Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/176

 

Б.О-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Цэрэнбалжир,

хохирогч Г.Г,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа нарын хамтарч гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.О-д холбогдох эрүүгийн 2007 00000 0239 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-ийн О, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ... -ийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Б.О нь 2020 оны 9 дүгээр сарын 19-ний орой Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Туул голын эрэг дээр амарч байхдаа Г.Г-тэй маргалдаж, түүний зүүн нүдэн тус газар гараараа 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар: Б.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Б-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.О-аас эмчилгээний зардалд 591.058 төгрөг гаргуулж хохирогч Г.Г-д олгож, хохирогч Г.Г-ийнн нэхэмжлэлээс эмчилгээний зардалд нэхэмжилсэн 195.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын зардалд нэхэмжилсэн 1.837.641 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг, шүүгдэгч Б.О нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа нар хамтарч гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хэрэгт авагдсан баримтаас Г.Г нь намайг доромжилсон, бас хутга барьсан нь тогтоогдож байгаа боловч, сүүлд хутга барьж дайрахад болсон үйл явдлыг гэрч Б.Б нь хохирогчийн багын найз учир үнэн бодитоор гэрчлээгүй, мөн гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй, мөн сүүлд хутга барьж дайрсан талаар мөрдөн байцаалтын явцад тодруулаагүй, асуугаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хохирогч хутга барьж танхайрсан байхад цагдаа, прокурор эрүүгийн эсхүл зөрчлийн хэрэг нээж арга хэмжээ аваагүйд гомдолтой байна. Би санаандгүй цохиж гэмтээсэн боловч уг гэмтэл нь намайг өөрийн биеэ хамгаалахгүй бол үүнээс цааш илүү муу үр дүнд хүргэж мэдэх байсан учир гарт нь байсан хутгыг салгах гэхдээ санаандгүй цохисон. Шүүх хуралдаанд нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, мөн гарцаагүй байдалд хохирол учруулсан тул гэм буруугүй талаар ярьсан боловч шүүх хүлээн аваагүй нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байх тул Б.О-ыг гэм буруугүй болохыг тогтоож, цагаатгаж өгнө үү.” гэжээ.

Хохирогч Г.Г тус шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бодит болсон явдал бол бидний дунд үүссэн хэрүүл, маргааныг зодоон, цохионд хүргэн дэвэргэж, агсам тавьж, ширээ, сандал эвдэн, миний болон миний эхнэрийн биед халдан, зодолдохыг уриалан, боож унагах зэргээр танхай авирласан хүн нь Б.О юм. Мөн, тухайн үед найз А.Б-г зодож хавиргыг нь хугалсан. Үүнийг нь тухайн үед байсан Б.Б, эхнэр Х, Б-ийн найз Энгүүн, мөн миний эхнэр Б.Х нар гэрчилнэ. Б.О нь Б-руу дайрч буй дүрс бичлэг надад бий. А.Б нь өөрийн гэмтлийн талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй боловч Б.О нь А.Б-тай зодолдож байхдаа авсан шарх, зулгаралт зэргийг намайг өөр рүү нь дайрч, учруулсан мэтээр миний эсрэг ашиглахыг оролдож байна. Б.О нь намайг санаандгүй цохисон мэтээр мэдүүлсэн боловч үнэндээ зүгээр сууж байхад санаатайгаар, маш хүчтэй гэнэдүүлж цохисон бөгөөд миний бие 1 сар гаруй хугацаанд нүүрэндээ цус хуралттай, толгой байнга өвдөж, зовиурлаж байсан. 2 нүднийхээ хооронд гүн сорвитой үлдэж хохирсон. ...” гэв.

Шүүгдэгч Б.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдолдоо нэмж хэлэх зүйл байхгүй.” гэв.

Шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч Ш.Базаррагчаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдлоо дэмжиж байна. 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Г.Г-ийнн зан ааш, 18 цагаас шөнийн 24 цаг хүртэл доромжилсон, хутга барьж дайрсан үйлдэл гаргасан талаар мөрдөн байцаалтын явцад тодруулаагүй. Мөн гэрчийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй. Б.О биеэ хамгаалах үүднээс хутгыг нь унагаах зорилготойгоор үйлдлийг нь зогсоохдоо нүдэн тус газар нь цохиж, хөнгөн гэмтэл учруулсан. Үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлд заасан гарцаагүй байдлын улмаас учруулсан хохирол гэж үзэж байна. Гэтэл шүүх энэ нөхцөл байдлыг тогтоолгүй Б.О-ыг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Б.О-ыг гэм буруугүйд тооцож өгнө үү.” гэв.

Прокурор Ц.Цэрэнбалжир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх шүүгдэгч Б.О-д торгох ял шийтгэсэн нь үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэрэгт тохирсон. Б.О, Г.Г нар коронавирус, вирус хоёрын ялгааг мэдэхгүй гэдгээс болж анх маргалдсан. Улмаар Б.О эхэлж довтолж Г.Г-ийнн хоолойг боож унагасан. Үүний дараа Г.Г “дахиж над руу дайрах юм бол биеэ хамгаална шүү” гэж хэлээд хутга барьж суусан. Гэвч дайрч довтолсон үйлдэл хийгээгүй. Энэ талаар Б.О-ын найз эмэгтэй, гэрч А.Б нотолж мэдүүлдэг. Хутгыг А.Б авсны дараа Б.О дахин ширээ түлхэж унагаан Г.Г-ийнг цохисон. Г.Г биеэ хамгаална шүү гээд хутга бариад суусан, дайрч довтолсон үйлдэл байхгүй тул зөрчлийн шинжтэй үйлдэл гэж үзэж арга хэмжээ авч өгөхийг Б.О хүссэн. Энэ нь эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд ямар нэг саад болохгүй. Тийм учраас оролцогчоос гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.О нь 2020 оны 9 дүгээр сарын 19-ний орой Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Туул голын эрэг орчимд амарч байхдаа хохирогч Г.Г-тэй “Хараалын үг хэлж, доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний зүүн нүдэн тус газар гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Г-ийнн: “...О бид хоёр маргалдаж байтал аяны ширээний цаад талд сууж байснаа шууд ширээ түлхэж босч ирээд, над руу дайрч миний зүн нүд рүү гараа атгаж байгаад нэг удаа маш хүчтэй цохисон. ...Би О-ыг зөрүүлж цохиж зодоогүй. ...” /хх 6/,

гэрч Б.Б-ын: “...Г, О нарын маргаан дуусаагүй, маргалдаад сууж байгаад О гэнэт босч ирээд, ширээ түлхэж унагаад, Г-ийнг нэг удаа нүүр рүү нь цохиод авах шиг болсон. ...” /хх 11/,

гэрч А.Б-ийн: “...өглөө сэрэхэд Г-ийнн нүд нь цохиулаад хавдчихсан, О цохисон гээд хэл амаар доромжлоод байсан юм. ...” /хх 13/,

шүүгдэгч Б.О-ын: “...хутгыг нь булааж авах гээд ухасхийгээд, харанхуйд ширээн дээрээ зууралдаж унасан. ...” /хх 35/ гэсэн мэдүүлгүүд,

Г.Г-ийнн эрүүл мэндэд зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алимны салстын дор, цээжинд цус хуралт, духанд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн дүгнэлт /хх 17-18/ болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудын тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг хууль зүйн үндэслэлтэй дүгнэж, шүүгдэгч Б.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн шүүгдэгч Б.О-ын хохирогч Г.Г-ийнн нүүрэн тус газар гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд түүнд тухайн зүйл, хэсэгт заасан торгох ялын хамгийн доод хэмжээ болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ бүхий байдлыг үүсгээгүй бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байх тул шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа нарын хамтарч гаргасан “...биеэ хамгаалах зорилгоор гарт нь байсан хутгыг унагаж, хохирогчид гэмтэл учруулсан. ...санамсаргүй цохисон. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Түүнчлэн, хохирогч Г.Г нь шүүгдэгч Б.О руу халдахаар довтолсон, завдсан шинж тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгч Б.О нь Г.Г-ийнн эрүүл мэндэд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй, харин өөрийн идэвхтэй үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзнэ.

Хохирогч Г.Г нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилснийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсан анхан шатны шүүхийн үндэслэл зөв болжээ.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Базаррагчаа нарын хамтарч гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа нарын хамтарч гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                

                             ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                          Ц.ОЧ