2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/394

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,

улсын яллагч С.Бат-Орших, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг, шүүгдэгч Ё.М, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б, Ё.М нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310 02454 0074 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, **** оны 3 дугаар сарын 14-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, **** мэргэжилтэй, ***” ХХК-д менежер ажилтай, ам бүл **, ***************, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн *** дугаар хороо **** хотхоны *** дугаар байрны ***** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

И овогт Г.Б /РД:****/;

 

2. Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой ***** мэргэжилтэй, “**** ХХК-д ******* ажилтай, ам бүл***, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, *** хотхоны *** дугаар байрны *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

З овогт Ё.М /РД:*****/;

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б, Ё.М нар нь 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үл ялих шалтгааны улмаас маргалдан хоорондоо зодолдож хэн хэнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 231А дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Г.Б, Ё.М.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Б, Ё.М нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, тэдний өмгөөлөгч нар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзээд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч нарыг дараах үндэслэлээр гэм буруутай гэж дүгнэв.

3. Хэргийн үйл баримтыг авч үзвэл: 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт гудамжинд Г.Б нь Ё.Мыг олон нийтийн газарт тамхи татаж алхлаа гэж маргаан үүсгэсэн. Улмаар Г.Б нь Ё.Мын нүүр тус газар цохисон, Ё.М нь цохиулсандаа уурлан Г.Бтай зууралдан балаар цээж рүү хатгах байдлаар цохиж, харилцан зууралдан зодолдож хэн хэнийхээ биед тус тус санаатай хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Энэ нь Ё.Мын хохирогчоор мэдүүлсэн “...хүүгийн хамт И март дэлгүүрээс гараад алхаж явахдаа хүүгийн асуусан асуултад хариулаад авто замын баруун талаар явган хүний замаар алхаж явахдаа тамхи асаагаад татсан. Замаар зүүн зүгт гарахаас наана буюу урд талд явж байхад 180 см орчим өндөртэй залуу нэг эмэгтэйн хамт миний өмнө алхаж явснаас эргэж хараад пиздаа минь тамхи унтраа яагаад тамхи татаад байгаа юм гээд шууд өөдөөс агсарч эхэлсэн. Тэгэхээр би гайхаад чи яасан юм бэ, би энд тамхи татаж болохгүй юм үү гэсэн чинь тэр залуу тамхи чинь муухай үнэртээд байна, манай эхнэр жирэмсэн байгаа гэх шиг болсон. Тэгэхээр уучлаарай ах нь одоо зам гарлаа, эсвэл салхин доор чинь оръё гэсэн чинь тэр залуу шууд над руу агсраад хөгшин төгцөг чи тамхи татдаг хэн бэ гээд байсан. Би гайхаад сонин байдалд орчхоод би яахаараа тамхи татаж болдоггүй юм гэсэн чинь тэр залуу миний гар байсан тамхийг цохих гэж оролдсон, би гараа холдуулаад маргалдсан чинь тэр залуу гарын алгаараа миний нүүр хэсэгт цохиод нүдний шилний тогтоогчийг хугалчихсан. Тэгэхээр би өөрийгөө хамгаалах үүднээс тухайн залууг түлхэх гэж оролдсон, тэгсэн тэр залуу бултаж холдоод би эрчээрэй газар унасан. Тэгсэн тэр залуу миний дээр гараад учиргүй гараараа цохиод эхэлсэн. Би нэлээн цохиулж байгаад босож ирээд би өөрийгөө хамгаалах үүднээс тэр залуутай барьцалдаж аваад хоёр тийш болоод тэр залуу чи мэдрэл муутай юм үү тамхи татсаны төлөө хүн алах нь уу гэж хэлсэн. Тэгсэн нөгөө залуу элдэв үгээр доромжилж ална шүү гээд миний цээж рүү гараараа байн байн түлхээд байсан. Би тэрийг нь болиулаад чи битгий түлхээд бай гээд гарыг нь холдуулсан байхад тэр залуу гэнэт баруун гараараа миний зүүн шанаа хэсэгт их хүчтэй цохисон, дахиад баруун хацар хэсэгт гараараа цохисон. Би цохиулаад машин зам руу гуйваад замын голд унасан. Тэгэхэд манай 7 настай хүү татаж чангаасан гэсэн. Би ухаан балраад орж гараад байсан. Тэгээд би ухаан санаа орж гараад замаас гараад явган ухаан алдаад унасан. Би хэсэг хугацааны дараа хүүхэд уйлах чимээ гараад ухаан ороход хүмүүс түргэн дуудаарай гээд байсан, тэгсэн би цус болчихсон, толгойн зулай хэсгээс цус гоожоод байсан...” гэсэн мэдүүлэг /1хх74-76/,

Г.Бы хохирогчоор мэдүүлсэн “...Эхлээд тамхи татлаа гэж хэлсэн. Намайг түрүүлээд цохих оролдлого хийгээд би бултаад тэр хүн намайг хальт цохиод өвдгөөрөө газар унасан. Тэгээд босож ирээд ноцолдож байгаад жижигхэн И-мартын зам дагуу хашлага руу түлхэж унагаасан. Би босож ирээд нэлээн ноцолдож байхад урдаа зүүж байсан хар саарал өнгийн паскнаасаа хар өнгийн бал гаргаж ирээд миний бие хэсэг рүү зоогоод байсан. Биеийн эгмийн ясны доор, зүүн талын мөрний дээд хэсэг, баруун гарын шуу хэсэг, зүүн гарын дотор талын шуу хэсэгт балын ором улайлт зулгаралт зэрэг гэмтлүүд үүссэн байгаа одоо сорви тогтсон." гэсэн мэдүүлэг /1хх82-83/,

Гэрч М.Н “...Би 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нөхөр Г.Б хамт Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Е-март худалдааны төвөөс гараад машин руугаа алхаад явж байхад бид хоёрын урд талд нэг ах хүүхэдтэйгээ явж байсан бөгөөд автобусны буудал дээр тухайн ах тамхи гаргаж ирээд асаагаад татсан. Тэгээд бид хоёр урд нь гаръя гээд би жирэмсэн байсан учраас урд талд гарахад, яваад зөрөхдөө олон нийтийн газарт хүүхэдтэйгээ явж байж тамхи битгий татаад бай гэж хэлсэн. Тэгээд хажуугаар нь зөрөөд урьд нь гараад алхаад явахад араас нөгөө ах янз бүрээр хэлээд чамаар заалгах уу нааш ир гээд байсан. Та хүүхэдтэй явж байж болиоч гээд манай нөхөр жирэмсэн хүн явж байна ш дээ тамхиа битгий тат гэж хэлсэн. Тэгээд нөгөө хүнтэй манай нөхөр маргалдаад хэрэлдээд, барьцалдаж аваад тухайн хүн манай нөхрийг цохиход манай нөхөр бултахад нөгөө хүн хашлага мөргөөд уначихсан. Тухайн үед нүдний шил нь хагараад унасан. Тэгсэн нөгөө хүн энгэрийн халааснаасаа дардаг бал гаргаж ирээд “Б” цээж хэсэг рүү 5-6 удаа хатгасан тэгээд тэр хоёр 3-4 удаа барьцалдаж зууралдаад тэгж байгаад Г.Б тухайн хүнийг түлхсэн чинь автомашины зам руу унасан...” гэсэн мэдүүлэг, /1хх250-2хх1/,

Насанд хүрээгүй гэрч М.М "...Би аавтайгаа гудамжаар хөтлөлцөөд зүгээр явж байхад манай аавыг танихгүй хүн ирээд тамхи татаад байна гээд тухайн хүн аавтай маргалдаад хэрэлдэж байгаад аавыг шууд түрүүлээд цохиод авсан. Аав тухайн хүнийг цаашаа түлхсэн чинь нөгөө хүн дахиж ирээд аавыг цохисон. Тэгээд аавын дээр гарч байгаад аавыг цохиод зодоод байсан. Манай аав арай гэж доороос нь гарч ирээд тухайн хүнийг түлхсэн. Тэгээд нөгөө хүн аавыг автомашины зам руу цохиод унагаасан. Би тухайн үед ааваа та босооч ээ гээд зөндөө уйлаад тэгээд аав босоод явган хүний зам руу гарч ирээд ухаан алдаад уначихсан. Автобусны буудалтай ойрхон байсан учраас хүмүүс ирээд аавд туслаад манай аавыг босгосон. Аавын нүүр амнаас их цус гарчихсан байсан учраас би их айсан..." гэсэн мэдүүлэг /2хх05-06/,

Гэрч А.Д “...Нэг харахад 2 залуу муудалцаад нэг нэгийгээ барьж аваад зодолдоод унасан. Хүүхэдтэй явж байсан нэг залууг нэг эмэгтэйтэй явж байсан залуу цохиод тэр залуу машин зам руу савж унасан. Яг нэг том цагаан машины урд унасан. Хүмүүс гарч ирж туслаагүй тойрч яваад байсан. Тэгээд тэр залуу сулбайгаад унаад өгсөн. Тэр залуу удалгүй босож ирсэн хүмүүс хүн үхчихлээ ш дээ гэж их орилсон. Хүүхэд ааваа гэж орилоод байсан. Тэр үнэхээр аймшигтай байсан. Тэр залуу дайвалзаад босож ирээд манараад явган хүний зам руу гарах гэж байгаад замын хажуу талын хашлагыг мөргөж унасан...” гэсэн мэдүүлэг /1хх86/,  

Гэрч Д.Г “...Надад “Б” хэлэхдээ "Гудамжаар нэг хүн 2, 3 алхмын зайтай алхаж байхад нь манай эхнэр жирэмсэн тамхиа татахаа боль гэж шаардлага тавиад түлхсэн" гэж хэлсэн. Тэгээд тэр хүн хүрч ирээд духаараа ойртож ирээд тамхи хаана татахаа заалгах уу гэж хэлээд манай хүү түлхсэний дараа бал гаргаж ирээд цээж болон бие рүү хатгасан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх87-88/,

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “2 хүн зодолдоод байна” гэх гэмт хэргийн талаарх мэдээлэл /1хх29/, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх61-69/, хохирогч нарын эрүүл мэндэд хохирол учирсныг тодорхойлсон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

4. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 07 дугаар 07-ны өдрийн 687 дугаартай дүгнэлтэд “Ё.Мын биед баруун, зүүн өвдөгний урд чагтан холбоосны суналт, духанд шарх, дагз, баруун нүдний доод зовхи, зүүн сарвуунд цус хуралт, дух, эрүү, бугалга, шуу, 2 талын өвдөгт зулгаралт, дагз, хацар, шанаа, эрүү, зүүн сарвуу, баруун, зүүн гуя, өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь бүгд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байна. Цаашид шинэ гэмтлүүд байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх108-111/,

Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 357 дугаартай дүгнэлтэд “...Г.Бы биед цээж, баруун шууны шарх, зүүн бугалга, зүүн шууны зулгаралт гэмтлүүд тогтоогдсон ба дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу балаар хатгах үед үүсгэгдсэн байх боломжтой, хуучин гэмтэл ба хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх цээж, баруун шууны шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зүүн бугалга, зүүн шууны зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт тус тус хамаарахгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх131-132/,

Дахин шинжилгээ хийсэн шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2024 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн 946 дугаартай дүгнэлтэд "Урьд гарсан шүүх эмнэлгийн 10353, 357 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Г.Бы биед учирсан дээрх гэмтлүүд нь хуучин байх тул хэдий хугацааны өмнө үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба балаар үүсгэгдэх боломжтой. Зүүн шууны нөсөө бүхий өөрчлөлт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.” гэсэн дүгнэлтүүд /2хх11-13/ гарчээ.

5. Шүүгдэгч Г.Б нь шүүгдэгч Ё.Мыг олон нийтийн гудамж талбайд тамхи татлаа гэсэн шаардлага тавих, ийнхүү шаардлага тавихдаа бусдыг хэл амаар доромжилсон, шүүгдэгч Ё.М нь тамхи татахаа хүнээр заалгахгүй гэсэн байдлаар хоорондоо маргалдан харилцан зодолдсон гэж үзэхээр байна. Энэ тохиолдолд шүүгдэгч Г.Б түрүүлж бусдын эрүүл мэндэд халдсан байх боловч шүүгдэгч Ё.Мын үйлдлийг бусдын хууль бус довтолгооны эсрэг өөрийгөө хамгаалах зорилготой гэж үзээгүйг үндэслэлтэй гэж дүгнэлээ. Тодруулбал, тулгарсан довтолгоог зогсоох, өөрийгөө хамгаалах зорилготой бус өөрийн биед халдлаа гэж маргааныг үргэлжлүүлэх зорилгоор шүүгдэгч Г.Бы эрүүл мэндэд халдсан идэвхтэй үйлдэл хийсэн байх тул аргагүй хамгаалалт гэж үзэх боломжгүй юм. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтэд дурдсан эрүүл мэндэд учирсан хохирлыг харилцан зодолдож, хэн хэндээ учруулжээ.

6. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Г.Б, Ё.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

           

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

7. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б нь Ё.Мын эрүүл мэндэд учирсан хохирол төлсөн, одоо хэн хэнээсээ хохирол нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд 700 нэгжээр, шүүгдэгч Ё.Мт 600 нэгжээр тус тус торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан.

9. Өмгөөлөгч Я.Баярсайхан дүгнэлтдээ: “Ё.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээж байгааг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэсэн бол өмгөөлөгч Р.Оюунцэцэг дүгнэлдээ: “Г.Б нь гэм буруугаа хүлээж хохирол төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэжээ.

10. Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Г.Б, Ё.М нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна. Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч Г.Бы олон нийтийн газар тамхи татах нь буруу гэх шаардлага зөв боловч ийнхүү шаардлага тавихдаа зүй бус хараалын үг хэллэг хэрэглэж, хүний биед халдсан хууль бус үйлдлийн улмаас шүүгдэгч Ё.М бусдын эрүүл мэндэд халдсан байна. Мөн шүүгдэгч Г.Б нь Ё.Мын эрүүл мэндэд учруулсан хохирлоо төлсөн байх тул эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Тиймээс шүүгдэгч Ё.М үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, шүүгдэгч Г.Бы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан ба шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайг харгалзан үзлээ.

12. Иймд шүүгдэгч нарыг гэм буруугаа хүлээсэн, хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлдэг, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байдалтайг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Улмаар гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, эрүүл мэндэд хохирол учруулсан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд 700 нэгж буюу 700,000 төгрөгөөр, шүүгдэгч Ё.Мт 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Б, Ё.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд 700 нэгж буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Ё.Мт 500 нэгж буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.МӨНХБААТАР