Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2021/02841

 

 

 

 

 

 

 

 

 

  2021          09          24                                   101/ШШ2021/02841

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, шүүгч Л.Энхжаргал, шүүгч Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Э

Хариуцагч: Ц.Н

Хариуцагч: Б.Ц нарт холбогдох 

Ус алдсаны улмаас учруулсан гэм хорын хохиролд засварын зардал 7,571,268 төгрөг, хивс цэвэрлүүлсэн 60,000 төгрөг, ариутгал хийлгэсэн 95,000 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэсэн 80,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 225,323 төгрөг, нийт 8,031,591 төгрөг гаргуулах, байранд нохой тэжээхгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Ц.Н, Б.Ц, иргэдийн төлөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх БЗД-ийн 1-р хороо *******-р байрны 4 тоотод амьдардаг. 2020 оны 10-р сарын 22-ны пүрэв гаригт манай дээд талын айл болох 6 тоотоос ус алдаж манай байрны гал тогоо, том өрөөний таазаар нэлэнхийдээ бороо орж буй мэт нэвчиж байсан , тухайн үед тэр айлын гэрт нь нохойноос өөр эзэн байхгүй байснаас ОСК болон СӨХ тэдэнтэй холбогдож таслан зогсоож чадалгүй 4-5 цагийн хугацаанд энэ байдал үргэлжилж их хэмжээний хохирол учирсан юм. /******* ОСК гэмтэл тогтоосон актыг хавсаргав /

Үр дагавар нь:

  1. 2 давхар паркетан шалтай том өрөө, гал тогоо бүхэлдээ, коридорын зарим хэсэг усанд автаж, дэвтэж хөөснөөс, зааг завсар гарч , паркетны үзүүр хөндийрч босож , чийг ханхалж, элдэв таагүй үнэртэй болж, жоом шавж үзэгдэх боллоо.
  1. Том өрөө, гал тогооны хана таазны эмульс усанд дэвтэж цуурсан, хуурч унасан. Дэвссэн байсан том хивс эмульс замасктай холилдож, өргөж даахын аргагүй ус чийг шингээсэн төдийгүй ийм хивсийг цэвэрлэгээний газрууд төвөгшөөгөөд цэвэрлэдэггүй, хатаах хадгалах газар ч олддоггүй юм байлаа.
  2. Том өрөө, коридорын хананы цаас усанд норж дэвтсэнээс хуурсан, хэт чийгшлийн улмаас хананы цаасны уулзвар залгаа хэсгүүд салж хөндийрч завсар гарсан.
  3. Ванн нойлын өрөөний тааз чийгтэн салж , агааржуулалтын сэнс гэрлийн холболтод богино холбоо үүсэж ажиллахгүй болсон.
  4. Тавилгуудын дээд доод хэсгүүд усанд дэвтэж хөөсөн зэрэг үр дагавар бий болсон байна.
  5. Мөн доод давхрын 2 тоотын таазаар ус орж , эмульс замаск нь хуурсан байв.

Ус алдсан ******* байрны 6 тоот орон сууцанд 94306688 дугаарын утастай залуу, охин дүү болон нохойныхоо хамт амьдардаг юм байна. Манай байрыг хариуцсан “*******" ОСК -ийн эрх бүхий хүмүүс 6 тоот байрны шугам сүлжээнд гарсан гэмтлийг шалгаж тодорхойлсны дараа би өөрийнхөө гэр оронд үүссэн хохирлыг 6 тоотод амьдардаг залууд үзүүлж, хэрхэн хохирлыг шийдвэрлэх, хэн хариуцах талаар ярилцсан юм. Асуудал болсны дараа байрны эзний хүүхдүүдэд аавыгаа уулзуулаарай гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл ирээд яваад байгаа атлаа манай үүдээр санаа нь зовохгүй яваад байгааг СӨХ-ны даргаас өнөөдөр л дууллаа. Залуу нь хохирлыг өөрөө барагдуулна гэсэн болохоор аавтай нь заавал уулзах шаардлага юу байх вэ гэж шүүхэд хандах хүртлээ бодож байсан юм. Нэгэнт залуу нь хохирлыг шийдвэрлэж чадахгүй шүүхээр хандаж буй учраас хууль ёсны эзэмшигчийг оролцуулж хохирлыг шийдвэрлэх нь зөв мэт санагдаж байна. ******* байрны 6 тоотод амьдардаг залуу надад ярихдаа энэ байр манай аавын эзэмшлийн байр, би амьдарч байгаа болохоор хариуцлагаа хүлээж хохирлыг барагдуулна гэсэн учраас тайван хүлээцтэй байж, хорио цээр хязгаарлалтын асуудал цуцлагдахаар зайлшгүй шаардлагатай засварын материалын үнийг судлаад хохирлыг шийдвэрлэхээр тохиролцсон юм. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын эхээр материалын үнэ судлаад нэн шаардлагатай зарим хэсгийг засварлахад шаардагдах мөнгө өгөхөөр тохиролцсон атлаа хэл чимээгүй байгаад байхаар нь нэгдүгээр сарын сүүлээр хохирол барагдуулах талаар ярилцахад 3 cap гаруй хүлээлт үүсгэсэн атлаа шууд л тантай ойлголцохгүй юм байна асуудлаа шүүхээр шийдвэрлүүл гэсэн учраас үнэлгээний компаниар хохирлын үнэлгээ хийлгэхээр өгсөн юм. Хорио цээрийн улмаас хохирлын үнэлгээ cap гаруй хугацааны дараа 3-р сарын эхээр гарч, материалаа бүрдүүлж шүүхээр шийдвэрлүүлэхээр хандаж байна. Гэм хорын үр дагавар болох том өрөө, гал тогоо, коридорын 2 давхар шалыг бүхэлд нь хуулж хатааж, хортон шавж устгалт, ариутгал халдваргүйжүүлэлт хийх, үүссэн завсар заагийг чигжих, шинээр шаллах, том өрөө гал тогоо, коридорын таазыг унагаж үүссэн завсар заагийг чигжээс хийж замаскдаж эмульсдэх, гал тогооны өрөөний ханыг замасагдаж эмульсдэх, ванн жорлонгийн таазыг засварлах зэрэгт материалын үнэ засварын зардал буулгах хатаах ариутгах тавилга эд хогшил зөөвөрлөх тээвэрлэх зэрэг зардал цаг хугацаа хүн хүч шаардагдах ажлыг судалж үзэхэд байсан түвшнээс доош орохгүйгээр засварлахад нэлээд зардал гарах нь тодорхой байгаа учраас мэргэжлийн үнэлгээний компаниар хохирлын үнэлгээ хийлгүүлж, хохирлыг хариуцагчаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Ус алддаг өдөр хариуцагчийн гэр эзэнгүй нохойгоо гэртээ байнга үлдээгээд явдаг юм байна. Эзэнгүй үлдсэн ганцаараа байгаа нохой эзнээ байхгүй үед байнга хуцаад, амьдардаг орчин юм уу амьтны хүрээлэн юм уу ойлгоход бэрх л байдаг. Өөрсдөө гэртээ байхад нохой нь хуцдаггүй болохоор орших суугчдад төвөг учруулж буйг мэдэрдэггүй л юм байх. Хариуцагчийн гал тогооны угаагуурын доод талын, хамгаалалтгүй ил задгай байгаа усны уян хоолой язарч ус алдсан байсан. Уян хоолой язарч ус алдсан нь эзэнгүй байсан нохойтой холбоотой байхыг үгүйсгэх аргагүй гэж бодож байна. Ер нь нийтийн эзэмшлийн байранд тэр тусмаа цахилгаан шатгүй , бүх хүмүүс орж гардаг шатаар, хүүхдүүдтэй зэрэгцээд нохой хурдлаад байх нь дэндүү эрсдэл агуулж буй нь тодорхой. Халдварт өвчний тархалт бүх нийтийг хамарч буй ийм үед нийтийн эзэмшлийн байранд нохой агуулах нь бусад оршин суугчдын эрх ашигт харшилж буй нь ойлгомжтой. Ус алдсан өдөр 6 тоотод орж нөхцөл байдлыг харах үедээ, гал тогооны ус алдсан уян хоолой хаалт хамгаалалтгүй ил задгай, нохой нь сул байгааг хараад ус алдсан асуудалд нохойны оролцоо байж болох санаа төрж залуугийн охин дүүд хэлсэн чинь манай нохой их ухаантай тийм зүйл болоогүй гэсэн юм. Оюун ухаантай боловсролтой хүн бусдын эд хөрөнгө эрх ашигт илэрхий тодорхой хохирол учруулаад хариуцлагаа хүлээнэ гэж бүтэн 4 cap хүлээлт үүсгэчхээд сүүлд нь шүүхээр асуудлаа шийдвэрлүүл гэж байхад оюун ухаангүй нохой нь бусдад үүнээс илүү төвөг учруулахгүй гэх баталгаа байна уу. Асуудал үүсвэл хэн хариуцлага хүлээх вэ. Хариулт нэхсэн асуудал олон, сөрөг зүйл үүсэх магадлал их байна . Иймээс үүсэж болох сөрөг асуудлаас сэргийлж нийтийн эрх ашиг.амар тайван, аюулгүй байдлыг хангах үүднээс:

Нэг. Нийтийн байранд нохой тэжээхгүй байхыг даалгах шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү,

Хоёр .Учруулсан хохирол болох төгрөгөөр:

  1. Орон байрны хохирол үнэлгээний тайлангаар 5‘159’204
  2. Хохирлын үнэлгээний тайлангийн төлбөр 80’000
  3. Хивс угаалга, хатаалт 60’000
  4. Ариутгал 95’000
  5. Зээлийн хүүгийн зардал 225,323

Бүгд дүн 5,619,527.

Орон байраа хэвийн байдалд оруулахад шаардагдах, бидэнд учруулсан хохирол болох дээрх 5 төрлийн задаргаа бүхий бүгд 5,619,527 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү.

Манай байрны дээд давхраас ус алдсаны улмаас үүссэн хохирлыг аль болох төвөг чирэгдэлгүйгээр шийдвэрлэхээр хичээж ирсэн боловч, миний бодол зорилго хариуцагчид хардалт сэрдэлттэй, тааламжгүй байгаа нь хариуцагчийн тайлбар, хүсэлтээс тодорхой харагдаж байна. “*******" хөрөнгийн үнэлгээний компанийн хийсэн хохирлын үнэлгээний дүн ч үүссэн хохирлыг арилгаж байрыг хэвийн байдалд оруулахад хүрэлцэхгүй гэдгийг ойлгож байсан, (хохирлын хэмжээ 6,7 саяас багагүй гэдгийг Ц.Нд ч хэлж байсан, шүүхэд өгсөн тайлбаруудад энэ тухай бичсэн байгаа) хэдий ч гарсан үнэлгээгээр шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан билээ. Гэтэл "*******" ХХК-ний шинжээчдийн дүгнэлт илэрхий хуудуутай болох  нь илт мэдрэгдэж байна. Дэндүү тодорхой хоёр жишээ авъя. Ж .нь:

  1. Тээврийн зардлыг 5 714 төгрөгөөр тооцсон байна. Хог руу ачиж аваачиж хаясан шалыг 60 000 төгрөгөөр тээвэрлэж байна. Засварт шаардагдах 30-40 хайрцаг шал, 300 гаруй кг заслын материал, бусад зүйлийг үзэж харж сонгож авахаар олон удаа явахад тээврийн зардал 5 714 төгрөг байх боломжтой юу. Материалын овор хэмжээ илэрхий үндэслэлгүй байгаа нь материалын үнэ цалин хөлс зөв байх магадлал бага гэж ойлгогдож байна.
  1. Манай байрны дээрээс ус алдсаны улмаас үүссэн том өрөө, гал тогоо коридорын хохирлыг хэвийн байдалд оруулж засварлахад :
  1. Цалингийн зардал 3 170 төгрөг
  2. Материалын зардал 4 401 268 төгрөг

Засварын нийт дүн 7 571 268 төгрөгөөр засварласан нь, хохирлын хэмжээ нэмэгдэх магадлалтай байхад багасгаж гаргаж буй нь "*******" ХХК-ийн шинжээчийн дүгнэлт илт үндэслэлгүй болох нь нотлогдож байна. Хариуцагч: ******* үнэлгээний компанийн хийсэн хохирлын үнэлгээг зөвшөөрөөгүй, ******* ХХК-ний шинжээчийн дүгнэлт илт үндэслэлгүй байх тул байрыг засварлаж хэвийн байдалд оруулахад гарсан засварын зардал 7,571,268 төгрөг болж нийт хохирлын хэмжээ 8'031'591 төгрөг болж буй тул нэхэмжлэлийн хэмжээг 2'412'064 төгрөгөөр нэмэгдүүлж хохирлыг барагдуулах шийдвэр гаргаж өгнө үү.

Нийт 8 031 591 төгрөг хохиролд гаргуулна. Нохой  тэжээхгүй байхыг даалгуулна. 2020.10.20-нд уг асуудал болсон. 5-6 сар үргэлжилсэн. Тухайн асуудал нь СиДи дээр бичээтэй байгаа. холбогдож чадахгүй байсаар их удсан. Манайхаас доошоо хүртэл ус орсон. Боломжоороо хамгаалсан боловч усанд норсон тавилгын хөл муудсан. Хананд байсан зураг гажсан. Гэвч би энийг нэхээгүй. Гол нь байранд гарсан хохирлыг нэхнэ. ОСК акт гарсан. 00 өрөөний цахилгаан засварлагдаагүй. Том өрөө болон гал тогооны тааз ханыг зассан. Хариуцагч нь шал ярьдаг. Би хуучин шалыг ав гэсэн боловч хуучин шалыг хүн авдаггүй. Би хүнээр тээвэрлүүлж хаясан. граница нь байгаа ба авах үед хугарсан байгаа юм. Би усан дунд өвөлжиж хаваржсан. Байнга чийгтэй байсан. Зун засвар хийсэн. Шал нь м.кв нь 40 000 болсон. Улмаар нийт ийм зардал гарсан. Нийт 10 гаруй сая төгрөгийн зардал гарсан бөгөөд би энд ямар нэг ашиг олоогүй. Би өөр засвар хийсэн хэсгээ оруулаагүй. Засвар хийхийн өмнө дахиж ус гарч байсан. Энэ үед би хариуцагч Нд хэлж байсан. Засвар хийсний дараа дахиж гоожвол төвөгтэй байдал үүснэ гэсэн. Гэтэл дахиж ус гоожсон. Би засварчин дуудаж засуулсан. Би хохирол үүсээд байгаа шалтгааныг арилгаач гэж байгаа юм. Бохирын хаалт хийгдээгүй, болтыг хэт чангалснаас ус гарч байсан. ханын будаг хөөж гарж ирж байгаа юм. Одоо бол хөгц бохир ус үнэртэж байгаа юм. Анх би айл хөрш гээд 3 500 000 гэж байсан. Гэтэл хариуцагч нь яав ийв гээд шалтгааныг арилгая гээгүй. Нохойг бол ад үзээгүй. Анхны ус алдахад эзэнгүй байсан нохой ил байсан хоолойг хазсан байх гэж хардаж байгаа юм. Иймд би нохойгоо зохицуулалт хийгээч л гэж байгаа юм. Байр лифтгүй тул шатаар явахад нохойтой зөрөх хэцүү юм. Би тохиролцох гээд ярихад шүүхээрээ яв гэсэн гэв.

 

Хариуцагч Б.Ц нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эын 5,619,527.00 /Таван сая зургаан зуун арван есөн мянга таван зуун хорин долоо/ төгрөгийн хохирол нэхэмжилсэнтэй танилцаад доорх тайлбарыг өгч байна. Үүнд:

  1. Нэхэмжлэлийн үнийн дунгийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үнэлгээ бодитой гаргаагүй учраас бид өөрсдийн зүгээс өөр үнэлгээчнээр талуудыг байлцуулж үнэлгээг хийлгэх хүсэлтэй байна.
  2. Би нэхэмжлэлийг хүлээн авсны дараа 2021.05.04-нд Д.Этой утсаар ярилцаж үнийн дүн дээр тохиролцъё 3,000,000.00 /Гурван сая төгрөг/ өгөөд дуусгая, эсвэл би танай байрыг засаж янзлаад хэвийн байдалд оруулаад өгье гэхэд аль алийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Д.Э нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа юм байна гэж ойлгоход хүрлээ. Энэ хүн далимдуулж хэдэн төгрөг нэмж авах санаанаас өөрцгүй. Байрыг засаад хэвийн байдалд оруулаад өгье гэхээс бид өөр яах билээ, хэлэх үг алга. Д.Э байрны засварыг хийлгэхээс татгалзаж байгаа тул түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Би хажууд нь байгаагүй тул насанд хүрсэн хүн өөрөө шийд гэж хэлж байсан. Гэтэл энэ ах их хэцүү хүн байна гэсэн. Дээрээс нь ус алдсан бол хүн болгон л бухимдах байх гэсэн. Тэгээд над уруу яриагүй. Гэтэл гэнэт л шүүх болсон. Дарханд надад шүүхээс бичиг ирэхэд би нэхэмжлэгч уруу залгаж ярьсан. Тэгэхэд үг хэлүүлэхгүй байсан. Айл сахалт хүн байна учраа олоод уян хатан бодож үзээч. Хохирсон хэмжээний мөнгийг бодит байдлаар байх ёстой. Үнэлгээ тогтоочихсон байдаг. Хохирсон тул таныг хүндэтгэж байна. Аав хүү 2 буруутай байж болно. Уужуу ухаанаар бодож бодит байдлыг хараарай. Зураг нь өөр өөр зураг байна. Эд хөрөнгөөс илүү эрүүл мэнд эргэж уулзах нүүр үнэтэй. Бид тохирсон хэмжээний бодит байдал дээр нь үнэлгээний газар тогтоосон. Тэр дээр тулгуурлаасай. Бүтэн засвар хийчихсэн байдаг. Би засварыг нь хийгээд муудсан паркетыг аваад засъя гэж байсан юм. Заавал хурал гэхгүйгээр боломжтой талаас нь шийдье гэхэд үг хэлүүлэхгүй байсан гэв.

 

Хариуцагч Ц.Н нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх БЗД-ийн 1-р хороо *******-р байр 6 тоотод амьдардаг. 2020 оны 10-р сарын 22-ны өдөр 14-15 цаг орчмын үед надад танихгүй дугаараас дуудлага ирэн, контороос ярьж байна танай гэрт ус алдаж байна яаралтай гэртээ ирнэ үү хэмээн дуудлага ирсэн. Тухайн үед би өөрийн дүү болон нохойтойгоо амьдардаг байсан тул дүүрүүгээ залгаж учир учир байдлыг хэлэн хаана байгааг нь асуухад зүүн 4 замын гэрлэн дохион дээр байна одоо шууд очлоо гэж 5 минутын дотор ирэхэд гал тогооны угаалтуурын хүйтэн усны уян хоолой “олон жилийн эдэлгээнээс болж даралт дийлэхгүй задарсан байна гэж конторын мэргэжилтэн дүгнэн хэлэв” задарсан ус алдаж байсан байдалтай байсан тул хүйтэн усны хаалтыг хааж зогсоов. Үүний дараахан хаан даатгалын шинжээч ирж дүгнэлт гаргаж 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргасан 4 тоотын айлд 703,145₮ болон манайд 575,400₮ нөхөн олговор өгсөн билээ.Тухайн үед хохирогч болох 4 тоотын ах над руу залган 3,5 сая төгрөг өгчих гэж хэлж би ч зөвшөөрч байсан. Төд удалгүй УБ хотын хэмжээнд хөл хорио тогтоож цалин хөлсгүй болж хүн бүхэнд хүнд үе тулгарсан. Хол хорио тавигдаад ажил эхлээд 3, 4 хонож байхад 4 тоотын ах над руу залган мөнгөө хэзээ өгөх вэ гэж асуухад би ажил эхлээд удаагүй байгаа болохоор цалин буух үеэр 500,000, 500,000-аар цувуулаад боломжоороо төлөх санал хэлэхэд огцом утасны цаанаас орилж уурлан элдвээр харааж, маргааш гэхэд 3,5 саяыг өг гэж тулган шаардсан. Би нэг дор  өгөх боломжгүй гэж үнэнээ хэлэн цувуулж өгөхийг гуйхад, үг сонсохгүйгээр элдвийн үгээр харааж маргааш өгөхийг шаардсаар байсан. Гуйгаад тайлбарлаад учирлаж хэлээд үг сонсохгүй дайраад орилоод байсан болохоор би шүүхээр шийдвэрлүүлье гээд утсаа тастсан.

  1. Хохирогч талын нэхэмжлэлтэй уншиж танилцаад манай буруу гэж хүлээн зөвшөөрч байгаа боловч нэхэмжилсэн үнийн дүнтэй санал нийлэхгүй байна.
  2. Манай нохой нь англи улсын Лабрадор ретривер үйлдвэрийн Танци нэртэй нохой юм. Дэлхийд ухаантай нохойны үнэлгээгээр 7-д эрэмбэлэгддэг. Бусад улс оронд харааны бэрхшээлтэй хүмүүс хөтчөөр ашигладаг болон гааль хил, усан боомтууд дээр хар тамхи, зэр зэвсэг гэх мэт хориотой бүтээгдэхүүн илрүүлэх төрөлд ажилдаг маш ухаантай үйлдвэрийн нохой юм. Манай нохойны хувьд хүний яриа ерөнхийд нь ойлгоно. Дохио зан сайн сурсан. Амьдралдаа нэг ч удаа хүн хазаж гэмтээж байгаагүй. Улсад бүртгэлтэй. Гэрчилгээтэй, вакцинд хамрагдсан. Гудамжны тэнэмэл нохойнуудаас байрны 2 жаахан хүүхдийг хамгаалж байсан, манай байрны хүүхэд хөгшин гэлтгүй бараг л бүх хүн манай нохойтой таарахдаа эрхлүүлдэг. Орон сууцны хашаанд хүндээр бие засдаггүй гээд магтах зүйл их байхад зүгээр манай доод давхрын айл болж амьдардгийнхаа төлөө энэ орон сууцанд амьдруулахгүй гэж нэхэмжлэлдээ тусгасан байх боломжгүй гэж бодож байна.

Анх нэхсэн 3 500 000 төгрөгийг зөвшөөрнө. Миний харснаар ах гэртээ бүтэн засвар хийсэн. Бүтэн засварын мөнгөө нэхээд байна. Өмнөхөөсөө одоогийн байдал шал ондоо болсон. Над уруу контороос залгаад ус алдаж байна гэж залгахад нь би дүүдээ хэлээд очиж усыг зогсоосон. Крантны уян холбоо элэгдлээс болж цоорсон байна гэж конторын хүн хэлсэн. Үүнийг сольж тавьсан. Хөл хорио тавигдахад нэхэмжлэгч залгаад 3 500 000 төгрөг өгчих тэгээд асуудлыг дуусгая гэсэн. Би хөл хорио сая тавигдсан тул сар сараар төлье гэхэд над уруу уурласан. Тэгэхээр нь ойлголцохгүй юм байна шүүхэд ханд гэсэн. Нохойны хувьд амьдруулахгүй байж болно. Гэхдээ манай нохой бол байрны хүүхдийг аварч байсан. Айл уруу андуурч орж байгаагүй. Банкны хуулгыг сайн үзвэл би илүү юмыг оруулаагүй. Жишээ нь чулуун хавтан зэргийг оруулаагүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нь ус алдсаны улмаас учруулсан гэм хорын хохиролд засварын зардал 7,571,268 төгрөг, хивс цэвэрлүүлсэн 60,000 төгрөг, ариутгал хийлгэсэн 95,000 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэсэн 80,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 225,323 төгрөг, нийт 8,031,591 төгрөг гаргуулах, нохой тэжээхгүй байхыг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Ц.Н, Б.Ц нар нь ус алдсаны улмаас гэм хор учирсан үйл баримтын талаар маргаагүй боловч хохирлын үнэлгээний талаар маргаж, улмаар хариуцагч Ц.Н нь нэхэмжлэлийн шаардлагаас 3,500,000 төгрөгт холбогдох хэсгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг үндэслэлгүй гэж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д.Э нь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө ******* дугаар байр, 4 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгч нарын нэг мөн болох нь дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 52 дугаар тал/

Хариуцагч Б.Ц нь дээрх ******* дугаар байрны 6 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгч бөгөөд түүний хүү Ц.Н уг орон сууцыг эзэмшдэг талаар зохигч маргаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчдын маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй гэж үзлээ.

 

Хариуцагч нарын өмчилж, эзэмшдэг 6 тоот орон сууцны гал тогооны өрөөний уян холбоо цоорч ус алдсаны улмаас 4 тоот орон сууцанд хохирол учирсан болох нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-н 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн орон сууцны байруудын инженерийн шугам сүлжээнд гарсан гэмтлийн 20/23 дугаар тодорхойлолтоор тогтоогдсон. /хэргийн 8 дугаар тал/ Энэхүү үйл баримтын талаар зохигч хэн аль нь маргаагүй. Өөрөөр хэлбэл хариуцагч зөвшөөрсөн.

 

Дээрх 6 тоот орон сууцад хариуцагч Ц.Н оршин суудаг гэж нэхэмжлэгч тайлбарласан бөгөөд хариуцагч нар нь уг орон сууцыг хариуцагч Б.Ц өмчилж, хариуцагч Ц.Н эзэмшдэг гэх тайлбарыг нэхэмжлэгч Д.Э үгүйсгэж, маргаагүй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдлийн улмаас гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг арилгах үүрэг хүлээдэг.

Зохигчдын тайлбараар ус алдсан гэх 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дээрх 6 тоот орон сууцанд хариуцагч Б.Ц нь оршин сууж байгаагүй болох нь тогтоогдож байх тул түүнийг бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлгүй.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-т “өөрийн хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж, 89.3-т “өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна” гэж тус тус зохицуулсан тул хэдийгээр хариуцагч Ц.Н нь тус орон сууцны өмчлөгч биш боловч шууд байдлаар эзэмшилдээ эзэмшиж байхдаа бусдад учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

Иймд хариуцагч Б.Цт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь засварын зардлыг бодит гарсан зардлаар нэхэмжилнэ гэж тайлбарласан. Улмаар нэхэмжлэгч нь засварын материалын түүвэр үйлдэж, холбогдох баримтууд, ажлын хөлсний жагсаалтыг үйлдэж, холбогдох гэрээ, төлбөрийн баримтыг тус тус шүүхэд ирүүлсэн. /хэргийн 177-226 дугаар тал/

Эдгээр баримтуудаас үзэхэд засварын материал худалдан авсан гэх зарим баримтууд нь нэхэмжлэгч төлсөн гэж үзэх боломжгүй, зарим баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Түүнчлэн эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд нь тухай эд хөрөнгийг өмнөх байдалд буцаан оруулах, эсхүл бацаан оруулахад шаардагдах мөнгөн төлбөрийг төлөх үүрэгтэй.

Мөн засварын ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд чөлөөтэй байгуулж, түүний агуулга буюу гэрээний үнийг тодорхойлно. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх гэрээний үнийг хэрхэн тодорхойлох нь хариуцагчид хамааралгүй тул үүнийг шууд учирсан хохирол гэж үзэхгүй юм.

Эдгээрээс үзэхэд материалын болон ажлын хөлсөнд төлсөн гэх зардал нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг шууд нотлохгүй. Тодруулбал, эдгээр зардал бодитойгоор гарсан, мөн энэ хэрэгт маргаж буй гэм хор учруулсан хохиролтой шалтгаант холбоотой гэдэг нь эргэлзээгүйгээр нотлогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө нь “*******” ХХК-р хохирлын үнэлгээ хийлгэсэн байна. /хэргийн 11-29 дүгээр тал/

Хариуцагч нар нь энэхүү үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд хүсэлт гаргаснаар “*******” ХХК нь нэхэмжлэгчийн орон сууцанд учирсан хохирлын үнэлгээг гаргасан. /хэргийн 82-102 дугаар тал/

 

Иргэдийн төлөөлөгч Б.Уянга нь шүүхээс тогтоосон шинжилгээний дүнгээр тогтоох нь зөв гэсэн саналыг гаргасан.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд шүүхээс томилсон шинжээчийн гаргасан дүгнэлтээр нэхэмжлэгчийн орон сууцанд учирсан хохирлыг тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иймд нэхэмжлэгчийн орон сууцанд учруулсан хохиролд хариуцагч Ц.Нгаас 4,312,693 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь ус алдсаны улмаас таазны шохой унаж хивс бохирдсон тул цэвэрлүүлэхэд 60,000 төгрөг, хариуцагч хохирол барагдуулахгүй байсан тул хохирлын хэмжээг үнэлгээний байгууллагаар гаргуулах төлбөрт 80,000 төгрөг, ариутгал хийлгэхэд 95,000 төгрөгийн зардал тус тус гарсан гэж тайлбарласан.

Хариуцагч нь эдгээр зардал буюу ус алдсаны улмаас учирсан хохирлын талаар тусгайлан тайлбар гаргаж маргахгүй байна. Тодруулбал, хариуцагч нь зөвхөн засварын зардлын талаар маргасан.

 

Нэхэмжлэгч Д.Э нь хивс цэвэрлүүлэхэд 60,000 төгрөг төлсөн болох нь хэргийн 32 дугаар талд байх баримтаар тогтоогдож байх бөгөөд энэхүү баримтад дурдсан цаг хугацаа болон гүйлгээний утгаас үзэхэд ийнхүү цэвэрлэгээ хийсэн нь ус алдсан үйл баримттай шалтгаант холбоотой гэж үзэхээр байна. Иймд эд хөрөнгөд учруулсан хохирлыг арилгахад зарцуулсан 60,000 төгрөгийн төлбөрийг хариуцагч Ц.Нгаас гаргуулах нь зүйтэй.

 

Хариуцагч нь гэм хор учруулснаас хойш зохигчид энэ талаар ярилцсан боловч харилцан тохиролцоогүй, улмаар хариуцагч нь хохирол барагдуулаагүй байгаа болох нь хэн алины тайлбараар тогтоогдсон.

Улмаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах зорилгоор гэм хорын хохирлын хэмжээг тогтоолгохоор “*******” ХХК-р үнэлгээ гаргуулж, 80,000 төгрөгийн төлбөр төлсөн байна. /11-29, 30 дугаар тал/

Үүнээс үзэхэд хариуцагч Ц.Н гэм хор учруулж, улмаар хохирлыг барагдуулаагүй тул нэхэмжлэгчид нэмэлт зардал гарсан байх тул энэхүү хохирлыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь ус алдсаны улмаас өөрийн орон сууцанд ариутгал хийлгэх шаардлагатай болсон гэж тайлбарласан бол хариуцагч нь энэ талаар үгүйсгэж маргахгүй байна.

Улмаар нэхэмжлэгч нь өөрийн орон сууцанд ариутгал хийлгэж, 95,000 төгрөгийн төлбөр төлсөн болох нь хэргийн 31,119 дүгээр талд авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд энэхүү зардлыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

Харин бусдаас зээл авах, улмаар зээлийн гэрээний дагуу хүүгийн хэмжээг тохиролцож, төлөх эсэх нь зээлдэгчийн хүсэл зоригоос шууд хамаарна. Өөрөөр хэлбэл, зээл авсан үйл явдал нь хариуцагчид хамааралгүй юм. Иймд зээлийн хүүгийн төлбөрт нэхэмжилсэн 226,323 төгрөгт холбогдох шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

Эдгээр үндэслэлээр хариуцагч Ц.Нгаас гэм хорын хохиролд нийт 4,547,693 /4,312,693 +60,000+80,000+95,000/ төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,483,898 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Нохой тэжээхгүй байхыг даалгах тухай шаардлагын хувьд: Зохигчид хариуцагчийг өөрийн орон сууцанд нохой тэжээдэг үйл баримтын талаар маргаагүй. Нэхэмжлэгч нь нохой цэвэр усны хоолой хазсаны улмаас ус алдах нөхцөл бүрдсэн гэж тайлбарласан боловч өөрийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь энэхүү тайлбараа өөрийн бодол, таамаглал гэж тайлбарласан.

Мөн нэхэмжлэгч нь орон сууцны шатаар явахад хүндрэлтэй гэж тайлбарлаж байх боловч хариуцагчийн тэжээвэр нохой нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн үйл баримт тогтоогдоогүй.

Тодруулбал, хариуцагч нь өөрийн орон сууцанд нохой тэжээхдээ Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2002 онд баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, арчлах, золбин нохой, муур устгахад мөрдөх журмын 1.1, 5-т заасныг зөрчсөн нь тогтоогдоогүй.

Түүнчлэн хариуцагч нь дээрх журмын нэгдүгээр зүйл болон мөн зүйлийн 3-т заасныг биелүүлсэн болох нь нохой муурны эрүүл мэндийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 134 дүгээр тал/

Иймд нохой тэжээхгүй байхыг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 9 дүгээр зүйлийн 9.4.2-т зааснаар хариуцагч Ц.Нгаас гэм хорын хохиролд нийт 4,547,693 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Эод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,483,898 төгрөгт холбогдох хэсэг, нохой тэжээхгүй байхыг даалгах тухай шаардлага болон хариуцагч Б.Цт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 228,605 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Нгаас 87,713 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.ГАНБОЛД

 

                                   ШҮҮГЧИД                                         Б.МАНДАЛБАЯР

 

                                                                                             Л.ЭНХЖАРГАЛ