Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2021/0783/3 |
Дугаар | 128/ШШ2022/0803 |
Огноо | 2022-11-01 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 128/ШШ2022/0803
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш.Ч***, Ш.У***, Т.У*** нар,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба,
Гуравдагч этгээд: Б.Н***,
Маргааны төрөл: Нэхэмжлэгч нарт газар эзэмших эрхийн гэрчилгээг бичиж өгөхгүй байгаа эс үйдэхүй хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.У,*** нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я**, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ү**, Г.З** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Амин-Од нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэл гаргагч Ш.Ч***, Ш.У***, Т.У*** нараас Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “Нэхэмжлэгч иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бичиж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээг бичиж олгохыг даалгах тухай” нэхэмжлэл гаргасан.
2.Нэхэмжлэгч нарт Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/324, А/325 дугаар захирамжуудаар тус дүүргийн 19 дүгээр хороо, Б*******т 503, 700 м2 газруудыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 0339 дүгээр магадлалыг үндэслэн зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
3.Нэхэмжлэгч нараас 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ЭУБ-01 маягтаар, 2019 оны 08 дугаар сарын 15, 2021 оны 04 дүгээр сарын 03, 05-ны өдрүүдэд гараар бичсэн өргөдлийг Сүхбаатар дүүргийн газрын албанд гаргажээ.
4.Нэхэмжлэгч нараас “гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхгүй хууль бус” гэж, хариуцагчаас “нэгж талбар болгон орц, гарцтай байх ёстой, гуравдагч этгээдийн эрх хөндөгдөж болзошгүй” гэж, гуравдагч этгээдээс “захирамж хууль бус, хээрийн болон суурин судалгаа хийгээгүй” гэж тус тус маргажээ.
5.Нэхэмжлэл гаргагч Ш.Ч***, Ш.У***, Т.У*** нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1/“Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/324, А/325 дугаар захирамжаар тус тус, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 06 дугаар сарын 19-ний өдрийн 221/MA2019/0339 дугаар шийдвэр, магадлалыг үндэслэн Ч.У*** нарт СБД-ийн 19-р хороо, Б******* дахь зуслангийн зориулалттай гэр бүлийн хэрэгцээний 700 кв.м, харин Ш.У***д 500 кв.м газар болгон багасгаж хэмжээг өөрчилж, тус тус эзэмшдэг газрынх нь гэрчилгээний хугацааг нь сунгаж шийдвэрлээд, захирамжийн 3 дугаар заалтаар, гэрчилгээний хугацаа нь сунгагдсан иргэн, аж ахуйн нэгжид гэрчилгээ олгохыг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгасан байдаг. Эдгээр иргэд өмнө нь, 2012-2017 онд хүчинтэй байсан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа нь дууссанаар, сунгахгүй байсан Газрын албатай захиргааны хэргийн шүүхээр маргалдаж, сунгахгүй байгаа нь үндэслэлгүй тул газар эзэмших эрхийг дээрх шийдвэр магадлалаар сунгахаар шийдэгдэж нэгэнт дуусгавар болсон, Засаг даргын захирамж гарчихаад байгаа. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалд дурдсанаар, Б.Н*** /миний газартай залгаа Ш.У***ы газар дээр үл хөдлөх хөрөнгөтэй боловч газар эзэмших эрх олж аваагүй иргэн/ өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа газрыг эзэмших хүсэлтээ гаргаж байгаагүй, эзэмшихээр хүсэл зоригоо илэрхийлж байгаагүй, хүсэж байгаагүй, тиймээс хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн болох нь тогтоогдсон.
2/Гэтэл ямар нэг газар эзэмших эрхгүй атлаа, 3 иргэний зөвшөөрөлгүйгээр, байшин луугаа автомашинаар болон явганаар дураараа, орж гарахдаа, зохисгүйгээр з газрын тэг дундуур нь дураараа туучиж, бусдын газрыг хэрэглэж байгаа тул, мөн Газрын алба энэ байдлыг гааруулж, дэвэргэж, орц гарцыг хуулийн дагуу шийдэж өгөхгүй, захирамж гарчихаад байхад гэрчилгээ бичихээс хууль бусаар татгалзаж өдий хүрсэн. Хэдийгээр газар эзэмших хууль ёсны эрх Б.Н***д байхгүй байгаа ч, тусгай зөвшөөрөл бүхий кадастрын компаниар Б.Н***ийн байшин луугаа орж гарах гарцыг нь зуруулсан. Энэ зургаар, Т.У***ийн захирамж бүхий газар Б.Н**д орц гарцны журмаар ашиглагдах огт шаардлагагүй, харин Ч** ба У** нарын захирамж бүхий газар ч 673, 503 кв.м болж, бодитоор ашиглагдах хэмжээ нь багасахаар юм байна. Хэрэв одоо байгаагаар нь оруулж гаргаж байна гэвэл, Б.Н*** нь У-ийн ба Ч, У*** гээд гурвын гурван хүний хууль ёсны эзэмших эрх бүхий газрын тэхий дундуур нь туучиж, тэднийг газраа ашиглах ямар ч боломжгүй болгож байгаа юм.
№ | Өргөдөл гаргагчийн нэр, регистр | Захирамжийн дугаар, огноо, шүүхийн шийдвэрийн дугаар | Нэгж талбарын дугаар | Өмнөх шийдвэр | Хэмжээ тайлбар |
1 | Ш овогтой Ч*** | 2019-08-12 А/324 | 18******* | 2012-06-15 216 | 700 м.кв |
№ | Өргөдөл гаргагчийн нэр, регистр | Захирамжийн дугаар, огноо, шүүхийн шийдвэрийн дугаар | Нэгж талбарын дугаар | Өмнөх шийдвэр | Хэмжээ тайлбар |
1 | Ш овогтой У*** | 2019-08-12 А/325 | 18643330136636 | 2012-06-15 5-216 Анх 700 м.кв | 503 м.кв газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, хэлбэр өөрчлөгдөж багассан. |
№ | Өргөдөл гаргагчийн нэр, регистр | Захирамжийн дугаар, огноо, шүүхийн шийдвэрийн дугаар | Нэгж талбарын дугаар | Өмнөх шийдвэр | Хэмжээ тайлбар |
1. | Т овогтой У*** | 2019-08-12 А/324 | 18******* | 2012-06-15 216 | 700 м.кв |
3/2019 оны шүүхийн шийдвэр өдий хүртэл биелэгдэхгүй, би газрын эрхгүй хүнд газраа орц гарцны журмаар ашиглуулаад өөрөө хэрэглэж чадахгүй өдий хүрлээ. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны газар зохион байгуулагч н.М*** нь хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлэхгүй, очих тоолонд нь хууль ёсны газар эзэмших эрхгүй хүний талд шалтаг тоочиж, шийдвэрлэж өгөхгүй, гэрчилгээг бичиж өгөхгүй байдаг юм байна.
4/2021 оны 5 сарын эхээр карантины дараа очиж албан ёсоор орц гарц гаргаж гэрчилгээг маань захирамжийн дагуу гаргаж өгнө үү гэж өргөдөл албан ёсоор өгсөн.
2021 оны 6-7 сард хэд хэдэн удаа очиход, эсхүл эзгүй, өөр хүн орлож байгаа, эсхүл өөрөө газар дээр нь очиж зохицуулж өгнө гэсэн хэрнээ ямар ч үйл ажиллагаа явуулахгүй, тэгсэн хэрнээ хамгийн сүүлд очиход мөн л ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй, ээлжийн амралттай гээд алга л байсан. Орлож байгаа хүнд нь хандахад, би хүний ажил хийхгүй, мэдэхгүй гээд халгаагаагүй. Ингээд эзэмшлийн газар дээрээ ямар нэг зүйл хийж чадаагүй хавар, зун өнгөрч эрх зөрчигдсөн хэвээр л байна. 2021 оны 8-р сарын 23-нд Дүүргийн засаг дарга болон Газрын албанд кадастрын зургийг яаралтай оруулж, гэрчилгээ олгохыг даалгуулахаар, тус тус гомдол гаргасан ч шийдэж өгөхгүй байгаа тул шүүхэд хандахад хүрч байна” гэжээ.
Нэхэмжлэгч Т.У*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд би хэд хоногийн өмнө хүсэлт, кадастрын зургийн хамт гаргаж өгсөн байгаа. Тухайн зураг дээр Ш.Ч***, Т.У*** нарын хашааны хашааны ёроолоор зам гаргах кадастрын зураг гаргаж өгсөн. 700 м.кв хасаад зам явах газрыг гаргаж өгсөн. Би энэ зургийг газар зохион байгуулагч н.М***-д үзүүлэхэд урдаас чулуудаад, та нар хоорондоо зохицох ёстой гэж хэлж байсан” гэв.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны хэргийн шүүх хоёр шатаар тухайн хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар маргаан бүхий хоёр захирамж гарсан байдаг. Тухайн захирамжууд нь гарахдаа Ш.У***ы хувьд газар эзэмших талбайн хэмжээ, хэлбэрийг өөрчилж гарсан. Өмнөх газар нь 700 м.кв газар байсан. Захирамж гарахдаа гуравдагч этгээдийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг байрлаж байгаа 200 м.кв газрыг хасаад 500 м.кв болгож, багасгаж гарсан. Сүхбаатар дүүргийн газрын албанд гэрчилгээ гаргуулах талаар хандахад цар тахлын үетэй холбоотойгоор сунжирсан, хөл хорио суларснаас хойш газар зохион байгуулагчтайгаа байнга очиж уулздаг байсан. Уулзахаар наад газар дээгүүр чинь үл хөдлөх хөрөнгө рүүгээ гуравдагч этгээд гарах боломжгүй байх тул үүнийг шийдвэрлэж байж, гэрчилгээгээ бичиж өгнө гэж хэлдэг. Тухайн ярьж буй зүйл нь үндэслэлтэй эсэх талаар харахаар Газрын тухай хуульд иргэд хоорондын харилцан хил залгаа, хөрш, үл хөдлөх хөрөнгө эзэмшигч нарын хоорондын орц, гарц нь хаагуур нь явах зүйтэй эсэх талаарх маргаан бол Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш өөрөөр хэлбэл газрын алба үүнийг шийдвэрлэх шаардлагагүй. Иргэний хэргийн шүүх шийдвэрлэнэ гэж хуульчилсан байдаг. Гуравдагч этгээдтэй зөвшилдөх гэж бид нэлээн удаан хичээсэн боловч бидэнд худлаа ярьж, ярилцах боломжийг олгож байгаагүй. Нэхэмжлэгч нар авто машинаар чөлөөтэй үл хөдлөх хөрөнгө рүү орох, гарах гарцыг нээсэн зургаа удаа дараа зуруулаад гаргаж өгсөн байдаг. Гуравдагч этгээдэд газрын эрх байхгүй, үл хөдлөх хөрөнгө өмчилдөг. Бид үл хөдлөх хөрөнгө рүү орж, гарах гарцыг нээж өгөх үүрэгтэй гэдгээ ойлгоод кадастрын албаар хүртэл зуруулаад өгсөн. Иймд нэхэмжлэгч нарын гэрээ, гэрчилгээг байгуулж, санд оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М*** шүүхэд бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
1/Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2019/0339 дүгээр магадлалыг биелүүлэн иргэн Ш.Ч***, Т.У*** нарын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг дүүргийн Засаг даргын 2019 оны А/324 дүгээр захирамжаар сунгаж шийдвэрлэсэн.
2/Мөн иргэн Ш.У***ы газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, хэлбэрийг өөрчилж дүүргийн Засаг даргын 2019 оны А/325 дугаар захирамжаар шийдвэрлэсэн.
Иймд шүүхийн шийдвэр биелэгдсэн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ү*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би талуудыг эвлэрэх боломжтой гэж үзээд газар дээр нь очиж үзсэн. Гуравдагч этгээдэд байшингийн сууриар нь гарц гаргах боломж байгаа. Тийм байх боловч гуравдагч этгээдээс эвлэрэх боломжгүй гэдэг тайлбарыг өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг гуравлагчаас хүлээн зөвшөөрөхгүй байх тул манай зүгээс эвлэрэх, хүлээн зөвшөөрөх боломжгүй болж байгаа юм. Гуравдагч этгээдийн байшингийн суурь хэсгийг үлдээгээд нэхэмжлэгч нар хашааны үзүүрээр үнэхээр орц, гарцаа гаргаад аль аль талаараа орж гарах боломжтой болгоод зургаа манай дээр ирүүлбэл манайхаас гэрчилгээ бичихэд татгалзах зүйлгүй гэж бодож байна. Гуравдагч этгээд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй учраас эрх ашиг сонирхлыг зөрчих байх гэж бодоод гэрчилгээ бичиж чадахгүй байна” гэв.
7/Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:
1/Газар зохион байгуулалтын албан нь Газрын тухай хуульд заасны дагуу орц, гарцыг шийдвэрлэх ёстой. Дүүргийн Засаг даргын захирамж нь хууль зөрчиж гаргасан. Учир нь Газрын тухай хуульд заасны дагуу хээрийн болон суурин судалгааг хийж үүний үндсэн дээр шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой.
Харин Газар зохион байгуулалтын алба нь Засаг даргынхаа хууль зөрчиж гаргасан захирамжийг анзаарч газар эзэмших гэрчилгээг нь бичиж өгөөгүй нь хууль зүйн үндэслэлтэй байна.
2/Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжийн огноог харвал давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарч давж заалдах шатны шүүх рүү гомдол гаргах хүртэлх хугацаанд гаргасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд очоогүй байхад яарч гарсан хууль бус эрх хэмжээгээ хэтрүүлж Газрын тухай хуулийг зөрчсөн байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийн оролцогч нарын ирцийн талаар:
1.1.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***, түүний өмгөөлөгч Ж.Б*** нарт шүүх хуралдааны товыг тэдгээрийн 91*******, 86******* дугаар утсаар мэдэгдсэн бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*** хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, түүний өмгөөлөгч Ж.Б*** шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаанаа дурьдсан холбогдох баримтыг хавсаргаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 91 дүгээр зүйлийн 91.4-д “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасны дагуу тэдгээрийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
1.2.Нэхэмжлэгч нараас Сүхбаатар дүүргийн Засаг дарга, тус дүүргийн газрын албан тус тус холбогдуулж нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 7840 дүгээр захирамжаар дүүргийн Газар зохион байгуулалтын албан холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, дүүргийн Засаг даргад холбогдох хэсэгт бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож шийдвэрлэсэн.
1.3.Уг шүүхийн тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангуулж ирээгүй тул түүнд холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй болно.
1.4.Харин Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/1911 тоот албан бичгээр П.Б***, 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1/1307 тоот албан бичгээр Г.З*** нарыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж ирүүлсэн хэдий ч тэдгээрт нэхэмжлэлийн хувь гардуулаагүй, хариу тайлбар аваагүй, шүүх хуралдаан нээлттэй явагдсан учир тэдгээрийг оролцуулсан болно.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:
2.1.Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2.2.Нэхэмжлэгч нарт Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/324, А/325 дугаар захирамжуудаар тус дүүргийн 19 дүгээр хороо, Б*******т 503, 700 м2 газруудыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 0339 дүгээр магадлалыг үндэслэн зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
2.3.Улмаар нэхэмжлэгч нараас 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ЭУБ-01 маягтаар, 2019 оны 08 дугаар сарын 15, 2021 оны 04 дүгээр сарын 03, 05-ны өдрүүдэд гараар бичсэн өргөдлийг Сүхбаатар дүүргийн газрын албанд гаргажээ.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 23 дугаар зүйлийн 23.4-д “Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна”, гээд 23.4.2-т “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэж тус тус заажээ.
2.3.Нэхэмжлэгч нараас “гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхгүй хууль бус” гэж, хариуцагчаас “нэгж талбар болгон орц, гарцтай байх ёстой, гуравдагч этгээдийн эрх хөндөгдөж болзошгүй” гэж, гуравдагч этгээдээс “захирамж хууль бус, хээрийн болон суурин судалгаа хийгээгүй” гэж тус тус маргажээ.
2.4.Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас маргаан бүхий газартай холбоотой удаа дараа маргасан бөгөөд хамгийн сүүлд тус шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18 өдрийн 181 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 0339 дүгээр магадлалаар зарим нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ш.Ч***, Т.У,*** С.Г*** нарын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Ш.Ч***, Т.У***, С.Г*** нарын нарын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч Ш.У***, “У**” ХХК-ийн нарын гэрчилгээний хугацаа сунгах асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгасугай гэж өөрчилжээ.
2.5.Уг магадлалыг биелүүлж Сүхбаатар дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан байхад хариуцагчаас “гуравдагч этгээдийн эрх хөндөгдөж болзошгүй, орц гарцны асуудал үүсгэнэ” гэх үндэслэлээр гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхгүй хууль бус байна.
2.6.Учир нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана”, 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасан бөгөөд дүүргийн Засаг даргаас өөрт олгосон эрх хэмжээний хүрээнд захирамж гаргасан, гэрээ, гэрчилгээ олгохыг хуулиар тухайлан хориглоогүй байхад дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нартай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа нь үндэслэлгүй
2.7.Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд болон бусад иргэн, хуулийн этгээд нь өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн, эсхүл хөндөгдөж болзошгүй гэж үзвэл нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/324, А/325 дугаар захирамжуудтай маргах эрх нь нээлттэй бөгөөд уг асуудлаар маргаагүй /шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, дээд шатны албан тушаалтанд хандаагүй/ байхад хариуцагчаас дээрх үндэслэлээр гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхгүй хууль бус.
Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 23 дугаар зүйлийн 23.4.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Ч***, Ш.У***, Т.У*** нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч нарт газар эзэмших эрхийн гэрчилгээг бичиж өгөхгүй байгаа эс үйдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрчилгээг бичиж өгөхийг хариуцагчид даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ