Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2017/02235

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2017/02235

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Сөүлийн гудамж, 20а-1 тоот хаягт байрлах, ******* ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар /-ийн ,

 

: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, sunshine village орон сууцны хороололд байрлах*******ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар /-д ,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 14,280,000 иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Өнөржаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

******* ХХК болон нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь*******ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Sunshine village орон сууцны хорооллын барилгын гэрээт харуул хамгаалалтын гэрээ №2015073 байгуулан ажилласан.

Төлбөр тооцоог баригдаж байгаа барилгаас бартераар худалдаж авахаар тохиролцсон боловч тохиролцоонд хүрэлгүй гэрээг 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан болно.

Ажилласан хугацааны төлбөр болох 60,757,419.35 төгрөгөөс 46,477,419.35 төгрөгийг авч, үлдэгдэл 14,280,000 төгрөгийг одоо болтол өгөхгүй байх тул*******ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч*******ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХХК нь 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн Sunshine village хотхоны барилгын гэрээт харуулаар 2 жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулж, ажилласан ба ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа барилгын талбайгаас их хэмжээний бараа материал алдаж манай компанид хохирол учруулж гэрээний заалт зөрчсөн билээ. Уг хэргийн холбогдогч болох хулгай хийсэн этгээд нь ******* ХХК-ийн харуул хамгаалалтын ажилтан байсан ба түүнийг харъяа дүүргийн цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулах явцад хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсний үндсэн дээр харилцан тохиролцож манай компанийн хохирлыг барагдуулахаа мэдэгдсэн ч харъяа дүүргийн цагдаа, прокурорын байгууллагад хэргийг хэрэгсэхгүй болгуулан манай компаниас төлбөр гаргуулахаар шүүхэд өгсөн байдаг.

Манай компаний ******* ХХК-иас болон хохирсон хохирлын дүн 14,280,000 төгрөг ба тус компанид төлбөл зохих тооцооны үлдэгдэл 14,280,000 төгрөг болно. Иймд манай компанид үүссэн хохирлыг барагдуулан шийднэ үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч*******ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 14,280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Талууд 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр №2015073 дугаартай Sunshine village орон сууцны хорооллын барилгын гэрээт харуул хамгаалалтын гэрээ-г байгуулж, гүйцэтгэгч тал буюу ******* ХХК нь захиалагч тал буюу*******ХХК-ийн Sunshine village орон сууцны хорооллын барилгын угсралтын ажилд харуул хамгаалалтыг захиалагчийн өгсөн нөхцөл шаардлагын дагуу хийж гүйцэтгэх, захиалагч нь ажил гүйцэтгэгчид гэрээнд заасан нөхцөл журмаар хөлс төлөх үүрэг хүлээжээ.

 

Дээрх гэрээний 1.4-т зааснаар гэрээт харуул хамгаалалтын нэг албан хаагчийн нэг сарын хөлсийг 600,000 төгрөг, нийт албан хаагчийн нэг сарын нийт хөлс 3,600,000 төгрөг байх, гэрээний 1.5-д зааснаар гэрээт харуул хамгаалалтын нэг жилийн хөлсний нийт дүн 43,200,000 төгрөг байх, хоёр жилийн хөлс нь 86,400,000 төгрөг байхаар талууд харилцан тохиролцсон байна.

 

Талууд 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Sunshine village орон сууцны хорооллын барилгын гэрээт харуул хамгаалалтын нэмэлт гэрээ-г байгуулж, 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс нэмэлтээр гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээг Захиалагчийн хүсэлтийн дагуу графикт хугацаанд хийж гүйцэтгэх хүн/цаг-ийг хамгаалалтын албаны нэг сарын нэг албан хаагчийн хөлс 600,000 төгрөг, нийт 3 албан хаагч, нийт 1,800,000 төгрөг байхаар талууд харилцан тохиролцжээ.

Дээрх хоёр гэрээнээс үзэхэд, гүйцэтгэгч тал нь 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гэрээ байгуулснаас хойш 2015 оны 4 дүгээр сарын төлбөр 80,000 төгрөг, 2015 оны 5, 6 дугаар сард тус тус 3,600,000 төгрөгийн, 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан нэмэлт гэрээний дагуу 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн мөн оны 7 дугаар сард 4,877,419.35 төгрөг, 2015 оны 8 дугаар сараас гэрээ цуцалсан 2016 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд сар бүр 5,400,000 төгрөгийн харуул хамгаалалтын ажил гүйцэтгэсэн, захиалагч тал нь мөн хугацаанд хамаарах төлбөр 60,757,419 төгрөгийг ажил гүйцэтгэгчид төлөхөөр байна.

 

Хэрэгт авагдсан Бэлэн мөнгөний зарлагын баримтуудаас үзэхэд, захиалагч тал*******ХХК-д 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 13,000,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 8,500,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 9,977,419.35 төгрөг, нийт 46,477,419.35 төгрөгийг ******* ХХК-д төлжээ.

 

Хариуцагч*******ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК-д төлөх тооцооны үлдэгдлийг 14,280,000 төгрөг хэмээн тодорхойлж, уг 14,280,000 төгрөгийг ******* ХХК-ийн харуул хамгаалалтын ажилтны барилгын талбайгаас хулгайлсан эд зүйлсийн үнэ болох 14,280,000 төгрөгт тооцуулах хүсэл зоригийн илэрхийлэл бүхий тайлбарыг шүүхэд ирүүлсэн.

 

Гэвч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, дээрх тайлбараа нотлох баримтаар нотлоогүйн дээр шүүхэд тодорхой шаардлага гаргаагүйг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар нэхэмжлэгч нь дээрх Sunshine village орон сууцны хорооллын барилгын гэрээт харуул хамгаалалтын гэрээ, нэмэлт гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсийг хариуцагчаас шаардах эрхтэй тул дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Шүүх, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны зарыг зохигч талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хариуцагч тал шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч*******ХХК-иас 14,280,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Химон констракүн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 229,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА