| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 195/2025/0256/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/399 |
| Огноо | 2025-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Урангоо |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/399
2025 02 06 2025/ШЦТ/399
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,
улсын яллагч Б.Урангоо, шүүгдэгч Ш.Г, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ш.Г-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн, эрүүгийн 2410 00000 2037 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** аймгийн ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл *, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн **** дугаар хороо, Буянт Ухаа *****-ын ***** тоотод оршин суух, урьд:
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 470 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 452 дугаартай тогтоолоор дуусгавар болсон,
Г овогт Ш.Г/РД:**/,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Г нь 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Буянт-Ухаа **** тоотод согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Б-тай тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүнийг гараараа болон галын хайчаар нүүр, толгой, цээж, гар луу нь олон удаа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 818 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Ш.Г.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгийг дүгнэн үзэхэд шүүгдэгч Ш.Г, хохирогч Д.Б нар нь 2015 оноос гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарсан хамтран амьдрагчид байна.
2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 24-77/1 тоотод шүүгдэгч Ш.Г нь хохирогч Д.Б-тай гэр бүлийн хэрүүл, маргаан хийж, хумсаараа маажлаа гэж шүүгдэгч Ш.Г нь хохирогчийн толгой, нүүр тус газарт галын хайчаар олон удаа цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Д.Б-ын “...манай хамтран амьдрагч болох Ш.Г нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний орой архи уучхаад, намайг элдэв янзаар хэлээд байхаар нь миний уур хүрээд Ш.Г-ыг гэрээсээ буюу Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Буянт-Ухаа *** тоотоос хөөгөөд явуулсан. Тэгээд өглөө нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө 12 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гаднаас орж ирээд, пизда, янхан, гуйлгачин, хоноц минь гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд Ш.Г-ын хоёр хацар хэсгийг хумсаараа маажсан. Тэгтэл Ш.Г шууд галын хайч авч байгаад шууд миний зүүн хацар хэсэгт хоёр гараараа барьж байгаад нэг удаа хүчтэй цохиж авсан. Тэгээд миний хацраас цус гарч байхад Ш.Г нь нэг мөсөн алчихъя гээд дахин дахин миний толгойны зүүн шанаа орчим руу галын хайчаар 4-5 удаа цохиж, мөн миний зүүн гарын булчин хэсэгт бас цохиж зодсон. Мөн миний зүүн өвдөг хэсэгт хүчтэй 2 удаа цохиж авсан. Тэгтэл манай найз “Б” намайг салгах гээд дийлээгүй юм. Тэгээд хажуу айлын залууг дуудаж оруулж ирээд намайг салгасан. Тэгээгүй бол би алуулах байсан. ..би гэмтлийн эмнэлэгт дүүгээ дуудаж ороод 12 оёдол тавиулж цус нь тогтсон. ..Манай хамтран амьдрагч болох Ш.Г нь намайг галын хайчаар зүүн хацар луу, хоёр гараараа барьж байгаад хүчтэй цохиж, миний хацрыг хуулж хаясан байсан. Мөн миний толгой хэсэгт олон удаа цохиж зодсон. Мөн миний зүүн хөлийн өвдөг хэсэгт галын хайчаар 2 удаа цохиж гэмтээсэн. Намайг зодуулж байхад миний хажууд манай хөрш айлын эмэгтэй болох “Б” харж байсан ба салгах гээд дийлээгүй. Хажуу айлын эрэгтэй хүн би нэрийг нь сайн мэдэхгүй байна. Тэр залуу орж ирж салгасан. ..би сэтгэл санааны гүн хямралд ортлоо зодуулсан. Мөн манай хамтран амьдрагч намайг удаа дараа зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан. Мөн миний төрсөн ээжийг хүргэнтэйгээ унтдаг. Чи эцэгтээ хүчиндүүлсэн гэх зэргээр гутаан доромжилдог...” гэсэн мэдүүлэг /хх13-15/,
Гэрч Д.Б-ын “...би Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Буянт-Ухаа **** тоот хашаанд нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 20-ны орой 18 цаг өнгөрч байхад манай нөхөр хүүхдээ сургуулиас нь авахаар гэрээсээ гараад явсан хойгуур манай хамар хашаанд амьдардаг эхнэр нөхөр хоорондоо зодолдоод байх шиг сонсогдохоор нь би гэрт нь ороход Д.Б нөхөр Ш.Г нар хоорондоо зодолдсон шинжтэй байсан бөгөөд Д.Б-ын зүүн шанаанаас цус гарсан байдалтай байсан тул би юу болж байгаа юм гэж хэлээд дундаар нь орж салгасан. Гэтэл Ш.Г эхнэрээ зодох гээд дайраад байхаар нь би тусламж дуудах гээд гэрээс нь гарахад миний араас Ш.Г намайг дагаж гараад гэрээсээ зугтаагаад явсан. ..манай найз Д.Б-ын зүүн шанаанаас нь цус гарч байсан бөгөөд тухайн үед юу болсон талаар тодруулж асуухад Д.Б өөрөө хэлэхдээ нөхөр Ш.Г галын хайчаар цохиж шанаанд гэмтэл учруулчихлаа гэж хэлж байсан. Миний хувьд Ш.Г нь Д.Б-ын шанааг галын хайчаар цохиж гэмтээхийг нь хараагүй гэхдээ намайг гаднаас орж ирэхэд Ш.Г, Д.Б нараас өөр хүн байгаагүй болохоор түүний биед учирсан гэмтэл шархыг Ш.Г-аас өөр хүн учруулаагүй гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх17/, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх10/, хохирогчийн биед гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна.
3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 15335 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Д.Б-ын биед зүүн хацарт шарх, зулгаралт, зүүн бугалга, зүүн тохой, цээж, зүүн мөрөнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэжээ /хх23/,
4. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нь хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу “...хамтран амьдрагч...” нь тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгохоор заасан.
5. Шүүгдэгч Ш.Г-ын хохирогчийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед дээрх хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн шинж байдал, хохирогчийн мэдүүлэгт урьд өмнө нь бие махбодод халдаж байсан талаар дурдсан байх бөгөөд улсын яллагчаас гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
6. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ш.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
7. Хохирогч нэхэмжлэх зүйлгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтийг бичгээр гаргасан /хх69/ байх тул шүүгдэгч Ш.Г-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
8. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.
9. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээж байна, барилгын ажил авсан ажиллаж байгааг харгалзаж өгнө үү гэсэн бол түүний өмгөөлөгч дүгнэлтдээ “...шүүгдэгч нь гэм буруугаа хүлээж, ухаарч ойлгож байгаа, хувиараа хөдөлмөр эрхэлдэг байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү...” гэжээ.
10. Шүүгдэгч Ш.Г нь урьд санаа гэмт хэрэг үйлдэж байсан тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзлээ.
12. Шүүгдэгчийн хувиараа барилгын ажил эрхэлдэг, гэм буруугаа хүлээсэн, хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ бага /хх50/ зэрэгтэй байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь боломжтой гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Ш.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г-т 1000 нэгж буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүгдэгч нь 4 сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР