| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Амар |
| Хэргийн индекс | 195/2025/0196/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/577 |
| Огноо | 2025-02-21 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Марал |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/577
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч А.Марал,
шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Э.Ундраххэрлэн нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403007520975 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Б-ийн Г, Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэшсэн жолооч мэргэжилтэй, Б ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, *** тоотод оршин суух, регистрийн дугаар: ***, урьд:
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар нийт 8 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг;
Шүүгдэгч өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар хавтаст хэргийн 3, 9, 13-140 71-73, 132 дахь талд авагдсан нотлох баримтууд болон шүүхэд шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,
- “*** машин хүн мөргөсөн” гэх утга агуулга бүхий дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал),
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-11 дэх тал),
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 13-14 дэх тал),
- Хохирогч Б.Ц-ийн “...Сэлэнгэ аймгийн Сант сум руу гэр лүүгээ явахаар 57 дугаар сургуулийн урд талаас хорооллын чиглэлийн автобусанд суугаад гэмтэл дээр буух байсан чинь миний суусан автобус хорооллын эцэст зогссон. Тэгээд буудлаас хөдөлсний дараа гэмтлийн эмнэлгийн зам хаасан байна, энд буугаарай гэмтлийн эмнэлэг дээр зогсохгүй юм байна гэсэн. Тэгэхээр нь би бууна гэж хэлсэн, автобус шууд зогсоод арын хаалгаа онгойлгосон ба би автобуснаас буусан. Дараа нь юу болсныг мэдэхгүй байна. Намайг нүдээ нээхэд нэг цагдаа ах намайг тэвэрчихсэн байсан. Тэр үед миний барьж байсан утас зам дээр урагшаа шидэгдсэн байсан. Нэг эгч миний утсыг авчирч өгөхөөр нь би өөрийнхөө утсаар ээж рүүгээ нөгөө цагдаа ахаар яриулсан. Удалгүй 103 ирээд намайг аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Би энэ ослоос өмнө биедээ ямар нэгэн гэмтэл авч байгаагүй. Энэ ослоос болж миний баруун хөлийн суурь яс бяцарсан. Өвдөг, гуя, бөгс хөхөрсөн, хүзүү хөдлөхгүй хэдэн хоног болсон. Хамаг бие чангарчихсан байсан. Тухайн автобус буудал дээр эхлээд зогссон. Тэгээд хөдлөөд нэлээн яваад буух хүн байвал буугаарай, эндээс алхаад яваарай гэж хэлсэн. Би тэр үед нь гэмтэл дээр зогсохгүй юм байна гээд бууя гэтэл шууд зогсоод намайг зам дээр буулгасан. Миний эмчилгээнд хэдэн төгрөг гарсныг нь мэдэхгүй байна. Ойролцоогоор 1,000,000 гаран төгрөг зарцуулагдсан. Мөргөсөн жолоочоос тусламж дэмжлэг үзүүлсэн зүйл байхгүй. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),
- Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С-ийн “...гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ц нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 286,483 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын сангаас гарсныг яллагдагч Б.А-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),
- Иргэний хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О-ийн “...Тухайн осол болдог өдөр гэмтлийн эмнэлгийн хойд талын зам хаалттай байсан учраас урьд өдөр нь буюу 2024.09.13-ны орой манай байгууллага дээр нийтийн тээврийн бодлогын газраас чиглэл ирсэн. Түүний дагуу манай Ч:73 чиглэл өөрчлөгдсөн байсан. Өглөө нь манай байгууллага бүх жолооч нартаа энэ талаар хэлж анхааруулсан. Автобусанд ямар нэгэн гэмтэл учраагүй. Камер нь 7 сараас хойш бичлэг хийгдээгүй байсан. Манай байгууллага Хаан даатгалтай хамтран ажилладаг учир хохирлыг төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал),
- Гэрч Б.А-ийн “...Би 2024.09.14-ний өглөө 07 цаг 40 минутын орчимд өөрийн эзэмшлийн Toyota Prius *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ганцаараа хорооллын эцэс 113 дугаар сургууль дээрээс хүүхдэдээ хичээлийн номыг нь авахаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр хорооллын эцсийн автобусны буудал дээр явж байхад миний урд талд нэг автобус буудлын карманаас гараад буцаж эргэхээр гэрэл дохиогоо өгөөд зогсож байсан. Тэгэхээр нь би тэр автобусны хажуугаар нь гарахын тулд дохиогоо өгөөд нөгөө зогсож байсан автобусны хажуугаар гарч байхад миний зүүн талаас нэг зорчигч автобуснаас гэнэт буугаад ирсэн. Тэгээд тэр автобуснаас бууж байсан хүн миний жолоодож явсан машины зүүн талын толийг шүргээд буцаад автобус руу цохигдоод газар унасан. Би унаж явсан машинаа зогсоогоод машинаасаа буун нөгөө хүн дээр очиход 18-19 орчим насны эмэгтэй хүүхэд байсан. Би биеийн байдлыг нь асуухад намайг тоохгүй нэг хүн рүү гар утсаар яриад байсан. Би тэр хүүхдийн доогуур өмсөж явсан хувцсаа дэвсэж өгөөд өөрийнхөө утсаар 103-д дуудлага өгсөн. Удалгүй 103 ирээд нөгөө хүүхдийг аваад явсан. Тэр автобус замын зорчих хэсэг дээр замын дунд хэсэгт хүн буулгасан. Тэр үед зам ачаалал багатай, замын ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Би тэр үед ойролцоогоор 30-40 км цагийн хурдтай явж байсан. Би тэр автобусыг тэнд хүн буулгана гэж бодоогүй. Тэр автобус урьд нь автобусны буудал дээр зогсож байгаад хөдөлсөн. Би тэр автобусыг хүнээ буудал дээр буулгасан гэж бодож явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 12276 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Б.Ц-ийн баруун тавхайн холбоос, шөрмөсний уутны урагдал, зөөлөн эдийн няцрал, өлмийн 1-р ясны няцрал, баруун тохойд цус хуралт, зулгаралт, баруун гуяны гадна дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, тахимын гадна хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.3. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед автомашинд мөргөгдөх, дайрагдах үед үүсэх боломжтой. 5. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна...” гэсэн (хавтаст хэргийн 54-55 дахь тал),
- 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1718 дугаартай мөрдөгчийн магадалгаанд “...А. Yutong маркийн нийтийн тээврийн автобусны жолооч Б.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.5. Чиглэлийн тээврийн хэрэгслийн жолооч нь зорчигч буулгах, суулгахдаа буудлын талбайн төгсгөл рүү аль болох ойртож, хашлаганд 0.5 м-ээс илүүгүй зайд шахаж зогсоно гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна...” гэсэн (хавтаст хэргийн 71-72 дахь тал) зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
1.2. Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд /2015/ заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг тогтоох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Замын хөдөлгөөний дүрмийг 2018 онд шинэчлэн баталсан.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” ойлгоно гэж,
Зам хөдөлгөөний дүрмийн 1.2.48-т “чиглэлийн тээврийн хэрэгсэл” гэж тогтоосон буудал бүхий чиглэлийн дагуу зорчигч тээвэрлэх зориулалтаар нийтийн үйлчилгээнд явж байгаа автобус, троллейбусыг” ойлгоно гэж тус тус заасан.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 12276 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Ц-ийн биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хохирлын хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Г нь 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 07 цагийн орчим Баянгол дүүргийн 13 дугаар хороо нутаг дэвсгэр “Е март” сүлжээ дэлгүүрийн урд талын автобусны буудал дээр Yutong маркийн *** улсын дугаартай чиглэлийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.5 “Чиглэлийн тээврийн хэрэгслийн жолооч нь зорчигч буулгах, суулгахдаа буудлын талбайн төгсгөл рүү аль болох ойртож, хашлаганд 0.5 м-ээс илүүгүй зайд шахаж зогсоно.” гэж заасныг зөрчиж, зорчигч Б.Ц-г замын зорчих хэсэгт буулгасан.
Хохирогч Б.Ц нь нийтийн тээврийн хэрэгслээс буух үедээ гэрч Б.А-ийн жолоодож байсан Тоёота приус маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ.” гэж заасан.
Хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгээр гэрч Б.А-ийн жолоодож байсан Тоёота приус маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Yutong маркийн *** улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийн баруун талаар гарах үед хохирогч Б.Ц нь нийтийн тээврийн хэрэгслээс буусан буюу гэрч Б.А нь аюул саадыг урьдчилан мэдэх, тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах боломжгүй нөхцөл байдал бий болж, тэрээр гэм буруугүйгээр хор уршиг учруулсан байна.
Энэ талаар улсын яллагчаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд дурдсан дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч Б.Г-ийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.5 “Чиглэлийн тээврийн хэрэгслийн жолооч нь зорчигч буулгах, суулгахдаа буудлын талбайн төгсгөл рүү аль болох ойртож, хашлаганд 0.5 м-ээс илүүгүй зайд шахаж зогсоно.” гэж заасныг зөрчиж, зорчигч Б.Цг замын зорчих хэсэгт буулгасан үйлдлийн улмаас хохирогч Б.Ц-д хохирол учирсан нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Г-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирогч Б.Ц нь “...эрүүл мэндийн зардалд 1,132,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөг авсан, бүрэн дүүрэн хохирлоо барагдуулсан. Хоёр жолоочид гомдолгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан,
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Г нь 286,483 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсан байх тул Б.Г-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас “...Шүүгдэгч Б.Г-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэрэгт хадгалан үлдээх саналтай байна. Шүүгдэгчээс хохирогчид учирсан эрүүл мэндтэй холбоотой 1,132,570 төгрөгийг нөхөн төлсөн, Эрүүл мэндийн даатгалын санд 286,483 төгрөгийг төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. ..” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “... Миний үйлчлүүлэгч Б.Г-ийн холбогдсон хэргийн шалтгаан нөхцөлийг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад тухайн үед зам засварын ажлаас шалтгаалан замын маршрут өөрчлөгдсөн талаар зарлан мэдээлсээр байтал зорчигч анхаарал болгоомжгүй байдал гаргаж автобус хөдөлсний дараа бууя гэж орилон бууснаар зам тээврийн осол гарсан байдаг. Ингээд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Б.Г нь төлж барагдуулсан. Түүнчлэн хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрөн хохирогчид сэтгэл санааны хохирол болон эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан. Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасан. Б.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн. Тухайн осол гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно: “ гэж, мөн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх;” гэж тус тус заасны дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Б.Гийн хувьд жолооч хийн амьдралаа авч явдаг, 2,3 зээлтэй, гэр бүлээ тэжээн тэтгэдэг хүн юм...” гэв.
Шүүгдэгч: “...Би 2 хүүхэдтэй. Түрээсийн байранд амьдардаг. Хүүхдүүдээ гачигдах зүйлгүй амьдруулах гэж хичээдэг. Өөр шигээ болгохгүй гэж дээд боловсрол олгох гээд хичээж яваа иргэн юм. Мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Г-ийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 90 дэх тал), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005.04.27-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 92-100 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004.12.15-ны өдрийн 446 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 101-110 дахь тал), Б ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 111 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 112 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 113 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 114 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 115 дахь тал), шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн хүүхдүүдийн иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээний хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа тодорхойлолт, зээлийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар түүний хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлоо төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж шүүгдэгч Б.Гөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдав.
Шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг гарах үед чиглэлийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөн оролцож байсан буюу олон хүний амь нас, эрүүл мэндийг хариуцан ажиллаж байсан нөхцөл байдлыг харгалзан өмгөөлөгчөөс гаргасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналыг хүлээн боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Б-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан торгох ялыг 7 (долоо) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАР