| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 106/2024/0269/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/613 |
| Огноо | 2025-02-25 |
| Зүйл хэсэг | 15.1.3., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/613
2025 02 25 2025/ШЦТ/613
НЭРИЙН ӨМНӨӨС
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтлөн,
улсын яллагч М.Амарзаяа /Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор/,
шинжээч эмч З.Адьяасүрэн,
шүүгдэгч Д.Б., түүний өмгөөлөгч Э.Ганбат /ҮД:0362/,
шүүгдэгч Э., түүний өмгөөлөгч А.Очбадрал /ҮД:2185/,,
шүүгдэгч Ч.Т түүний өмгөөлөгч Ж.Батзориг /ҮД:0380/, Ш.Төгсгэрэл /ҮД:2733/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт **************************** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2004000910942 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
шүүгдэгч Ч.Т нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчээр ажиллаж байхдаа Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2020 оны 7 дугаар сарын 01-ний өглөөний 07:20 цагийн үед Б.Баасанг эмнэлгийн тусламж авахаар ирэхэд Эрүүл мэндийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/160 дугаартай тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын 3.1-ийн эрсдэлийн ангилал 3 болон 10.1.3 өртсөн тохиолдолд галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийнэ” гэсэн заалтыг зөрчиж зохих эмчилгээг цаг алдалгүй хийгээгүй буюу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор үзүүлээгүйн
улмаас Б.Баасан нь галзуу өвчин үүсэж 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нас барсан;
шүүгдэгч Д.Б нь "Эм Би Жи” гэмтэл согогийн эмнэлгийн эрүү, нүүр, гэмтэл согогийн мэс засалч эмчээр ажиллаж байхдаа Б.Баасанг 2020 оны 7 дугаар сарын 03-аас 2020 оны 7 дугаар сарын 12-ны хооронд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Эм Би Жи” эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлэх хугацаанд Эрүүл мэндийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/160 дугаартай тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын 3.1-ийн эрсдэлийн ангилал 3 болон 10.1.3 өртсөн тохиолдолд галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийнэ гэсэн заалтыг зөрчиж зохих эмчилгээг цаг алдалгүй хийгээгүй буюу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор үзүүлээгүйн улмаас Б.Баасан нь галзуу өвчин үүсэж 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нас барсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Э.Мөнхсүх, Ч.Т, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар 2020 оны 6 дугаар сарын 29-нд Төмөр замын соёлын ордны хамт олон Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хэрлэн тур” амралтын газарт төмөр замын ойн баярын зураг авалт хийх, хамт олноороо амрахаар очсон байх бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 30-наас 2020 оны 7 дугаар сарын 01-нд шилжих шөнө тус амралтын газрын 5 ортой гэрийн хоймор хэсэгт байрлах орон дээр унтаж байсан Б.Баасан хамар хэсэгтээ амьтанд хазуулж, 2020 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Багануур дүүргийн эмнэлэгт ажлынхаа хүмүүсээр хүргүүлэн очсон байдаг.
Тухайн цаг хугацаанд буюу 2020 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн яаралтай хүлээн авах тасагт Б.Баасанг очиход тус эмнэлгийн жижүүр эмчээр Э.Мөнхсүх, сувилагч И.Болортуяа нар ажиллаж байсан байх ба сувилагч И.Болортуяа нь асуумж авч, гэмтлийн мэс заслын эмч Э.Манхны тусламж үйлчилгээ үзүүлэхдээ хамрын мөгөөрсөн хэсэг бүрэн тасарсан, зүүн гарын сарвуу ясны 4 дүгээр шивнүүрийн хугарал, сарвууны ил шарх гэсэн урьдчилсан оношилж, хамрын мөгөөрсийг холбох шархны цэгцлэлт хийж, татрангийн вакцин хийж, Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү яаралтай явахыг зөвлөжээ.
Энэ дагуу Багануур дүүргийн эмнэлгээс гараад шууд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн тасагт 2020 оны 7 дугаар сарын 01-ний өглөөний 07 цаг 20 минутын орчимд өвчтөн Б.Баасан ирэхэд тус эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт ажиллаж байсан их эмч Ч.Т нь осол гэмтлийн тохиолдлыг бүртгэхдээ осол гэмтлийн шалтгааныг нохойд хазуулах, укушенная рана носа и левой кисти буюу (зүүн бугуй болон хамрын хазуулсан шарх) гэж оношилж, гэмтсэн шалтгааныг нохойд хазуулж, дүүргийн эмнэлэгт /пхо/ хийсэн, вакцин хийсэн гэж, үзлэгт рентген хийж, гарын хугарал дээр гипс тавьж зөвлөгөө өгч явуулсан байна.
2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр өвчтөн Б.Баасан нь “Эм Би Жи” эмнэлэгт хамрын үзүүрийн хазагдсан гүн шарх, зүүн гарын 2 дугаар хурууны шивнүүрийн ил хугарал гэсэн үндсэн оноштойгоор хэвтэж, 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр зүүн гарын алганы шивнүүр ясны хугарлыг ил аргаар бэхлэх мэс ажилбарт орж 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр тус эмнэлгээс гараад, 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Төмөр замын төв эмнэлэгт “амьсгал давчидна, амьсгаанд саадтай, хүйтэн хөлс чийхарна” гэсэн хэвтэх үеийн зовуурьтайгаар хэвтэж 2020 оны 8 дугаар сарын 23-нд биеийн байдал нь муудаж, эрчимт эмчилгээний тасагт шилжиж 2020 оны 8 дугаар сарын 24-ний өглөө 06 цаг 40 минутад галзуу өвчний улмаас нас барсан хэргийн үйл баримт авагджээ.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:
Эрүүгийн 2004000910942 дугаартай хэргээс:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Биндэръяагийн гэрчээр өгсөн: “...манай байгууллага 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хамт олноороо хуралдаж зөвлөлдөөд Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Хэрлэн тур” амралтын газарт амрахаар болсон. Бид нар 2020 оны 6 дугаар сарын 29-ний оройдоо очоод орох гэр, байраа хуваарилан авч орцгоосон. Маргааш нь буюу 6 дугаар сарын 30-ны өдөр хамт олноороо амарч өнжөөд 7 дугаар сарын 01-ний өглөө эрт хот руу гарахаар болсон. Тэгээд орой нь бүгдээрээ амарцгаасан. Би өөрөө хариуцсан хүмүүсээ амрааж байсан болохоор ажилчдадаа жигд шаардлага тавьж хэлж, ярьж байсан. Тэгээд шөнө амарч байсан чинь манай жижүүр Ц.Лхагва орж ирээд “Баасан нохойд хазуулчихлаа, яах вэ” гээд ороод ирсэн. Би унтаж байгаад сэрсэн тул цагийг нь тодорхой санахгүй байна. Ойролцоогоор 03-04 цаг болж байсан. Дараа нь удалгүй аж ахуйн эрхлэгч С.Оюунбат орж ирээд “даргаа Баасан эгч нохойд хазуулчих шиг боллоо” гээд ороод ирсэн. Тэгээд хаана байна гэж асуухад эмнэлэг явах гээд Мөнхбаатарын машинд байна гэсэн. Тэгэхээр нь би “Багануур дүүргийн эмнэлэг рүү оч, мөнгө хэрэгтэй бол аваад яваарай” гээд Лхагва, Мөнхбаатар, Гансүх, Буджав нар нь Баасанг аваад эмнэлэг рүү явсан. Тэд нарыг явсны дараа амралтын газрын Сарнай гэх эмэгтэйг дуудуулаад “манай ажилтан нохойд хазуулчихлаа, танайд нохой байдаг юм уу гэхэд нохой байгаа боловч номхон нохой байгаа, хүн урахгүй” гэж хэлж байсан. Өглөө нь 06-07 цагийн орчимд Улаанбаатар хот руу хөдөлсөн бөгөөд энэ хугацаанд эмнэлэг рүү Баасанг авч явсан хүмүүстэй тогтмол холбоотой байсан. Ажил дээр ирсний дараа Баасантай цуг явсан хүмүүс Багануурын эмнэлэгт үзүүлсэн чинь Гэмтлийн эмнэлэг рүү очиж үзүүл гэхээр нь үзүүлчхээд ирлээ, 2 хоногийн дараа ирж боолтоо хийлгээрэй гэж байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 55-57 дахь тал)
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Буджавын гэрчээр өгсөн: “Манай ажлын хамт олон 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Багануур дүүрэг рүү төмөр замын ойн баярын зураг авалт хийхээр амралтад явцгаасан юм. Тэгээд 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөртөө хамт наргиж цэнгээд өнгөрсөн. Талийгаач найз Баасан бид хоёр огт уугаагүй бөгөөд хүмүүсийн хоол цайг ойртуулж л өгч байсан. Тэгээд маргааш нь буюу 7 дугаар сарын 01-ний өглөө манайхан ажилтай байсан болохоор эрт унтацгаахаар болсон. Баасан бид хоёр бүр эрт буюу 21 цаг өнгөрөөгөөд хоолоо ч идээгүй унтсан. Шөнө бүх хүмүүс унтаж байхад Баасан гэнэт чангаар орилсон. Эхэндээ би зүүдэлж байна гэж бодсон чинь дахиад орилоод “намайг нохой хазчихлаа” гэж хэлсэн. Тэгээд гэрт байсан хүмүүс бид нар бүгд сандралдаад гэрлээ асаасан чинь ямар нэгэн амьтан байхгүй байсан. Талийгаач өөрөө сүүлд нь нохойны шар бөгс харсан гэж байсан. Тэгээд бид нар Баасанг аваад даргад танилцуулаад Багануурын эмнэлэг рүү явцгаасан. Эмнэлэг дээр очоод эмчийг “яасан юм бэ гэж асуухаар нь нохой хазчихсан” гэж хэлсэн. Эмч нь бид нарыг цаанаа байж бай гээд тариа хийгээд, хамар, гарт нь оёо тавиад боогоод гэмтэл рүү яаралтай яваарай гэж хэлээд явуулсан. Хотод бид нар ирээд Баасан илгээх бичгээ аваад эмч нартайгаа уулзсан. Баасангийн авхуулсан рентген зургийг би мөнгийг нь төлж авсан. Баасанд учирсан асуудалд бүх зардлыг нь дарга байгууллагаасаа гаргаж өгсөн. Тэгээд Баасан гараа гипсдүүлээд бид нар гэрт хүргэж өгөөд салсан. Баасан их сандарсан айсан, цочирдсон байдалтай байсан. Бусдаар биеийн байдлыг нь нарийн анзаарч хараагүй. Миний анзаарснаар бол хэвийн зүгээр л байсан. Гэхдээ манай Баасан хэр баргийн юманд бие өвдлөө гээд хэлдэггүй хүн байгаа юм. Анх очсоныхоо маргааш өглөө нь нүүр нь бага зэрэг хавдсан байсан. Манай гэрийнхэн бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Харин бусад хамт олон маань хорхог боодог идсэнийхээ дараа ганц нэг юм тойруулж байгаа харагдаж байсан. Тэрнээс бол элдэв янзын зан гаргаж хоорондоо маргалдаж барьсан асуудал гаргаагүй... Бид нар сая нохой хазчихлаа гэж хэлсэн. Талийгаач өөрөө нохой хазсан гээд байсан болохоор бид нар мөн тэгж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 58-59 дэх тал)
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Мөнхбаатарын гэрчээр өгсөн: “2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 19 цагийн орчим Төмөр замын Соёлын ордны хамт олноороо Багануур дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хэрлэн тур” амралтын газар руу 2 хоног амрахаар явсан. Бид нарыг очих газраа очиход харанхуй болчихсон байсан. Манай ажлынхнаас ойролцоогоор 20 гаруй ажилтан явсан. Очсон оройдоо хоол унд идэцгээгээд байрлах гэрүүдээ хуваарилж авцгаасан. Манай гэрт жижүүр Гансүх, Лхагва, үйлчлэгч Буджав, Баасан, аж ахуйн эрхлэгч Оюунбат нар хонохоор болсон. Бид нар аж ахуйн хэсэг бөгөөд бусад ажилтнууд маань бас өөрсдийн хэсгээрээ гэр гэртээ орцгоосон. Тэр оройдоо унтаж амраад маргааш нь буюу 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хамт олны дунд хөгжөөнт тэмцээн уралдаан зохион байгуулах, хорхог боодог хийж идээд эрт амарцгаасан. Учир нь 2020 оны 7 дугаар сарын 01-ний өглөө манай ажлын хүмүүс ажилтай байсан болохоор эрт амарсан юм. Бид нарын амарч байсан гэр 5 ортой байсан бөгөөд үүдний баруун хатавчны орчим байх орон дээр Лхагва түүний дээд талын орон дээр Баасан, хоймрын орон дээр аж ахуйн эрхлэгч Оюунбат, дараагийн орон дээр Буд эгч бид хоёр тусдаа хөнжил нөмөрчихсөн амарч байсан. Бид хоёрын доор буюу гэрийн үүдний зүүн хатавчны орчим байх орон дээр Гансүх унтаж байсан. Тэгээд бид нарыг унтаж байхад буюу ойролцоогоор 03 цаг 20 орчим минутад гэр дотор хүн орилох чимээ гарсан. Тэгээд бид нар “гэрлээ асаагаарай, юу болов” гээд гэрлээ асаасан чинь “нохой орж ирээд гарлаа” гэж Баасан хэлсэн. Тэгсэн чинь Баасан эгчийн хамраас цус гараад эхэлсэн. Тэгсэн чинь Оюунбат надад хандаж машинаа асаагаарай, яаралтай эмнэлэг явах шаардлагатай боллоо гэж хэлсэн. Мөн Оюунбат Лхагвад хандаж даргад хэлээрэй гэж байсан. Тэр үед би шууд машин руугаа очоод гэрлээ асаасан чинь амралтын газрын хашаан дотор нэг хар, нэг халтар, нэг шар нохой явж байсан. Шар нохойных нь ам нь бага зэрэг цус болчихсон юм шиг анзаарагдсан. Удаагүй миний машинд Буджав, Лхагва, Гансүх, Баасан эгч бид нар суугаад Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв рүү очсон. Тухайн үед талийгаачийг эмч нь үзэхээр цаашаа орсон бөгөөд бид нар гадна нь хүлээж байсан. Удалгүй эмч нь гарч ирээд “тариа хийлээ, боолт хийлээ, гарынх нь савхан яс хугарсан байна, сойж өглөө, Гэмтлийн эмнэлэг рүү бичиг хийж өгөөд яаралтай очиж үзүүлээрэй яаралтай шүү” гээд бид нарыг явуулсан. Яг ямар тариа хийсэн гэдгийг нь би мэдээгүй. Бид нар эмнэлэг 03 цаг 30 орчим очоод эмнэлгээс 04 цаг бага зэрэг өнгөрөөгөөд гарсан. Улаанбаатар хотод өглөө 07 цагийн орчим гэмтлийн эмнэлэг дээр ирсэн байсан. Би жолоо барьж явсан болохоор Буджав эгч Баасан эгчтэй цуг Гэмтлийн эмнэлэг рүү орж зураг авхуулна, гипсдүүлнэ гээд орсон. Тухайн үед Лхагва, Гансүх бид гурав хүлээгээд байж байсан. Эмнэлгээс гарч ирэхдээ Баасан эгч гараа гипсдүүлсэн байсан, тэгээд удалгүй гэрт нь хүргэж өгөөд салсан. Талийгаач их айсан байдалтай болчихсон байсан. Би биеийн байдлыг нь тодорхой нарийн харж чадаагүй... Тухайн шөнө талийгаачийг орилохын өмнө гэрийн ойролцоо нохойнууд хоорондоо зодолдоод архираад байх шиг байсан. Мөн талийгаач өөрөө “нохойнд хазуулчихлаа” гэж ярьж байсан. Талийгаач өөрөө үзүүлсэн эмчдээ нохойд хазуулсан гэж хэлж байсан. Бид нарыг анх хүлээн авахаар ороход яасан юм бэ гэж асуухад нь хүртэл нохой хазчихлаа гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 60-61 дэх тал)
Хэрлэн тур амралтын газрын ажилтан З.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “Би 2020 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 01-нд шилжих шөнө ажил дээрээ буюу “Хэрлэн тур” амралтын газарт байсан. Би цаг хугацааг нь нарийн тодорхой санахгүй байгаа ч гэсэн 2020 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд Төмөр замын урлагийн хүмүүс гэх хүмүүс ирж 2 хоносон. 25 орчим тооны хүмүүс байсан. Тэр хүмүүс эхний өдрөө хорхог боодог хийж идээд оройд нь би гэрт нь гал түлж өгсөн. Би тухайн үед захирал нь гэх эмэгтэйтэй голчлон уулзаж байсан. 2 дахь орой нь тэр хүмүүс эрт амарна гээд захирал нь намайг амар бид нар ингээд унтчихна гээд байсан. Гэтэл өглөө 05 цагийн үед нөгөө захирал гэх хүүхэд над руу залгаад “манай нэг ажилтан юманд хазуулчихсан байна, та хүрээд ирээч” гэсэн. Тэгэхээр нь би 6 номерын гэрт яваад очсон чинь амарч байсан хүмүүс бүгд босчихсон хувцсаа өмсчихсөн байсан. Нөгөө хазуулсан хүнийг цуг байсан 4 хүн нь авч явсан гэж байсан. Тэгээд зүүн талаасаа 2 дахь орны урд талын дрожинд цусны толбо болчихсон байсан. Захирал болон тэнд байсан хүмүүс нь хазуулсан хүнээ хараагүй, юунд хазуулсан гэдгийг нь мэдэхгүй байна гэж байсан. Тэгээд тэр хүмүүс хоол цай идчихээд яваад өгсөн, дахиж ирээгүй. Өдөр нь би дарга руу нь залгаж асуухад Багануурт хамраа оёулсан гэсэн харин савхан хуруу нь гэлүү нэг яс нь хугарсан байна гэж байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 62-63 дахь тал)
Багануур дүүргийн эмнэлэгт сувилагч ажилтай И.Болортуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “Би 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 01-нд шилжих шөнө Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүлээн авах тасагт хуваарийн дагуу ажилтай байсан. Би энэ талаар санаж байна. Тухайн үед хамрын үзүүр нь хэсэг нь тасарчихсан, тасарсан хэсгээ алчуурт боочихсон хүн орж ирсэн. Орж ирэхдээ уйлаад асуумжид сайн хариулахгүй байсан. Тэгээд яаралтай Мөнхсүх эмчийг дуудаж өвчтөнг үзүүлэхэд эмч өвчтөнг үзээд хамрын үзүүрийг нь залгахгүй бол үхжиж магадгүй гээд хамрын тасарсан хэсгийг залгаж оёдол тавьсан. Тэр хүн хотын харьяатай байсан бөгөөд цуг явж байсан хүмүүс нь машинтай байсан тул Улаанбаатар хот руу явахаар болсон. Тэр талаар одоо тодорхой сайн санахгүй байна. Гэхдээ цуг явж байсан гэх хүмүүс нь хүлээн авахын гадна үүдэнд байж байсан. Намайг асуумж авахад ямар шалтгааны учир хамар нь ийм болсон талаар асуухад тэр хүн хариулахгүй, уйлаад, хурдан эмчээ дууд гээд байсан. Эмч Мөнхсүх өвчтөний биеийн байдлыг үзээд хамрыг нь оёод надад хандаж боолт хийх талаар заавар өгсөн. Өвчтөн Баасан нь хамрын тасарсан шалтгаанаа тодорхой хэлэхгүй байсан тул ямар нэгэн зүйлд зүсэгдсэн, хазагдсан гэдгээ тодорхой хэлэхгүй байгаа болохоор татрангийн вакцин хийх талаар заавар өгсөн. Яг аль талын гар гэдгийг нь сайн санахгүй байна. Гэхдээ гарын бугалга хэсэгт нь татрангийн вакциныг хийсэн. Татрангийн вакциныг хийхийн өмнө өвчтөнд сорил тавьдаг бөгөөд харшлах зүйл байхгүй байсан болохоор гарын бугалга хэсэгт нь вакциныг хийсэн. Тухайн үед Баасан гэх хүн амралтын газраас ирсэн гэж байсан бөгөөд ямар нэгэн амьтанд хазуулсан яриа өгүүлэл гаргасан эсэхийг нь санахгүй байна.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 73-74 дэх тал)
Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн хуудсын шийдвэрлэсэн байдал хэсэгт “...шарх цэгцлэх оёдол тавих, боолт, эм бичив, Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлэх, татран вакцин...” гэжээ (1-р хавтаст хэргийн 201-202 дахь тал)
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас (1-р хавтаст хэргийн 204 дэх тал)
“Эм Би Жи” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн Б.Баасангийн өвчний түүхийн хуулбар, гэмтлийн эмчийн үзлэг, мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас, мэс заслын өмнөх дүгнэлт, шалгах хуудас, мэс заслын сувилагчийн хяналтын хуудас, мэс заслын тэмдэглэл, эмчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх хуудас, эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас, өвдөлтийг хянах хуудас (1-р хавтаст хэргийн 206-218 дахь тал)
“Эм Би Жи” эмнэлгийн яаралтай тусламжийн хэсэгт байрлах вакцины өрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 47-52 дахь тал)
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Золсайханы гэрчээр өгсөн: “Миний ээж Б.Баасан нь 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр өөрийн ажлын газрын хүмүүс буюу Төмөр замын Соёлын ордны ажилчидтай хамт Багануур дүүрэг үйл ажиллагаа явуулдаг Хэрлэн тур амралтын газарт нэг хоног амрахаар явсан юм. Би маргааш нь 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр өөрийн ээж рүү залгаж та ирэх болж байгаа юм уу гэж асуухад өнөөдөр бас хонохоор болсон маргааш очно гэж байсан. Тэгээд 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ээж маань гэртээ ирэх үедээ хамар хэсэгтээ цагаан өнгийн бентээр боосон зүүн гар нь тохойноосоо гарын үзүүр хэсэг хүртэл гипстэй хоёр хөл дээрээ алхаж чадахгүй хоёр хүнээр түшүүлсэн хэвлийн баруун хөлийн шилбэ хэсгээр олон тооны эрхий хурууны өндөгний чинээ хөхрөлтэй гэртээ ирсэн. Би ээжээс юу болсон талаар асуухад сайн санахгүй байна гэж хариулж байсан. Ээжийн ажлын газрын хүмүүсээс асуухад өглөө эрт явна гээд ээж хамт ажилдаг Буджав гэх хүнтэйгээ хамт гэртээ орж амрах гэтэл бороо орсон байхаар нь гал түлээд унтах гэтэл гал түлсэн учир халуун байхаар нь гэрийн хаалгыг онгорхой унтаж байсан. Шөнө унтаж байхад гэнэт ээж маш чангаар орилж сэрээд харахад шар өнгийн сүүл бөгстэй амьтан гэрээс гараад зугтаж байсан ба ээжийг харахад битүү цус болчихсон байхаар нь Багануур дүүргийн эмнэлэгт хүргэж өгч эмнэлгийн анхан шатны тусламж авч оёдол тавиулаад тэндээсээ Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирээд эмчилгээ хийлгүүлсэн гэж байсан. Сүүлд 10-р хороололд байрлах “Эм Би Жи” хувийн гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд зүүн гарын хоёр савхан яс хугарсан, зүүн гарын сарвуу хэсэгт зүссэн ч юм уу маажсан ч юм уу шархтай, хамрын үзүүр хэсэгт тасарчихсан, уруулын зүүн дээд хэсэгт зүсэгдсэн оёдол тавиулсан, баруун хацар дээр мөн хоёр жижиг зүсэгдсэн байсан. Ээж хувийн гэмтлийн “Эм Би Жи” эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчилгээ хийлгүүлж байх үед нь хамрыг нь яасан талаар асуухад бид нарт зүгээрээ жаахан шалбарсан гээд үзүүлэхгүй байсан. “Эм Би Жи” эмнэлгийн захирал эмч ээжийг анх ирсэн үеийн зургийг фото зургаар авч надад харуулсан. Ээж 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр “Эм Би Жи” эмнэлэгт хэвтэж 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гэртээ гарсан. Гэртээ гарч ирээд биеийн байдал нь хэвийн болж байгаад 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн нойр хоолонд муу болж амьсгал нь давчдаж биеийн байдал бага багаар муудаж байгаад 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр өөрийн биеэр Төмөр замын нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр гэрээс гарч явсан. Ээжийг эмнэлэгт очсоны дараа над руу эмнэлгээс залгаж ээж чинь биеийн байдал муу байна хурдан хүрээд ир гэсний дагуу яваад очиход Төмөр замын эмнэлгийн хүлээн авах дээр орон дээр хэвтсэн дусал залгуулж байсан. Би эмчээс юу болсон талаар асуухад зүрхний өвчин байна 7 хонгийн өмнө зүрхний шигдээс болсон байна яаралтай 3-р эмнэлэгт очиж зүрхний бичлэг хийлгэх шаардлагатай гээд гуравдугаар эмнэлэгт очиж зүрхний бичлэг хийлгэсэн. Гуравдугаар эмнэлэгт зүрхний бичлэг хийлгээд хариу зүрхний шигдээс биш пүлс нь алдагдсан байна гэж гарсан. Тэгээд ээж буцаж Төмөр замын эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад биеийн байдал нь муудаж юм идэж ууж чадахгүй болж Мөнгөн гүүр эмнэлэгт очиж КТГ-ын зураг /цээж толгой/-н зураг авхуулж буцаж Төмөр замын эмнэлгийн эрчимт эмчилгээний тасаг шилжиж би эмнэлэг дээр ирээд эмчтэй нь уулзахад толгойн зураг зүгээр байна цээжний зураг харагдахгүй байна сахиур хэрэггүй намайг яв гэсэн. Тэгээд би гэртээ ирээд байж байхад эмнэлгээс над руу залгаж сахиур хэрэгтэй юм байна эмнэлэг дээр ир гэж хэлсэн. Би эмнэлэг дээр шөнө ирээд байж байхад 01 цагийн үед ХӨСҮТ-өөс хоёр эмч ирээд ээжээс гэрлээс айж байна уу гэх зэргээр асуулт асууж байгаад Төмөр замын эмнэлгийн эмчийн өрөөнд орж 1 цаг гаруй ярьж байгаад гарч ирээд танай ээжээс галзуугийн шинж тэмдэг илэрч байна гэж хэлээд шүлснээс нь дээж авч явсан. Тэгээд Зооноз гэх газраас дахин эмч нар ирээд асуулт асууж байгаад дахин шүлснээс нь дээш авч явсан. Тэгээд ээж маань 2020 оны 8 дугаар сарын 24-ний өглөө 06 цаг 40 минутад онош тодорхойгүй нас барсан. Төмөр замын эмнэлэг тодорхой ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Багануур дүүргийн эмнэлэг хувьд галзуугийн тариа хийгээгүй. Саху татуун гэх нэртэй тариа хийсэн байсан...Би ээжийн ажил явдал болохоос өмнө шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийлгүүлж нас барсан шалтгааныг тогтоох, тухайн өдөр ямар зүйл болсон талаар тодорхой шалгуулах Багануур дүүргийн эмнэлэг амьтанд хазуулсан хүн ирэх үед яагаад галзуугийн тариа хийгээгүй болохыг шалгуулах шаардлагатай байна.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 53-54 дэх тал)
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль ёсны төлөөлөгчөөр Э.Золсайханы өгсөн: “Би 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Мөнх-Оргилд тодорхой ярьсан байгаа тул дахин ярих шаардлагагүй гэж бодож байна. Харин үүн дээр нэмж хэлэх зүйл байна. Намайг 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн орчим Багануур дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хэрлэн тур амралтын газрын Сарнай гэх настай эгчтэй ярьж болсон асуудлын талаар асуухад тэнд очсон хүмүүс шөнө 01 цаг өнгөрч байхад архи уучихсан хоорондоо муудалцаад байсан. Тэгж байгаад 03 цаг өнгөрөөгөөд чимээгүй болсон гэж ярьсан болохоор Сарнай гэх хүнээс энэ талаар илүү тодруулж асуухыг хүсэж байна.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 114-115 дахь тал)
Төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмчлүүлэгчийн эмийн хуудас, өвчний түүх,
Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн шинжилгээний дүнгийн хуудас, шинжилгээний хариу, яаралтай тусламжийн хуудас, эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас, сувилгааны тэмдэглэл, (1-р хавтаст хэргийн 220-250 дахь тал)
Төмөр замын эмнэлгийн сэхээний их эмч ажилтай Д.Баттуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “Талийгаач анх 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр амьсгал давчидсан, хүйтэн хөлс гарсан байдалтай ирсэн. Энэ нь зүрхний шигдээс өвчний шинжтэй байсан тул гуравдугаар эмнэлэгт очуулж үзүүлэхэд зүрхний шигдээс өвчин үгүйсгэгдсэн тул манай эмнэлэгт буцаж ирүүлэн дотрын тасагт хэвтүүлсэн. Маргааш нь буюу 2020 оны 8 дугаар сарын 23-ны өдөр би талийгаач Баасанг хүлээн авахад биеийн байдал нь хүнд байдалтай байсан. Би талийгаачийг хүлээж аваад сэхээнд оруулаад хордлого маш их байсан тул хордлого тайлах эмчилгээ хийж тайвшруулаад нарийн мэргэжлийн эмч сэтгэцийн эмч мэдрэлийн эмч чих хамар хоолойн эмчид үзүүлэхэд талийгаачийн тухайн үед илэрч байсан шинж тэмдэгт хамаарахгүй байсан тул дотуур гэмтэл авсан байж болзошгүй гэж үзээд компьютерт үзэхэд мөн ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй. Харин асуумж дээр талийгаачийн хүү нь ээжийгээ 7 хоног орчмын өмнөөс хөшиг нээхэд гэрэлд дургүйцэх, шөнө зовуурьтай унтаж байсан талаар хариулсан байсан тул галзуу өвчний шинж гэж үзсэн. Ингээд энэ талаар халдвар судлаач эмч болон орлогч даргадаа хэлсэн. Үүний дараа ХӨСҮТ, Зооноз өвчин судлалын төвд мэдэгдэж шүлснээс нь шинжилгээ авхуулсан. Эмнэл зүйн хувьд галзуу өвчин мөн гэж тогтоогдсон. Тэгээд 24-ний өглөө шинжилгээний хариу гарахаас өмнө буюу 06 цаг 40 минутад өвчтөн Баасан нас барсан. Шинжилгээгээр талийгаачийн шүлснээс галзуугийн вирус илэрсэн. Би талийгаачтай харилцан яриа өрнүүлсэн. Гэхдээ миний асуусан асуултад ганц нэгээр хариулж байсан. Ямар ч байсан их зовуурьтай түгшүүртэй байсан. Сэтгэцийн эмчтэй хамтарч хамраа юунд гэмтээсэн бэ гэж асуухаар амьтан байсан гэж тодорхойгүй хариулсан. Мөн цонх онгойлгоход салхинаас их айж байсан. Талийгаач Багануурт нэг вакцин хийлгэсэн гэж байсан боловч яг юуны вакцин хийлгэсэн нь тодорхой биш байсан. ХӨСҮТ, Зоонозын эмч нар галзуу өвчний вакцин хийлгэлгүй удсан учир нэмэргүй гэж хэлсэн. Харин ийлдэс хийнэ гэж байсан боловч талийгаачид илэрсэн шинж нь нэгэнт оройтсон байсан учир хийлгээгүй. Талийгаачид галзуу өвчний шинж илрэх үеэс Эрүүл мэндийн сайдын 2017.4.20-ны өдөр баталсан А/160 дугаартай зааврыг баримталж ажилласан.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 88-89 дэх тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Мөнгөнсүх нь“...Миний хувьд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн тасагт үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед хохирогч орж ирээд асуумж авахад нохойд хазуулсан гэсэн асуумж өгсөн. Түүний дагуу гарт нь гипс тавьж, шарханд нь боолт хийсэн. Асуумж авахад Багануур дүүргийн эмнэлэгт анхны тунгаа хийлгэсэн гэсэн учир яаралтай тусламжийн бүртгэх хуудасны доод буланд асуумж асуусан талаар бичдэг хэсэгт бичсэн. Харьяа дүүргийн эмнэлгийн эмчийн хяналтад орж давтан тунгаа хийлгээрэй гэж зөвлөгөө өгч явуулсан. Нэг хийсэн вакциныг давтан хийх боломжгүй учир нь дооз хэтэрдэг. Миний энэхүү асуумжийг хохирогчийн ар гэрийнхэн нь Золсайхан мөн баталж хэлж өгсөн байгаа. Хохирогч нь өөрөө Багануур дүүргийн эмнэлэгт вакцины анхны тунгаа авсан гэж хэлж байсан. Мөн Би Би Жи эмнэлгийн өвчтөний түүхтэй танилцах юм бол хохирогч мэдүүлэг өгөхдөө Багануур дүүргийн эмнэлэгт галзуугийн вакцины анхны тунг хийлгэсэн гэж асуумж өгсөн байгаа. Хохирогч нь өөрөө асуумжид хэлсэн учир асуумжийн дагуу харьяаллын дагуу дараагийн шатны эмнэлэг рүү явуулсан байгаа. Манай эмнэлэгт гэмтлийн эмнэлэг чих, хамар хоолой эмчилдэг байсан учир чих, хамар хоолойн зөвлөгөө өгч явуулсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Мнь “...2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 7 дугаар сарын 01-ний шилжих шөнө тухайн мэс заслын яаралтай тасаг дээр жижүүр эмчээр үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үйлчлүүлэгч буюу талийгаач маань яаралтай тусламжаар орж ирээд сувилагчид асуумж өгсөн байдаг. Ямар нэгэн амьтанд хазуулсан гэж бүртгэгдээгүй байдаг. Асуумж авсныхаа дараагаар намайг дуудсан. Тэгээд үйлчлүүлэгчийг ажилбарын өрөө рүү оруулаад цагаан давуун дээр хамрын тасарсан хэсэг, хамрын тасарсан хэсэг дээр салфетка тавьчихсан орж ирсэн. Үйлчлүүлэгч нь өөрийгөө илэрхийлж ярьж чадахгүй уйлж байсан. Тухайн ажилбарын хамрын тасарсан хэсэг нь үхжээгүй байсан болохоор талийгаачид тайлбарлаж хамрыг нь залгах мэс ажилбарыг хийсэн. Талийгаачид тайлбарлахдаа хамрын хэсэгт мэдээ алдуулагч тариа хийхгүйгээр ариутгалын бодисоор арчиж, ариутгаж байгаад залгаж өгнө учир нь мэдээ алдуулагч тариа хийгээд тасарсан хамар нь хөөгөөд судсыг дарж цусан хангамж багсдаг тул үхчих эрсдэлтэй гэж үзэж үйлчлүүлэгчээс зөвшөөрөл авсан. Ингээд хамрыг яаралтай журмаар залгаж боолт хийсэн. Тэр үед хамрыг амьтанд хазуулсныг оношлоогүйн учир нь шархыг харахад амьтанд хазуулсан гэх үндэслэл төрөөгүй. Тодруулбал амьтанд хазуулахад зах ирмэг нь тодорхойгүй байсан. Мохоо байдлаар хазсан тохиолдолд урж хацар, эрүү зэргээр ил шарх ажиглагдах ёстой. Гэтэл тийм шарх байгаагүй. Зөвхөн хамрын мөгөөрсөн хэсэг буюу зөөлөн хэсэг нь цэвэрхэн тасарсан байсан учир амьтны шарх гэж хараагүй. Зүүн гарын алганы ар талд ил шархтай, тэмтрэхэд ясны хавирах чимээ сонсогдож байсан. Үүнийг манай салбарт ил хугарал гэж үздэг. Алган талдаа шарх байхгүй, ар талдаа байсан. Бид нар биеэ хамгаалахдаа гарынхаа алган талаар биш ар талаараа хамгаалдаг учир муудалцсан байх гэж бодсон. Тэгээд үйлчлүүлэгчийн хамрыг залгаж, толинд харуулсан. Яагаад татрангийн эсрэг вакцин хийсэн бэ гэхээр механик болон механик бус хими, физикийн зүйлийн нөлөөгөөр бие, эд эрхтний бүрэн бүтэн байдал алдагдсан тохиолдолд татрангийн эсрэг вакцин хийж болно. Мөн чоно, хярс, нохойд хазуулсан тохиолдолд татрангийн эсрэг вакциныг анхны тун болгож авч болно гэж хавдар судлалын үндэсний номд бичсэн байдаг. Тийм учраас татрангийн эсрэг вакцин хийж гэмтэл согог судлалын үндэсний төвд яаралтай очиж үзүүлээрэй гээд эмчилгээ болон татангийн эсрэг вакцины талаар зөвлөгөө өгч явуулсан. Тухайн үйлчлүүлэгч нь Багануур дүүргийн бус Улаанбаатар хотын харьяатай байсан. Манай эмнэлэгт 4 цагт ирээд 4 цаг 35 минутад явсан гэж яаралтай тусламжийн хуудсанд авагдсан байгаа. Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2 сарын дараа үүрээр очиж үзүүлсэн байдаг...” гэж,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Т нь“...Миний хувьд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн тасагт үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед хохирогч орж ирээд асуумж авахад нохойд хазуулсан гэсэн асуумж өгсөн. Түүний дагуу гарт нь гипс тавьж, шарханд нь боолт хийсэн. Асуумж авахад Багануур дүүргийн эмнэлэгт анхны тунгаа хийлгэсэн гэсэн учир яаралтай тусламжийн бүртгэх хуудасны доод буланд асуумж асуусан талаар бичдэг хэсэгт бичсэн. Харьяа дүүргийн эмнэлгийн эмчийн хяналтад орж давтан тунгаа хийлгээрэй гэж зөвлөгөө өгч явуулсан. Нэг хийсэн вакциныг давтан хийх боломжгүй учир нь дооз хэтэрдэг. Миний энэхүү асуумжийг хохирогчийн ар гэрийнхэн нь Золсайхан мөн баталж хэлж өгсөн байгаа. Хохирогч нь өөрөө Багануур дүүргийн эмнэлэгт вакцины анхны тунгаа авсан гэж хэлж байсан. Мөн Би Би Жи эмнэлгийн өвчтөний түүхтэй танилцах юм бол хохирогч мэдүүлэг өгөхдөө Багануур дүүргийн эмнэлэгт галзуугийн вакцины анхны тунг хийлгэсэн гэж асуумж өгсөн байгаа. Хохирогч нь өөрөө асуумжид хэлсэн учир асуумжийн дагуу харьяаллын дагуу дараагийн шатны эмнэлэг рүү явуулсан байгаа. Манай эмнэлэгт гэмтлийн эмнэлэг чих, хамар хоолой эмчилдэг байсан учир чих, хамар хоолойн зөвлөгөө өгч явуулсан...” гэж,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б нь“...Би Эм Би Жи эмнэлэгт зөвлөх эмчээр ажиллаж байсан. Хохирогч нь эхлээд Багануур дүүргийн эмнэлэгт үзүүлж, анхны тусламж авч, гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн байдаг. Уг нь тухайн гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх боломжтой байсан гэж үзэж байгаа. Учир нь гэмтлийн эмнэлэгт нарийн мэргэжлийн эмч нар байдаг. Гэмтлийн эмнэлгээс тусламж авч харьяаллын дагуу Төмөр замын эмнэлгээр дамжиж түүнээс манай эмнэлэгт ирсэн байдаг. Ирэхдээ миний гэмтлийг эмчлэх газар олдохгүй байна гээд тусламж гуйгаад ирсэн. Би тангараг өргөсөн эмч хүний хувьд хэвтүүлэн гар, сарвууны талаас алганы арын яс ил байгаад мэс заслын заалттай байдаг учир хэвтүүлж эмчлүүлээд, хагалгаа хийж, биеийн байдал сайжраад гарсан байдаг. Хэвтэж байх хугацаанд олон эмнэлэг дамжаад ирсэн учир вакцинаа хийлгээд явж байгаа гэж ойлгосон...” гэж тус тус мэдүүлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар амь хохирогч
Б.Баасан нь нохойнд хазуулж улмаар үндсэн хуульд заасан эрүүл байх, амьд явах эрхээ хамгаалуулахын тулд Монгол Улсын өөр өөр шатлалын эмнэлгийн байгууллагуудад эмнэлгийн тусламж үйлчилгээг авч явахдаа ЭМС-ын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/160 тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт , сэргийлэлтийн заавар”-ын холбогдох зүйл заалтад заасан “…зэрлэг болон гэрийн тэжээвэр амьтанд уруулсан бол яаралтай вакцин тарих буюу уг зааврын 10.1.3 дахь заалтад заасан эмч, эмнэлгийн ажилтан нь иргэнд галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийнэ…” гэж заасан эрүүл мэндийн үйлчилгээг буюу галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга аваагүй нь улмаас галзуу өвчин тусч нас барсан үйл баримт хөтөлбөргүй нотлогдсон бөгөөд шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчид амь хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн, амь хохирогчийн үхлийн шалтгаанд шүүгдэгч нар буруугүй гэж мэтгэлцэж шүүхийн хэлэлцүүлэгт оролцов.
Шүүхээс, шүүгдэгч нар нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2-т заасан “гэнэтийн өвчин, осол, гэмтлээс амь насанд нь аюултай байдал бий болсон иргэнд эмнэлгийн тусламжийг ямар ч нөхцөлд үзүүлэх, мөн зүйлийн 28.4.3-т үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах” гэсэн заалтыг тус тус зөрчиж буюу ЭМС-ын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/160 тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт , сэргийлэлтийн заавар”-ын 10.1.3 дахь заалтад заасан эмч, эмнэлгийн ажилтан нь зэрлэг, гэрийн тэжээвэр амьтанд хазуулсан....иргэнд галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийнэ…” гэх стандарт заалтыг буюу заавал мөрдөх тусламж үйлчилгээг ажил үүргээ гүйцэтгэж байхдаа биелүүлээгүй буюу шүүгдэгч нарын гэмт эс үйлдэхүйн улмаас амь хохирогчийн амьд явах эрх зөрчигдсөн гэж дүгнэв.
Тодруулбал, амь хохирогч Б.Баасан нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах гэж өөр өөр шатлалын эмнэлэгт ирэх үедээ “нохойнд хазуулсан” гэж хэлсээр байхад галзуу өвчнөөс урьдчилсан сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээг шүүгдэгч Э.Мөнхсүх, Ч.Т, Д.Б нар өвчтөн Б.Баасанд хийгээгүйн улмаас иргэн Б.Баасан галзуу өвчин тусч нас барсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдсон, амь хохирогчийн үхлийн шалтгаан шүүгдэгч нарын гэмт эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой байна. Нотлох баримтуудын талаар:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 31 дэх тал)
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 34-39 дэх тал)
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд: “157 см урттай, толгойдоо 32 см урт хар хүрэн өнгийн үстэй, 49 настай гэх эмэгтэй хүний цогцос байна. Биеийн ерөнхий хөгжил зөв, махлагдуу 2 нүдний зовхи аниастай эвэрлэг булингартсан салст цайсан, хамрын яс мөгөөрс бүтэн хамраас гарсан зүйлгүй, 2 чихний дэлбээний хэлбэр зөв, чихний сүвнээс гарсан зүйлгүй. Ам жимийсэн, уруул хатаж харлаж хүрэнтсэн...Хүүрийн толбо биеийн ар дарагдаагүй хэсгээр тод үүссэн, дарахад арилахгүй нас бараад 36-48 цаг болсон. Хамрын нурууны баруун талаас үзүүр гол хэсэг хүрсэн, үзүүр хэсэг сэтэрсэн татагдсан 1.5х0.4 см хүрэн ягаан сорвитой арьсны түвшингээс үл ялиг дээш товойсон. Цээжний баруун зүүн дээд хэсэг болон зүүн хөхний доогуур хүрэн ягаан дугуй хэлбэрийн аппаратын оролттой. Баруун зүүн тохойны дотор хэсэг, баруун сарвуу, 2 тавхай баруун цавинд тарианы зүүний оромтой, оромны эргэн тойронд хөхөлбөр өнгийн цус хуралттай зүүн сарвууны 2-р хурууны ард хагас дугуй хэлбэрийн 3х0х2 см мэс заслын ослын ором бүхий үл ялиг доош хонхойсон цайвар өнгийн сорвитой. Мөн 3-р хурууны харалдаа 0.7х0.3см хүрэн ягаан бага зэрэг дотогш хонхойсон сорвитой. Сарвууны ард хэсэгт 3.5х5.5см хүрэн бор өнгийн нөсөөжилттэй. Зүүн гарын 2-р хурууны 3-р шивнүүрийг ар хэсэгт 2 ширхэг металл зүүний үзүүр гаргаж ирж арагш тахийлгасан. Өөр биед ил харагдах гэмтэлгүй.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 40-45 дахь тал)
Зоонозын халдварын хүний өвчний сэжигтэй тохиолдлыг мэдээлэх хуудаст “ Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэгт шархны анхны цэгцлэлт хийгдэж, вакцин тариулсан, хэдэн тун хийлгэснийг мэдэхгүй...2020 оны 8 сарын 22-нд Төмөр замын эмнэлэгт ирж үзүүлээд, дотрын тасагт хэвтсэн, 2020 оны 8 сарын 23-ны өдөр эрчимт эмчилгээний тасагт хэвтэж эмчлүүлж байгаад 2020 оны 8 сарын 24-ний өглөө нас барсан. Зовиур нь амьсгал давчдах, амьсгалахад саадтай, шүлс залгиж чадахгүй,өнөөдрөөс тэнцвэр алдагдана, шүлс гоожиж 31 градус халуурч чичрүүлнэ, маш цочромтгой, цонх нээхээр нохой байна гэж дэмийрнэ...” гэж тэмдэглэгджээ. (2-р хавтаст хэргийн 35-40 дэх тал)
Зооноз өвчин судлалын үндэсний төвийн шинжилгээний дүнгийн хуудасны дүгнэлт хэсэгт “Өвчтөний шүлсэнд галзуу өвчний үүсгэгчийн өвөрмөц ген тодорхойлогдсон.” гэж тэмдэглэгдсэн. (2-р хавтаст хэргийн 45-46 дахь тал)
Галзуу өвчнөөр нас барсан тохиолдлын тандалт судалгааны товч тайлан (2-р хавтаст хэргийн 50-52 дахь тал)
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн халдварын сэргийлэлт, хяналтын алба (2-р хавтаст хэргийн 53-54 дэх тал)
Нийслэлийн Зоонозын өвчин судлалын ажилтан мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Мөнхтуулын гэрчээр өгсөн: “Манай Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвийн утас руу 2020 оны 8 дугаар сарын 24-ний шөнө 03 цагийн орчим ЗӨСҮТөвөөс залгаад халдвар судлалын эмчтэйгээ холбогдоод өглөө дархлаажуулалтын мэдээгээ өгөөрэй гэж хэлсэн байсан. Тэгээд би өглөө нь буюу 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 08 цаг 30 минутад ажил дээрээ ирээд ЗӨСҮТөвтэй холбогдож ямар дархлаажуулалтын мэдээ авах талаар асуусан чинь Баатарын Баасан гэх хүний овог нэрийг хэлээд энэ хүн галзуугийн дархлаажуулалтад хамрагдсан эсэх талаар асуусан. Үүний дагуу Б.Баасан гэх хүнийг галзуугийн дархлаажуулалтад хамрагдсан эсэхийг шалгахад хамрагдаагүй байсан. Анх үзүүлсэн Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв рүү холбогдож асуухад татрангийн вакцин хийж өгөөд явуулсан байсан. Дараа нь ГССҮТөв рүү холбогдож Б.Баасангийн нэрийг шүүлгэхэд эмчилгээ авсан боловч дархлаажуулалт хийгдээгүй гэж байсан. Тэгээд ЗӨСҮТөвөөс Улаанбаатар хотод хийгдэх шаардлагатай бүх ажиллагаануудаа хийчихсэн байсан бөгөөд манайхтай холбогдоод анх хазуулсан гэх газарт нь голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийгээд, тандалт судалгаа хийж гүйцэтгэх үүрэг даалгавар өгсөн. Үүний дагуу Багануур дүүргийн 5 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Хэрлэн тур” амралтын газарт очоод голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийгээд, ойр орчим 1.5 км радиус газарт үхсэн амьтны сэг зэм байгаа эсэхийг шалгахад сэжигтэй зүйл огт байгаагүй. Мөн “Хэрлэн тур” амралтын газарт байнга байдаг гэх шар нохой нь галзуу өвчний шинж тэмдэггүй, хэвийн байсан. Манай байгууллагын зүгээс талийгаачтай Б.Баасан гэх хүнтэй уулзаагүй бөгөөд асуумж тодорхой биш байсан тул ямар амьтан гэдгийг тодорхойлж чадаагүй. Харин асуумж авч байхад хүмүүсийн хэлж байснаар шар сүүлтэй амьтан гарч явсан харагдсан гэсэн яриа байсан тул бид нарын зүгээс хярс гэх амьтан байж болзошгүй гэж үзсэн. Хэрлэн тур амралтын газрын ойр орчим хярс, үнэг, жижиг мэрэгч амьтад ихэвчлэн байдаг. 2020 оны 03 сарын орчим Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт нохой галзуурсан тохиолдол бүртгэгдэж тухайн үедээ устгалын ажиллагаа явагдаж байсан. Өөрөөр ойрын хугацаанд галзуугийн өвчнөөр хүн, мал, амьтан халдварлагдаж байсан тохиолдол байхгүй.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 91 дэх тал)
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр шинжээч О.Болороогийн гаргасан 1823 дугаартай “Талийгаач нь хамар, зүүн сарвуунд хазагдсан шархны улмаас галзуу өвчний вирусээр халдварлагдаж улмаар галзуу өвчин үүсэж нас баржээ. Б.Баасангийн цогцост хийсэн шинжилгээгээр хамар, зүүн сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр буюу хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр тухайлбал хазуулах үед үүсэх боломжтой. Талийгаач нь 2-р хэлбэрийн чихрийн шижин, зүрхний булчингийн эмгэгшил, элэгний өөхлөлт, бамбай булчирхайн архаг үрэвсэл зэрэг хууч өвчтэй байжээ. Дээрх өвчнүүд нь үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй. Галзуу өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд амь насыг аврах боломжгүй. Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохих тунгаар вакцин, ийлдсийг хийлгэх ёстой байдаг. Эмнэлгийн бичиг баримтуудаас үзэхэд зохих тун товлолоор тарилгыг хийлгэсэн тэмдэглэл үгүй байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 117-125 дахь тал)
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч О.Болороогийн өгсөн: “Төмөр замын эмнэлэг дээр талийгаач эмчлэгдэж очоод нэг хоноод нас барсан. Төмөр замын эмнэлгийн хувьд эмчилгээ үйлчилгээ зөв хийгдсэн, асуудалгүй гэж өвчний түүхээс харагддаг. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн хувьд талийгаачид тусламж үйлчилгээ үзүүлэхдээ шархны цэгцлэлт хийж, шархны гарал үүслийг тогтоож улмаар галзуугийн вакцины эхний тунг хийх ёстой байсан. Татрангийн вакциныг хийхэд харшлах зүйлгүй, сөрөг заалт үгүй буюу хийж болох байсан. Мөн боломжтой тохиолдолд галзуу өвчний эсрэг ийлдэсийг хийж болох байсан. Дээрх тохиолдолд галзуу өвчний вакцин болон ийлдэс хийгдээгүй. “Эм би Жи” эмнэлгийн хувьд талийгаачид учирсан гэмтэл болох гарын хугарал, хамрын үзүүрийн цэгцлэх мэс ажилбаруудыг зохих хэмжээнд хийж гүйцэтгэсэн боловч 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр татрангийн тариаг галзуугийн вакцин хийлгэсэн гэж ойлгосон ч бай эхний вакцин хийгдсэн өдрөөс хойш 4 дэх өдөр, 7 дахь өдрүүдэд дараагийн тунг хийх ёстой байдаг. “Эм Би Жи” эмнэлэг талийгаачийг анх ямар шалтгааны улмаас гэмтээд, ямар эмчилгээ хийлгэсэн гэдгийг асуусан байх ёстой. Талийгаач 10 хоног тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байдаг. Татрангийн тариа хийхэд харшлах хориглох зүйл байхгүй. Энэ талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс болон мэргэжлийн хяналтын эрүүл мэндийн хариуцсан хэсгээч тодруулж асуух нь зөв. Галзуугийн вакциныг нийт 5 тун хийх ёстой. Эхний тунгаас шалтгаалж 4 дэх, 7 дахь, 14 дэх, 21 дэх хоногуудад хийх ёстой. Хэрвээ “Эм Би Жи” эмнэлэг талийгаачийг Багануур дүүрэгт галзуугийн вакцин хийлгэсэн гэж ойлгосон бол ядаж 2, 3 дахь тун хийгдэх боломжтой. Мөн ийлдэсийг төв мэдрэлийн системтэй ойрхон бол хийх боломжтой. Ийлдэс гэдэг нь эсрэг биет агуулсан бэлдмэлийг ойлгож болно.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 100-101 дэх тал)
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шинжээч Ө.Сарангэрэл, Т.Амартүвшин, Ж.Ганцэцэг нарын гаргасан 1303 дугаартай “Талийгаач Б.Баасангийн биед үүссэн шархны гэмтсэн шалтгааныг Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын эмч нарийвчлан тогтоогоогүй, гэмтсэн шалтгааныг тогтоогоогүй учир галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг хийгээгүй байна. Гэмтэл согог судлалын үндэсний төв болон “Эм Би Жи” эмнэлгийн эмч нар нь Б.Баасангийн биед үүссэн шархны гэмтсэн шалтгааныг зөв тогтоосон боловч, тохирох вакцин хийлгэсэн эсэхийг нягтлаагүй, дараа дараагийн тунг хийгээгүй байна. Урьдчилан сэргийлэх зорилгоор хүний галзуугийн эсрэг вакциныг шархны хүнд, хөнгөний зэргээс хамаарч 3-5 удаа эхний өдөр, 4, 7, 14, 28 дахь өдрүүдэд тус тус хийнэ. Төмөр замын эмнэлгийн эмч нар өвчний оношийг зөв тогтоосон байна. Талийгаач нь галзуугийн вирусээр халдварлагдан, тархины эрс хаван, цуллаг эрхтний бичил цус эргэлтийн хямралд орж нас баржээ. Галзуу өвчнийг оношлоход тархвар судлалын асуумжаар хэдийд, хаана, ямар амьтанд хазуулж, шүлсдүүлсэн талаар сайтар лавлаж мэдэх, өгүүлэмжийг сайн авах, илэрч буй эмнэл зүйн шинж тэмдэг дээр тулгуурладаг. Мөн вирусийн шинжилгээ, цусанд, лабораторийн шинжилгээ, иммуноферментийн анализ, бичил харах арга, гистологи зэрэг шинжилгээнүүд хийж болох ба талийгаач Б.Баасанд Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, “Эм Би Жи” эмнэлэгт эмчлүүлэх явцад Галзуу өвчний эмнэл зүйн өвөрмөц шинжүүд илрээгүй тул дээрх шинжилгээнүүд хийгдээгүй байна. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, “Эм Би Жи” эмнэлгийн эмч нар Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/160 тушаалыг барьж ажиллаагүй байна. Галзуу өвчний нууц үе 12-90 хоног байдаг ба Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, “Эм Би Жи” эмнэлэгт эмчлүүлэх явцад галзуу өвчний эмнэл зүйн өвөрмөц шинж /ус, салхи, дуу чимээ, гэрлээс айх, шүлс гоожих, хий үзэгдэх, дэмийрэх, халуурах, хөлрөх, сэтгэцийн өөрчлөлт гэх мэт/ илрээгүй, харин Төмөр замын эмнэлэгт эмчлэгдэх явцад галзуу өвчний эмнэл зүйн өвөрмөц шинж илэрч оношлогдсон байна. Галзуу өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдол амь насыг аврах боломжгүй.” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 131-138 дахь тал)
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ө.Сарангэрэлийн өгсөн: “Багануур
дүүргийн ЭМТ, ГССҮТ, “Эм Би Жи” эмнэлгийн ажилтнууд галзуу өвчний хяналт сэргийлэлтийн загвар Эрүүл мэндийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний А/160 тушаалыг барьж хяналт сэргийлэлтийг дутуу хийсэн. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын эмч нарийвчлан тогтоогоогүй, Гэмтэл согог судлалын үндэсний төв болон “Эм Би Жи” эмнэлгийн эмч нар нь талийгаачийн биед үүссэн шархны гэмтсэн шалтгааныг зөв тогтоосон боловч тохирох вакцин хийлгэсэн эсэхийг нягтлаагүй, дараа дараагийн тунг хийгээгүй байна.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 103-104 дэх тал)
2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Халдварт өвчин, тархвар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн эмч З.Адьяасүрэн, Д.Чимэдноров нарын гаргасан шинжээчийн “Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч Э.Мнь ЭМС-ын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт , сэргийлэлтийн заавар”-ын 3.1-ийн эрсдэлийн ангилал 3 болон 10.1.3 дахь заалтыг биелүүлээгүй байна. Галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийх тусламж үйлчилгээ үзүүлээгүй байна. ЭМС-ын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А293-р тушаал эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх журмын дагуу халдварын сэргийлэлт хяналтыг холбогдох дүрэм зааварт нийцүүлэн үнэлэх хяналт тавих тогтолцоотой байдаг үүний дагуу анхны үзлэг хийсэн эмч тархвар судлалын асуумжийг хангалтгүй авсан байна. Эрэмбэлэн ангиллыг ЭМС-ын А293-р тушаалын хавсралтын заалтын дагуу талийгаач Баасанд ангилалтын эрэмбэ хоёр буюу шар өнгийн тэмдэгтэд багтаж байгаа тусламж үйлчилгээг Багануур дүүргийн эрүүл мэндийн яаралтай тасагт 2020 оны 7 дугаар сарын 01-ний 04 цагт ирсэн оёдол тавиад шархны анхдагч цэгцлэлт хийхэд нийт 30 минут зарцуулсан байна. Энэ нь анхны тусламжийг хугацаа алдалгүй, зөв тодорхой хийж гүйцэтгэсэн нь харагдаж байна. Үзлэг эмчилгээгээ зөв хийсэн ч өвчтөнөөсөө өвчний түүх, тархвар судлалын асуумжийг дутуу авснаас болж өвчтөнд заавал хийх шаардлагатай байсан вакциныг хийлгүй орхигдуулсан байна. Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн Э.Мэмчийн илгээсэн анхны үзлэг, тусламж үйлчилгээний үзүүлсэн “яаралтай тусламжийн хуудас”-тай анхааралтай танилцаагүйгээс ЭМС-ын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын 10.1.3 дахь заалтыг биелүүлээгүй байна. “Эм Би Жи” эмнэлэгт галзуу өвчний эсрэг вакциныг тарьсан гэж зөвхөн вакцины бүртгэлд тэмдэглэсэн боловч өвчний түүхэнд тэмдэглэгдээгүй. Хавтаст хэргийн 244 дүгээр хуудсанд 7 дугаар сарын 03-ны өдөр Б.Баасан 49 настай эм, 20043090 цувралын (сери) дугаартай вакциныг Хонгорзул, 7 дугаар сарын 07-ны өдөр дээр дурдсан серийн дугаартай вакциныг Сосорбурам нар гарын үсэг зуран хийснээр тэмдэглэсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс авч, тухайн үед эмнэлэгт байх вакцины серийн дугаар тохирохгүй байна. “Эм Би Жи” эмнэлгийн халдвар судлагч Оюунчимэг 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Энэтхэг улсын “Серум институт”-д үйлдвэрлэсэн 201809261 цувралын (сери) дугаартай 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хугацаа нь дуусах 50 хүн тун галзуугийн эсрэг вакциныг татан авсан баримт байна. Үүнээс өмнө 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хугацаа нь дуусах 201707224 цувралын (сери) дугаартай галзуугийн эсрэг вакцин татан авсан баримт байна. Төмөр замын нэгдсэн эмнэлэгт талийгаач Б.Баасанг ирж үзүүлэхэд анхны хүлээж авсан яаралтай тусламжийн эмч Эрдэнэхишиг анхнаасаа өвчний зовуурь, гэмтэл авсан тухай дэлгэрэнгүй өвчний мэдээллийг цуглуулж чадаагүй, бодит үзлэгийг хагас дутуу хийж, тархвар судлалын анамнезийг дутуу авснаас болж өвчтөний онош тавихад төөрөгдөл үүсэж, өвчтөнийг эмнэлэг хооронд явуулж хугацаа алдаж, өвчин хүндрүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. ЭМС-ын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны “Галзуу өвчний хяналт сэргийлэлтийн зааврын хэрэгжилт” А160 тушаалын 3.2-т зааснаар өвчтөнийг анх үзсэн эмч хэрэв Галзуу өвчин гэж сэжиглэсэн болон яаралтай мэдээлэх арга хэмжээ авах байсан. Үүнийг яаралтай тусламжийн эмч болгон мэдэж, өвчний эмнэл зүй, гарах шинж тэмдгүүд, эмчилгээ, оношилгоо, вакцины талаар тодорхой ойлголттой байх ёстой. Хэрэв өвчний асуумжийг зөв авсан байсан бол өвчтөн энэ эмнэлэгт ирэхээс 7 хоногийн өмнөөс хөшиг татаж, гэрэл гаргахад айж, сандарч, уцаарлаж шөнө нойрондоо муу, сэтгэл тавгүй гэх мэт галзуу өвчний шинж тэмдгүүд гарч байсан байна. Эмчлэгч эмч болон бусад бүх эмч нар ямар нэг амьтанд хазуулсан гэдэг асуумж байхад Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд хийсэн вакцины тухай огт асууж тодруулаагүй байсан. Онош тавихад хугацаа алдсан ч өвчтөн бүрэн эмчлэгдэж, амь нас аврагдах боломжгүй байсан гэж үзэж байна. Хэрэв анхнаасаа галзуугийн вакцин 5 тунгаа бүрэн авсан бол өвдөхгүй байх магадлалтай. Багануур дүүргийн нэгдсэн эмнэлгийн их эмч Э.М, ГССҮТөвийн эмч Ч.Т нар нь ЭМС-ын А160 тоот тушаалын 3.1-ийн 3 дахь ангилал, 10.1.1., 10.1.2., 10.1.3 заалтуудыг биелүүлээгүй байна. Галзуу өвчний эрсдэлийг үнэлээгүйн улмаас мэдээлэх, галзуугаас сэргийлэх вакцин тарих , иммуноглобулин эмчилгээг хийгээгүй байна. “Эм Би Жи” эмнэлгийн вакцины бүртгэлд галзуугийн вакцин хийлгэсэн тэмдэглэгээ байгаа ч өвчний түүхэнд тэмдэглэгээ хийгдээгүй, тарьсан вакцины үйлдвэрлэсэн цувралын (сери) дугаар тохирохгүй байна. Өвчтөн “Б”-ийн Төмөр замын нэгдсэн эмнэлэгт очсон хандалт нь өвчний явц, цаг хугацаагаар оройтсон тул тусламж үйлчилгээг авсан боловч эмчлэгдэх боломжгүй байсан гэж үзлээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс галзуугийн эсрэг вакциныг, “Эм Би Жи” эмнэлгийн татан авсан баримтыг хавсаргаж болно гэж үзэж байна.” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 151-155 дахь тал)
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн зөвлөх эмч Д.Чимэдноровын шинжээчээр өгсөн: “Эм Би Жи” эмнэлэгт галзуугийн вакцин хийсэн бол халдвар судлаач, эмчлэгч эмч өвчний түүхэнд тодорхой бичих ёстой байсан боловч бүртгээгүй байна. Манай улсын хэмжээнд ХӨСҮТ нэгдсэн журмаар захиалж аваад бүх эмнэлэг, эмнэлгийн байгууллагаар тараагддаг. Манай ХӨСҮТөвөөс “Эм Би Жи” эмнэлэгт өгсөн галзуугийн вакцины цувралын дугаар буруу (таарахгүй) байгаа нь “Эм Би Жи” эмнэлгийн эмч тухайн өвчтөнд вакцин хийгээгүй, худлаа бичиж тавьсан гэж хараад байна. Иммуноглобулин эмчилгээ гэдэг нь галзуугийн вирус хорыг саармагжуулж, өвчлөл үүсгэхээс сэргийлэн, дархлааны байдлыг нэмэгдүүлэх эмчилгээг хэлж байгаа юм. “Эм Би Жи” эмнэлгийн эмч, эмч хүнийхээ үүргээ биелүүлж дээрх эмчилгээг хийх л ёстой байсан. Хэчнээн хугацаа алдсан үед “Эм Би Жи” эмнэлэгт очсон, амь аврах боломжгүй байсан хэдий ч “Эм Би Жи” эмнэлгийн эмч дээрх эмчилгээг заавал хийх ёстой байсан учир буруутай юм.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 107-108 дахь тал)
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дарга З.Адъяасүрэнгийн шинжээчээр өгсөн: “Галзуу өвчний эсрэг дархлаажуулалтын ийлдэс тавих, вирусийн саармагжуулалтын эмчилгээг хэлж байгаа юм...“Эм Би Жи” эмнэлгийн эмч Баасанжав 2-р тунг хийсэн бол дараагийн тунг хэрхэн хийх талаар мэдээлэх ёстой байсан ч мэдээлээгүй байна. Хазуулсан гэдгийг мэдэх боломжтой...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 111 дэх тал)
2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн эмч С.Отгонгэрэл, Т.Бат-Эрдэнэ нарын гаргасан шинжээчийн “Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч Э.Мнь Эрүүл мэндийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн тушаалын 3-р хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт сэргийлэлтийн заавар”-ын 3.1-ийн эрсдэлийн ангилал 3 болон 10.1.3 дахь заалтыг тусгаагүй байна. Галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийлгэх тусламж үйлчилгээ хийх нь зүйтэй байсан гэж үзэж байна. Эрүүл мэндийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А293-р тушаал Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх журмын дагуу халдварын сэргээлт хяналтыг холбогдох хууль дүрэм зааварт нийцүүлэн үнэлэх хяналт тавих тогтолцоотой байдаг үүний дагуу үзлэг хийсэн эмч тархвар судлалын асуумжийг гүнзгийрүүлэн авах нь зүйтэй байжээ. Эрэмбэлэн ангиллыг ЭМС-ын А293-р тушаалын хавсралтын заалтын дагуу талийгаач Б.Баасанд ангилалтын эрэмбэ ХОЁР буюу шар өнгийн тэмдэгтэд багтаж байгаа тусламж үйлчилгээг Багануур дүүргийн Эрүүл мэндийн яаралтай тасагт 2021 оны 7 дугаар сарын 01-ний 04:00 цагт ирсэн өвчтөний шарханд анхдагч цэгцэлгээ хийгдэхэд 30 минут зарцуулсан байна. Энэ нь анхны тусламжийг цаг алдалгүй зөв хийсэн харагдаж байгаа боловч өвчтөнөөс өвчний түүх, тархвар судлалын асуумжийг дутуу авсан, вакцин хийлгүй орхигдуулсан байна. Ямар нэгэн амьтанд хазуулсан болон үйлдвэрийн тоног төхөөрөмжид, багажид гэмтсэн шархыг ялгах шинж байдал байхгүй. Өвчтөний асуумжаас мэдэх боломжтой. Өвчтөн энэ талаар эмчид тодорхой хэлээгүй байж болох юм. Жич: Шүүхийн шинжээч эмч нар шархны ирмэгийг томруулдаг шилээр харж нягталж тодорхойлдог ба энэ нь клиникийн хүлээж авсан эмч заавал тодорхойлох шаардлагагүй байдаг. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч Э.Мэмчийн илгээсэн анхны үзлэг, тусламж үйлчилгээ үзүүлсэн яаралтай тусламжийн хуудастай анхааралтай танилцаагүйгээс ЭМС-ын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн тушаалын 3-р хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар” -ын 10.1.3 заалтыг орхигдуулан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Эмч Ч.Т эмнэлгийн үйлчилгээний хуудсанд нохойд уруулсан шарх гэж оношилсон байна. “Эм Би Жи” эмнэлэгт галзуу өвчний эсрэг вакциныг тарьсан гэж вакцины бүртгэлд тэмдэглэсэн боловч өвчний түүхэнд бичигдээгүй байна. ЭМС-ын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн тушаалын 3-р хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын 10.1.3 заалтыг орхигдуулан эмнэлгийн бусад тусламж үйлчилгээг зөв зүйтэй үзүүлсэн байна. Төмөр замын нэгдсэн эмнэлэгт талийгаач Б.Баасанг ирж үзүүлэхэд анхны хүлээж авсан яаралтай тусламжийн эмч Эрдэнэхишиг анхнаасаа өвчний зовуурь, гэмтэл авсан тухай дэлгэрэнгүй өвчний мэдээллийг цуглуулж чадаагүй, бодит үзлэгийг хагас дутуу хийж, тархвар судлалын анамнезийг дутуу авснаас болж өвчтөний онош тавихад төөрөгдөл үүсэж, өвчтөнийг эмнэлэг хооронд явуулж хугацаа алдаж, өвчин хүндрүүлэх нөхцөл бүрдүүлсэн байна. ЭМС-ын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны “Галзуу өвчний хяналт сэргийлэлтийн зааврын хэрэгжилт” А160 тушаалын 3.2-т зааснаар өвчтөнийг анх үзсэн эмч хэрэв Галзуу өвчин гэж сэжиглэсэн болон яаралтай мэдээлэх арга хэмжээ авах байсан. Үүнийг яаралтай тусламжийн эмч болгон мэдэж, өвчний эмнэлзүй, гарах шинж тэмдгүүд, эмчилгээ, оношилгоо, вакцины талаар тодорхой ойлголттой байх ёстой. Хэрэв өвчний асуумжийг зөв авсан байсан бол өвчтөн энэ эмнэлэгт ирэхээс 7 хоногийн өмнөөс хөшиг татаж, гэрэл гаргахад айж, сандарч, уцаарлаж шөнө нойрондоо муу, сэтгэл тавгүй гэх мэт галзуу өвчний шинж тэмдгүүд гарч байсан байна. Эмчлэгч эмч болон бусад бүх эмч нар ямар нэг амьтанд хазуулсан гэдэг асуумж байхад Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд хийсэн вакцины тухай огт асууж тодруулаагүй байсан. Онош тавихад хугацаа алдсан ч өвчтөн бүрэн эмчлэгдэж, амь нас аврагдах боломжгүй байсан гэж үзэж байна. Хэрэв анхнаасаа галзуугийн вакцин 5 тунгаа бүрэн авсан бол өвдөхгүй байх магадлалтай. Багануур дүүргийн нэгдсэн эмнэлгийн их эмч Э.Мөнхсүх, ГССҮТ-ийн эмч Ч.Т нар нь ЭМС-ын А160 тоот тушаалын 3.1-ийн 3 дахь ангилал 10.1.1, 10.1.2, 10.1.3 заалтуудыг биелүүлээгүй байна. Галзуу өвчний эрсдэлийг үнэлээгүйн улмаас мэдээлэх, галзуугаас сэргийлэх вакцин тарих, иммуноглобулин эмчилгээг хийгээгүй байна. “Эм Би Жи” эмнэлгийн вакцины бүртгэлд галзуугийн вакцин хийлгэсэн тэмдэглэгээ байгаа ч өвчний түүхэнд тэмдэглэгээ хийгдээгүй. Өвчтөн “Б”-гийн Төмөр замын нэгдсэн эмнэлэгт очсон хандалт нь өвчний явц, цаг хугацаагаар оройтсон тул тусламж үйлчилгээг авсан боловч эмчлэгдэх боломжгүй байсан гэж үзлээ.” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 162-165 дахь тал)
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нар, Эрүүл мэндийн яамны Халдварт өвчин, тархвар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд, Эрүүл мэндийн яамны Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүдийн хамтарсан багаар хийлгэсэн дахин шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 115 дугаартай “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1823, Хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1303 үндэслэлтэй байна. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын эмч Э.Мнь гэмтлийн асуумжийг бүрэн, нарийвчлан аваагүй, шархыг ялган оношлоогүй, ЭМС-ын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/160 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын 3.1-ийн эрсдэлийн ангилал болон 10.1.3 -р заалтыг биелүүлээгүй байна. Амьтанд хазагдсан шархыг асуумж, бодит үзлэгээр шархны ирмэгийн тэгш бус байдал, орчны эдэд цус хуралт, зулгаралт үүссэн шинжээр тогтоодог. Э.Мэмч гэмтлийн асуумжийг гүйцэт, нарийвчлан аваагүй, шархыг ялган оношлоогүй байна. “Механик хүчин зүйлийн нөлөө байж магадгүй гэж бодоод сахуу татрангийн тариа хийсэн” гэх нь хазагдсан шархыг ялган оношлоогүй байна...“Эм Би Жи” эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хугацаанд галзуугийн вакцин хийсэн гэх боловч тарьсан вакцины үйлдвэрлэсэн цувралын /сери/ дугаар тохирохгүй, байгаа нь ЭМС-ын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/160 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын 3.1-ийн эрсдэлийн ангилал болон 10.1.3 Өртсөн тохиолдолд галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийнэ гэсэн заалтыг биелүүлээгүй байна. Төмөр Замын Нэгдсэн эмнэлэг нь талийгаач Б.Баасангийн оношийг оройтуулсан боловч зөв тавьж эмчилгээг зохих ёсоор хийсэн байна. Галзуу өвчний шинж илэрсэн л бол 100% үхэлд хүргэдэг. Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэг, ГССҮТөвийн эмч нар нь ЭМС-ын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/160 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын 3.1-ийн эрсдэлийн ангилал болон 10.1.3 Өртсөн тохиолдолд галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийнэ гэсэн заалтыг биелүүлээгүй байна. “Эм Би Жи” эмнэлэгт галзуугийн вакцин хийсэн гэх боловч өвчний түүхэд бүртгээгүй, цувралын дугаар буруу, иммуноглобулин эмчилгээ хийгээгүй байна.” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 169-172 дахь тал) зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь амь хохирогчийн үхлийн шалтгаан шүүгдэгч нарын гэмт эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой болохыг нотлох бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Мөнхсүхийн өгсөн “...үйлчлүүлэгч нохойнд хазуулсан гэдгээ хэлээгүй...механик гэмтэл гэж харсан...” гэх тайлбар гэрч И.Болортуяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн“...намайг асуумж авахад ямар шалтгааны учир хамар нь ийм болсон талаар асуухад тэр хүн хариулахгүй, уйлаад, хурдан эмчээ дууд гээд байсан...Өвчтөн Баасан нь хамрын тасарсан шалтгаанаа тодорхой хэлэхгүй байсан тул ямар нэгэн зүйлд зүсэгдсэн, хазагдсан гэдгээ тодорхой хэлэхгүй байгаа болохоор татрангийн вакцин хийх талаар заавар өгсөн...гарын бугалга хэсэгт нь татрангийн вакциныг хийсэн...” гэж мэдүүлдэг (1-р хавтаст хэргийн 73-74 дэх тал) нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Л.Биндэръяагийн өгсөн “...шөнө амарч байсан чинь манай жижүүр Ц.Лхагва орж ирээд “Баасан нохойд хазуулчихлаа, яах вэ” гээд ороод ирсэн...удалгүй аж ахуйн эрхлэгч С.Оюунбат орж ирээд “даргаа Баасан эгч нохойд хазуулчих шиг боллоо” гээд ороод ирсэн...Лхагва, Мөнхбаатар, Гансүх, Буджав нар нь Баасанг аваад эмнэлэг рүү явсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 55-57 дахь тал), гэрч Н.Буджавын өгсөн “...Шөнө бүх хүмүүс унтаж байхад Баасан гэнэт чангаар орилсон. Эхэндээ би зүүдэлж байна гэж бодсон чинь дахиад орилоод “намайг нохой хазчихлаа” гэж хэлсэн...Талийгаач өөрөө сүүлд нь нохойны шар бөгс харсан гэж байсан. Тэгээд бид нар Баасанг аваад даргад танилцуулаад Багануурын эмнэлэг рүү явцгаасан. Эмнэлэг дээр очоод эмчийг “яасан юм бэ гэж асуухаар нь нохой хазчихсан” гэж хэлсэн... Бид нар сая нохой хазчихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 58-59 дэх тал), гэрч Б.Мөнхбаатарын өгсөн “... бид нарыг унтаж байхад буюу ойролцоогоор 03 цаг 20 орчим минутад гэр дотор хүн орилох чимээ гарсан...“гэрлээ асаагаарай, юу болов” гээд гэрлээ асаасан чинь “нохой орж ирээд гарлаа” гэж Баасан хэлсэн. Тэгсэн чинь Баасан эгчийн хамраас цус гараад эхэлсэн... би шууд машин руугаа очоод гэрлээ асаасан чинь амралтын газрын хашаан дотор нэг хар, нэг халтар, нэг шар нохой явж байсан. Шар нохойных нь ам нь бага зэрэг цус болчихсон юм шиг анзаарагдсан...талийгаач өөрөө үзүүлсэн эмчдээ нохойд хазуулсан гэж хэлж байсан. Бид нарыг анх хүлээн авахаар ороход яасан юм бэ гэж асуухад нь хүртэл нохой хазчихлаа гэж хэлж байсан.” (1-р хавтаст хэргийн 60-61 дэх тал) гэх мэдүүлгүүдээр тус тус няцаагдсан, шүүгдэгч Э.Мнь иргэн Б.Баасанг нохойнд хазуулсан талаар мэдсэн нөхцөл байдал тогтоогдсон тэрээр ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсан түүний энэ гэмт эс үлдэхүйн улмаас амь хохирогч авбал зохих эмнэлгийн тусламж үйлчилгээг аваагүй улмаар нас барсан буюу иргэний амь нас хохирсон нь шүүгдэгчийн гэмт эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Түмбаяр нь “...үйлчлүүлэгч вакцин хийлгэсэн гэж хэлсэн учраас вакцин хийгээгүй, Багануур дүүргийн эмнэлгээс ирүүлсэн эмнэлгийн хуудсыг үйлчлүүлэгч үзүүлээгүй...” гэж,
шүүгдэгч Д.Б нь “...манай эмнэлэгт гарын мэс ажилбар хийлгэхээр ирсэн...мэдэхгүй байна...” гэж тус тус мэдүүлж өөрийн эс үйлдэхүйг хамгаалж мэтгэлцсэн нь шүүгдэгч нарын ажил үүргээ гүйцэтгэх үедээ мөрдвөл зохих журам заавар буюу Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2-т заасан “гэнэтийн өвчин, осол, гэмтлээс амь насанд нь аюултай байдал бий болсон иргэнд эмнэлгийн тусламжийг ямар ч нөхцөлд үзүүлэх, мөн зүйлийн 28.4.3-т үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах” гэсэн заалтыг зөрчсөн шүүгдэгч нарын гэмт эс үйлдэхүйн улмаас амь хохирогч авбал зохих тусламж үйлчилгээг авч чадалгүйгээр нас барсан нь шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ч.Түмбаяр нь “...үйлчлүүлэгч вакцин хийлгэсэн гэж хэлсэн учраас вакцин хийгээгүй, Багануур дүүргийн эмнэлгээс ирүүлсэн эмнэлгийн хуудсыг үйлчлүүлэгч үзүүлээгүй...” гэж өөрийн гэмт үйлдлийг үгүйсгэснийг шүүх хүлээн авах боломжгүй бөгөөд эрүүл мэндийн ажилтан ажил үүргээ гүйцэтгэхдээ Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2, 28.4.3-т заасан үүргийг биелүүлээгүйн улмаас иргэн Б.Баасангийн амь нас хохирсон, шүүгдэгч Ч.Түмбаярын эс үйлдэхүй амь хохирогчийн үхлийн шалтгаан хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэв. Тодруулбал, шүүгдэгч Ч.Түмбаяр нь амь хохирогч хамраа амьтанд тастуулсан өвдөлтийн шокийн нөхцөл байдалтай эмнэлэгт ирэхэд түүний ямар төрлийн вакцин хийлгэснийг Багануур дүүргийн эмнэлгээс заавал тодруулах эсхүл уг эмнэлгийн илгээх бичгийг асуумжийг нягталж шалган хүний амь нас хохирох эрсдэлээс сэргийлэх эмчийн үүргээ гүйцэтгээгүй, хайхрамжгүй хандсан гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Б нь “...манай эмнэлэгт гарын мэс ажилбар хийлгэхээр ирсэн...мэдэхгүй байна...” гэх мэдүүлгийг мөн хүлээн зөвшөөрч түүний гэмт эс үйлдэхгүйг цагаатгах боломжгүй байх ба хавтаст хэрэгт авагдсан шинжээч нарын тусгай мэдлэгийн хүрээнд өгсөн гэрчийн мэдүүлгүүд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/160 дугаартай тушаалын гуравдугаар хавсралт зэрэг баримтуудад галзуу өвчний эсрэг вакциныг давтамжтайгаар хийх ёстойг эмнэлгийн мэргэжилтэн заавал мэдэх ёстой, гүйцэтгэх ёстой үйлдэхүй байх бөгөөд амь хохирогч нохойд хазуулснаас хойш гурав хоногийн дараа түүний ажиллаж байсан эмнэлэгт үйлчилгээ авахаар ирэхэд нь дээрх стандарт зааварчилгаанд дурдсан галзуугийн вакцины ээлжит тунг хийгээгүй, хийсэн гэж худал мэдээлэл бүрдүүлсэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй шүүгдэгчийн гэмт эс үйлдэхүй юм.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Э.Мөнхсүх, Ч.Т, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж;
-шүүгдэгч Э.Мөнхсүхийн өмгөөлөгч А.Очбадралаас “...Миний үйлчлүүлэгч нь амь хохирогчийг нохойд хазуулсан талаараа хэлээгүй гэдгийг гэрч Болортуяа нотолдог. Сайдын тушаалд үйлчлүүлэгч үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг, энэ үүргээ хохирогч биелүүлээгүй. Хохирогчийн биед учирсан шархыг шууд хараад ялгах боломжгүй гэж шинжээчид мэдүүлсэн зэргийг үндэслэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх байр суурийг илэрхийлж;
-шүүгдэгч Ч.Тын өмгөөлөгч Ж.Батзоригт, Ш.Төгсгэрэл нар “...Түмэнбаяр нь эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлснийг шинжээчийн гурван дүгнэлтээр тогтоодог. Асуумжаар хохирогч нь нохойд хазуулсан, вакцин хийлгэсэн талаар мэдүүлж байхад дахиад вакцин хийж болохгүй, эхний тунг 24 цагийн дотор дахин хийхгүй талаар шинжээчид тайлбарласан. Сайдын тушаалд зааснаар эмч вакцин хийсэн талаар асуумжаа өгсөн учраас үүнтэй холбоотой зөвлөгөөг өгсөн...эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дахь заалтад заасан эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байх тул Ч.Тыг цагаатгаж өгнө үү...” гэх байр суурийг илэрхийлж;
-шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Э.Ганбатаас “...Талийгаач нь “Эм Би Жи” эмнэлэгт гарынхаа гэмтэлд хагалгаа хийлгэх зорилготой хэвтэн эмчлүүлсэн. Хохирогчийн нас барсан шалтгаан нь Баасанжавын үйлдэлтэй холбоотой гэх шалтгаант холбоо тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл Баасанжав эмч нь өвчтөнд вакцин хийх үүрэг бий болоогүй байсан....” гэсэн агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргаж оролцсон ба шүүгдэгч нар нь эмчийн ажил үүргээ гүйцэтгэж байхдаа мөрдвөл зохих заавар стандартыг мөрдөөгүй, ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсаны улмаас Монгол Улсын иргэн хүн авбал зохих эмнэлгийн тусламж үйлчилгээг авч чадалгүй улмаар амь хохирсон болохыг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлт үндэслэлгүй юм.
Шүүгдэгч нар нь амь хохирогч Б.Баасанд эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих хэмжээнд үзүүлснийг шүүх үгүйсгэхгүй бөгөөд зэрлэг, гэрийн тэжээвэр амьтанд хазуулсан хүнд галзуу өвчний вакцин, иммуноглобулин эмчилгээг заавал хийх эмнэлгийн мэргэжилтний холбогдох байгууллагын заавар стандартад заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь шүүгдэгч нарын гэмт эс үйлдэхүй юм.
Шүүгдэгч нарын энэ эс үйлдэхүйг мэргэжлийн алдаа гэж үзэхгүй бөгөөд шүүгдэгч нар нь тухайн салбартаа мэргэшсэн зэрлэг, гэрийн тэжээвэр амьтанд хазуулсан хүнд галзуу өвчний вакцин, иммуноглобулин эмчилгээг заавал хийх ёстойг мэдвэл зохих эмнэлгийн мэргэжилтнүүд болох нь хавтаст хэрэгт авагдсан мэргэжлийн шинжээч нарын дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч нарын гэмт эс үйлдлийг зөвтгөх боломжгүй шүүгдэгч нарын эс үйлдэхгүйн эцсийн үр дүнд иргэн Б.Баасангийн амь нас хохирсон гэж дүгнэх нь үндэслэл бүхий юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэг нь эмнэлгийн мэргэжилтэн Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2-т заасан “гэнэтийн өвчин, осол, гэмтлээс амь насанд нь аюултай байдал бий болсон иргэнд эмнэлгийн тусламжийг ямар ч нөхцөлд үзүүлэх, мөн зүйлийн 28.4.3-т үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах” зэрэг хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй бөгөөд үүний улмаас хохирогчийн эрүүл мэнд, амь насанд хохирол учирсан байх шалтгаант холбоог агуулна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн амь нас хохирсныг ойлгох ба материаллаг шинжтэй гэмт хэрэг, гэмт хэргийн субъектийн хувьд тусгай субъектүүд байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъектийг “эмнэлгийн мэргэжилтэн” гэж тодорхойлсон бөгөөд Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5. 3.1.5."эмнэлгийн мэргэжилтэн" гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг ойлгохоор гэмт хэргийн субъектийг тодорхойлсон байх ба гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд Э.Мнь Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн мэс заслын их эмч, Д.Б нь “Эм Би Жи” гэмтэл согогийн эмнэлгийн эрүү, нүүр, гэмтэл согогийн мэс засалч их эмчээр, шүүгдэгч Ч.Т нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчээр тус тус ажиллаж байсан нь дээр дурдсан гэмт хэргийн субъектэд хамаарч байна.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1. “3.1.1."эмнэлгийн тусламж, үйлчилгээ" гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг ойлгохоор, заасан бөгөөд энэхүү хэргийн тухайд шүүгдэгч Э.Мөнхсүх, Д.Б, Ч.Т нар нь Эрүүл мэндийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/160 дугаартай тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын 3.1-ийн эрсдэлийн ангилал 3 болон 10.1.3-т өртсөн тохиолдолд галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийнэ” гэсэн чиг үүргийг биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлбэл зохих үүргийг биелүүлээгүй буюу авбал зохих шаардлагатай арга хэмжээг аваагүйн улмаас хохирогч галзуу өвчнөөр нас барсан шууд шалтгаант холбоо тогтоогдож байна.
Гэм буруугийн хэлбэр нь өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй санаатай, харин хохирол, хор уршигт болгоомжгүй хандсан шинжтэй байна.
Шүүгдэгч Э.Мнь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2-т заасан “гэнэтийн өвчин, осол, гэмтлээс амь насанд нь аюултай байдал бий болсон иргэнд эмнэлгийн тусламжийг ямар ч нөхцөлд үзүүлэх, мөн зүйлийн 28.4.3-т үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах” гэсэн заалтыг зөрчиж гэмтлийн асуумжийг гүйцэт, нарийвчлан аваагүй, шархыг ялган оношлоогүй, улмаар Эрүүл мэндийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/160 дугаартай тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын 3.1-ийн эрсдэлийн ангилал 3 болон 10.1.3 өртсөн тохиолдолд галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийнэ” гэсэн заалтыг зөрчиж зохих эмчилгээг цаг алдалгүй хийгээгүй буюу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор үзүүлээгүйн улмаас;
шүүгдэгч Ч.Т нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчээр ажиллаж байхдаа Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2020 оны 7 дугаар сарын 01-ний өглөөний 07:20 цагийн үед Б.Баасанг эмнэлгийн тусламж авахаар ирэхэд Эрүүл мэндийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/160 дугаартай тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын 3.1-ийн эрсдэлийн ангилал 3 болон 10.1.3 өртсөн тохиолдолд галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийнэ” гэсэн заалтыг зөрчиж өмнөх эмнэлгээс ирсэн асуумж эмчилгээг шалгаагүй улмаар зохих эмчилгээг хийгээгүй буюу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор үзүүлээгүйн улмаас,
шүүгдэгч Д.Б нь Эрүүл мэндийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/160 дугаартай тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн заавар”-ын 3.1-ийн эрсдэлийн ангилал 3 болон 10.1.3 өртсөн тохиолдолд галзуу өвчнөөс сэргийлэх вакцин, иммуноглобулин эмчилгээ хийнэ гэсэн заалтыг зөрчиж зохих эмчилгээг цаг алдалгүй хийгээгүй буюу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор үзүүлээгүйн улмаас хохирогч нас барсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Э.Мөнхсүх, Ч.Т, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Золсайхан “оршуулгын зардалд 7.658.600 төгрөг, “Эм Би Жи” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж хагалгаанд орсон 3.200.000 төгрөг нийт 10.858.600 төгрөгийг нэхэмжилнэ” гэсэн байх ба шүүхээс “Эм Би Жи” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж хагалгаанд орсон 3.200.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож үлдэгдэл 7.658.600 төгрөгийн шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүр 2.552.666 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Мөнхсүх, Д.Б нар нь хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Золсайханд 7.658.600 төгрөгийг бүрэн төлсөн болохыг дурдаж байна.
ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.Мөнхсүх, Ч.Т, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан үйлдсэн болох нь тогтоогдсон, шүүгдэгч нар нь хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч Э.Мөнхсүх, Ч.Т, Д.Б нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүгдэгч нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, 6.5-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, нийгмийн хор аюул, хохирол хор уршгийн шинж, шүүгдэгч тус бүрийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүхээс шүүгдэгч Э.Мөнхсүх, Ч.Т, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчлэх эрхийг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан тэдгээрийн эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Мөнхсүх, Ч.Т, Д.Б нарын холбогдсон 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.” гэсэн хуулийн үйлчлэлд хамаарч байна.
Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнхсүх, Ч.Т, Д.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасч шүүгдэгч нарыг биечлэн эдлэх ялгүйд тооцож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнхсүх, Ч.Т, Д.Б нарын эмчлэх эрхийг тус бүр 1/нэг/ жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэв.
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Мөнхсүх, Ч.Т, Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хатигин овогт Энхбаярын Мөнхсүх, Бөртэ овогт Чулуунбаатарын Түмэнбаяр, Боржигон овогт Дашнямын Баасанжав нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Мөнхсүх, Ч.Т, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчлэх эрхийг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Э.Мөнхсүх, Ч.Т, Д.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2/хоёр/ хугацаагаар хорих ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийг өршөөн хасч шүүгдэгч нарыг биечлэн эдлэх ялгүйд тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнхсүх, Ч.Т, Д.Б нарын эмчлэх эрхийг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг энэ шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолсугай.
6. Хууль ёсны төлөөлөгч Э.Золсайханы нэхэмжилсэн 10.858.000 төгрөгийн нэхэмжлэлээс 3.200.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Мөнхсүх, Ч.Т, Д.Б нараас тус бүр 2.552.666 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгосугай.
7. Энэ хэрэгт Э.МД.Б, Ч.Т нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн болон иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гэмт хэргийн хохирол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд бүрэн төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар
шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Мөнхсүх, Ч.Т, Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ