Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2017/00188

 

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2017/00188

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 05-03 тоотод оршин суух, ............ овогт Х.........ын Т /................./-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 05-03 тоотод оршин суух............. овогт Н /............................./-т холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ө, нэхэмжлэгч Х.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Э, хариуцагч Т.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х.Т нь Т.Нтай 2002 онд гэр бүл болсон. 2004 оны 01 дүгээр сарын 24-нд хүү Н.Өлзийбаяр, 2005.08.23-нд охин О, 2012.06.13-нд охин Унар төрсөн. Бидний амьдралын эхний жилүүдэд амьдрал хэвийн байсан. Т.Н бид хоёр хэдийгээр хоёулаа эзэмшсэн мэргэжилгүй ч олдсон ажлыг хийж орлого олж амьдралаа боломжийн хэрээр авч явдаг, үр хүүхдүүдээ хэр чадлаараа хангалуун байлгадаг байсан. 2015 оноос хойш Т.Нын зан төрөхөд эрс өөчлөлт орж байнга архи ууж гэртээ өгсөн тавьдаг, хүүхдүүдээ ямар ч шалтгаангүйгээр элдэв үгээр харааж зүхдэг, намайг мөн доромжилдог, зоддог болсон. Т.Нт зодуулснаас миний толгой байнга өвддөг, хүзүү хөшдөг, зүрх дэлсэж хэм алддаг, даралт хэвийн бус болсон. Хамгийн сүүлд 2016.11.20-нд ажил дээр согтуу ирж Чамайг шатаана гэж заналхийлж асаагуур асааж хөөж, зодсон. Тухайн үед миний дэргэд байсан хүмүүс салгасан. Одоо би эмчийн зөвлөгөөгөөр эмийн эмчилгээтэй байна. Т.Нын хүчирхийллийн улмаас хүүхдүүдийн сэтгэл санаа байнгын түгшүүртэй, айж эмээсэн байдалтай байх болсон. Т.Н бид хоёр 2015 оноос тусдаа амьдарч байгаа боловч үе үе согтуу ирж түгшээж байна. Өөрийгөө хүүхдүүдээ бодсон ч цаашид энэ хүнтэй хамт амьдрах ямар ч бололцоогүй болсон. Иймд Т.Н бидний гэрлэлтийг цуцалж, гурван хүүхдийн миний асрамжид үлдээж, Т.Наас гурван хүүхдийн тэтгэлгийг зохих журмын дагуу гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Т.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Н миний бие эхнэр Х.Тын гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Бид хоёр 2002 онд гэр бүл болсон бөгөөд гурван хүүхэдтэй. 2015 оноос хойш хувийн таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдарч байгаа. Би гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй. Мөн хүүхдийн тэтгэлэг төлөх болно. Гэхдээ би өөрөө тогтсон эрхэлсэн ажил төрөлгүй, байнгын орлогогүй байгаа тул сар бүр хүүхдийн тэтгэлэгт өндөр тэтгэлэг төлөх үнэхээр боломж бололцоо байхгүй. Иймд хүүхдийн тэтгэлгийн талаар нэхэмжлэгч Х.Ттай харилцан тохиролцож, аль болох хамгийн багаар тогтоолгох хүсэлттэй байна. Бид хоёрт тодорхой эд хөрөнгө гээд байх зүйл ч байхгүй. Айл болоход байсан ганц гэр л байсан. Би гэрээ гурван хүүхэддээ өгнө гэж бодож байгаа болохоор ямар нэгэн эд хөрөнгийн талаар маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлгийг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Т нь хариуцагч Т.Нд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид нь 2002 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэр бүл болж, 2005 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн №0007668/154-т бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2004 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүү Ө төрсөн болох нь 2004 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №87 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2005 оны 08 дугаар сарын 23-ны өдөр охин О төрсөн болох нь 2005 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №010445/438 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдөр охин Утөрсөн болох нь 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №0000793076 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Учир нь нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2015 оноос тус тусдаа амьдарч байгаа болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Гэрлэгчдийн дундаас төрсөн хүү Ө, охин О нарын санал, хүүхдүүдэд тавих эхийн халамж анхаарал, охин Унь бага насны бөгөөд тэдний ээнэгшин дассан орчинг өөрчлөх шаардлагагүй зэрэг байдлыг харгалзан 2004 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн Ө, 2005 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин О, 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Унарыг эх Х.Тын асрамжид үлдээж, эцэг Т.Наас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Ө, охин О, Унарыг эх Х.Тын асрамжинд үлдээсэн нь эцэг Т.Нын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Х.Т нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлд төлбөл зохих 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Т.Наас 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2004 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн Ө 14 нас 1 сар, 2005 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин О 11 нас 5 сар хүрч байгаа Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 167.200 төгрөгийг хүүхэд тус бүрт, 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин У4 нас 7 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 167.200 төгрөгийн 50 хувь болох 83.600 төгрөгийг, нийт 418.000 төгрөгийг сар бүр хариуцагч эцэг Т.Н төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Ө, О, Унарт сар бүр төлөх тэтгэлэг 418.000 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 5.016.000 төгрөг болох тул түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 95.206 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ........... овогт Х..................ын Т /............../, ................ овогт Т.................ийн Н /........................./ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2004 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү Ө, 2005 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин О, 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Унарыг эх Х.Тын асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Н.Уранчимэгийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцвал 18 настай болтол/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2004 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү Ө, 2005 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин О 11-16 нас /суралцвал 18 настай болтол/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.Наас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Т.Нт, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Х.Тд тус тус даалгасугай.

5. Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Х.Т нь улсын тэмдэгтийн төлөхөөс чөлөөлөгдсөн, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг тус тус дурдаж, хариуцагч Т.Наас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар 95.206 төгрөг, нийт 165.406 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Хуланд даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БЯМБАСҮРЭН