Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 280

 

С

                         

 

 

 

 

 

 

 

 

       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга Н.Номинчимэг улсын яллагч С.Цэрэндорж, шүүгдэгч А.Буянбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Буянбаатарт холбогдох эрүүгийн 2016 2501 0725 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын харьяат, 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Аварга дээд сургуулийн 3а ангид сурдаг оюутан гэх, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Архангай аймгийн Өгөөмөр баг, Хайрхан багт бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 203 дугаар байрны 1-3 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогтой Амгаланбаатарын Буянбаатар /РД: АК96103117/.

 

Холбогдсон хэргийн талаар:

          Яллагдагч А.Буянбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 1 дүгээр сарын 28-ны орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Скай таун хотхоны 89 дүгээр байрны зүүн талд иргэн Ганхуягийг гэртээ харихаар явж байхад нь ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн түүний зодож доод эрүүний 3, 4-р шүд суларсан, доод уруулын няцарсан шарх тархи доргилт гэмтэл буюу хөнгөн гэмтлийг учруулж догшин авирлаж, танхайрах гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Буянбаатар мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт нэмж хэлэх зүйл байхгүй. Мэдүүлэг өгөхгүй гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

          Мөрдөн байцаалтад гэрч Б.Эрдэнэбаатарын өгсөн: “...Буянбаатар манайхаас гараад явахаар нь би араас нь гарсан чинь булан тойрох үед өмнөөс нь гарч ирсэн хүнийг цохиод унагасан. Хэд цохисоныг нь би мэдэхгүй байна, нэг л цохисон байх, ...би араас нь тэвэрч аваад “чи чинь балай юм уу яагаад зүгээр явж байгаа хүн цохиж байгаа юм бэ” гээд цааш аваад явсан...” /хх15-16/ гэх мэдүүлэг,

          Мөрдөн байцаалтад гэрч Б.Батхүүгийн өгсөн: “...Би он сараар нь гэхээр санахгүй байна. Хэрэг гардаг өдрийг бол санаж байна. ...Тэгээд мөнгөө нийлүүлээд 2,5 литр савлагаатай 3 ширхэг пиво аваад хуваагаад ууцгаасан. Толгой өвдөөд байхаар нь би унтаад өгсөн. Маргааш өглөө нь сэрсэн чинь Эрдэнэбаатар “...хүн амьтан орж ирсэн, хаалга нүдсэн гэж ярьж байсан. Буянбаатар нь намайг өглөө сэрэхэд байхгүй байсан...” /хх17/ гэх мэдүүлэг,

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2199 дугаар:

   1. Ж.Ганхуягийн биед доод эрүүний 3, 4-р шүд суларсан, доод уруулын няцарсан шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо,

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

           4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх22/ гэх дүгнэлт,

          Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх32/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх33-41/, хохирогч Ж.Ганхуягийн гомдол саналгүй гэсэн тодорхойлолт болон хохирол төлсөн баримт зэрэг болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас А.Буянбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 1 дүгээр сарын 28-ны орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Скай таун хотхоны 89 дүгээр байрны зүүн талд иргэн Ганхуягийг гэртээ харихаар явж байхад нь ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн түүнийг зодож доод эрүүний 3, 4-р шүд суларсан, доод уруулын няцарсан шарх тархи доргилт гэмтэл буюу хөнгөн гэмтлийг учруулж догшин авирлаж, танхайрах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч А.Буянбаатарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ж.Ганхуяг хохирол төлбөр бүрэн барагдсан, гомдол санал байхгүй болно гэх мэдүүлэг, баримтаар шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч А.Буянбаатарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Харин хохирогч талын гомдол саналгүй гэсэн тайлбар болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлж түүнийг нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж шүүх шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч А.Буянбаатар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овгийн Амгаланбаатарын Буянбаатар нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар А.Буянбаатарыг 3 /гурван/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар А.Буянбаатарт оногдуулсан 3 /гурван/ жил 6 /зургаа/ сарын хугацаатай хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.  Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн  61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5 дахь хэсэгт тус тус зааснаар А.Буянбаатарт оногдуулсан 3 /гурван/ жил 6 /зургаа/ сарын хугацаатай хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалган, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

 

5. А.Буянбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Буянбаатарын урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.АРИУНХИШИГ