| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 106/2024/1022/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/461 |
| Огноо | 2025-02-12 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/461
2025 02 12 2025/ШЦТ/461
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Ганбаатар хөтлөн,
улсын яллагч Б.Сүрмандах,
хохирогч Б.Г-, түүний өмгөөлөгч А.Туул,
шүүгдэгч Ц.Х-, түүний өмгөөлөгч Ц.Галбадрах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Ц-н Х-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр *** улсын *** хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Б овогт Цогхүүгийн Х- /регистрийн дугаар *** /.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Ц.Х- Солонгос Улсаас автомашины болон автомашин задаргааны сэлбэг хэрэгслүүд хилээр оруулж ирж бусдад зарж борлуулдаг ажил
эрхэлдэггүй атлаа би Солонгос Улсаас автомашины сэлбэг, автомашин оруулж ирдэг, чи сэлбэг захиалах уу гэж мөн Солонгос Улсад задарч байгаа “Соната 7, 8” загварын автомашинуудын зургийг нь харуулж, задаргаанд машин авах уу, “Сонaта 7” нэг ширхэг, “Соната 8”, “Киа 5” загварын автомашины задаргаа сэлбэгүүд байна, чи авах уу, мөн гэрт чинь угаалгын машин авч өгье” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, буцаан өгөх санаа зорилгогүйгээр 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хооронд хохирогч Б.Г-оос Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах засварын газартаа байхад нь болон мөн тус дүүргийн 17 дугаар хорооны 76 дугаар байрны 2 тоотод болон Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “***” хотхоны 13***2 дугаар байрны *** тоотод гэртээ байхад өөрийн “ХААН” банкны *** дугаар дансаар 13 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 60.943.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
Мөн хохирогч Б.Г-ын эзэмшилд байсан “Хюьндай Соната-7” маркийн автомашиныг 2024 оны 4 дүгээр сард Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх засварын газраас нь зараад өгнө гэж авч явж, бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшиж хохирогчид 9.000.000 төрөгийн хохирол учруулсан,
Мөн хохирогч Б.Г-оос 2022 оны 11 дүгээр сард, 2023 оны 2 дугаар сард I phone 13 pro max маркийн 256gb, I phone 14 pro max 512gb-н 2 ширхэг гар утсыг зарж борлуулж өгнө гэж хэлж аван буцааж өгөлгүйгээр бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшиж хохирогчид 8.400.000 төгрөгийн нийт 17.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Х-ын өгсөн “...Би Б.Г-той 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдөр машинаа засуулах гэж очоод танилцсан. Машин засуулах гэж очоод танилцаад байж байхдаа Солонгост ийм машины задаргаа байна авах уу, яах уу гэж хэлээд мөнгө авч эхэлсэн. Короногоос болоод удаж байгаа гэж хэлээд яваад байсан. Сүүлдээ ийм байдалд орлоо...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Г-ын өгсөн “..2022 оны 7 дугаар сард Ц.Х- машинаа янзлуулах гэж ирсэн. Би Солонгосоос сэлбэг оруулж ирдэг, ийм сэлбэг оруулж ирнэ, тийм машин задалж оруулж ирнэ, урьдчилгаа мөнгийг нь өгчихвөл гаалиар ороод ирэхэд нь үлдсэн мөнгийг өгөөд авч болно гэдэг байдлаар санал тавьсан. Тэр 7 дугаар сарын 7-ны өдөр Эрдэнэт рүү наадам үзэх гээд явж байхад хөгшиндөө 2,000,000 төгрөг өгөөч гэж хэлсэн. Би мөнгө зээлсэн. Наадмын дараа надруу залгаад ийм ийм машин байна авах уу гэж хэлэхээр нь авъя гээд мөнгө шилжүүлсэн. Дараа нь нэг том машин аччихсан байгаа гэж хэлсэн. Хэдэн сарын дараа дулаан хувцсаа аваарай ачаагаа авахаар явна шүү гэж хүртэл хэлж байсан. Тэгээд гэнэт явахаа больчихсон. Дараа нь ахиад залгаад явъя гэж хэлсэн. Явах болсон чинь алга болчихсон. Мөн л ингэсэн тэгсэн гээд худлаа яриад алга болсон. Тэгээд дахиад хэд хоногийн дараа явъя гэж хэлсэн, тэгээд бас алга болсон. Дараа нь Дархан явах гэж байхад ачаагаа авсан гээд том машины зураг явуулсан. Тэгвэл би яваад очъё гэсэн чинь гэнэт Эрдэнэт явахаар болчихлоо гараад хэрэггүй гэж хэлсэн. Тэгээд удалгүй гаалийн татвар дээр баахан удчихсан болохоор цагдаа зогсоочихлоо гэж хэлэхээр нь би таньдаг цагдаадаа хэлээд нааш нь гаргуулчихъя гэж хэлсэн. Гэхдээ энэ бүгд байхгүй, хуурамч худлаа байсан. Энэ хүний яриа бүгдээрээ зөрөөд байдаг байсан. Америкт манай төрсөн ах байдаг учраас 14 про макс захиж өгсөн ба 14 про максийг ирж байгаа сэлбэгнийхээ үнэд шингээчихье гэж хэлсэн. Тэр сэлбэг чинь хаана байна гэж асуухад ирж байгаа гэж хэлсэн. 11 промакс утсыг манай дүү барьдаг одоо хүртэл хэрэглэж байгаа. Мөн мотоциклийн зураг явуулаад энэ мотоциклийг авах уу гэж асуухаар нь би 4,700,000 төгрөг шилжүүлээд хэзээ ирэх вэ гэж асуухад удахгүй ирнэ, одоо хил гааль, ачаа тээвэр гайгүй болсон гэж хэлэхээр нь мотоцикль захисан юм. Нэлээн хэдэн сарын дараа яасан гээд асуухад мотоцикль чинь ирсэн, чи А ангиллаа даруулсан юм уу гэж асуусан. Тэгэхээр нь жолооны курстэй яриад А ангиллын сургалтад суугаад А ангилал даруулсан. Тэгээд мотоцикль хаана байна гэхэд байхгүй гэж хэлсэн. Дараа нь ажил дээр ирээд би Солонгосоос 2 давхар угаалгын машин захиад өгөх үү ямар өнгийн угаалгын машин авах уу гэж хэлэхээр нь нэг саарал өнгийн машин захьсан. Надад 2 давхар угаалгын машины зураг харуулсан ба захисан уу гэхэд захичихлаа гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа над руу угаалгын машин чинь ирчихсэн шүү гээд залгасан. Би яваад очъё гэхэд байж бай ачаагаа буулгаж амжаагүй байна гэж хэлсэн. Маргааш нь болоход бас л нэг шалтгаан хэлээд байсан. Ахиад залгасан чинь угаалгын машиныг ачаад агуулахад хийчихсэн гээд нэг утасны дугаар өгсөн. 9910-тай дугаар руу залгахад би Замын-Үүд рүү гарч байна ирэхээр ав гэж хэлсэн. Ахиад залгасан чинь нөгөө хүн утсаа авахаа больсон. Тэгээд цагдаа дээр очсон. Яг үнэндээ угаалгын машин ирээгүй гаалийн талбайгаас гараагүй, агуулах дээрээ аваачаагүй байсан. Соната 7 машиныг 4,500,000 төгрөгөөр аваад би 2,500,000 төгрөгийг нь гаргасан. Үлдэгдэл мөнгийг нь өгөөгүй. Энэ хүн 2,000,000 төгрөг өгсөн гэж яриад байгаа гэхдээ өгөөгүй. Тэр машин яг үнэндээ энэ хүний нэр дээр ч байгаагүй банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан. Сүүлдээ өөр хүний нэр дээр очсон байсан. 2023 оны 11 сард цагдаа дээр ирэхэд л үлдэгдэл мөнгөө төлөөгүй банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байгааг мэдсэн. Би 2,500,000 төгрөг өгсөн энэ хүн 2,000,000 төгрөг өгсөн. Сая мотор нь хэд юм бэ гэж өмгөөлөгч нь асуухад 4,000,000 гэж хэллээ. Зах зээлийн ханшаар он залуу мотор 3,000,000 төгрөгийн үнэтэй байгаа. Дээрээс нь нэг шилэн дээвэр авчирсан гадуур ханш 1,000,000 төгрөгийн үнэтэй байгаа. Тэр шилэн дээврийг хийхийн тулд 2,000,000 гаруй төгрөгөөр гагнуурын аппарат авсан. Тэгээд хамаатных нь дүү билүү баз нь ирээд миний авсан гагнуурын аппаратаар машины шилэн дээвэр хийгээд угсарч өгөөд манай дээрээс бүх засварыг нь хийсэн. Тэгээд 12,500,000 төгрөгөөр зарсан гэж хэлсэн. Мөнгийг нь яасан гэхэд нь зээл нь бүтэхгүй байна ээжийнх нь тэтгэврийн зээл, цалингийн зээл гээд худлаа яриад хойшлуулаад байсан. Сая 8,000,000 төгрөгөөр зарсан гэж худлаа ярьж байна. 12,500,000 төгрөгөөр зарсан. Тэр машиныг зарчихаад нэг ширхэг ч мөнгө өгөөгүй. Хамгийн сүүлд 2022 оны 8 сарын сүүлээр би Хэнтийд байна хүүхэд хичээл орсон чинь мөнгөгүй болчихоод эхнэртээ алуулах гээд байна чи надад хичээлийн хэрэгслийн мөнгө өгөөч гэж хэлсэн. Би 500,000 төгрөг эхнэр рүү нь шилжүүлсэн. Худлаа яриад байгаа бүх зүйлд нь итгэсэн. Тэгээд хэзээ мөнгөө өгөх вэ гэж асуухаар янз бүрийн шалтаг хэлээд сүүлдээ утсаа авахаа больсон...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн *** дугаартай хэргээс:
“***” гэх фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Г-ын хохирогчоор өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын эхээр Х- гэх залуу манай засвар дээр машинаа засуулах гэж ирсэн байсан. Түүнээс хойш найз нөхдийн харилцаа хамааралтай болсон. Х- 2022 оны 7 дугаар сараас эхлэн манай засварын газарт байнга ирэх болж, тэр үеэс эхлэн би Солонгос улсаас Солонгос машины сэлбэг, автомашин оруулж ирдэг, чи Солонгосоос сэлбэг захих уу гэж хэлээд надаас авто машины сэлбэг захиалж өгнө гээд 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 9.880.000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр наадам болох гэж байна, мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд 2.500.000 төгрөгийг зээлсэн. 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Соната 8 загварын автомашины задаргаа сэлбэгийг захиалуулахаар 7.595.000 төгрөгийг шилжүүлсэн. 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хоёр ширхэг Соната 7, нэг ширхэг Соната 8, Киа 5 маркийн автомашины сэлбэг захиалахаар 3.000.000 төгрөгийг, 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр сэлбэг авахаар 6.200.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр мөн сэлбэг авахаар 5.000.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн, ямар учиртай шилжүүлснээ мэдэхгүй байна. 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр сэлбэг авахаар 5.000.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдөр мөн 1.200.000 төгрөгийг, 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдөр “***” гэх мотоциклийн зураг үзүүлээд Солонгост байгаа, би зарах гэж байгаа, чи авах уу гэж надад санал тавиад би тухайн мотоциклийг авахаар болж 4.960.000 төгрөгийг шилжүүлсэн. 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мотор захиалахаар 1.700.000 төгрөгийг, 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр сэлбэг авахаар 5.000.000 төгрөгийг авч түүний дараа мөн тэр өдрөө дахиад гэрт чинь угаалгын машин авч өгье гэж хэлээд 2.140.000 төгрөг авсан. Тэгж хэлэхдээ өнгийг нь сонго ямар өнгө вэ гэж хэлж байсан. 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр сэлбэг захиалахаар 2.000.000 төгрөгийг тус тус Ц.Х-ын “ХААН” банкны 5037524357 тоот дансаар авч байсан ба угаалгын машины мөнгийг Худалдаа хөгжлийн банкны *** тоот дансаар авч байсан. Түүний дараа энэ оны 1 дүгээр сард намайг Америкт байдаг төрсөн ахдаа гар утас захихад надад нэг утас захичих гэж хэлээд Айфоне 14 про макс маркийн 512 гигаагийн багтаамжтай гар утсыг надаас авсан боловч мөнгөө өгөлгүй гар утсыг аваад явсан. Түүний дараа миний гар утсыг 3.200.000 төгрөгөөр зараад өгье гэж хэлээд аваад явсан. Мөн миний засаж янзалж байсан Сонатаг зараад өгнө гэж хэлээд аваад явсан ба тээврийн хэрэгслийн дугаар нь 07-02 УБ3Ү улсын дугаартай 2012 онд үйлдвэрлэсэн, 2018 онд орж ирсэн, энгийн газан Соната 7 байсан. Хамгийн сүүлд энэ оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүүхдийн хичээлийн хэрэгсэл авах гэсэн юм гэж хэлээд 500.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны **** дугаартай эхнэрийнхээ дансаар авсан, хамгийн сүүлийн гүйлгээг Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Кингтаур хотхоны 132 дугаар байр, 236 тоотод гэртээ байхдаа шилжүүлсэн... Надад 70.635.000 төгрөг, гар утас болон нэг ширхэг автомашины хохирол учирсан байна... Би хохирлын мөнгөнөөс 3.000.000 төгрөгийг бэлнээр авсан...
Надад нийт 82.343.000 төгрөгийн хохирол учраад байна. Ц.Х- миний данс руу 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь Солонгосоос орж ирсэн Киа 5 маркийн машиныг гааль дээр байх үед нь надад өгсөн. Тэгээд би уг машиныг авахын тулд Гаалийн татварт 3.960.000 төгрөг, тээврийн зардалд 3.404.000 төгрөг, 7.883.000 төгрөг болсон. Тэгээд уг машины гавлын жийрэг артеодор солиход 500.000 төгрөг болж тухайн машинаа үнэ хүргэж зарахын тулд Казакстан улс руу гаргаж 118.500.000 төгрөгөөр зарсан. Үүнээс гарсан 8.383.000 төгрөгийг хасахад 10.117.000 төгрөгийн хохирлоо хасаж байгаа юм. Ингээд надад цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаас хойш 15.117.000 төгрөгийн хохирол төлөгдсөн. Одоо надад 62.226.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна...
...Надад учирсан хохирлыг эцсийн байдлаар нийт дүнгээр нь дүгнэвэл дансны хуулгаар шилжүүлсэн нь 60.943.000 төгрөг, хоёр гар утасны 8.400.000 төгрөг, 07-02 УБҮ улсын дугаартай машины үнэлгээний 9 сая төгрөг, 78.343.000 гарч байна. Үүнээс дээр дурдсан, 10.177.000 төгрөг, дансаар 6.500.000 төгрөгийг хасаж тооцохоор 61.726.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-31, 34-36, 118-120, 218-219 дэх тал/,
“Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын “...I phone 13 pro max 1 ширхэг 3.200.000 төгрөг, I phone 14 pro max 5.200.000 төгрөг, нийт 8.400.000 төгрөг” гэх үнэлгээ /хавтаст хэргийн 47-50 дахь тал/,
“Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын “...Hyundai Sonata 7 маркийн автомашин 9.000.000 төгрөг” гэх үнэлгээ /хавтаст хэргийн 59-61 дэх тал/,
Үнэлгээ хийлгэсэн 150.000 төгрөгийн баримт /хавтаст хэргийн 62 дахь тал/,
Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 121-203, 220-221 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Н-н гэрчээр өгсөн: “...Соната 7 маркийн машиныг манай засвар дээр авчирч шинэ мотор, корп, цээж утас, гурван бул зэрэг зүйлсийг сольж уг машинд тавьж залуу онтой машин болгосон. Манайхаас зарчихаад ирье гээд аваад явсан. Тэгээд машин ч байхгүй, мөнгө ч байхгүй болсон. Г- надад ярьж байснаар I phone 13 pro max 2022 оны 12 дугаар сард өгсөн гэж байсан. I phone 14 pro max гар утсаа 2023 оны 2 дугаар сард өгсөн гэж хэлсэн. Хоёр утсыг ажилд дээрээ буюу 5 шард байрлах засвар дээр байхад авсан байх…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 224-225 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Х-ын яллагдагчаар өгсөн: “...Би эхэлж авсан 2 удаагийн мөнгөөр Солонгос улс руу сэлбэг захиалсан байсан, тухайн сэлбэгээ Г-од өгөөгүй. Дараагийн мөнгөнүүдээ сэлбэг захиалах гэтэл Ковид гарсан байсан тул удааширч ирэх сэлбэг нь ирээгүй. Киа 5 маркийн машин оруулж ирээд тухайн машиныг хохирлоо өөрийн эзэмшлийн Хужирбуланд байрлалтай 600мк2 хэмжээтэй хашаатай 64мк2 хэмжээтэй 2 давхар хувийн орон сууцаа зараад юм уу өөрт нь шилжүүлэн хохирлоо хасуулж төлмөөр байна. 2023 онд би 14 сая төгрөгийн барьцаанд тавьж машин захиалж байсан. Одоо 8 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, тэрийг манай найз энэ 7 хоногт чөлөөлж өгөх юм. Би өмнө нь машин захиалж байсан. ...Би хохирол төлбөрөө нөхөн төлнө, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74-75 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 78 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 80 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 81 дэх тал/, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /хавтаст хэргийн 92 дахь тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн тухайд:
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар авч үзвэл: Шүүгдэгч Ц.Х- Солонгос Улсаас автомашины болон автомашин задаргааны сэлбэг хэрэгсэл хилээр оруулж ирж бусдад зарж борлуулдаг ажил эрхэлдэггүй атлаа би Солонгос Улсаас автомашины сэлбэг, автомашин оруулж ирдэг гэж мөн угаалгын машины зураг харуулан, гэрт чинь угаалгын машин захиж авч өгье” гэх зэргээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хооронд хохирогч Б.Г-оос Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах засварын газарт байхад нь болон тус дүүргийн 17 дугаар хорооны 76 дугаар байрны 2 тоотод мөн Хан-Уул дүүргийн *** дугаар хороо, “**” хотхоны ** дугаар байрны *** тоотод гэртээ байхдаа “ХААН” банкны ** дугаар дансаар 13 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 60.943.000 төрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт залилах гэмт хэргийн үндсэн шинжийг “хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж, тус гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан бол мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад хүндрүүлэх шинжээр тодорхойлжээ.
“Залилах” гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын эд хөрөнгийг хуурч шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг ба бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, амлах, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах, цахим хэрэгсэл ашиглах зэрэг аргаар бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцогддог.
“Хуурах” гэж бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар авахын тулд үгээр буюу үйлдлээр эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг,
“Зохиомол байдлыг зориудаар бий болгох” гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, хууран мэхлэхийн тулд зохиомол байдлыг зориуд бий болгохыг,
“Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах” гэж дампуурсан, үйл ажиллагаа нь зогссон, доголдсон, санхүүгийн алдаатай хөрөнгө оруулалт шаардлагатай байдлыг нуух, хуурамч аудитын дүгнэлт гаргуулах зэргээр бусдыг төөрөгдүүлж, эд хөрөнгө, эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэхийг,
“Бусдад их хэмжээний хохирол учруулж” гэж хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эдийн засгийн ач холбогдол бүхий эд хөрөнгийн эрхэд хохирол учирсан эсхүл тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учирсныг тус тус ойлгоно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан ба ба шүүгдэгч Ц.Х- тухайн гэмт хэргийг 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр буюу 13 удаагийн үйлдлээр хохирогч Б.Г-од нийт 60.943.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчийн дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн тухайд:
Шүүгдэгч Ц.Х- “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Харин шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь эргэлзээтэй, иргэд хоорондын харилцаа гэж тайлбарлан мэтгэлцэснийг дараах үндэслэлээр тайлбарлан няцааж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилан авч үздэг.
Мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх дэх хэсэгт Хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинжийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол” гэж тодорхойлжээ.
“Хөрөнгө завших” гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.
Тодруулбал: Тус хэргийн үйл баримтаас харахад хохирогч, шүүгдэгч нар “Сонота 7” маркийн автомашиныг хамтран худалдан авч улмаар шүүгдэгч Ц.Х- уг тээврийн хэрэгслийг зарж борлуулж өгнө гэж авч явсан байна.
Шүүгдэгч Ц.Х- өөрийн энэ үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж, ухамсарлаж мэдсэн боловч идэвхтэй үйлдлээр хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Х- 2024 оны 4 дүгээр сард хохирогч Б.Г-ын “Хюьндай Соната-7” маркийн автомашиныг Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байх засварын газраас нь зараад өгнө гэж авч явж, итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшсан, мөн хохирогчийн 2022 оны 11 дүгээр сард, 2023 оны 2 дугаар сард I phone 13 pro max маркийн 256gb, I phone 14 pro max 512gb-н 2 ширхэг гар утсыг зарж борлуулж өгнө гэж хэлж аван буцааж өгөлгүйгээр бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшиж нийт 17.400.000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Энэ үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн хохирогч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Америкт манай төрсөн ах байдаг. Америкаас 14 про макс утсыг захиж өгсөн. 14 про макс гар утсыг ирж байгаа сэлбэгнийхээ үнэд шингээчихье гэж хэлсэн... гэж, мөн 2023 оны 1 дүгээр сард намайг Америкт байдаг төрсөн ах Баярт-Одод гар утас захихад миний яриаг сонсоод надад нэг утас захичих гэж хэлээд I phone 14 pro max гар утсыг захиалуулж, гар утас ирсний дараа надаас манай ажил дээрээс ирж авсан. 2022 онд Америкаас захиж авчруулж байсан I phone 13 pro max маркийн гар утсыг зараад өгнө гэж хэлээд 2022 оны 11 дүгээр сард аваад явсан..., ...2022 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр намайг ажил дээр байхад залгаад банк бусад байдаг хар өнгийн Соната 7 загварын машин байна, хямдхан зарна гэж байна чи сэлбэгт авах юм уу гэж надаас асуухад нь би зөвшөөрч Х-ын дансанд машины урьдчилгаа 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл 1,500,000 төгрөгийг 9 дүгээр сарын 15-ны өдөр гэртээ байхдаа шилжүүлсэн. Түүнээс хойш 9 дүгээр сарын 16-ны өдөр байх, хар өнгийн Соната 77 загварын тээврийн хэрэгслийг авч, 2012 онд үйлдвэрлэсэн 2018 онд орж ирсэн энгийн газан Соната 7 машинд би 7,000,000 төгрөгийн засварыг хийж он залуу болгож сайжруулсан байсныг Х- би наад машиныг чинь зараад өгье гэж хэлээд авч явсан, түүнээс хойш хэд хоногийн дараагаар 12,000,000 төгрөгөөр хувь хүнд зарсан гэж надад хэлсэн....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-31, 34-36, 118-120, 218-219 дэх тал/, “Tsoghvv hangarid” гэх фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 23-24 дэх тал/, “Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын “...I phone 13 pro max 1 ширхэг 3.200.000 төгрөг, I phone 14 pro max 5.200.000 төгрөг, нийт 8.400.000 төгрөг” гэх үнэлгээ /хавтаст хэргийн 47-50 дахь тал/, “Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын “...Hyundai Sonata 7 маркийн автомашин 9.000.000 төгрөг” гэх үнэлгээ /хавтаст хэргийн 59-61 дэх тал/, Үнэлгээ хийлгэсэн 150.000 төгрөгийн баримт /хавтаст хэргийн 62 дахь тал/, Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 121-203, 220-221 дэх тал/, мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Н-н гэрчээр өгсөн: “...Сонота 7 маркийн машиныг манай засварт авчирч шинэ мотор, корп, цээж утас, гурван бул зэрэг зүйлсийг сольж уг машинд тавьж залуу онтой машин болгосон. Тэгээд манайхаас зарчихаад ирье гээд аваад явсан. Тэгээд машин ч байхгүй, мөнгө ч байхгүй болсон. Г- надад ярьж байснаар I phone 13 pro max 2022 оны 12 дугаар сард өгсөн гэж байсан. I phone 14 pro max гар утсаа 2023 оны 2 дугаар сард өгсөн гэсэн. Хоёр утсыг ажилд дээрээ буюу 5 шард байрлах засвар дээр байхад авсан байх…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 224-225 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай ба шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Ц.Х- үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд прокуророос шүүгдэгч Ц.Х-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь хэргийн бүрэлдэхүүний шинжийг тус тус агуулсан байх тул шүүгдэгч Ц.Х-ыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Х-ад Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Х-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хохирол төлбөр нөхөн төлөхөө илэрхийлсэн гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Ц.Х-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-ад оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, нэмж нэгтгэн 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-ад оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар:
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж хуульчилжээ.
Хохирогч Б.Г- мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд “...Надад учирсан хохирлыг эцсийн байдлаар нийт дүнгээр нь дүгнэвэл дансны хуулгаар шилжүүлсэн нь 60.943.000 төгрөг, хоёр гар утасны 8.400.000 төгрөг, 07-02 УБҮ улсын дугаартай машины үнэлгээний 9 сая төгрөг, 78.343.000 гарч байна. Үүнээс дээр дурдсан, 10.177.000 төгрөг, дансаар 6.500.000 төгрөгийг хасаж тооцохоор 61.726.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэж мэдүүлж байх ба хавтаст хэрэгт “Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын “...I phone 13 pro max 1 ширхэг 3.200.000 төгрөг, I phone 14 pro max 5.200.000 төгрөг, нийт 8.400.000 төгрөг” гэх үнэлгээ /хавтаст хэргийн 47-50 дахь тал/, “Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын “...Hyundai Sonata 7 маркийн автомашин 9.000.000 төгрөг” гэх үнэлгээ /хавтаст хэргийн 59-61 дэх тал/, Үнэлгээ хийлгэсэн 150.000 төгрөгийн баримт /хавтаст хэргийн 62 дахь тал/ тус тус авагджээ.
Иймд шүүгдэгч Ц.Х-аас нийт 61.726.000 /жаран нэгэн сая долоон зуун хорин зургаан мянган/ төгрөг гаргуулж, хохирогч Б.Г-од олгох нь зүйтэй байна.
Дөрөв: Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ц.Х-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорьж түүний ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,
шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Х-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-ад оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, нэмж нэгтгэн 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-ад оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Х-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорьж түүний ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Х-аас нийт 61.726.000 /жаран нэгэн сая долоон зуун хорин зургаан мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Г-од олгосугай.
7. Шүүгдэгч Ц.Х- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ