Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2022/0108/З |
Дугаар | 128/ШШ2022/0832 |
Огноо | 2022-11-11 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2022/0832
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.А ***
Хариуцагч: Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдох төрийн албанаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалд нөхөн бичилт хийлгэхтэй холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа, нэхэмжлэгч Д.А**** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Г.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Монгол Улсын иргэн Д.А нь тус шүүхэд хандан “Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/1376 дугаартай “Д.А**** сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, ажил албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/1376 дугаартай тушаал гарсан өдрөөс эхлэн ажилд эгүүлж тогтоох шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин олговрыг хариуцагчаас гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1 Нэхэмжлэгч Д.А**** нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 702 дугаартай тушаалаар[1] Онцгой байдлын ерөнхий газрын Тамгын газрын даргаар анх томилогдсон.
2.2. Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/24 дугаартай тушаалаар[2] түүнийг Гамшиг судлалын хүрээлэнгийн захирлаар томилсон.
2.3. Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/27 дугаартай тушаалаар[3] түүнд сануулах сахилгын шийтгэл ногдуулж, Гамшиг судлалын хүрээлэнгийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын М******* сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчаар албан тушаал бууруулж томилсон.
2.4. Гэхдээ Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/189 дугаартай тушаалаар[4] дээрх Б/27 дугаартай тушаалыг хүчингүй болгосонд тооцсон.
2.5. Улмаар Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/190 дугаартай тушаалаар[5] түүнийг Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газрын М******* сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчаар шилжүүлэн томилжээ.
2.6. Үүний дараа Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/1376 дугаартай тушаал[6] гарч, нэхэмжлэгч Д.А...г 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.
2.7. Нэхэмжлэгч Д.А нь уг Б/1376 дугаартай тушаалтай маргаж байгаа бөгөөд тус тушаалаар түүнийг “Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 6 дугаар хуралдааны шийдвэрээр ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмыг зөрчин төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ хэрэгжүүлээгүй, алба хаагчдад хуульд нийцээгүй үүрэг даалгавар өгч, албан тушаалын эрх мэдлээ урвуулан албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэрийг ашигласан, байгууллагын даргыг бодит мэдээллээр хангаагүй, алба хаагчдыг дарамтлан хууль бус баримт үйлдүүлэн хөдөлмөр эрхлээгүй иргэнд цалин олгуулсан ...” гэж буруутгажээ.
2.8. Маргаж буй тушаалын эрх зүйн голлох үндэслэлүүдийг үзэхэд, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.7, 37.1.13, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.2, 39.1.4, 39.1.11, 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалтууд байна.
2.9. Нэхэмжлэгчийн зүгээс “... галч ажилд авах эрх хэмжээ Д.Ад байхгүй, цаг бүртгэж, цалин олгох чиг үүрэг байхгүй тул буруутгах үндэслэлгүй, хандивыг зориулалтын дагуу байгууллагын хаяг хийхэд зарцуулсан, удирдамжид заагаагүй асуудлаар шалгасан, шалгалтын дүн мэдээг нэхэмжлэгчид танилцуулаагүй ...“ гэж маргаж байна.
2.10. Хариуцагчийн зүгээс “... шалгалтаар очиход Сэлэнгэ аймгийн М******* сумын Онцгой байдлын хэлтсийн ажилчдаас гомдол ирсэн, албан хаагчдаас асуумж авахад С. гэх хүн ажилладаггүй, Д.А чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлдэг талаар тайлбар өгсөн, С. гэх хүний цагийн бүртгэлийг хөтөлж, цалин олгодог байсан, албан тушаалын тодорхойлолтод заасан нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангах хяналт тавих, ажлын цаг ашиглалтад хяналт тавих үүргээ биелүүлээгүй, байгууллагын машины дугуй солих зөвшөөрлийг өгсөн ... “ гэж тайлбарлаж байна.
Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Д.А.... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч: Миний ажилгүй байх хугацааны асуудлын гол уршиг бол манайд ажилладаг дураараа авирладаг хариуцлагагүй албан тушаалтнаас үүдэлтэй. Тийм хүнийг ажил хийлгэх гэж шахсанаас хойш 2021 онд надтай холбоотой 11 шалгалтыг зогсоо зайгүй хийлгэсэн. 2021 оны 08 сарын 08-ны өдөр шалгалт хийсэн. 2021 оны 01 сарын 15-ны өдөр албан тушаал бууруулж Сэлэнгэ аймаг руу томилсон. Үндэслэлгүй байна гээд гомдол гаргахад 03 сарын 05-ны өдөр тушаалаа хүчингүй болгосон. 2021 оны 03 сарын 09-ний өдөр нэгэнт ийм маргаан үүссэн тул тодорхой хугацаатай Сэлэнгэ аймаг руу томилсон. 2021 оны 10 сард иргэний гомдол гэх нэрээр Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа гээд дотоод аудитын шалгалт хийсэн. Гэтэл өнөөдөр хэрэгт байгаа баримтаар Ад холбоотой ямар нэг хэрэг байхгүй гэсэн албан бичиг ирсэн. 2021 оны 11 сарын 01-05-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллаж байхад миний ажил албан тушаалыг солино гэсэн яриа гарсан. Ингээд 12 сард ажлаас халсан. А гэдэг хүн мянган сайхан ажил хийсэн ч муу талаас нь хардаг. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт 2019 онд иж бүрэн шалгалт ирсэн. 2, 2 жилийн зайтай ер нь шалгалт ирдэг. Илэрсэн зөрчил арилгах, биелэлтийн шалгалт гэж хийдэг. Сая над дээр ирсэн шалгалт бол 2 жилийн өмнө хийсэн иж бүрэн шалгалтын биелэлтийн шалгалт ирсэн. Тэр удирдамжид А г шалга гэсэн нэг ч өгүүлбэр байхгүй. Мөн ямар хүн надад гомдол гаргасныг мэдэх эрхтэй гээд асуусан ч хэлээгүй. Шалгалтаар ирсэн асуулт нь -г томилсон талаар, дараа нь дугуй сольсон талаар, Улсын Их Хурлын гишүүн У*******аас авсан 5 000 000 төгрөгийн зарцуулалтын талаар, палкнуудын талаар, машин Хараа голд живүүлсэн талаар байсан. Надтай холбогдуулан шалгаж байгаа гэх шалгалтын явцад надаас нэг ч тайлбар аваагүй. Шалгалт авсан гэх боловч дүнг нь танилцуулаагүй. Бичлэг бүхий СД-ний 37 дахь минутад шалгалтын ажлын хэсгийн Лхагвасүрэн хурандаа “..12 дугуйг Б компанид өгсөн байна гэсэн байгаа. Шалгалтын хүмүүс ямар дугуй хаашаа яваад байгаа талаар ойлголтгүй байгаагаа илэрхийлсэн. Намайг чиглэсэн Б хурандаа шалгалтаар өөрөө явж байсан учраас сайн мэдэх байх. Хурал дээр Аийг олон нийтийн сүлжээгээр ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн гэж байгаа боловч тогтоогдохгүй байх тул ажлаас нь чөлөөлж байгаад хуулийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж шалгалтын дүн танилцуулгад ярьж байгаа. Тэгээд Атэй холбоотой хэсгийг авъя гэхээр бичлэгийг хэсэгчлэн хасаад цаасаар ирүүлсэн баримтад өөрсдөдөө ашиггүй зүйлийг бичээгүй байгаа. Миний эрх зүйн байдлыг санаатайгаар дордуулсан гэж үзэж байна. Ирүүлсэн бичлэг, хурлын тэмдэглэлд удаа дараа архи уусан, согтуурсан үедээ Тагнуулын байгууллагын машин мөргөсөн, 3 машин алга болсон гэдгийг ярьж тайлбарлахгүй. Сольсон гээд байгаа дугуйнууд ямар машиных гэдгийг нь тогтоогоогүй. Зурган дээр харагдаж байгаа машин бол манайд бүртгэлгүй. 1970, 1980 онд үйлдвэрлэгдсэн машинууд явахгүй ш дээ. Тэр хурлын бичлэгийг харвал Онцгой байдлын газрын бүтэц зохион байгуулалтыг мэдэхгүй хүн бол Аийг удаа дараа архи ууж, дарга нь 2 ч удаа халъя гэх зүйлийг ерөөсөө ярихгүй. 3 шинэ машины 24 дугуйны асуудал бараг яригдах гээд байгаа юм уу. ******* хараа ТББ-ын захирал нь ирц дугуйг нь солиулсан энэ талаараа мэдүүлсэн. Мэдүүлгүүдийн зөрүүтэй байдал миний эрх зүйн байдлыг нэлээн дордуулсан, гүтгэсэн гэж үзэж байна. Мөн хурал дээр Сэлэнгэ аймгийн хэмжээнд 24 машин үүрэг гүйцэтгэх боломжгүй гэж ярьсан. Дээрх машинуудыг төрийн өмчөө актлах шийдвэр ирсэн боловч тэр шийдвэр байхгүй байна гэсэн боловч түүнтэй холбоотой ажиллагаа хийгдээгүй, хурал дээр танилцуулагдаагүй. Энэ 24 машин дотор 1976, 1980 оны тэргүүд байдаг юм уу. Харин ч эсрэгээрээ Сэлэнгэ аймгийн М******* сум дахь Онцгой байдлын хэлтэст нэг ч төгрөгийн бие даасан төсөв байхгүй. Миний хувьд хэчнээн хүнтэй маргалдсан ч хийж байгаа ажилдаа санаачилгатай байя гэж бодоод жилийн төлөвлөгөөнөөс гадна 500 орчим сая төгрөгийн бүтээлч ажил төлөвлөөд сольсон машинаар хөшөө барих зүйл хүртэл байгаа. Бүх ажлаа хийж чадаагүй ч 380 орчим сая төгрөгийн бүтээлч ажил хийсэн. Өөрийнхөө хэрэглэж байсан тавилгыг хувиасаа хандивласан. Энэ мэт зүйлийг хурал дээр ганц ч дурдаагүй мөртлөө актлагдаагүй хуучин оны машины дугуйг шинэ гэж тайлбарлаад байгаа. Б хурандаа дарга нарыг хуурамч мэдээллээр хангаж байна гэж би үзэж байна” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 12 сарын 07-ны өдрийн Б/1376 тоот Д.Ад сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгохыг даалгах, мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг даалгах гэсэн шаардлагыг гаргасан. Маргаан бүхий тушаалд Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн 2021 оны 11 сарын 23-ны өдрийн 6 дугаар хуралдааны шийдвэрээр ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмыг зөрчсөн, төрийн албан хаагчийн ёс зүйн хэмжээ, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ хэрэгжүүлээгүй, төрийн албан хаагчид хуульд нийцээгүй үүрэг даалгавар өгч, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, албаны бус зүйлд байгууллагын тоног төхөөрөмж, эд хэрэгсэл санхүүгийн эх үүсвэр ашигласан, байгууллагын даргыг бодит мэдээллээр хангаагүй, албан хаагчийг дарамталж хууль бус бичиг баримт бүрдүүлэн, хөдөлмөр эрхлээгүй хүнд цалин олгуулсан нь албаны шалгалтаар тогтоогдсон гуравдагч этгээд Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдаан дээр танилцуулж уг шийдвэрийг гаргасан. Энэ зөрчилд дурдагдаад байгаа зүйлс бодит байдалд нийцэхгүй нэг талыг барьсан мэдээллийг даргын зөвлөлд танилцуулсан. Алба хаагчдыг дарамталсан зүйл байхгүй, байгууллагын даргыг бодит мэдээллээр хангаагүй гэдэг үндэслэл тогтоогдохгүй. Аийг буруутгах зүйл рүү чиглээд байхаас биш хууль болон дүрэм журмаар өөр албан тушаалтны хариуцаж байгаа өөр хүний албан тушаалын тодорхойлолтод байгаа зүйлийг Аийн хийх ёстой ажилд хамаатуулсан. Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан бол хууль хяналтын байгууллага үүнийг нь аль хэдийн тогтоох байсан. Гэтэл ийм зүйл байхгүй. Бодитой бус мэдээллийг танилцуулж, эрх ашгийг нь хөндсөн. Д.Аийг буруутгасан нэг зүйл нь албан хаагчдын цалин олгох, цалингийн тооцоог хянаж баталгаажуулаагүй үйлдэл гаргасан гэсэн. Гэтэл 19 дүгээр ангийн захирагч хошууч Эын 2021 оны 12 сарын 30-ны өдөр гаргасан тайлбар, ажлын цагийн тооцоог дуудлага хүлээн авагч ахлах ахлагч О, дэд ахлагч *******-******* нараар хуурамчаар нөхөж бичүүлсэн баримтаар нотлогдож байна. Ажилчдын цалин тооцоог гаргах, хянах, баталгаажуулах нь албан тушаалын хувьд Аийн хариуцах чиг үүрэг биш. Онцгой байдлын алба бол дээрээс доош тушаал биелүүлдэг, даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэг, даргынхаа шаардлагаар бодитой мэдээлэл өгөхгүй байгаа ийм байдал харагдаад байна. Ангийн захирагч ажилчдын цалин тооцоог хянаад дээд шатны албан тушаалтан болох Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын даргад хүргүүлээд дарга тамга дарж нягтлан баталгаажуулснаар санхүүгээс орно.
Аийн хувьд О, *******-******* нарт ажилтны ажилласан цагийн тооцоог нөхөж бичих үүрэг даалгавар огт өгч байгаагүй. 2021 оны 11 сарын 24-ний өдөр томилгоот үүрэг гүйцэтгэж байхад алба хаагчдын цалингийн бүртгэл дээр нөхөж цаг бүртгэ гэсэн ангийн захирагч Э үүрэг өгсөн гэсэн. Үүнийг Атэй хамаатуулж байгаа нь бодитой биш байна. Нэхэмжлэгчийн эсрэг тайлбар өгсөн Э үүрэг өгсөн нь харагдана. Гэрч Оийн мэдүүлэгт галчаар ажиллаж байсан -*******ын цагийн бүртгэлийг нөхөж бүртгэхийг Э нь 101 дугаарын утсаар хэлсэн. Дараа нь асуудал үүсэх эсэх талаар асуухад аймгийн Онцгой байдлын газраас үүрэг өгсөн. Цагийн бүртгэлийг яаралтай явуул гэсний дагуу -*******ын цагийн бүртгэлийг нөхөж бичиж өгсөн гэж байна. Э үүрэг өгсөн байтал дээд шатны албан тушаалыг хашиж байгаа Аийг буруутгаад байна. Э нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүйн тулд ийм тайлбаруудыг гаргасан байна. Онцгой байдлын хэлтсийн галчийн орон тоонд -*******ыг ажиллуулсан, хяналт тавиагүй гэж буруутгасан. Үндэслэл нь алба хаагчдаас санал асуулга аваад түүнийгээ яриад байдаг. Төрийн алба хууль журмын дагуу ажиллах ёстой. Галч -*******ыг ажилд авах, ажлаас чөлөөлөх эрх хэмжээ Д.Ад байхгүй. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр явж байгаа асуудал. Дээд шатны албан тушаалтан эрх хэмжээний хүрээнд шийдсэн асуудлыг Ад тохож байгаа нь үндэслэлгүй. -*******ыг ажил хүлээн авч байх үед нэхэмжлэгч ажил дээрээ байгаагүй. Сэлэнгэ аймгийн М******* суманд байсан. Ийм байдлаар бодитой биш тайлбаруудыг гаргасан байна.
Аийг -*******ын цагийн тооцоог хуурамчаар гаргаж, шууд харьяалах дээд шатны байгууллагын удирдлагыг хуурамч мэдээллээр хангаж 2021 оны 04 сараас 10 сар хүртэл 3 700 000 төгрөгийн цалин олгож байгууллагад хохирол учруулсан. -*******ын гарын үсгийг дуудлага хүлээн авагч *******-*******эр зуруулсан гэсэн. Үүнд Аийн оролцоо байхгүй. Нэг талаас худал гүтгэлгийн шинжтэй байдлаар хандсан. *******-******* тайлбартаа Эын өгсөн үүрэг даалгавар гэж дурдсан. Э -*******ын ажлыг хүлээлцүүлээд нэхэмжлэгчид танилцуулахгүй Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын хүний нөөцийн мэргэжилтэн хошууч тулгад хүргүүлсэн байдаг. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Баг бүрэлдэхүүний хурал дээр Э өөрөө үүнийг тайлбарлаж хэлдэг. Дээд шатны албан тушаалтнаас үүрэг даалгавар ирвэл биелүүлдэг. Тэр нь алдаатай байсан ч нягталдаггүй. Тухайн байгууллагад ийм зөрчил гарсан байж болно. Гэхдээ Аийнх үү гэдгийг тодруулах хэрэгтэй байсан. Төрийн алба бол өөр өөрсдийн хариуцсан чиг үүрэгтэй. Өөр хүмүүсийн гаргасан зөрчлийг бүгдийг нь Ад хамаатуулах гэж оролдож байгаа нь үндэслэлгүй. Дараагийн үндэслэл нь Аийг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дансанд бүртгэлтэй 6 СБА улсын дугаартай автомашин, 6 СБА улсын дугаартай автомашины 12 ширхэг шинэ дугуйг 2021 оны 05 сард гал унтраах ангийн хяналтын камерыг унтраалгаж байгаад тухайн үед ээлжид гарч байсан аврагч, гал сөнөөгч ахлах ахлагч О, Ц нараар солиулж аймгийн Хот тохижуулахын автомашин болон С ХХК-ийн захирал -*******ын автомашины хуучин дугуйг сольсон гэсэн. Бодит байдал дээр ийм эрх хэмжээ ч байхгүй. Ийм үйлдэл ерөөсөө гаргаагүй. Аийг буруутгах болохоор -*******ыг өөр ажилтан гээд байдаг. Эсвэл манай ажилтан гээд 2 талтай тайлбар өгөөд байдаг. -******* нь Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар танай байгууллагын ажилтан. Хариуцагч тал жинхэнэ бодит үнэнийг шалгаж тогтоохыг ерөөсөө хүсээгүй. Бодит нөхцөл байдал өөр байхад шууд мушгиж тайлбарладаг. Аймгийн Засаг захиргааны нэгжид бүртгэлтэй машин байсан. Өөрөөр хэлбэл Б компаниас актлагдсан машинаа Сэлэнгэ аймгийн М******* сумын Засаг захиргаанд бэлэглэсэн. Машин нь Онцгой байдлын хэлтсийн гаражид байсан. Сэлэнгэ аймгийн Засаг захиргаа өөрсдөө ирж дугуй авч яваад байна. Албан үүрэг гүйцэтгэж байгаа хүн юу гэж машиныхаа дугуйг солиод байж байх юм бэ. Энэ талаар сайн судлах боломжтой байсан. М******* сумын ******* тосгонд бүртгэлтэй хадгалагдаж байсан, эвдрэлтэй, үүрэг гүйцэтгэх боломжгүй, гал унтраах зориулалттай машиныг М******* сумын Засаг даргын зөвшөөрлөөр солиод байгаа. Бодит байдлыг гүйцэт шалгахгүйгээр гүтгээд яваад байгаа. -******* болон ангийн захирагчтай яагаад хариуцлага тооцоохгүй байгаа юм. Мөн Сэлэнгэ аймаг дахь М******* сумын ******* хараа аж ахуйн тооцоотой улсын үйлдвэрийн газрын 2021 оны 12 сарын 01-ний өдрийн 106 албан тоот, ******* багийн Засаг даргын 2022 оны 03 сарын 24-ний өдрийн 75 тоот тодорхойлолт, гэрч М******* сумын Засаг дарга Л нарын мэдүүлгээр энэ автомашин манайд актлагдаж ирсэн. ******* хараа компанид ашиглуулахаар үүрэг чиглэл өгсөн. Оронд нь Соната маркийн машиныг Онцгой байдлын хэлтэст ашиглуулахаар өгсөн. Байгууллага хоорондын ийм харилцаанд хүртэл Аийг буруутгаад байна. Камер унтраах үүрэг өгсөн гэдэг боловч бодит байдал дээр сумын Засаг дарга Л, одоо Сэлэнгэ аймгийн Засаг дарга болсон. 2021 оны 05 сард Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаатай танилцаад дэмжлэг туслалцаа үзүүлнэ. Дугуй сольж авч явах үед А байгаагүй. Тэгэхээр А камер унтраа гэж хэлсэн гэх тайлбар үгүйсгэгдэж байна. Гэрч О мэдүүлэгтээ дугуй солих үед сумын Засаг дарга байсан уу гэхэд дугуй солих үед Засаг дарга байгаагүй. Харин -******* аваачиж өгснийг мэдэж байна гэсэн. Дугуй сольсныг буруутгаж байгаа бол -******* хариуцлага хүлээх ёстой. Байгууллагад харилцан ашигтай зүйл түр солилцсон байгаа юм. Даргын зөвлөлийн хуралдаан дээр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын хэлтсийг шалгаад маш ноцтой зөрчил дутагдал илрүүлсэн гээд 3 автомашин байхгүй гэх зүйл ярьдаг. 3 машин автомашин алга болгосон чинь бүр ноцтой асуудал биз дээ. Дараагийн үндэслэл нь Улсын Их Хурлын гишүүн У******* 5 000 000 төгрөг өгснийг зарцуулсан нь тодорхойгүй бусдын өгсөн хандивыг зориулалтын бусаар зарцуулсан гэдэг. Гэтэл байгууллагынхаа хаягийг шөнө гэрэлтдэг байдлаар хийлгүүлээд тавьчихсан. Бодитой эд зүйл болгоод байгууллагын дээвэр дээр нь байна. Ийм зүйлийг нотлох баримтгүй гээд байдаг. Энэ зүйлийг ганцаараа хийгээгүй. Байгууллагын хамт олны хурал дээрээ ярьсан. Гэрэлтэй самбараа зурагжуулаад тайландаа тусгаад бүтээлч ажилдаа оруулсан байдаг. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлд байгууллагын нягтлан бодогчийн эрх, үүргийг зааж өгсөн. Хувийн компанид байсан бол захирал нь буруутай байна гэж болох юм. Гэтэл төрийн алба чинь өөр өөрсдийн гэсэн чиг үүрэгтэй. Буруутгаад байгаа үндэслэл нь нярав, нягтлангийн чиг үүргээр Аийг буруутгадаг. Хандивын үр ашгийг байгууллага өөрөө хүртээд явж байгаа. Онцгой байдлын газрын нэг дутагдалтай тал нь анхан шатны нэгжээ үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжоор нь хангаж өгдөггүй. Төсөв мөнгийг нь хүрэлцээтэй өгдөггүй. Энэ бол дээд шатны албан тушаалтны алдаатай үйлдэл гэж хэлж болно. Анхан шатны нэгжийн удирдлагад хууль давснаас илүү үүрэгт ажил нэмэгдээд байдаг. А үндсэн ажлаа хийхийн хажуугаар маш олон бүтээлч ажлуудыг хийдэг. Тухайн үедээ сайн байна гээд хүлээж авдаг. Ажлаас халах болохоор нотлогдохгүй байна гээд байдаг. Өөд татсан эд зүйл нь тэндээ үлдээд алба хаагчид нь ашиглаад явдаг. Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээ, төрийн албыг эрхэмлэн дээдлэх үүргээ биелүүлээгүй гэсэн байна. Хууль зүйн хувьд энэ хүн гэм буруутай нь нотлогдоогүй бусдын гүтгэлгээр сэтгэл санаа, нэр хүндээр хохирч явж байгаа үйл баримтыг өөрсдөө шалгаж тогтоохгүй мөртлөө хүний буруутгах үндэслэл болгодог. Зарим нэг албан хаагчид гүтгэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл өгсөн. Д.А худал мэдээлэл тараасан үндэслэлээр гомдол гаргасан. Тэр хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Аийг буруутгаад Сүхбаатар дүүрэг, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол өгснийг хэрэгсэхгүй болгосон. Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргасан. Аийн гаргасан гомдол үндэслэлтэй байна гэж үзсэн. Гүтгэлэгт автаж төрийн албанд ажиллаж болохгүй. Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх төрийн албаны зөвлөл Аийн эрх ашгийг хөндсөн тогтоол гаргасан. Нотлогдоогүй зүйлээр гэм буруутай мэт тогтоол гаргасан нь буруу байна гээд Төрийн албаны зөвлөл тогтоолоо өөрөө хүчингүй болгосон. Ийм алдаатай үйл ажиллагаа явуулчхаад Д.А төрийн албаны нэр хүндийг гутаасан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагч байгууллага үйл баримтыг ерөөсөө шалгаж хянадаггүй. Гаргасан гомдлыг бүгдийг нь хүлээж аваад шийдвэр гаргадаг. Тэгээд араас нь шийдвэрээ засдаг. Төрийн албанд байдаг ноцтой гажуудал бол өөрийнх нь үг, үзэл санаатай нэгдэхгүй бол ямар нэг аргаар ажил албан тушаалыг нь авах гээд зүтгээд байдаг. Д.А нь гамшгаас хамгаалах салбарт докторын зэрэг хамгаалсан. Төрийн албаны нэр хүндийг өндөрт өргөж, 20 гаран жил ажиллахдаа ямар ч зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл ерөөсөө байгаагүй. Нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Атэй холбоотой шалгалт ерөнхий газрын даргын удирдамжаар шийдэгддэг. Газрын дарга шалгалт явуулахдаа өөрөө ахлаад би хамтарч ажлын хэсэгт ордог. Би энэ үед ажиллаж байхдаа Ад ах хүний хувьд ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудлын талаар удаа дараа сануулан хэлж байсан. Байгууллагын нэр хүндэд хэцүү энэ зүйлийг хуулийн байгууллагаар шалгуул гээд хэлж байсан. Төрийн албаны зөвлөл хэрэгсэхгүй болгосон гэж яриад байна. Энэ бол өмнөх хэргийнх шүү, сүүлийн хэргийнх биш. 2021 оны 02 сард -******* дарга Дорноговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн даргаар шилжин ажиллах болсонтой холбогдуулан намайг энэ ажлын хэсгийн дарга болгон ахлуулсан. Манайх дотооддоо яг л шат дараалалтай дэвшиж явдаг. Би л Аийн араас хөөцөлдөөд яваа мэт зүйл яриад байх юм. Төрийн албанд ийм бусармаг зүйл байж болохгүй. Тухайн жилд иж бүрэн шалгалт явагдаад шалгагдсан нэгж “А” үнэлгээ аваагүй бол дараа жил биелэлтийн шалгалт заавал хийдэг. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын өмнөх даргатай холбоотой асуудал их байсан болохоор дараагийн дарга ажил хүлээлцэх үед нь 2020 онд иж бүрэн шалгалт очсон. Нэлээн их зөвлөмж өгөөд арай гэж “С” үнэлгээ авсан. 2021 онд биелэлтийн шалгалтаар очиход Сэлэнгэ аймгийн М******* сумын Онцгой байдлын газрын алба хаагчдаас бас гомдол ирсэн. Шалгалтын удирдамжид “..Онцгой байдлын ерөнхий газрын харьяа салбар нэгжийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт зохион байгуулах, аргачлал заавар баримтлан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт 2020 онд явуулсан иж бүрэн шалгалтын биелэлтийн шалгалтыг явуулах, алба хаагчидтай холбоотой үүссэн нөхцөл байдал, гаргасан гомдол мэдээллийн хүрээнд албаны шалгалт зохион байгуулах гэж гарсан. Түүнээс биш биелэлтийн шалгалтаар нь оччихоод өмнө нь өс хонзонтой байсан мэтээр шалгалт явуулсан зүйл байхгүй. А даргатай энэ асуудлын талаараа ярьсан байсан. Тэгээд даргын зөвлөлийн хурлаараа шийдэх ёстой гээд халах саналтай орсон. Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа. 12 дугуйны 6 дугуйг машинд нь угсраад тавьсан байна. -******* гэдэг хүн С компанийн захирал М******* сум дахь үйлчилгээний төв, том захын эзэн хүн. Ийм хүн яагаад манайд галчаар ордог юм. -******* гэдэг хүнийг цалинжуулсан гээд тэр хугацааны мөнгийг буцаан гаргуулах байх гэж бодож байна. Манайх босоо удирдлагатай. Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга болох би гэхэд доороо хэсэг, тасаг, алба хаагчтай. Энэ алба хаагч нарын цагийн бүртгэлд газрын дарга гарын үсэг зурж баталгаажуулах ёстой. Би байхгүй бол надтай утсаар ярьж яах ёстой талаар асуудаг. М******* сум Онцгой байдлын газраасаа алслагдмал байдаг. Тиймээс цагийн бүртгэлийг ангийн захирагч явуулна. Сэлэнгэ аймаг 200 гаран алба хаагчтай. Тэгэхээр энэ хүмүүсийг тухайн газрын дарга удирдаж ажиллана. Түүнээс биш Эын хэлснээр хийгээд явна гэж байхгүй. Бид нар Аийг ажлаа таслаад алга болдог, мөрийтэй тоглоод явчихдаг талаар яриагүй. Зөвхөн гомдол гарсан асуудлаар шалгасан. Хэлтсийн дарга уг нь мөнгө төгрөгийн асуудалтай орооцолдох ёсгүй. У******* гишүүн хандивын 5 сая төгрөг өгсөн бол байгууллагын нягтландаа өгөх хэрэгтэй. Актлагдсан машины талаар яриад байна. муу машинд муу л дугуй байгаа. Тийм юм бол яах гэж шинэ дугуйнуудыг гаргасан юм. Манайх төрийн цэргийн байгууллага. Манай хашаанд энгийн хүн орж ирээд дугуй тайлж байхад манай хүмүүс өгөх үү. Бүтэн дугуй авч байна гэдэг бол даргын зөвшөөрөл л байж таараа...” гэжээ.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрчийн мэдүүлэгт Э нь хэлтсийн даргаас чиглэл өгсөн гэдэг. Манайх дээрээсээ чиглэл авдаг. Захирах, захирагдах зарчмыг баримталдаг. 2021 оны 11 сарын 22-ны өдрийн цагийн тооцоог баталгаажуулаад өгчихсөн. Хянадаггүй юм бол хянах шаардлага байсан уу. Аймгийн Онцгой байдлын газрын сум дахь Онцгой байдлын хэлтсийн даргын 2019 онд батлагдсан албан тушаалын тодорхойлолтын 3 дугаар зорилтын 2 дахь хэсэгт алба хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлах, дүгнэх, нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангах хяналт тавих, ажлын цаг ашиглалтад хяналт тавина гэдэг чинь өдөр тутмын үйл ажиллагаанд хянал тавьж байгаагийн нэг илрэл. Тэгэхээр нэхэмжлэгч албан тушаалын тодорхойлолттой бүрэн танилцаагүй ажилдаа орсон юм уу. 2021 оны 03 сард албан тушаал бууруулсан шийдвэрийг хүчингүй болгоод буцаагаад Сэлэнгэ аймаг руу томилсон гэсэн. албан тушаал бууруулсан үндэслэл бол 2020 оны 10 сард Авлигатай тэмцэх газраас хариуцлага тооцох албан бичиг ирсний дагуу удирдлагууд Аийн амьдралыг бодоод албан тушаал бууруулах шийдвэр гаргасан байх. Төрийн албаны зөвлөлийн маргаан хянах шалгах хэлтсийнхэн халах ёстой хүнийг халаагүй байна гэсэн. Тэрийг хүчингүй болгоод сонсох ажиллагааг хийхэд А нь би өөрийн хүсэлтээр 6 сарын хугацаатай Сэлэнгэ аймгийн М******* сумын Онцгой байдлын хэлтсийн даргаар ажиллахаар болсон. Тэнд ямар нэг байдлаар ашиг сонирхол байгаа учраас өөрийн хүсэлтээр явсан. М******* сум дахь хэлтсийн дарга цалин олгохгүй. Тушаал дээр цалин олгуулсан гэж бичсэн байгаа. Цалин олгох гэж бичээгүй. Орон нутагт галлагаатай ангиуд дээр хэдэн сараас хэдэн сар хүртэл ажиллуулдаг вэ. Яагаад дулааны улирал эхэлж байхад галчийн албан тушаалын саналыг аймгийн Онцгой байдлын газрын даргад хүргүүлсэн юм бэ. Ангийн захирагч, хошууч Э нь тайлбар гэрчийн мэдүүлэгтээ “..галч бүтэн ажиллаагүй учраас гээд цалинг нь хасаад оруулахаар бүтэн оруул манай хэлтсийн хоол унд зээлээр авах зүйлийг зохицуулдаг хүн” гэсэн байдаг. -******* ТҮ-ээр цалинжиж байгаа төрийн үйлчилгээний албан тушаалтан. Тэгвэл хуульд зааснаар нийтийн албан тушаалтан компанийн шууд удирдлагыг хэрэгжүүлж болохгүй. Актлаагүй хуучин ашигладаггүй машин байсан ч гэсэн. Манайд байгаа бол төрийн өмч, байгууллагын эд хөрөнгө юм. Байгууллагын эд хөрөнгийг захиран зарцуулах эрх аймгийн Онцгой байдлын газрын даргад байгаа. Тэгвэл яагаад даргадаа мэдэгдээгүй юм. Хууль зөрчсөн асуудал зөндөө гаргачхаад өөрөө цагаан цаас шиг буруугүй гэж байгаа нь үндэслэлгүй байна. 28 алба хаагчаа асуумж авсан. Алба хаагчид -*******ыг галчаар ажилладаггүй гэдгийг нотолдог. -******* ч мөн мэдүүлэгтээ 2 удаа галчаар ажилласан гэдэг. Гал түймэр унтрах аврах анги болон харьяа нэгжүүд дээр хоногийн харуулын жижүүр, тухайн анги дээр үүрэг гүйцэтгэж байгаа дуудлага хүлээн авагч хяналтыг хэрэгжүүлдэг. Дугуй солих үе хэдэн цагт болсон бэ. Нэхэмжлэгч талаас дугуйг ачаад, тайлаад хүргэж өгсөн хүний талаар ярихгүй мөртлөө -*******, Л юу гэж шөнө ирж дугуй авах вэ дээ гэсэн байдалтай төөрөгдүүлж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч бол нөхцөл байдлыг газар дээр нь үзээгүй, алба хаагчидтай уулзаагүй. Зөвхөн нэхэмжлэгчийн өгсөн мэдээлэл, хэрэгт байгаа баримтын үндсэн дээр тайлбар хэлж мэтгэлцэж байгаа. Сэлэнгэ аймгийн М******* сум дахь Онцгой байдлын газрын баланс бүртгэл дээр 6, 6 улсын дугаартай автомашин бүртгэлтэй байгаа. 2 талын хүсэлтээр 12 гэрчээс 100 гаран асуулт асуусан. Танилцахад 70 орчим хувь нь албаны шалгалт үндэслэлтэй явагдсан гэж үзэхээр байгаа. Засвар үйлчилгээ, тохижилтын талаар бид нар муулаагүй. Ажил үүргээ хэрэгжүүлэхдээ хууль тогтоомжийг зөрчсөн л гэж байна. Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 12 сарын 07-ны өдрийн Б/1376 хууль эрх зүйн үндэслэлтэй Захиргааны ерөнхий хуулийн бичгээр гарах захиргааны актын шаардлагыг бүрэн хангасан, хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглэсэн зөрчлийн шалтгаан нөхцөлийг тодруулсан алдаагүй захиргааны акт байх тул нэхэмжлэлийн өмнө гаргасан болон нэмэгдүүлсэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Маргаж буй Онгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/1376 дугаартай тушаалын эрх зүйн үндэслэлээс үзвэл голлох үндэслэл нь Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.7, 37.1.13, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.2, 39.1.4, 39.1.11, 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалтууд байна.
2. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Төрийн албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ:” гээд мөн зүйлийн 37.1.2 дахь заалтад “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх;”, 37.1.7 дахь заалтад “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;”, мөн зүйлийн 37.1.13 дахь заалтад “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах;” гэж тус тус заажээ.
3. Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:” гээд мөн зүйлийн 39.1.1 дэх заалтад “албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах;”, 39.1.2 дахь заалтад “албаны эрх мэдлээ хэтрүүлэх;”, мөн зүйлийн 39.1.11 дэх заалтад “албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших;” гэж тус тус заажээ.
4. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:” гээд мөн зүйлийн 48.1.4 дэх заалтад[7] “төрийн албанаас халах;” гэж зохицуулжээ.
5. Гамшгаас хамгаалах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т заасан бүрэн эрхээс гадна доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд мөн зүйлийн 30.1.15 дахь заалтад “хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу цэргийн цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх, сахилга, ёс зүйн хариуцлага хүлээлгэх;”, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.4 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна.” гэж зохицуулжээ.
6. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга буюу Онцгой байдлын ерөнхий газрын дарга нь Онцгой байдлын газрын хэлтсийн дарга, гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагчид сахилгын хариуцлага хүлээлгэх эрх хэмжээтэй байх бөгөөд тийнхүү төрийн албан хаагчид сахилгын хариуцлага оногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 37 болон 39 дүгээр зүйлд заасан төрийн албан хаагчийн хүлээх нийтлэг үүрэг, хориглох үйл ажиллагааг зөрчсөн зөрчлийг тогтоох, ингэснээрээ мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болохоор заажээ.
7. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараас үзвэл, хариуцагчаас нэхэмжлэгч Д.Аийг тодорхой сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн байх бөгөөд тодруулбал, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмыг зөрчин төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ хэрэгжүүлээгүй, алба хаагчдад хуульд нийцээгүй үүрэг даалгавар өгч, албан тушаалын эрх мэдлээ урвуулан албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэрийг ашигласан, байгууллагын даргыг бодит мэдээллээр хангаагүй, алба хаагчдыг дарамтлан хууль бус баримт үйлдүүлэн хөдөлмөр эрхлээгүй иргэнд цалин олгуулсан гэж буруутгажээ.
8. Шүүх хариуцагчийн гаргасан маргаж буй тушаалын эрх зүйн болон бодит үндэслэлийг хянах учиртай бөгөөд эрх зүйн үндэслэлүүдээс Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13 дахь заалт, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.2 дахь заалтыг үндэслэлтэй гэж үзэн хүлээн авч, бодит үндэслэлүүдээс “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмыг зөрчин төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн дээдлэх үүргээ хэрэгжүүлээгүй, алба хаагчдад хуульд нийцээгүй үүрэг даалгавар өгсөн, байгууллагын даргыг бодит мэдээллээр хангаагүй, алба хаагчдыг дарамтлан хууль бус баримт үйлдүүлэн хөдөлмөр эрхлээгүй иргэнд цалин олгуулсан” гэх зөрчлүүдийг үндэслэлтэй гэж үзлээ.
9. Тодруулбал, нэхэмжлэгч Д.А нь Сэлэнгэ аймгийн М******* сум дахь Онцгой байдлын газрын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа тус хэлтсийн галчийн орон тоонд “С” гэх нэртэй хуулийн этгээдийн захирал ажилтай С.-******* гэх иргэнийг холбогдох хууль, журмын шаардлагад нийцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэхэд хяналт тавиагүй, галчийн үүрэгт ажилд ажилласан цагийн бүртгэл тооцоог үнэн зөв гаргаж байгаа эсэхэд хяналт тавиагүй, энэ талаар шууд харьяалах дээд шатны удирдлага болох Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын удирдлагад үнэн зөв мэдээллээр хангаж ажиллаагүй, галчийн ажлыг хийгээгүй хүнд 2021 оны 04 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл хугацаанд цалин олгуулсан зөрчил нь маргаж буй захиргааны актын үндэслэл болох Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1.13 дахь заалтад заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах;” үүргээ хэрэгжүүлээгүй гэх зөрчил болон зөрчлийн шинж байдалд тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
10. Дээрх зөрчлийн үйл баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан гэрч С.-*******ын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлгийн[8] “... Би 2 удаагийн ээлжинд гарсан ...”, “... 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сар хүртэл ажиллах хугацаандаа байнгын ажлын байрандаа очдоггүй байсан ...” гэх мэдүүлэг, мөн цагийн тооцооны баримтуудад галч С.-*******ыг цагийн тооцооны бүртгэлд байнга оруулж байсан баримтууд[9], ажлын байрандаа байнга тогтмол ажилладаггүй байсан хүнд 2021 оны 04 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл цалин олгож байсан баримт[10], гэрч Н.Түмэндэлгэрийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлгийн[11] “... Гэтэл ангийн даргаас дуудлага хүлээн авагчид болох Ч.*******-*******, У.О бид гурвыг 101 дугаар утсаар ажил дээр дуудсан. Дуудсан шалтгаан нь галчаар ажиллаж байгаа гэх С.-*******ын цагийн бүртгэлийг нөхөж бичих талаар хэлсэн. Үүний дагуу бид гурав С.-*******ын цагийн бүртгэлийг нөхөж бичсэн ...”, “... Манай хэлтэст галчаар С.-******* гэх хүний тушаал ирсэн боловч тухайн хүн нь огт манай хэлтэст галчаар ажиллаж байгаагүй ...”, гэрч Э.Эын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлгийн[12] “... Д.А дарга “С.-******* гэх иргэний цагийг ажилласнаар бүртгэ” гэх үүргийг надад өгч байсан ...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
11. Нэхэмжлэгч Д.А нь Сэлэнгэ аймгийн М******* сум дахь Онцгой байдлын газрын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 6 СБА улсын дугаартай АЦ-40 маркийн автомашины 6 ширхэг дугуй, ТСВ-6 маркийн 6******* СБА улсын дугаартай автомашины 6 дугуйг 2021 оны 07 дугаар сард гал унтраах ангийн хяналтын камерыг унтраалгаж байгаад тухайн үед харуулын ээлжид гарч байсан ахлах ахлагч Д.Ц, ахлах ахлагч Ч.О нарын гал сөнөөгч нараар солиулж, С.-*******ын машины хуучин дугуйгаар сольсон гэх зөрчил нь маргаж буй захиргааны актын үндэслэл болох Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь заалтад “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ...-г сахих” үүрэгтэй, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтад “албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах”-ыг хориглоно гэснийг зөрчсөн гэсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
12. Тодруулбал, дээрх зөрчлийн үйл баримтууд нь гэрч Ч.Оын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлгийн[13] “... Харин АЦ-40 маркийн 6 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 6 дугуйг соль гэж Д.А дарга үүрэг өгсний дагуу сольж, “Тэнгэр” бөөний төв дэлгүүрийн захирал С.-******* гэх хүнд аваачиж өг гэсний дагуу аваачиж өгсөн ...”, “... АЦ-40 маркийн 6 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 6 дугуйг дарга тайл гэсний дагуу нэг ээлжийн жолооч болох Д.Цын хамт бид 2 тайлсан. Тус 6 дугуйг “Тэнгэр” бөөний төв дэлгүүрийн захирал С.-******* ирж аваад оронд нь С.-******* муу дугуй өгч сольж тавьсан. ТСВ-6 маркийн 6******* СБА улсын дугаартай автомашины 6 дугуйг би авч тайлаагүй. Ээлж солигдох үед тус автомашины 6 дугуй солигдсон байсан. Үүнийг тодруулахад Н.Л, сумын хот тохижилтын дарга н.Б******* нар өөрсдөө ирж тайлаад оронд нь муу дугуйгаар сольж авч явсан гэж байсан ...” гэх мэдүүлэг, гэрч Д.Цын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлгийн[14] “... АЦ-40 маркийн 6 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 6 дугуйг дарга тайл гэсний дагуу нэг ээлжийн жолооч болох н.Оын хамт бид 2 тайлсан. Тус 6 дугуйг “Тэнгэр” бөөний төв дэлгүүрийн захирал С.-******* ирж аваад оронд нь С.-******* муу дугуй өгч сольж тавьсан. ТСВ-6 маркийн 6******* СБА улсын дугаартай автомашины 6 дугуйг би авч тайлаагүй. Ээлж солигдох үед тус автомашины 6 дугуй солигдсон байсан. Үүнийг тодруулахад сумын Засаг дарга Н.Л, сумын хот тохижилтын дарга н.Б******* нар өөрсдөө ирж тайлаад оронд нь муу дугуйгаар сольж авч явсан гэж байсан” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
13. Харин ТСВ-6 маркийн 6******* СБА улсын дугаартай автомашины 6 дугуйны тухайд, тэдгээр 6 ширхэг дугуйг хуучин дугуйгаар солиулсан болох нь гэрч Э.Эын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлгийн[15] “... Харин ТСВ-6 маркийн 6******* СБА улсын дугаартай автомашины 6 дугуйг одоо аймгийн Засаг дарга, тухайн үед сумын Засаг даргаар ажиллаж байсан Н.Л, “******* хараа” ТӨҮГ-ын дарга н.Б******* нар ирж хэлтсийн даргатай уулзсан. Тус уулзалтаар ТСВ-6 маркийн 6******* СБА улсын дугаартай автомашины 6 дугуйг түр ашиглаад буцаагаад өгнө гэж ярьж тохироод гарсан. Ингээд тус өдрийн орой 23 цагийн орчим “******* хараа” ТӨҮГ-ын захирал н.Б******* над руу залгаад “Хэлтсийн даргатай уулзах гэсэн юм. Харуул чинь хаалгаа онгойлгохгүй байна.” гэж хэлээд 6 дугуйг авч оронд нь ашиглах боломжгүй 6 дугуй сольж тавиад явсан байсан. Хэлтсийн дарга тухайн үед дуудлага хүлээн авагч н.Түмэндэлгэрт “камераа унтраа” гэж хэлсэн юм байна лээ. Гэтэл Д.А дарга намайг хэлсэн мэтээр тайлбар өгсөн байсан ...” гэх мэдүүлэг, гэрч Э.Б*******гийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлгийн[16] “... Миний бие сумын Засаг даргад 2021 оны 5 дугаар сарын дундуур очиж “манай байгууллагын автомашины дугуй муудсан, ойр ойрхон хагарч үйлчилгээ явуулахад хүндрэлтэй байгаа” болохыг илэрхийлсний дагуу сумын Засаг даргаас “М******* сум дахь Онцгой байдлын хэлтэст ашиглахгүй байгаа автомашины 6 ширхэг дугуй байгаа гэнэ. Түүнийг аваад ашиглаж бай” гэсний дагуу миний бие байгууллагын 2 жолоочийн хамт 2021 оны 5 дугаар сарын сүүлээр санагдаж байна М******* сум дахь Онцгой байдлын хэлтэст очиж дарга Д.А-тай уулзан тус хэлтсийн автогаражаас 6 ширхэг дугуйг авч, оронд нь өөрийн байгууллагын хуучин 6 ширхэг дугуйг сольж өгсөн ...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
14. Нэхэмжлэгч Д.А нь Сэлэнгэ аймгийн М******* сум дахь Онцгой байдлын газрын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа тус хэлтсийн сургалтын танхим тохижуулах ажилд зориулж УИХ-ын гишүүн Ч.У******* гишүүнээс 5 000 000 төгрөгийн хандивыг хамт олны өмнө бэлнээр авч, холбогдох хууль тогтоомжоор тогтоосон шаардлагыг хангуулахгүйгээр буюу шууд удирдах дээд шатны байгууллагын удирдлага, нягтлан бодогчид мэдэгдэхгүйгээр, байгууллагын дансанд хийхгүйгээр захиран зарцуулсан гэх зөрчил нь маргаж буй захиргааны актын хууль зүйн үндэслэлд заасан Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь заалтад “албаны эрх мэдлээ хэтрүүлэх;”-ийг хориглох гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
15. Тодруулбал, зөрчлийн дээрх үйл баримт нь гэрч А.Уянгын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлгийн[17] “...М******* сум дахь Онцгой байдлын хэлтэст Улсын Их хурлын гишүүнээс өгсөн хандивын талаар ... анх удаа сонсож байна ...”, “... Хэрвээ байгууллага, албан тушаалтан, ард иргэдээс хандив, тусламж ирвэл аймгийн Онцгой байдлын газрын данс, бүртгэлд тусгана. Тухайн хандив, тусламжийг аймгийн Онцгой байдлын газрын даргын зөвшөөрлөөр хэлтсийн дарга зарцуулж болдог ...”, “... хандив, тусламжийг аймгийн Онцгой байдлын газрын даргын зөвшөөрлөөр хэлтэс, нэгжийн дарга захиран зарцуулна ...” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
16. Мөн Төсвийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 25 дугаар зүйлийн 25.7 дахь хэсэгт “Тусламж, хандивын орлогыг холбогдох журмын дагуу бүртгэж, гүйцэтгэлийг тайлагнана.” гэж заасан хандивыг бүртгэж, тайлагнах зарчмын дагуу Сэлэнгэ аймгийн М******* сум дахь Онцгой байдлын газрын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа нэхэмжлэгч Д.А нь дээрх үүргийг биелүүлэх ёстой байсан гэдгийг дурдах нь зүйтэй.
17. Тиймээс нэхэмжлэгч Д.А нь хандив, тусламжийг аймгийн Онцгой байдлын газрын дансанд бүртгүүлж, тус газрын даргын зөвшөөрлөөр захиран зарцуулах үүргээ зөрчсөн байх тул Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь заалтад “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”-ийг хориглоно гэснийг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
18. Харин хариуцагчаас маргаж буй захиргааны актын үндэслэлд Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 39.1.11 дэх заалтыг баримталсан нь үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.
19. Учир нь, дээрх хуулийн хэм хэмжээнүүдэд заасан зөрчил нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн шинж байдалд хамаарахааргүй байх тул эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгасан нь хуульд нийцээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
20. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан “Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/1376 дугаартай “Д.А-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, ажил албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/1376 дугаартай тушаал гарсан өдрөөс эхлэн ажилд эгүүлж тогтоох шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин олговрыг хариуцагчаас гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах тухай” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг, 37.1.7, 37.1.13 дахь заалт, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, 39.1.1, 39.1.2 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 48.1.4 дэх заалт, 48.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.А-с Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан ““Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/1376 дугаартай “Д.А-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, ажил албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/1376 дугаартай тушаал гарсан өдрөөс эхлэн ажилд эгүүлж тогтоох шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин олговрыг хариуцагчаас гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах тухай” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
[1] Хэргийн 1-р хавтасны /цаашид “1Хх” гэх/ 48-49 дэх тал
[2] 1Хх 50 дахь тал
[3] 1Хх 51 дэх тал
[4] 1Хх 52 дахь тал
[5] 1Хх 53 дахь тал
[6] 1Хх 54 дэх тал
[7] Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбоотойгоор Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг өөрчлөн найруулсан. Энэхүү өөрчлөн найруулга нь Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хүртэл үйлчлэлгүй байсан тул маргаж буй Б/1376 дугаартай тушаал гарах мөчид Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалт нь “төрийн албанаас халах” сахилгын шийтгэлийн төрөл байсан болно.
[8] 1Хх 240 дэх тал
[9] 1Хх 63-89 дэх тал
[10] 1Хх 59 дэх тал
[11] Хэргийн 2-р хавтасны /цаашид “2Хх” гэх/ 6 дахь тал
[12] 2Хх 26 дахь тал
[13] 2Хх 9-10 дахь тал
[14] 2Хх 18 дахь тал
[15] 2Хх 26 дахь талын арын нүүр
[16] 1Хх 246 дахь тал
[17] 1Хх 233 дахь тал