын, тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, мэтгэлцээнийг дүгнэн үзээд шүүгдэгч Т.Бг өөрт эдийн ашигтай байдал болгох зорилгоор хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэсэн улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, харин шүүгдэгч Н.Ныг дээрэмдэх гэмт хэргийн бүлэглэн гүйцэтгэгч, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамтран оролцогч гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй буюу шүүгдэгчид ашигтай байдлаар цагаатгаж шийдвэрлэв.
3. Хэргийн үйл баримтыг сэргээн авч үзвэл: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан /1хх51-67/ хяналтын камерын бичлэгүүд, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлээс хэрэг болсон цаг хугацааг тогтоох боломжтой байх ба 2023 оны 08 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнийн 02 цаг 09 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбит 35-610 тоотын ойролцоох караокены үүдэнд шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч С.Бтой маргалдаж түүний нүүрэн тус газарт цохиж газарт унагааж байгаа, 02 цаг 55 минутын үед Орбит 35-610 тоотын урд зам дагуу алхаж байсан амь хохирогч С.Бийн араас шүүгдэгч Т.Б гүйцэн очиж, баригдаж буй барилгын хажуу тал руу чирч орон, цохиж, хана мөргүүлэн, эд зүйлийг авч явсан. С.Б нь тухайн зодуулсан газар дээрээ аман хүзүүний хугарал, нугасны гэмтлээр нас барсан байдалтай олдсон нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан “...Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 35-610 тоотод баригдаж байгаа объектын зүүн талд 40-50 орчим насны хүн ухаангүй байна..." гэх мэдээлэл, гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /1хх1-2/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх4-9/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх10-15/,
“Галакси” нэртэй гадна талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Т.Б төв замын урд 2 хүнтэй маргаад зогсож байх бөгөөд амь хохирогч С.Бтой маргаж байгаа байдлыг зураг 1-р харуулав...Бат-Өлзий нь амь хохирогчийн нүүрэн тус газарт цохин унагааж байгааг зураг 3-р харуулав...амь хохирогч ар дагзаараа савж унаж байгаа... хэсэг хугацааны дараа амь хохирогч босож сууж тамхи татаж байгаа дэлгэцийн дээд талын цаг 2023.08.30-ны 02:09:23 цаг зааж байгаа...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх51-55/,
“Авто гоёл” үйлчилгээний төвийн гадна талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...2023.08.30-ны өдрийн 02:55:11 цагт амь хохирогч С.Б Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр авто гоёл үйлчилгээний төвийн баруун урд төв зам дагуу зүүн зүгт явах бөгөөд араас нь саарал куртик бүхий зүйл дээгүүрээ өмссөн доогуураа хар өнгийн өмдтэй хүн /Т.Б/ 3-4 метр зайтай явж...хашаанд баригдаж байгаа 2 давхар объектын зүүн хойд талд хохирогчийг араас нь хөөж байсан хүн 02:55:36 цагт гүйцэж очиход хохирогч зугтан урд тал руу 1-2 метр зайд ухарч байгаа, мөн толгойт талаас дээгүүрээ цагаан футболктой хүн /Н.Н/ араас нь гүйж очиж байгаа зураг 5-р харуулав...амь хохирогч С.Б өөрийг нь гүйцэж ирсэн хүнтэй хэсэг ярилцаж байгаад уг хүнийг гараараа түлхэж байх бөгөөд энэ үед араас нь гүйж очсон цагаан футболктой залуу гүйцэж очиж...02:55:53 цагт саарал куртиктэй хүн /Т.Б/ барилгын зүүн талаар чирээд орж байх бөгөөд цагаан футболктой хүн явган хүний зам дээр араас нь хараад зогсож байгаа...02:56:04 цагт Н.Н хойноос очиж байгаа, 02:57:57 цагт саарал куртиктэй хүн, сүүлд ирсэн хүний хамт гарч ирээд цагаан футболктой хүн зам руу гүйж очиж зам зээр зогсож байх бөгөөд саарал куртиктэй хүн урд талд нь 5 метр зайд зогсож...гар өргөн машинд сууж байгааг зураг 10-р харуулав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх61-67/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Жын “...Талийгаач ах маань Сэлэнгэ аймгийн Зүүн хараа, Үнэгт гэх газарт ээж “Т” болон манай ах “Б” нарын хамт гурвуулаа амьдардаг. Ах одоо *** нас хүрч байгаа хааяа унаж татдаг, 81 хувиар группэд байдаг /оношийг нь сайн мэдэхгүй байна/ юм. Өчигдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 14 цагийн орчим хөдөөгөөс гарах гэж байна, хотод очиж эмчилгээ хийлгэнэ гэж ярьсан ба миний төрсөн өдөр байсан болохоор хөдөөгөөс дүүдээ ааруул тарагтай очно гэж ярьж байсан. Тэгээд 18 цаг 50 минутад над руу хамт хөдөөгөөс ирсэн жолоочийн утсаар 3-4 удаа залгасан байсан. Би ажил дээрээ утсаа орхиод ойр зуурын хүнсээ бэлдэхээр гарсан байсан ба манай ажил дээр тухайн машины жолоочтой хамт ирчхээд явсан байсан. Тэгээд дахиж холбогдоогүй байж байгаад өнөөдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр манай дүү болох Доржсүрэн "ахыг нас барсан байна гэж цагдаагаас ярьж байна" гээд над руу залгаж мэдэгдсэн. Ах өөрөө 88808507 гэсэн дугаарын самсунг маркийн цагаан өнгийн утастай байсан ба утасных нь эрх нь дууссан ч өөрт нь явж байсан би сунгаж өгөхөөр ярилцсан байсан. Харин хөдөөгөөс ирэхдээ ямар ямар эд зүйлтэй, ямар хувцастай ирсэн талаар нь мэдэхгүй байна. Талийгаач ахын төрсөн охин болох Алтанболор нь Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтад амьдардаг ба өчигдөр охиныхоо гэрт 17 цагийн орчимд очоод хөдөөгөөс авч ирсэн ааруул, сүүгээ үлдээгээд над руу ирнэ гэж хэлээд гарсан гэсэн. Талийгаач ээжтэй хөдөө амьдардаг, малаа маллаж, цагаан идээгээ гаргаж авдаг хүн байсан..." гэсэн мэдүүлэг /1хх74-75/,
Гэрч Ө.Г “...Манайх СХД-ийн 2-р хороо Орбит 35-610 тоотод амьдардаг бөгөөд энэ зунаас хашаагаа буулган улмаар үйлчилгээний объект барьж эхэлсэн. 2023.08.30-ны 08 цагт манайд ажиллаж байгаа Хүрлээ ирээд баригдаж байгаа байшингийн хажууд хүн унтаж байна гэхээр нь гараад хартал 40-50 орчим насны эрэгтэй хүн толгойгоороо хана түшсэн байдалтай хөдлөхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. ...би огт танихгүй, хамар дээр нь бага зэрэг цус л байсан..." гэсэн мэдүүлэг /1хх154-155/,
Гэрч Д.Б “...тэр шөнөдөө******* ирж хоноогүй бөгөөд намайг 2023 оны 08 дугаар сарын 30-ны өглөө үүрээр гэрээсээ гараад гудамжинд алхаж байсан чинь******* доороос бага зэрэг архи үнэртүүлчихсэн ирэхээр нь "би чи архи уучихсан юм чинь ажилд яваад яах юм гэртээ амар" гэхэд ажилд явна гээд ажилд гараад яваад тэр өдөржин хамт 100 айл дээр хувиараа ачигчийн ажил хийгээд орой 20 цагийн орчимд гэртээ ирсэн. ... надад нэг цагаан өнгийн самсунгийн нимгэхэн утас өгөөд “ахаа энэ гар утас хүний гар утас шүү би маргааш хүнд нь өгнө шүү гээд нэг гар утас надад өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх167-169/,
Гэрч Д.Б эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх35-38/, уг хураан авсан гар утсыг таньж олуулах ажиллагаанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Жыг оролцуулан явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд С.Б гаргаж өгсөн утас амь хохирогч С.Бийн гар утсыг таньсан тухай тусгасан /1хх39-43/, хууль ёсны төлөөлөгчид амь хохирогчийн эд зүйлсийг хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /1хх44/, Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн №711 дугаартай: "...нийт хохирлын дүн 258,600 төгрөг..." гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх84-85/, амь хохирогчийн үхлийн шалтгааныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Т.Б-н амь хохирогчийг цохиж зодон, хана руу түлхэж мөргүүлсэн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, шүүгдэгч Н.Н-ын сэжигтнээр болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...араас нь очиход Т.Б амь хохирогчийг чирч яваад барилгын хана руу мөргүүлсэн...” гэсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.
4. Амь хохирогч С.Б-ийн үхлийн шалтгааныг тодорхойлохоор цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №2319 дугаар дүгнэлтэд "...Талийгаачид аман хүзүүний хажуу массын 2 талын хугарал, хүзүүний 1-3-р нугалмуудын түвшинд нугасны няцрал, хатуу хальс дээрх цусан хураа, хүзүүний нугалам орчмын булчинд нэвчмэл цус хуралт, дух, зулайн хуйханд цус хуралт, духны зүүн хэсэг, зүүн хацрын шонтон, хоёр далны шонтон хэсэгт цус хуралт, доод уруулын дотор салстад цус хуралт, хамрын угт язарсан шарх гэмтэл тогтоогдов. Учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл байх ба нэг цаг хугацаанд үүссэн байна. Гэмтэл амьд үед үүссэн байна. Талийгаач нугасны шокод орж төвийн гаралтайгаар амьсгал зүрх гэнэт зогсож нас баржээ. Гэмтэл авснаас хойш хэсэг зуур амьд байх боломжтой ба нарийн хугацааг нь тогтоох боломжгүй. Талийгаачид үүссэн аман хүзүүний хажуу массын 2 талын хугарал, хүзүүний 1-3-р нугалмуудын түвшинд нугасны няцрал, хатуу хальс дээрх цусан хураа, хүзүүний нугалам орчмын булчинд нэвчмэл цус хуралт нь үхэлд хүргэсэн гэмтэл байна. Дух, зулайн хуйх, духны зүүн хэсэг, зүүн хацрын шонтон, хоёр далны шонтон, доод уруулын дотор салстын цус хуралт, хамрын угийн язарсан шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Талийгаачийн цусанд мансууруулах, сэтгэц нөлөөт эм бодис илрээгүй, нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Цусны 2-р бүлэгтэй байна. Талийгаачид аман хүзүүний хажуу массын 2 талын хугарал, хүзүүний 1-3-р нугалмуудын түвшинд нугас няцрал, хатуу хальс дээрх Цусан хураа нь эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч, эмчилсэн ч амь аврагдах, амьдрах боломжгүй гэмтэл болно..." гэжээ. /1хх125-129/,
5. Шүүгдэгч Т.Б-г амь хохирогч С.Б-ийн нүүр тус газарт нь гараараа цохиж зодон, барилгын хана мөргүүлсэн үйлдлийн шалтгаант холбоогоор хохирогч нь “аман хүзүүний хажуу массын 2 талын хугарал, хүзүүний 1-3-р нугалмуудын түвшинд нугасны няцрал, хатуу хальс дээрх цусан хураа, хүзүүний нугалам орчмын булчинд нэвчмэл цус хуралт” бүхий гэмтлээр нугасны шокод орж нас барсан байна. Шүүгдэгч Т.Б-г хүнийг алах гэмт хэрэгт буруутган зүйлчилсэн нь үндэслэлтэй буюу түүнийг хууль бус үйлдлээ мэдэж, хохирол хор учрахыг хүсэж, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүнийг алсан гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас амь хохирогч С.Бийн үхлийн шалтгаан нь шүүгдэгч Т.Б-д зодуулснаас болсон дээр маргаагүй, мөн шүүгдэгч Т.Б гэм буруугаа хүлээсэн байна. Тухайлбал, шүүгдэгч Т.Б яллагдагчаар мэдүүлэхдээ “...хөгшин ахын нүүр рүү нэг удаа цохисон чинь газарт унасан нэлээн хэвтэж байгаад босож ирээд намайг чи чаддаг юм бол хүлээж байгаарай гээд орилоод хараагаад байсан...би гүйцэж очоод тэр ахыг баруун далны ар талаас нь гараараа базаж байгаад байшингийн хана руу хүчтэй түлхээд унагаасан...” гэсэн байх бол /2хх7/, шүүгдэгч Н.Н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Т.Б-тэй тэр шөнө танилцсан, надаас мөнгө асуусан, таксины мөнгө байна л гэж хэлсэн, дагаад яв гэхээр нь дагаад явсан, тэгсэн автобусны буудал дээр байсан амь хохирогчоос мөнгө асуугаад Т.Б түүнийг алгадаад, хойноос нь дагаад хувцаснаас нь чирээд барилгын хажуу тал руу чирээд хана мөргүүлсэн, тэгээд халаасыг нь ухаадах гэхээр нь айсандаа тэр хүний халаасыг ухаж гар утас, түрийвчийг нь аваад Т.Бд өгсөн, тэгээд намайг такси бариадах гэхээр такси бариад 21 дүгээр хорооллын тийшээ караоке орсон таксины мөнгийг өөрөө төлсөн, караокед ороод холдох боломж гарахаар нь караокеноос гарч такси бариад зугтааж явсан, хохирогчийн түрийвчинд мөнгө байсан эсэхийг мэдэхгүй шууд Т.Б-д...” өгсөн гэж мэдүүлсэн. /1хх149-151, 2хх49-50/
6. Монгол Улсын Дээд шүүхийн 2009.05.22-ны өдрийн 14 дугаар тогтоолын тайлбарт “...бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хүнийг санаатай алсан бол энэ зүйл хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд дээрмийн гэмт хэргээр давхар зүйлчлэхгүй...” гэж хууль хэрэглээний практик тогтжээ.
Энэ хэргийн тухайд амь хохирогчийг эхэлж нэг удаа цохиж унагаасан, түүнээс хойш 50 орчим минутын дараа гудамжинд явж байхад нь дахин амь хохирогчийн хойноос хөөж очиж шүүгдэгч Т.Б дахин цохиж, харанхуй хэсэг рүү чирч орон хана мөргүүлсэн шалтгаан, сэдэлт, зорилгыг тогтоох нь ач холбогдолтой юм.
Шүүгдэгч Т.Б нь амь хохирогч С.Б-ийг зодож, хана мөргүүлэн хүний амь насанд хүрсэн үйлдэл дээр мараагүй боловч зөвхөн маргалдсан, өөрийг нь доромжилсон болохоор биед нь халдсан харин хохирогчийг дээрэмдэх, эд зүйлийг авах зорилгоор уг үйлдлийг хийгээгүй гэсэн тайлбар, мэдүүлэг гаргаж иржээ. Тодруулбал, шүүгдэгч Т.Б нь тухайн үед согтуу байсан хохирогчийн гар утас өөрийнх нь халааснаас яагаад гарсныг санахгүй байна, утсаа авах гэхэд л өөр нэг утас байсан, жижиг биетэй залуу буюу шүүгдэгч Н.Н эд зүйлийг нь авсан, түүнд эд зүйлийг нь аваадах гэж хэлээгүй гэж мэдүүлсэн нь бусад байдлаар тогтоогдоогүй, харин эсрэгээрээ түүнийг шунахайн сэдэлтээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хохирогч С.Б-ийн биед халдсан гэж үзэх үндэслэл тогтоогдсон.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан. Дээр дурдсанаар шүүгдэгч Т.Б болон шүүгдэгч Н.Н нарын амь хохирогчийн гар утас, түрийвчийг авсан үйлдлийн талаар харилцан зөрүүтэй мэдүүлж ирсэн байх ба шүүгдэгч Н.Нын мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг нь эх сурвалжаа тодорхой заасан, хяналтын камерын бичлэгүүдээр давхар нотлогдсон үндэслэлээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Шүүгдэгч Н.Н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Т.Б-тэй тэр шөнө танилцсан, надаас мөнгө асуусан, таксины мөнгө байна л гэж хэлсэн...” гэсэн ба “Ммарт” үйлчилгээний төвийн гадна талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “2023.08.30-ны өдрийн 01:38 цагаас 01:50 цагийн хооронд үйл явдал туссан байх ба шүүгдэгч Т.Б нь амь хохирогчийг эхний удаа цохиж унагаахаас өмнөх дүрс байна. Тус тэмдэглэлд “Өрнөх хас” караокены шат болон үүд хэсгээр амь хохирогч С.Б, шүүгдэгч Т.Б, Н.Н нар тус тусдаа орж гарч байгаа” дүрс бичигдсэн, тэд харилцан ярилцаж, хамт явж байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй. /1хх56-60/
Улмаар шүүгдэгч Н.Н-ын “...шүүгдэгч Т.Б-н дагаад яв гэсний дагуу дагаж явахад автобусны буудал дээр байсан хөгшин хүнээс мөнгө асуугаад Т.Б түүнийг алгадаад, хойноос нь дагаад явсан, намайг дагаад яв гэж дуудахаар нь хүрээд очиход тухайн ахыг хувцаснаас нь чирээд барилгын хажуу тал руу чирээд хана мөргүүлсэн, тэгээд халаасыг нь ухаадах гэхээр нь айсандаа тэр хүний халаасыг ухаж гар утас, түрийвчийг нь аваад Т.Бд өгсөн...” өгсөн гэсэн мэдүүлэг нь дээр дурдсан “Авто гоёл” үйлчилгээний төвийн хяналтын камерын бичлэг, түүний тэмдэглэлд туссан /1хх64/, амь хохирогч С.Бийг баригдаж байсан барилгын дэргэд шүүгдэгч Т.Б гүйцэн очиж байгаа, тэдэн дээр цагаан цамцтай Н.Н дээр гүйж очиж байгаа дүрслэлээс тодорхой харагдаж байна. Улмаар шүүгдэгч Т.Б-гөөс амь хохирогчийн гар утас гарсан нь шүүгдэгч Н.Н-ын хохирогчийг мөрнөөс татаад хана мөргүүлсэн, тэрийг хараад айсан байсан, хохирогчийн халаасыг нь ухаад гар утас, түрүүвчийг нь аваад өг гэхээр нь авч өгсөн гэсэн мэдүүлсэн нь эх сурвалжаа тодорхой заан мэдүүлсэн, бусад байдлаар нотлогдсон гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Т.Б-г өөрөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчилснийг хүлээн авч, шүүгдэгчийг тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Харин улсын яллагчаас шүүгдэгч Т.Б-н үйлдлийг дээрэмдэх болон хүний амь насанд халдсан үйлдэл нь тус тусдаа үйлдэл гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамласан нь үндэслэлгүй буюу энэ тохиолдолд хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болж байгаа тул хэд хэдэн гэмт хэрэг гэж үзэхгүйг дурдах нь зүйтэй.
7. Прокуророос шүүгдэгч Н.Н-ыг дээрэмдэх гэмт хэргийн бүлэглэн гүйцэтгэгч гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг дараах үндэслэлээр гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн.
Шүүгдэгч Н.Н нь амь хохирогчийн халааснаас гар утас, түрийвчийг авсан үйлдэл дээр маргаагүй, ийнхүү авах болсноо шүүгдэгч Т.Б-д хэлсний дагуу хийсэн, хүнийг хана мөргүүлж байгаа үйлдлийг хараад айсан болохоор хэлснээр нь байсан, тухайн эд зүйлээс өөртөө аваагүй, шууд Т.Б-д өгсөн гэж тайлбарласан бол улсын яллагчаас амь хохирогчийн эд зүйлийг урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж авсан тул гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн, хамтран оролцогч гэсэн дүгнэлт гаргасан.
Бүлэглэх гэдэг нь хоёр, түүнээс олон тооны этгээд гэмт хэргийг үйлдэхдээ хүсэж болон мэдэж нэгдсэнийг хэлдэг. Урьдчилан үгсэн тохироогүйгээр гэмт хэрэгт нэгдэх гэдэг нь тухайн нөхцөл байдалд гэмт хэрэг үйлдэгдэж байгааг мэдэж, гэмт хэрэг үйлдэхэд өөрийн хүслээр хамтран оролцож, санаа бодол нэгдэж буй үйл явц юм.
Тус хэргийн тухайд шүүгдэгч Н.Н нь шүүгдэгч Т.Бг урьд өмнө таньдаггүй, хэрэг болохоос өмнө харилцан ярилцаж тохиролцсон нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Т.Б дуудахаар нь дагаж явсан, дуудахаар нь хойноос нь гүйгээд очиход уг настай ахыг чирээд, хана мөргүүлэхэд айсандаа хэлснээр нь үйлдэл хийсэн, шүүхийн хэлэлцүүлэгт урьдын харилцаа холбоо байхгүй атлаа “ах” ингэ гэсэн, “ах” тэг гэсэн “ахад өгсөн” байдлаар асуултад хариулж буй байдал зэргийг дүгнэн үзээд шүүгдэгч Н.Н-ыг амь хохирогчийн эд зүйлийг авах үйлдлийг бие даан гүйцэтгэх чадваргүй, уг үйлдэлд бусдын заавраар оролцсон гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Н нь дээрэмдэх гэмт хэргийг санаачлаагүй, эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолсон, заналхийлсэн, хүч нэмэгдүүлсэн үйлдэл тогтоогдоогүй, тухайн тохиолдолд амь хохирогчийг хана мөргүүлээд унагасны дараа эд зүйлийг нь биеэс нь авсан үйлдэл нь гэмт хэргийн гүйцэтгэгчийн шинжийг хангахгүй юм. Нөгөө талаасаа урьдаас гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, амар хялбар болгоход тусалсан, гэмт үйлдлээ хэрэгжүүлэхэд нь идэвхтэйгээр хүчийг нэмэгдүүлэхээр урьдчилан амласан нөхцөл байдал тогтоогоогүй тул гэмт хэргийн хамжигч, хамтран оролцогч гэж мөн үзэх үндэслэлгүй юм.
Харин тухайн нөхцөл байдалд хойноос нь гүйгээд очиход нүдэн дээр нь хүнийг мөрнөөс татаж өргөөд хана мөргүүлж байгаа үйлдлийг харсан хүн айдаст автсандаа хэлснийх нь дагуу үйлдэл хийж, бусдын үгээр явж байсныг үгүйсгэн няцаах боломжгүй, улмаар гэмт хэрэг үйлдэхэд Н.Н ямар идэвхтэй үйлдэл гаргасан, уг үйлдлээс өөртөө ямар эдийн ашигтай байдал бий болгосныг тогтоогоогүй байж бүлэглэж үйлдсэн гэж ялласан нь үндэслэлгүй гэсэн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах нь зөв байна.
Мөн шүүгдэгч Н.Н-ын өмгөөлөгчийн албадлага, эрхшээлд автаж энэхүү үйлдлийг хийсэн гэсэн дүгнэлтийг няцаах боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрт нь, гэр бүлийн гишүүн, бусад хүнд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол, хор уршиг учруулахаар заналхийлсний улмаас бусдын эрхшээлд гарцаагүй автаж хийсэн энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй”, 2 дахь хэсэгт “Бусдыг бие махбод, сэтгэл санааны албадлага, эрхшээлд оруулж гэмт хэрэг үйлдүүлсэн хүнийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гүйцэтгэгчид тооцно” гэж заасан.
Өөрөөр хэлбэл хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч нарын мэдүүлгээр /1хх17, 27/ шүүгдэгч Т.Б нь 180 см орчим өндөртэй, 100 кг гаран жинтэй, шүүгдэгч Н.Н нь 150 см өндөртэй, 45 кг орчим жинтэй, биеийн харьцааны хувьд илэрхий ялгаатай байдал тогтоогдсон. Хэргийн нөхцөл байдалд шүүгдэгч Н.Н-ыг шүүгдэгч Т.Б-гөөс хүч хэрэглэсэн, үгээр заналхийлсэн шинж байдал тогтоогдоогүй ч шүүгдэгч Т.Б-н үйлдлээс Н.Н нь айсан гэсэн мэдүүлэг, сэтгэл зүйн хувьд бусдын эрхшээлд ороод түүнийг дуудахаар дагаж яваад, хэлснээр нь үйлдэл хийгээд, боломж гарангуут салж явсан байсан гэсэн өмгөөлөгчийн дүгнэлтийг яллах талаас үндэслэлтэйгээр няцаан үгүйсгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан. Улсын яллагчаас шүүгдэгч Н.Ныг амь хохирогчийн түрүүвчийг уудлан картуудыг гаргаж хаяж, мөнгийг нь авсан, 21 дүгээр хороололд караокед уг мөнгийг захиран зарцуулсан гэсэн нь баримтаар тогтоогдоогүй тул таамаглал байдлаар ялласан үндэслэл болно. Тиймээс нотолж чадаагүй тохиолдолд буюу холбогдох мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийсэн ч шүүгдэгч Н.Н-ын үйлдлийн субьектив тал болох сэдэлт, зорилгыг бүрэн тогтоож чадаагүй тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчим үйлчлэх юм.
Иймд дээрх нөхцөл байдлыг дүгнэн үзээд шүүгдэгч Н.Н-ын үйлдэлд гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй, шүүгдэгч Т.Б-н заавраар, түүнээс айсандаа Т.Б-г хохирогчийг хана мөргүүлж унагасны дараа эд зүйлийг түүнд авч өгсөн байдал нь гэмт хэрэг үйлдэхэд идэвхтэйгээр хамтран оролцсон дэмжлэг үзүүлсэн, идэвхтэйгээр үйлдлээрээ нэгдсэн шинж байдалд хамаарахгүй, гэмт хэргийн гүйцэтгэгч, хамтран оролцогчийн шинжийг хангахгүй байх тул дээрэмдэх гэмт хэргийн хамтран гүйцэтгэгч биш гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Н.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал
8. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.
Мөн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасан.
9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ж-ын шүүхийн хэлэлцүүлэгт “...ахын минь группэд байдаг 2022 онд хөдөөгөөс зүүн хараагаас банкнаас авсан зээлийн 3.700.000 үлдэгдэлтэй гэж хэлсэн, ахын минь буяны ажилд нийт 10.900.000, 45 хоногийн буяны ажил гээд 2.000.000 төгрөг нийт 12.900.000 төгрөг...мөн сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ...” гэжээ.
10. Шүүх нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргадаг бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн баримтаас 2,109,490 төгрөгийн баримт нь оршуулах зан үйлтэй холбоотой баримт нь нотлох баримтын шаардлага хангажээ. Иймд шүүгдэгч Т.Бгөөс 2,109,490 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулж шийдвэрлэв. Амь хохирогчийн зээлтэй байсан асуудал нь холбогдох хууль, банкны дүрэм, журмаар зохицуулах тул гэмт хэргийн хохиролд хамаарахгүй юм.
11. Мөн сэтгэл санаанд учирсан гэм хорын хохирлыг шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн. Тодруулбал, Иргэний хуулийн 511.5 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөр олгохоор заасан заалт нь гэр бүлийн гишүүн гэж заасан.
Энэ нь Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4 дэх заалтад “гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садны хүнийг” гэр бүлийн гишүүн гэж үзэх буюу хамтын амьдрал бүхий хүн байхаар заасан. Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 40.1 дэх хэсэгт шинжилгээний байгууллага нь Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг/Хүний амьд явах эрхийн эсрэг/ ...гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана гэж заасан. Тиймээс хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон амь хохирогчийн гэр бүлийн гишүүд нь сэтгэцэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
12.1. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Бд 14 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлт гаргасан.
12.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар санал хүсэлт хэлээгүй болно.
12.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Т.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэх санал гаргасан.
13. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №729 дугаартай "...Т.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна...сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай..." гэсэн дүгнэлт /1хх112-113/ гаргасан, түүнд хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх нь зөв байна.
14. Шүүгдэгч Т.Б нь урьд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шунахайн сэдлээр хүний амь насанд халдсан тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэж үзэхгүй юм. Улмаар шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
15. Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж зааснаар гэм бурууд тохирсон ял оногдуулах нь зөв юм.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шунахайн сэдэлтээр хүний амь насанд халдсан, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг их, гэмт үйлдлийн шинж байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял эдэлж байсан, гэм буруугаа хүлээсэн байдлыг харгалзан хугацаатай хорих ял оногдуулах нь зүйтэй үзэж дараах байдлаар ял оногдууллаа.
16. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг дэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 12 жилээс 20 жил хүртэл эсхүл бүх насаар хорих ял оногдуулахаар заасан, хүнд гэмт болно.
Шүүхээс шунахайн сэдлээр хохирогчийг хана мөргүүлэн, хүзүүг нь хугалсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 17 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь түүний гэм буруутай үйлдэлд тохирно гэж дүгнэв.
17. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдлыг харгалзан хаалттай хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтоов.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
18. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 3 ширхэг дискийг хэрэгт үлдээж, “самсунг” бичиглэлтэй хуучин гар тус хар болон цагаан өнгийн гар утас 2 ширхэг, айфоне маркийн гар утас 1 ширхэг зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц эзэмшигч нарт буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
19. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бн /2023.09.01-2025.02.05/ хооронд цагдан хоригдсон /2хх70/ нийт 523 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Прокуророос шүүгдэгч Н.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-н цагдан хоригдсон нийт 523 /таван зуун хорин тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-гөөс 2,109,490 /хоёр сая, нэг зуун есөн мянга, дөрвөн зуун ер/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгосугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 3 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан самсунг бичиглэл бүхий асдаггүй хар өнгийн болон самсунг бичиглэл бүхий эвдэрхий цагаан өнгийн 2 ширхэг гар утас, айфон маркийн гадуураа хүрэн өнгийн гэр бүхий 1 ширхэг гар утсыг эзэмшигчид буцаан олгож, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүдэгч нарын иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Н нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг шүүдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гарах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бд авсан цагдан хорих, шүүгдэгч Н.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МӨНХБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ