Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2022/01999

 

 

 

 

 

 

 

 

2022 04 29

101/ШШ2022/01999

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 0 тоотод оршин байрлах, М ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 0 тоотод оршин байрлах Ж г ХХК /рд:/-д холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 4,612,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч Ж г ХХК-тай МЕ-БТА/15/26 тоот Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-г талууд харилцан тохиролцож Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар 243.1-д заасны дагуу байгуулсан болно. Гэрээний 1.1, 3.1-д заасан (хавсралт №01, 02)-аар нийт 54,400,000 төгрөгийн 320 тонн цементийг 2 хоногийн дотор нийлүүлэхээр харилцан тохиролцсон бөгөөд хариуцагчийн хүсэлтийн дагуу 283,02 тонн, нийт 48,113,400 төгрөгийн цементийг гэрээнд заасан хугацаанд нийлүүлсэн. Хариуцагч тал цементийг 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн зарлагын баримтаар хүлээн авч, 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авсан зүйлээ талууд тооцоо нийлсэн акт үйлдэж, баталгаажуулсан болно. Нэхэмжлэгч тал энэхүү авлагыг санхүүгийн өглөг, авлагын дэлгэрэнгүй тайланд бүртгэсэн бөгөөд хариуцагч тал албан бичгээр барааны төлбөрийг 2016 оны 4 дүгээр сарын 15-ны дотор багтаан төлж барагдуулах хүсэлт өгсөн. 2021 оныг хүртэл жил бүр утсаар холбоо барьж төлбөрийг бартераар төлье гэж худлаа ярьж өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй байсан тул анх шүүхэд 48,113,400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байсан. 2021 оны 06 дугаар сард хариуцагч нь бартераар 43,501,400 төгрөгийн үнэ бүхий арматур өгсөн болохыг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш мэдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 4,612,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Манай компани хэзээ ч М ХХК-иас цемент худалдан авч байгаагүй. Мөн цементийн үнэд тооцон 43,501,400 төгрөгийн үнэ бүхий арматур өгөөгүй. Хэрвээ өгсөн бол энэ талаарх баримтаа үзүүлэх хэрэгтэй. Хэрэгт манай компанитай байгуулсан гэх гэрээнд манай компанийг төлөөлөн гүйцэтгэх захирлаар Б.Э гэх хүн гарын үсэг зурсан байна. Энэ хүн манай компанид ажилладаггүй, хэзээ ч гүйцэтгэх захирал хийж байгаагүй. Харин Б.Э гэх иргэн хувь хүнээрээ нэхэмжлэгч компаниас цемент авч байсныг би мэднэ. Мөн цементийг манай компанид хүлээлгэн өгсөн гэх тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтад нягтлан бодогч Б.Д гэх хүн гарын үсэг зурсан байна. Манай компанид Б.Д гэдэг нягтлан бодогч хэзээ ч байгаагүй. Нэхэмжлэгч 2015 онд байгуулсан гэрээний төлбөрийг гаргуулахаар шаардаж байгаа бол энд хөөн хэлэлцэх хугацаа яригдах ёстой. Хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

- нэхэмжлэгчээс гаргасан 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, гэрээний хавсралт, улсын бүртгэлийн гэрчилгээ, зарлагын падаан, тооцооны үлдэгдлийн баталгаа, өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан зэрийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Ж г ХХКхолбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 48,113,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа багасгаж 4,612,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

  

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчид 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр МЕ-БТА/15/26 тоот Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-г байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч М ХХК нь 48,113,400 төгрөгийн үнэ бүхий цемент нийлүүлэх, хариуцагч Ж г ХХК нь цементийг хүлээн авсанаас хойш 10 хоногийн дотор тохирсон төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-3-6 дугаар тал/

Хариуцагч Ж г ХХК-ийн төлөөлөгч Б.Д нь шүүх хуралдаанд ...гэрээнд манай компанийг төлөөлөн гүйцэтгэх захирлаар гарын үсэг зурсан Б.Э нь хэзээ ч манай компанид ажиллаж байгаагүй тул уг гэрээ нь хуурамч гэж маргасан.

 

Талуудын байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр МЕ-БТА/15/26 тоот Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд худалдан авагч талыг төлөөлж Ж г ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Э гэж гарын үсэг зурж, тус компанийн тамгыг дарсан байна.

 

Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэж заасан. Гэрээ байгуулах үед компанийн гүйцэтгэх захирал нь Б.Э гэх ойлголтыг нэхэмжлэгчид өгч, гэрээнд компанийн тамгыг дарсан байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

Мөн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтад 48,113,400 төгрөгийн бараа бүтээгдэхүүн хүлээн авсан болохоо баталгаажуулж, төлөгч байгууллагын нягтлан бодогч Б.Д гэж гарын үсэг зурж, хариуцагч Ж г ХХК-ийн тамгыг дарсан байна. /хх-ийн 10 дугаар тал/

 

Уг баримтыг хариуцагчаас үгүйсгэж, манай компанид Б.Д гэх нягтлан бодогч байгаагүй гэж маргах боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж, мэтгэлцээгүй. Хариуцагч нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон ба энэ өдрөөс эхлэн хариу тайлбараа бичгээр гаргаж, татгалзлын үндэслэлээ нотолсон баримтаа цуглуулж өгөх боломжит хугацаа бүрэн байсан.

 

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Талуудын тооцоо нийлсэн баримтад ...2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 48,113,400 төгрөгийг Ж г ХХК нь М ХХК-д төлж барагдуулахаар тохиролцсон байна.

 

Хариуцагч Ж г ХХК нь бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу цемент хүлээн аваагүй, ямар нэгэн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гэрээний үүрэг шаардаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан. Нэхэмжлэгч М ХХК нь тооцооны үлдэгдлийн баталгаагаар баталгаажуулсан 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш шаардах эрх үүссэн үеэс эхлэн хариуцагч Ж г ХХК-иас гэрээний үүрэг шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад заасан 3 жилийн хугацаанд гэрээний үүргийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа буюу 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгч нь барааны төлбөрөөс хариуцагч нь 2021 оны 06 дугаар сард 43,501,400 төгрөгийг бартераар тооцон арматур өгсөн гэж тайлбарлах боловч уг тайлбарыг хариуцагч үгүйсгэж, няцаасан. Энэ тохиолдолд нотлох үүргийн хуваарилалтын дагуу нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сард худалдах-худалдан авах гэрээний өр төлбөрт тооцон бараа хүлээн авсан болохоо баримтаар нотлох үүрэгтэй.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан, эсхүл сэргээх нөхцөл байдал үүссэн талаархи баримт авагдаагүй болно. Нэхэмжлэгч нь энэ талаарх баримтаа хэрэгт цуглуулж өгөөгүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь төлбөрийн нэхэмжлэхийг хариуцагчид удаа дараа утсаар холбогдох замаар хүргүүлж байсан гэж тайлбарлах боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

    ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад тус тус зааснаар хариуцагч Ж г ХХК-д холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 4,612,000 төгрөг гаргуулах тухай М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 398,517 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ