2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/616

 

 

 

 

 

 

 

 

 

    2025         02           25                                    2025/ШЦТ/616

 

 

                              

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн хөтлөн,

улсын яллагч Г.Ариунзул,

шүүгдэгч  Ж.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Ж-н А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 1 дүгээр сарын  29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ний өдөр ** аймгийн ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, эх, дүү нарын хамт ** аймгийн Түнхэл тосгоны ** дугаар багийн *** тоотод оршин суух хаягтай, урьд *** аймгийн *** 2 дугаар шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Б овогт Ж-н А- /регистрийн дугаар ***/.

 

           Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.А- нь 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны гадна байрлуулсан байсан Ё.О-н эзэмшлийн “Тоёота Акуа” маркийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдын эзэмшил, өмчлөлийн тээврийн хэрэгсэл гэдгийг мэдсээр байж завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.А-ын өгсөн “...Би мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...”  гэх мэдүүлэг, 

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 72 дахь тал/,

 

Хохирогч Ё.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 3 дугаар сард *** улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота Акуа” маркийн тээврийн хэрэгслийг урьдчилгаа 6.000.000 төгрөг өгч “***” ББСБ-н нэр дээр зээл авч худалдан аваад сар болгон төлбөр мөнгийг нь төлөөд унаж хэрэглэж байгаад 2024 оны 6 дугаар сард эхнэр Ц, хүү Н нартай утсаар яриад Улаанбаатар хот оруулаад үзлэгт оруулаад аваад ир гэж хэлсэн чинь манай эхнэр, хүү хоёр хамт яваад Улаанбаатар хотод үзлэгт оруулаагүй байж байгаад эхнэр буцаад вагоноор  гэртээ ирсэн. Харин хүү машин авч үлдсэн ба хамт цэргийн алба хаасан гэх А- гэдэг залуутай уулзаад А-ын байдаг нийтийн байранд согтуу унтаж байсан чинь А- машин авч гараад согтуу унаж явж байгаад Зурагтын эцэст байх портер мөргөөд цааш яваад айлын хашаа руу ороод дээш хараад унасан байсан гэсэн, би тээврийн хэрэгслээ журмын хашаанаас авсан, хохирлын үнэлгээ 11.400.000 төгрөг болсон. Манай хүүг унтаж байх үед нь тэр А- гэж залуу нь хулгайлж унаж яваад хохирол учруулсанд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

 

Гэрч Т.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: “...Би 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр нутгийн хүүхэд, цуг цэргийн алба хааж байсан Ж.А- гэх залуутай гар утсаар холбоо бариад зурагтын хуучин эцэст байдаг нийтийн байранд очсон. Ж.А- байрандаа ганцаараа байсан. Бид хоёр тэднийд хамт сууж байгаад том 2.5 литрийн хэмжээтэй пиво хоёр савыг уугаад араас нь 0.5 литрийн архи ууж байгаад би унтаад өгсөн, тэгээд өглөө сэрээд машинаасаа хувцас авдаг юм уу гээд гарсан чинь А- би гараад аваад ирэх үү гэж хэлж гараад буцаж орж ирэхдээ машин чинь байхгүй байна гэж орж ирсэн. Тэгээд би Ж.А-ын *** дугаараас 102 дугаарт залгасан чинь машин чинь журмын хашаанд байна гэж хэлсэн. Тэгээд очсон чинь машин журмын хашаанд орсон байхаар нь Ж.А-тай уулзсан чинь Ж.А- намайг унтаж байх үед шортны урд халаасанд байсан машины түлхүүрийг аваад аавын эзэмшлийн цагаан өнгийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг хаашаа авч явж байсан юм мэдэхгүй, миний байсан газраас хойшоо чиглэлтэй явж байгаад унагаасан байсан, тэгээд надад хохирлыг чинь төлж өгнө гэж хэлээд өнөөдрийг хүртэлх хугацаанд байхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

 

Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Хувьсгалчдын *** тоотод ажлаа хийгээд гэртээ сууж байсан чинь шөнө 2 цагийн үед чанга чимээ гарахаар нь гэрээсээ гараад харсан чинь манай зүүн талд байдаг хашааг нэг цагаан өнгийн машин мөргөсөн дээшээ хараад унасан байсан ба машин дотроос нь 20 гаруй насны өндөр бор залуу ганцаараа гараад ирэхээр нь би зүгээр үү гэсэн чинь юүдэнтэй малгайтай доошоо харж байгаад шууд зугтаад урд зүг рүү гүйгээд яваад өгсөн. Тэр залуу нилээн согтуу байх шиг гуйваад байсан, архи бас үнэртэж байсан, тухайн машин дээшээ хараад унасан байсан, тос масло нь гоожсон их гэмтэлтэй харагдаж байсан, машинаас авах юм байхгүй болсон байсан байх...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,

 

“Сүлд үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын “...нийт зардал 11.385.000 төгргөг...” гэх үнэлгээ /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

 

Автозамаар бусаар бусад төрлийн ачаа бараа тээвэрлэх үйлчилгээний баримт /хавтаст хэргийн 37 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.А-ын яллагдагчаар өгсөн: “...тухайн өдөр найз Т.Н уулзах уу гэж хэлэхээр нь би гэртээ ганцаараа байна гэхэд Т.Наранжаргал би аавын машинтай гадуур явж байна, орой яваад очъё гэж хэлсэн. 20 цагийн үед Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг нийтийн байрандаа ирээд байж байсан чинь Т.Н над руу залгаад манайд орж ирээд бид хоёр хоолны материал авахаар дэлгүүр орсон. Тэгээд хоол хүнс бас 2 ширхэг 2.5 литрийн пиво авч гэртээ орж хоол хийж идээд пиво уусан. Бид хоёр хамт дэлгүүр ороод 1 шил архи аваад гэр рүү орох гэж байсан чинь Т.Н машинд сууж ууя гэж хэлэхээр нь машинд нь сууж уусан. Цааш хэлж мэдэхгүй байна, би дэлгүүр орох гэж л  машиныг нь унаж явсан байх...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76-77 дахь тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 дахь тал/, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэгийн 47 дахь тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.А- нь 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны гадна байрлуулсан байсан Ё.О-н эзэмшлийн “Тоёота Акуа” маркийн **-** УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдын эзэмшил, өмчлөлийн тээврийн хэрэгсэл гэдгийг мэдсээр байж завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1-д “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заажээ.

 

“Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэж автотээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нэг газраас нөгөө газарт хөдөлгүүрийг асаах болон өөр тээврийн хэрэгслээр тээвэрлэх, чирэх байдлаар авч явсныг ойлгоно.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Ж.А- 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны гадна байрлуулсан байсан Ё.Одонпүрэвийн эзэмшлийн “Тоёота Акуа” маркийн 78-96 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдын эзэмшил, өмчлөлийн тээврийн хэрэгсэл гэдгийг мэдсээр байж завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явжээ.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч Ж.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” санал, дүгнэлт гаргав.

 

Шүүгдэгч Ж.А- Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч Ж.А- өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Иймд шүүгдэгч Ж.А-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон байх тул шүүгдэгч Ж.А-ыг “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.А-т Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ж.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Ж.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Гурав. Хохирол хор уршгийн талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхойлж хуульчилсан.

 

Хэрэгт “Сүлд үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын “..нийт зардал 11.385.000 төгргөг...” гэх үнэлгээ /хавтаст хэргийн 39-40 дэх тал/, Автозамаар бусаар бусад төрлийн ачаа бараа тээвэрлэх үйлчилгээний баримт /хавтаст хэргийн 37 дахь тал/ тус  тус авагдсан байх тул шүүгдэгч Ж.А-аас нийт 11.585.000 /арван нэгэн сая таван зуун наян таван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ё.О-т  олгох нь зүйтэй байна.

 

Дөрөв: Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Ж.А- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Ж-н А-ыг Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-ыг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-т оногдуулсан 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус зааснаар   шүүгдэгч Ж.А-аас нийт 11.585.000 /арван нэгэн сая таван зуун наян таван мянга/  төгрөгийг гаргуулж, хохирогч Ё.О-т олгосугай.

 

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Ж.А- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ