Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 130/ШШ2017/00692

 

Баян-Ө аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын .. дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Х Орон нутгийн өмчит Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар /захирал У.С/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын .. дүгээр багт оршин суух, Ш овогт М-ийн Сд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч У.С, хариуцагч М.С, түүний өмгөөлөгч Я.С, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Нийтийн халуун усны байрнаас албадан нүүлгэж, 2015 оны 12 дугаар сарын 01-нээс 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх 20 сарын түрээсийн төлбөр болон алдангийн хамт нийт 2990000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Х Орон нутгийн өмчит Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирал У.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 онд Б аймгийн Ө сумын 6 дугаар багт орон нутгийн хөрөнгөөр 75 сая төгрөгөөр халуун усны газар баригдсан. Уг халуун усны газрыг анх Нуржан гэдэг хүн ажиллуулж байгаад тэр хүн болиод дараа нь хариуцагч М.Сд өгсөн. М.С тухайн халуун усны газрыг ажиллуулахаар Хала Ө орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газартай 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд нэг жилийн хугацаатай гэрээ байгуулж одоо хүртэл ажиллуулж байгаа. 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр аймгийн Аудитын газраас М.Сгийн ажиллуулж байгаа халуун усны газар 2210000 төгрөгийн авлагатай гэсэн акт гарсан. М.С энэ хугацаанд ямар нэгэн түрээсийн төлбөр төлөөгүй. Би тухайн байгууллагын захирлаар 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр томилогдсон. Өмнөх дарга нь А.Ж, түүний менежер Досжан нар удаа дараа төлбөрийг төлөх талаар шаардаж байсан байна. Гэхдээ энэ талаар бичгийн хэлбэрээр ямар нэгэн нотлох баримт байхгүй. Би 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр М.Сд та ийм төгрөгийн өр төлбөртэй байна, төлбөрөө төлөөгүй байна, төлбөрөө төлөөд дараа нь үргэлжлүүлэн түрээсийн гэрээ байгуулж ажиллуулаарай гэсэн шаардлага тавьсан боловч зөвшөөрөөгүй. Дараа нь манай байгууллагаас комисс байгуулж хүлээж авахаар очсон боловч хүлээлгэж өгөөгүй. Хариуцагч М.С нь орон нутгийн өмчөөр баригдсан халуун усны газрыг ажиллуулж байгаа мөртлөө түрээсээ төлөхгүй байгаа. Тийм учраас М.Сг тухайн байрнаас албадан нүүлгэж, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөр 2600000 төгрөг болон гэрээнд зааснаар 20 сард ногдох 390000 төгрөгийн алдангийн хамт нийт 2290000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч М.С шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэвэл тухайн халуун усны газрыг ажиллуулахад надаас олон зардал гарсан. Анх надтай хэн ч гэрээ байгуулж байгаагүй. Урьд нь тухайн байгууллагын захирлаар ажиллаж байсан А.Жанх надад тухайн халуун усны газрыг хүлээлгэж өгөхдөө та нараас ямар нэгэн түрээсийн төлбөр авахгүй, одоохондоо гэрээ хийхгүй, та нар өөрсдийн зардлаар янзлаад босгоорой гэж хэлсэн. Надад 2017 оны 5 дугаар сард нэг бичиг авч ирээд гарын үсэг зуруулсан боловч ямар бичиг байсныг би тухайн үед анзаараагүй. Надад 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэж өгсөн. Би тухайн халуун усны газарт ямар ямар зүйл хийсэн гэдэг нь дэвтэрт бичээстэй байгаа. Анх бид нар хүлээж авахдаа нэг ч бүтэн цонхгүй, тахианы оромж мэт болсон байдалтай байсан. Би Төрийн банкнаас зээл авч янзалж зассан. Тухайн үед би хоёр оюутан сургадаг байсан. Би нэг хүүхдээ сургуулиас нь завсардуулж байж тухайн халуун усны газрыг хөл дээр нь босгосон. Анх гялалзсан бойллер гээд жижиг бойллер байсныг би шинэ бойллер авч тавьсан. Мөн шугамыг нь сольсон, даралттай насос авч тавьсан. Бохирын трубонууд нь чулуу чихэгдээд хагарсан байсан. Энэ бүгдийг А.Ж, Ө.Хабай дарга нар бүгд мэдэж байгаа. Мөн 3 машин үнс ачсан. Тэгэхэд хүрзээр ачих боломжгүй байсан тул экскаватор хөлсөлж ачуулж байсан. Энэ халуун усны газрыг ажиллуулахад надаас маш их хөрөнгө гарсан. Аудитын дүгнэлтээр 2300000 төгрөг гэж гарсан. Гэхдээ тэрнээс хойш бас олон зардал гарсан. Би тухайн халуун усны газрыг Нуржан гэдэг хүнээс хүлээж авсны дараа А гээд нэрийг нь сольсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х Орон нутгийн өмчит Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирал У.Сийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд хариуцагч М.Сд холбогдуулан түүнийг нийтийн халуун усны байрнаас албадан нүүлгэж, 2015 оны 12 дугаар сарын 01-нээс 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх 20 сарын түрээсийн төлбөр болон алдангийн хамт нийт 2990000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1). Хариуцагч М.Сгаас 2015 оны 12 дугаар сарын 01-нээс 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх 20 сарын түрээсийн төлбөр болон алдангийн хамт нийт 2990000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хоёр жилийн хугацаагаар байгуулсан гэх түрээсийн гэрээг нэхэмжлэгч байгууллага нь нотлох баримтаар гаргаж өгч хариуцагч М.Сгаас 2015 оны 12 дугаар сарын 01-нээс 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 2600000 /хоёр сая зургаан зуун мянган/ төгрөг, алдангид 390000 төгрөг бүгд 2990000 /хоёр сая есөн зуун ерэн мянган/ төгрөг гаргуулж, хариуцагчийг уг нийтийн халуун усны байраас албадан нүүлгэхийг хүсжээ.

Гэвч уг түрээсийн гэрээний 6.4-т энэхүү гэрээг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр монгол хэл дээр гурван эх хувь үйлдэж гарын үсэг зуран нотариатаар баталгаажуулан түрээслүүлэгч, түрээслэгчид нэг, нэг хувийг, гурав дахь хувийг нотариатад өгнө" гэж зааснаас дүгнэхэд түрээсийн гэрээг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бус 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр дараа нь нөхөж байгуулсан байжээ.

Энэ нь хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Монголын Нотариатчдын танхимын аймгийн Нотариатын салбарын дарга Т.Згийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Д/12 дугаар албан бичгээр ирүүлсэн түрээсийн гэрээ, бүртгэлийн журнал, паспортын хуулбарууд, тус байгууллагын тухайн үед захирал байсан асан А.Жийн гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Нэхэмжлэгч байгууллагын захирал нь тухайн үед нийтийн халуун усны газрыг хариуцагч хүлээж авахдаа хэвийн ажиллагаатай байсан гэж М.С нь гарын үсэг зурж хүлээж авсан тул түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй гэж маргажээ.

Гэтэл хариуцагч М.С нь уг нийтийн халуун усны газрыг хүлээж авахдаа тухайн халуун усны газар нь ажиллах боломжгүй хэвийн бус байсан нь шүүхэд гэрчээр асуугдсан гэрч нарын мэдүүлэг болон тухайн үеийн нэхэмжлэгч Х орон нутгийн өмчийн аж ахуйн тооцоотой үйлдвэрлэлийн газрын захирал байсан Жийн мэдүүлгээр мөн хариуцагч М.С нь уг нийтийн халуун усны газрыг хэвийн ажиллагаатай болгохын тулд 2-оос 3 сая төгрөгийн зардлыг хувиасаа зарцуулсан болох нь 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б аймаг Ө аудит ХХК-ний захирал М.Алтангүлийн хараат бус аудитын дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчийн тухайн нийтийн халуун ус нь хариуцагч хүлээж авах үед хэвийн ажиллагаатай байсан гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч М.Стай нөхөж түрээсийн гэрээ байгуулсан нь нотлогдон тогтоогдож байх тул нэхэмжлэгчээс 2015 оны 12 дугаар сарын 01-нээс 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөр болон алданги нэхэмжилсэн нэхэмжлэл нь үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Харин нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчтай 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр түрээсийн гэрээг нөхөж байгуулсан байх тул 2017 оны 5 дугаар сарын 17-ноос 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх 3 сар 15 хоногийн түрээсийн төлбөр болох 455000 төгрөгийг хариуцагч М.Сгаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 2535000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. Нийтийн халуу усны газраас хариуцагч М.Сг албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

-Нэхэмжлэгч Х Орон нутгийн өмчит Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь хариуцагч М.Сд 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр түрээсийн төлбөрийг 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл төлж барагдуулан гэрээгээ үргэлжлүүлэн байгуулах эрхийг эдлэхээр 03 дугаартай албан бичгээр шаардах хуудас хүргүүлсэн гэжээ.

Гэтэл уг шаардах хуудсыг хариуцагч М.Сд гэж хүргүүлсэн хэдий боловч албан бичигтээ Ө сумын 13 дугаар баг гэснийг 13-ийг 9 болгож зассан, нэхэмжлэгч байгууллага нь М.Стай 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс түрээсийн гэрээ байгуулсан мэтээр мөн түрээсийн төлбөрт нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагчаас 2990000 төгрөг нэхэмжилсэн байхад 35 сарын түрээсийн мөнгө 4550000 төгрөгийг төлөхийг шаардсан байдлаас үзэхэд өөр нэгэн хүнтэй түрээсийн төлбөртэй холбогдуулан явуулсан шаардах хуудсаа хариуцагч М.Сд гэж хаяглаж явуулсныг шаардах хуудас хүргүүлсэн байна гэж дүгнэх боломжгүй.

Нэхэмжлэгч Х Орон нутгийн өмчит Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирал асан А.Жнь тухайн үед аймгийн Ө аудит-ын аудитор Алтынгүлд хандаж аудитын дүгнэлт гаргуулж, уг нийтийн халуун усны газрыг менежментийн хувьчлалд гаргуулахаар аймгийн хөгжлийн бодлогын дарга А.Болатханд албан бичгээр уламжилж, улмаар Б аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаар Менежментийн гэрээгээр ажиллуулах тухай тогтоолоор Ө сумын ..., 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Х" ОНӨААТҮГ-ын эзэмшилд байгаа халуун усыг хавсралтад дурдсан иргэдтэй 3 жилийн хугацаагаар менежментийн гэрээ байгуулахыг аймгийн орон нутгийн өмчийн алба зөвшөөрсөн ба энэ тогтоолын хавсралтын Менежментийн гэрээгээр ажиллуулах халуун усны жагсаалтын 3-рт Ө сумын 6 дугаар багт байршилтай, халуун усны эзэмшдэг хүний нэр гэдэгт хариуцагч М.Сгийн нэр орсон байна.

Гэтэл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаар Менежментийн гэрээгээр ажиллуулах тухай тогтоол өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй болох нь зохигчдын тайлбар болон Б аймгийн орон нутгийн өмчийн газрын дарга А.Ды мэдүүлэг, Б аймгийн орон нутгийн өмчийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 194 дугаартай албан бичгээр тус тус нотлогдож байна.

Нэхэмжлэгч Х Орон нутгийн өмчит Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын хариуцагч М.Стай сүүлдээ нөхөж байгуулсан түрээсийн гэрээг үндэслэж Б аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албаны 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай Х ОНӨААТҮГ-ын 2014, 2015, 2016 онуудын санхүүгийн баримтад хийсэн шалгалтын танилцуулгаар хариуцагч М.С 2496000 төгрөгийн авлагатай гэж бичсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэхүү халуун усны танилцуулга нь хариуцагчид холбогдолтой төлбөр тогтоосон акт гэж үзэх боломжгүй байна.

Б аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаартай Менежментийн гэрээгээр ажиллуулах тухай тогтоол нь өнөөдрийг хүртэл биелэгдээгүй явдалд хариуцагч буруугүй болно.

Нэхэмжлэгч байгууллагын захирал нь хариуцагчтай түрээсийн гэрээг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэж маргаж байгаа боловч түүнийг бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй ба талуудын хооронд түрээсийн гэрээ 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулаагүй болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гэрээг нөхөж хоёр жилийн хугацаагаар байгуулсан байх ба нэхэмжлэгчийн өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн эсэхийг нотлох, баримт хавтаст хэрэгт байхгүй тул нэхэмжлэгч байгууллагын нийтийн халуун усны байрнаас хариуцагчийг албадан нүүлгэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Гэрээг талуудын аль нэг талын санаачилгаар цуцалж болох боловч гэрээг байгуулах болон цуцлахдаа гэрээний талууд хуульд заасан үндэслэл журмыг баримтлах үүрэгтэй бөгөөд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3.-т зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал гэрээний талууд гэрээг дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болох ба гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-т зааснаар, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3, 225 дугаар зүйлийн 225.2.-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцлахаар хуульчилсан байна.

Нэхэмжлэгч Х Орон нутгийн өмчит Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болон хариуцагч М.С нарын хооронд 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хоёр жилийн хугацаагаар байгуулагдсан түрээсийн гэрээтэй холбогдуулан Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3, 225 дугаар зүйлийн 225.1-т заасан үндэслэлүүд тогтоогдоогүй мөн нэхэмжлэгч Х Орон нутгийн өмчит Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь хариуцагчтай байгуулсан түрээсийн гэрээг цуцлуулаагүй байхад уг нийтийн халуун усны байрнаас хариуцагчийг албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хуульд нийцээгүй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Х Орон нутгийн өмчит Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132990 (70200+62790) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээ болох 455000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 14300 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ш овогт Мийн Сгаас түрээсийн төлбөрт 455000 /дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х Орон нутгийн өмчит Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 2535000 /хоёр сая таван зуун гучин таван/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан хариуцагч Ш  овогт Мийн Сг Ө сумын 6 дугаар багт байрлалтай нийтийн А халуун усны байрнаас албадан нүүлгэхийг хүссэн нэхэмжлэгч Б аймгийн Х орон нутгийн өмчийн аж ахуйн тооцоотой үйлдвэрлэлийн газрын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х орон нутгийн өмчийн аж ахуйн тооцоотой үйлдвэрлэлийн газрын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132990 (70200+62790) төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 14300 төгрөгийг хариуцагч М.Сгаас гаргуулан нэхэмжлэгч Х орон нутгийн өмчийн аж ахуйн тооцоотой үйлдвэрлэлийн газарт олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ