2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/514

 

 

 

 

 

 

 

 

      2025         02           17                                    2025/ШЦТ/514

 

 

                              

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн хөтлөн,

улсын яллагч Д.Ууганцэцэг,  

шүүгдэгч И.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,   

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт И-н Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ний өдөр ** хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, Х хотхоны *** тоотод оршин хаягтай, урьд **** шийдвэрлэсэн, Б овогт И-н Г- /регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч И.Г- фэйсбүүк цахим орчинд хохирогч Н.Н-н бичсэн “жолооны үнэмлэх гаргаад өгөх хүн байна уу” гэсэн зурвасны дагуу түүнтэй холбогдож, улмаар түүнийг “7 хоногт жолооны үнэмлэх гаргаж өгнө, эрүүл мэндийн шинжилгээний хуудас авах гэтэл мөнгө дутаад байна” гэх зэргээр 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс 8-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Хүннү **** төвийн гадна, мөн дүүргийн 23 дугаар хорооны *** байрны 2 тоотоос тус тус шилжүүлсэн нийт 2.000.000 төгрөгийг “ХААН” банк дахь өөрийн эзэмшлийн *** дугаарын дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Г- мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.  

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

 

Хохирогч Н.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр би өөрийн фейсбүүкийн “Н***” хаягаас жолооны үнэмлэх гараад өгөх хүн байна уу гэж пост оруулсан чинь “***” хаягаас найдвартай жолооны үнэмлэх гаргаж өгч байна, чиний пост дээр бичээд байгаа хүмүүс худлаа хэлж луйвар хийнэ шүү, би найдвартай тогтмол гаргадаг гэхээр нь би хэдэн төгрөгөөр гаргаж өгч байгаа юм гэхэд 3.300.000 төгрөгөөр гаргаж өгнө, чи надад урьдчилгаа 500.000 төгрөг хийчих, би энэ 7 хоногт жолооны үнэмлэх гаргаж өгөх гээд байна гэж хэлэхээр нь дансны дугаарыг нь авахад “ХААН” банкны *** дугаартай И.Г- гэх нэртэй дансыг явуулахаар нь тухайн данс руу өөрийн “ХААН” банкнаас шилжүүлсэн. Гэтэл “ **” хаягаас чам дээр би яваад очъё, чи итгэхгүй бол баримт бичиг аваад үлд гээд чат бичиж байгаад үдээс хойш ирээд иргэний үнэмлэхээ өгөхөд Ч-н Г- гэсэн нэртэй байсан. Тэр залуу би иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх хоёрыг үлдээе чи надад 1.150.000 төгрөг өгчих би дараа 7 хоногт жолооны үнэмлэх авчирч өгөхдөө иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхээ авъя гэж хэлэхээр нь *** данс руу 1.150.000 төгрөг шилжүүлсэн. 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр над руу *** дугаараас залгаад чиний жолооны үнэмлэхийг гаргах гэсэн чинь эрүүл мэндийн шинжилгээний хуудас авах 350.000 төгрөг дутаад байна, тэр мөнгийг хийчих юм бол гаргаад өгнө гэж хэлээд тухайн өгсөн дансаа өгөөд надаас 350.000 төгрөг авсан. Тэрнээс хойш янз бүрийн зүйл ярьж байгаад надад иргэний үнэмлэх хэрэгтэй байна, иргэний үнэмлэхээ авъя гэж хэлээд ирж аваад тэрнээс хойш уулзаагүй, би үнэмлэх гарч байна уу гэж асуухаар удахгүй гарна гэж хэлээд 1 жил болж байна. 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр И.Г-ийн эхнэртэй фейсбүүк хаягаар чатлахад манай нөхөр Өмнөговь аймагт ажилтай яваа би чамд 500.000 төгрөг данс руу чинь хийчихье, үлдэгдлийг энэ 7 хоногтоо багтаагаад өгнө гэж хэлээд 500.000 төгрөг хийсэн байсан. Би И.Г- гэх хүний данс руу 3 удаагийн гүйлгээгээр 2.000.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9, 75 дахь тал/, 

 

Дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 52-57 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд И.Г-ийн яллагдагчаар өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Хүннү-*** худалдааны төвийн гадаа М-н машин дотор байхдаа 1.150.000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан. Дараагийн мөнгийг би Сүхбаатар дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа М-тай холбогдоод 500.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлж аваад харин 2024 оны 11 дүгээр сарын 8-ний өдөр 350.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 12 хороо, *** 7 дугаар гудамж *** тоотод байхдаа дансаар авч байсан... Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 70- дахь тал/ болон хувийн байдалтай холбоотой түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 15 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 21 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч И.Г- “үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах”  гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.М-н мэдүүлэг, дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 52-57 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт залилах гэмт хэргийн үндсэн шинжийг “хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж тус тус тодорхойлжээ. 

 

“Залилах” гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын эд хөрөнгийг хуурч шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг ба бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, амлах, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах, цахим хэрэгсэл ашиглах зэрэг аргаар бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцогддог.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч И.Г- жолооны үнэмлэх гаргах эрх бүхий субъект биш атлаа хохирогч Н.М-д жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж худал хэлж 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс 8-ны өдөр хүртэл нийт 3 удаагийн гүйлгээгээр 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, уг мөнгийг өөрийн хувийн хэрэгцээндээ захиран зарцуулсан нь тогтоогдох ба үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилжээ.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

 

Иймд шүүгдэгч И.Г- өөрийн энэ үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж, ухамсарлаж мэдсэн боловч идэвхтэй үйлдлээр хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгч И.Г-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон байх тул шүүгдэгч И.Г-ийг “үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч И.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргав.

 

Шүүгдэгч И.Г- Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудаар шүүгдэгч И.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч И.Г-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, прокурорын санлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч И.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч И.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гурав. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж хуульчилжээ.

 

Хавтаст хэрэгт хохирогч Н.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...И.Г- 500.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 75 дахь тал/, “хохирол төлбөрөө бүрэн хүлээн авсан, гомдол саналгүй....” гэх тэмдэглэл /хх-ийн 90 дахь тал/ тус тус авагдсан байх тул шүүгдэгч  И.Г-ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Дөрөв. Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас шүүгдэгч И.Г- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Ч-н Г-ийг “үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч И.Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Г-т нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тзухай хуулийн арван найм дугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн  Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч И.Г- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ