Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 136/шш2017/00265

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: “Г з” ХХК /У хот, С дүүрэг, * дугаар хороо, ** төв, 7** тоот, 90110****** улсын бүртгэлийн дугаартай, 5026*** регистрийн дугаартай/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д аймгийн С сумын Засаг даргад холбогдох

                                                  

С сумын Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/*** тоот хууль бус шийдвэрийн улмаас өөрт учирсан хохирол 35,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бүжмаа нар оролцов.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-Ө нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлд дурдсаны дагуу 6 га газрыг 5 дугаар багийн нутаг дэвсгэр дээр эзэмшиж ирсэн. Дээд шатны засаг дарга нь 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/*** дугаартай захирамжаар С сумын Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/*** дугаар захирамжийг хүчингүй болгосон байдаг. Нэгэнт газар эзэмших эрхгүй болсон учраас тухайн газрыг нөхөн сэргээхэд гаргасан зардал болон газрын төлбөрийг нэхэмжилж байгаа юм. А/*** дугаартай С сумын Засаг даргын захирамжийг хууль бус гэж үзсэн байдаг. Энэ захирамж нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Энэ талаар ямар нэгэн этгээд маргаагүй, эрх бүхий этгээд хууль ёсны үндэслэлтэй үндэслэлгүй гэдгийг авч хэлэлцээгүй. Иймээс газрын үнэ болох 35 600 000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Иргэний хуулийн 497 дахь хэсэгт гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэлийг, Засаг даргын хууль бус актаас болж хохирол учирсан. Мөн хуулийн 498.2 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан учраас Засаг даргын тамгын газар гэж тодорхойлж өгсөн. 101 дүгээр зүйлд хохирол барагдуулах этгээд нь Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2 дахь хэсэгт заасны дагуу захиргааны байгууллагаас учирсан хохирлыг төр хариуцна гэсэн байдаг. Хариуцагчийн тайлбартай танилцсан. Дээд шатны Засаг дарга буюу А/*** дугаар захирамжид газрын тухай хуулийг үндэслээгүй байсан. Өөрөөр хэлбэл газрын харилцааны талаарх өөрийн бүрэн эрхийг 2.2.7-д заасан, мөн Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 8.1.2 дахь хэсгийг үндэслэсэн байсан. Уг захирамжид 5 аж ахуй нэгж байсан. Алинд нь манайх хамааралтай нь харагдахгүй байдаг. Хариуцагч Дээд шүүхийн тогтоолыг үндэслэх байсан бол хуультай хамт үндэслэх байсан. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд байдаг. Хэрэв газрын чанар байдлын төлөв байдлыг хянан баталгаажуулалт хийх ёстой байсан бол нэхэмжлэгч компани хийнэ гэсэн үндэслэл байхгүй. Шийдвэр гаргасан сумын Засаг дарга захирамж гаргах ёсгүй байсан. Тайлбарын агуулгаар нэхэмжлэгч өөрөө хянан баталгаажуулалт хийгээгүй учраас буруутай гэж ойлгогдохоор байгаа. Гэтэл газар эзэмшигч өөрөө хянан баталгаажуулалт хийнэ гэсэн зүйл байхгүй. Тийм үүрэгтэй байсан бол байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд газар олгох шийдвэр гаргах ёсгүй байсан. Энэ утгаараа дээд шатны Засаг дарга гаргасан акт нь хууль бус учраас нэхэмжлэл гаргасан. Гэхдээ манай байгууллага орон нутгийг хөрөнгө мөнгөний шахалтад оруулах санаа агуулаагүй. Газрын эрх хадгалагдаад үлдэх юм бол орон нутгийн удирдлагатай хамтран ажиллана. Харамсалтай нь бидний явуулсан саналд хариу өгөөгүй. Иймээс учирсан бодит хохирлоо гаргуулмаар байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Г з” ХХК нь 2011 оны А/*** дугаар захирамжаар нөхөн сэргээлт гэсэн үндсэн дээр үйлдвэр үйлчилгээний зориулалтаар  нөхөн сэргээсэн 6 га /60000 м.кв/ газрыг 5 дугаар багийн нутаг дэвсгэрт авсан. Дээд шүүхийн 2008 оны газрын тухай хуулийн зарим зүйлийг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 15.5 дахь хэсэгт Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д зааснаар ойлгодог. Уг дүгнэлт гараагүй сумын Засаг даргын А/*** дугаар захирамжаар 6 га газрыг эзэмшүүлсэн нь хууль бус юм гэж үзээд аймгийн Засаг даргын А/*** дугаар захирамжаар хүчингүй болгосон. 2 дугаарт  Г з ХХК өөрийн хөрөнгөөр газрыг сэргээх талаар хүсэлт гаргасан учраас сайн дурын үндсэн дээр гаргасан учраас гэрээ хийсэн. Газрын төлбөрийн хувьд 2011 оны А/*** захирамжаар газар эзэмших гэрчилгээ олгогдсон. Үүгээр Газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар “Г з” ХХК нь газар эзэмшигч мөн газрын төлбөр төлөгч болсон. 2400 000 төгрөгийг өгсөн нь уг ХХК-ийн ашигласан газрын төлбөр юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй юм гэв.  

            Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Г з” ХХК нь С сумын Засаг даргад холбогдуулан С сумын Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/*** тоот хууль бус шийдвэрийн улмаас өөрт учирсан хохирол газрын төлбөр 2,400,000 төгрөг, нөхөн сэргээлтийн ажлын зардал 33,200,000 төгрөг нийт 35,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Г з” ХХК нь Д аймгийн С сумын Засаг даргатай 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “Газрын элэгдэл эвдрэл нөхөн сэргээх ажлын гэрээ” байгуулж, 2011 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нөхөн сэргээсэн тайлбайг хүлээлцэн актаар хүлээлгэн өгчээ. /хх-31/,

Д аймгийн С сумын Засаг дарга Б.Батбаяр нь 2011 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/*** дугаартай захирамжаар тус сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах  Зэвсэгт хүчний 336 дугаар цэргийн ангийн зүүн урд талд 6 га /60000 м.кв/ газрыг өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээсэн “Г з” ХХК-д үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлжээ. /хх-8/

“Г з” ХХК нь 2011 оны 8 дугаар сарын 10-ны өдөр иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 0105/2011 тоот гэрээ байгуулан С сумын 5 дугаар баг, цэргийн ангийн зүүн урд талд үйлдвэрлэл, үйлчилгээ, шатахуун агуулах зориулалтаар 101005033 дугаар бүхий 6 га /60000 м.кв/ газрыг 15 жилийн хугацаатайгаар 2011 оны 8 дугаар сарын 25-ны өдөр бүртгүүлэн 0202596 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээ авч, аймгийн Засаг даргын захирамжийн дагуу эрх бүхий этгээдэд буцаан өгсөн болох нь хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд буй нотлох баримт, зохигчдын тайлбараар нотлогдон тогтоогдож байна.

Д аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/*** дугаартай захирамжаар “Г з” ХХК-д олгогдсон С сумын 5 дугаар баг, цэргийн ангийн зүүн урд талд үйлдвэрлэл, үйлчилгээ, шатахуун агуулах зориулалтаар 10100**** дугаар бүхий 6 га /60000 м.кв/ газрыг 15 жилийн хугацаатайгаар 2011 оны 8 дугаар сарын 25-ны өдөр бүртгүүлэн 0202*** дугаартай эзэмших эрхийн гэрчилгээ /хх-33/-г хүчингүй болгожээ. Аймгийн Засаг дарга өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн, захирамжид удирдлага болгосон хууль, зүйл заалт нь хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгч энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч “Г з” ХХК нь газрын төлбөрт 2012, 2013, 2014, 2015, 2016 онуудад тус бүр 480,000 төгрөгийг төлжээ. /хх-34-38/,

Гэрээнээс үүссэн хохиролд:

- 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдөр газрын төлбөрт 480,000 төгрөг /хх-38/,

- 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдөр газрын төлбөрт 480,000 төгрөг /хх-37/,

- 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр газрын төлбөрт 480,000 төгрөг /хх-36/,

- 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр газрын төлбөрт 480,000 төгрөг /хх-35/,

- 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр газрын төлбөрт 480,000 төгрөг /хх-34/,

- Нөхөн сэргээлт хийхэд шатахууны зардал 29,654,000 төгрөг, хоол, хүнс томилолт 2,023,148 төгрөг, шатахуун хадгалуулах 800,000 төгрөг, техник, сэлбэг хэрэгсэл, 2,388,288 төгрөг, харуул хамгаалалт 175,000 төгрөг, нийт 35,040,436 төгрөг зарцуулсан /хх-18-31/ гэж тайлбарлана.

 

Нэхэмжлэгчээс газрын төлбөрт 2012 оноос 2016 он хүртэл жил бүр 480,000 төгрөг төлсөн байх боловч 2013 онд газрын төлбөрт 480,000 төгрөг төлсөн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэг “ Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хувийг өгнө ...”-т зааснаар хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй,

- мөн дээрх нөхөн сэргээлт хийхэд гарсан зардал болох шатахууны зардал 29,654,000 төгрөг, хоол, хүнс томилолт 2,023,148 төгрөг, шатахуун хадгалуулах 800,000 төгрөг, техник, сэлбэг хэрэгсэл, 2,388,288 төгрөг, харуул хамгаалалт 175,000 төгрөг, нийт 33,200,000 төгрөг зарцуулсан гэх баримтууд нь өөр бусад бичгийн баримтаар тогтоогдохгүй, үнийн дүн зөрүүтэй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй, зохигчид шүүхэд нэмж гаргах нотлох баримтгүй гэсэн байна. Өөрөөр хэлбэл шууд нотлох баримтаар шүүх үнэлэх боломжгүй, бусад дамжмал болон холбогдох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна. Мөн нөхөн сэргээлтийн гэрээгээр хэн хэзээ үр дагаварыг хариуцах талаар гэрээний талууд тохиролцоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж буй баримтаа нотлоогүй, эдгээрийг хариуцагчаас гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзэв.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.” гэж заасан байх тул хуульд зааснаар сумын Засаг даргын шийдвэр /захирамж/-ийг аймгийн Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд хууль бус гэж үзэж хүчингүй болгосон нь гэрээний нэг тал гэрээнээс татгалзсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.6-д “Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид гэрээний зүйлийг буцааж өгсөн, үнийг нь төлсөн, ... бол үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгчид зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэгтэй. Бусад зардлыг үүрэг гүйцэтгэгч гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчид оруулсан ашгийн хэмжээгээр нөхөн төлнө.” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Г з” ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээг буцаан өгсөн ба үүрэг гүйцэтгүүлэгч С сумын Засаг дарга нь нэхэмжлэгч “Г з” ХХК-ийн зайлшгүй зардал болох 2011 оны 8 дугаар сарын 10-ны өдөр иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 0105/20** тоот гэрээний дагуу төлсөн газрын төлбөр болох нотлох баримтаар тогтоогдсон 1,920,000 төгрөгийг нөхөн төлөх үүрэгтэй байна.

Иймд “Г з” ХХК-ийн 2011 оны 8 дугаар сарын 10-ны өдөр иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 0105/20** тоот гэрээнээс учирсан хохирол газрын төлбөрт төлсөн 2,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг /газрын төлбөрт 1,920,000 төгрөг/-ийг хангаж, хариуцагч Д аймгийн С сумын Засаг даргаас гаргуулж нэхэмжэлэгч “Г з” ХХК-д олгож, үлдэх нотлох баримтын шаардлага хангаагүй 2013 оны газрын төлбөр 480,000 төгрөг, нөхөн сэргээлтийн шатахууны зардал, хоол, хүнс томилолт, шатахуун хадгалуулалт, техник, сэлбэг хэрэгсэл, харуул хамгаалалт зардал зэрэг нийт 33,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч “Г з” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 335,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сайншанл сумын Засаг даргаас 45,670 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, мөн хуулийн 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.6 дахь хэсэгт заасныг баримтлан, Д аймгийн С сумын Засаг даргаас газрын эзэмших гэрээнээс учирсан хохирол төлбөрт 1,920,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г з” ХХК-д олгож, үлдэх 2013 оны газрын төлбөр 480,000 төгрөг, нөхөн сэргээлтийн ажлын зардал 33,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч “Г з” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 335,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С сумын Засаг даргаас 45,670 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г з” ХХК-д олгосугай.

 

3. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

           

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                В.АМАРТҮВШИН