Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2018/01453

 

 

 

 

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2018/01453

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Ганболд, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Х нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш.А холбогдох,

Хохирол 3,833,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувдаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Х нь 2018 оны 01 дүгээр сарын 07-нд Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг Мандал сум явах замд 52-ын даваа өгсөж явахад Ш.А нь ....... улсын дугаартай приус 20 маркийн авто машинтай урсгал сөрж орж ирэн Г.Х миний унаж явсан ...... улсын дугаартай приус 20 маркийн авто машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан. Осол болсны дараа өөрийн машинд сууж явсан эхнэр, охин, хадам ээж, дүү хадам ах нарыг замын машинд суулгаж эмнэлэг явуулсан. Машины гол эд ангийн хувьд эвдрэлтэй басан, дахин засвар авахад боломжгүй талаар засварын газрын ажилтан тогтоосон. Зам тээврийн осолд хэн буруутай талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Миний хувьд одоогоор авто машины хохиролд 2,903,000 төгрөг, мөн эмчилгээний зардал 930,500 төгрөг болсон. Ийм гэм буруутай этгээд болох Ш.Агаас гэм хорын хохирол 3,833,500 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ш.А шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Ш.А миний хувьд зам тээврийн дүрэм зөрчсөн хэрэгт холбогдсон ба тус зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд миний бие хуульд заасан журмын дагуу оролцож чадаагүй ба тус ослын хэргийн улмаас эрүүл мэндийн хувьд хэвийн бус болж эмчилгээ хийлгэж байх хугацаанд хэт нэг талыг барьж тус хэргийг шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны албан тушаалтанд гомдол гарган шийдүүлэх ба тухайн үеийн нөхцөл байдал, нотлох баримтуудыг буруугаар үнэлсэн үйл баримт болсон ба гомдол гаргах, эрхээ хамгаалах эрхээр маань зохих ёсоор хангаагүй учир уг гэм хорыг миний буруугаас болсон гэж шууд хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Мөн тус иргэний автомашины хохиролын үнэлгээгээр 2,903,000 төгрөгийн хохирол учирсан гэж гарсан атлаа нэхэмжилж байгаа дүн нь 1 сая гаруй төгрөгөөр илүү байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд тус иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Х, хариуцагч Ш.Ад холбогдуулан гэм хорын хохиролд 3,833,500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзжээ.

Зохигчийн шүүхэд болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн дүгнэлт зэрэг баримтаар 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 19:30 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Тавин хоёрын давааны замд хариуцагч Ш.А нь ..... улсын дугаартай приус 20 маркийн суудлын автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 дэх заалтыг зөрчсөний улмаас нэхэмжлэгч Г.Хы өмчлөлийн Тоёота приүс маркийн ...... улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргажээ. /хэргийн 32-33, 41-47 дахь тал/

            Нэхэмжлэгч өөрийн эрүүл мэндэд болон автомашинд учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэгч өөрийн автомашинд учирсан хохирлын үнэлгээг Ашид билгүүн ХХК-иар тогтоолгосон байх бөгөөд тус компанийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 2695 тоот хөрөнгийн үнэлгээний тайлангаар нэхэмжлэгчийн автомашинд 2,903,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна. /хэргийн 49-50 дахь тал/

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа зам тээврийн осол гарсантай холбогдох зөрчлийн хэргийг шийдвэрлэхэд оролцож чадаагүй, ослын улмаас эмчлүүлж байхад нэг талыг баримталж шийдсэн, энэ талаар дээд шатны албан тушаалтанд гомдол гаргаж шийдвэрлүүлнэ, уг хохирлыг өөрийн буруугаас болсон гэж зөвшөөрөхгүй тухай татгалзсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, энэ талаар үндэслэл бүхий хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хууль, дүрэм зөрчиж бусдын эд хөрөнгөд хууль бусаар хохирол учруулсан бол тухайн этгээд уг хохирлыг өөрөө хариуцан арилгах үүрэгтэй тул хариуцагч Ш.Агийн зам тээврийн осол гаргаж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсны хариуцлагыг өөрөө хүлээх тул нэхэмжлэгчид учирсан эрүүл мэндийн болон эд хөрөнгөд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч зам тээврийн ослын улмаас өөрийн болон охин Х.Хгийн биед учирсан хохирол, эрүүл мэндийн зардал, автомашинд учирсан хохирлыг мөнгөн дүгнээр тодорхойлж 3,833,500 төгрөг нэхэмжилжээ. Нэхэмжлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Гэмтэл согогын үндэсний төв үзүүлж, тус эмчийн жорын дагуу толгойн, хүзүүний компьютерт томографийн шинжилгээ хийлгэсэн, эм авсан, автомашиндаа учирсан хохирлыг хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн үнэлгээ, зохих баримтуудад үндэслэн хариуцагчаас дээрх хохирлыг гаргуулахаар шаардсаныг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг үндэслэн хариуцагч Ш.Агаас дээрх хохирлыг гаргуулах нь зүйтэй.

Хэргийн 4, 6,9-10, 13-14, 17, 19-28, 49 дэх талд авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хариуцагчийн нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учруулсан хохирол, автомашинд учруулсан хохирлыг тус тус тооцон хариуцагч Ш.Агаас 3,628,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Хд олгож, нэхэмжлэгч өөрийн охин Х.Хн эрүүл мэндэд учруулсан хохирлыг хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч энэ талаархи баримтаа бүрэн тодорхойлж шүүхэд гаргаагүй тул нэхэмжлэлээс 205,050 төгрөгийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн, мөн өдөр хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гаргуулж, эрх, үүргийг нь танилцуулж, 04 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаад зохигчид эрх, үүргийг нь шүүгч тайлбарлаж өгч, хариуцагчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг ханган шүүх хуралдааныг хойшлуулж, хурлыг 04 дүгээр сарын 27-ны өдрийн 10:00 цагт товложээ.

Хариуцагч шүүх хуралдаанд оролцсон, товд гарын үсэг зурж баталгаажуулсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т зааснаар товыг хүлээн авчээ.

2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 10:00 цагт товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулахыг хүсч эмнэлгийн магадлагааг шүүхэд ирүүлсэн нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны .... тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Эмнэлгийн магадлагаа гаргах нийтлэг журмын 3.3, 4.5-д нийцэхгүй байна.

Эмнэлгийн магадлагаанд магадлагаа бичсэн эмчийн нэр, хувийн тэмдэг зөрүүтэй, тус эмнэлгээс лавлагааны талаар тодуулахад М.Э гэж эмч байдаггүй, С.Ж гэх эмч  Ш.Аг үзэж, оношлоогүй гэх хариу өгсөн нь хариуцагч эмчид үзүүлж магадлагааг зохих ёсоор бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, эргэлзээтэй тул хариуцагчийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хянан хэлэлцэхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                          ТОГТООХ нь:

 

1.         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ш.Агаас 3,628,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Хд олгож, нэхэмжлэлээс 205,050 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,005 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ш.Агаас 70,684 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Хд олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй бол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ