2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/439

 

 

 

 

 

 

 

      2025         02           10                                    2025/ШЦТ/439

 

 

                              

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгиноайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн хөтлөн,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,  

шүүгдэгч  Ж.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,   

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос М овогт Ж-н Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр ** аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “**” ХК-д  түгээгч ажилтай гэх, ам бүл **, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, *** оршин суух хаягтай боловч Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, *** дугаар байрны *** тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, М овогт Ж-н Н- /регистрийн дугаар **/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ж.Н- 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан байх үедээ буюу 2024 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, Нисэхийн тойргийн замд согтуугаар “Toyota Aqua” /Тоёота акуа/ маркийн **-*** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцон Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүй ...согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Н-ийн өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, 

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хавтаст хэргийн 5-7 дахь тал/,  эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүрэг хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай /хавтаст хэргийн 4 дэх тал/, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дэх тал/,  Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 17, 86 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Д-н иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...Би машинаа 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Тилеген гэх хувь хүнээс 28.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би тухайн мөргөсөн жолоочтой 850.000 төгрөгөөр тохирсон. Түүнээс 500.000 төгрөгийг авсан. 350.000 төгрөгөө авчихвал гомдол санал байхгүй. Би машиндаа үнэлгээ хийлгэхгүй янзлуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Н-н гэрчээр өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 9-ний орой 23 цаг өнгөрч байхад би ах Д-н машиныг жолоодон Нисэхээс 2-ын товчоо чиглэн явж байхад замд “Сод Монгол” ШТС-ын харалдаа баруунаас зүүн зүг рүү замын 1 дүгээр эгнээгээр явж байтал миний машины урд талд нилээд хүчтэй эд анги нь эвдэрсэн гэмээр дуу чимээ гарахаар нь би ослын тэмдэгээ дараад буугаад машинаа тойроод явган хүний зам руу орох үед миний машины ард талаас нэг машин ирээд мөргөсөн. Машин дээр нь очоод жолоочийг нь татаж үзэхэд жолооч нь согтуу байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/,

 

Зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн материалын хуулбар /хавтаст хэргийн 92-96 дахь тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Э.Д-н “...хохирол төлбөрөө бүрэн авсан...” гэх шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэл /хавтаст хэргийн 110 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Н-ийн яллагдагчаар өгсөн: “...Тухайн өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 9-ний өдөр ажлаа тараад гэртээ ирээд эхнэртэйгээ маргалдаад дэлгүүр гарч 0.33 гарммын хэмжээтэй архи аваад машиндаа суусан. Гэтэл замын хажууд такси барих гээд гараа өргөхөөр нь тухайн хүнийг аваад Нисэхийн эцэс хүргэж өгсөн. Нисэхийн эцэс дээр авсан архиа ганцаараа уугаад машиндаа унтах гэж байгаад ер нь гэртээ харъя гэж бодоод  гэрийнхээ зүг хөдөлсөн. Тэр үед зам сийрэг, хөдөлгөөн бага байсан. Гэтэл миний урд нэг машин зогссон байсан. Тухайн машины араас бага зэрэг мөргөсөн. Тэгээд замын цагдаа дуудсан. Тэр үед машинд авсан архины тал үлдсэн байхаар нь цагдаа ирэхээс өмнө тухайн архиа уугаад дуусгасан. Удалгүй цагдаа ирээд дайгер бага үлээлгэхэд 2.21 гэж гарсан. Би 2012 онд жолооч болсон, гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 46 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 дахь тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Н- 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан байх үедээ буюу 2024 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо, Нисэхийн тойргийн замд согтуугаар “Toyota Aqua” /Тоёота акуа/ маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцон Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолоодох эрхгүй ...согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчсөн гэх хэргийн үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хавтаст хэргийн 5-7 дахь тал/,  эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүрэг хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай /хавтаст хэргийн 4 дэх тал/, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дэх тал/, Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 17, 86 дахь тал/,  мөрдөн шалгах ажиллагаанд Э.Д-н иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дахь тал/, мөрдөн шалгах ажиллагаанд Г.Н-н гэрчээр мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/ болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тооцохоор тус тус хуульчилсан.

 

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг,

“Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно гэж хуульчилжээ. Иймд шүүгдэгч Ж.Н-ийн дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар  зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд: “...шүүгдэгч Ж.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” санал гаргав.

 

Шүүгдэгч Ж.Н- шүүхэд хандаж хэлсэн эцсийн үгэндээ:  “...Гэм буруугийн талаар маргахгүй...” гэв.

 

Шүүгдэгч Ж.Н- Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Ж.Н- тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн ба прокуророос Ж.Н-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Ж.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан  “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Н-д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Н- эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Ж.Н-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Гурав. Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Ж.Н- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч М овогт Ж-ын Н-ийг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Ж.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н-д оногдуулсан 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

4. Шүүгдэгч Ж.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Ж.Н- энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ