| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 106/2024/0986/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/550 |
| Огноо | 2025-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ариунзул |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/550
2025 02 19 2025/ШЦТ/550
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн хөтлөн,
улсын яллагч Г.Ариунзул,
хохирогч Т.У-,
шүүгдэгч Г.Ө-, түүний өмгөөлөгч Э.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Г--н Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** аймагт төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Баянгол дүүргийн *** дугаар хорооны олон нийтийн байцаагч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ** дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хуагт Д-н гудамж ** байрны ** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Б овогт Г-н Ө- /РД:***/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Ө- 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” төвийн *** тоотод хохирогч Т.У-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ө-гийн өгсөн “...Би эхэлж энэ хүнд самардуулж нуруугаа уруулсан. Мөн би цагдаад дуудлага өгөөгүй. Би өөрийгөө хохирсон гэж бодоод явж байтал яллагдагч болсон. Энэ хүн эхлээд намайг өрөөндөө дуудаад гар утсаараа бичлэг хийсэн. Өмгөөлөгчийнхөө байдлыг ашиглаад намайг айлган сүрдүүлсэн. Би айсандаа болоод ээжийгээ дуудаж оруулж ирж, ээждээ тэр хүн бичлэг хийгээд байна гэж хэлсэн. Гэтэл хохирогч удаа дараа худал зүйл хэлж байна... Би “Х” ХХК-ийн 3 давхарт эрүүл хоололтын клуб ажиллуулдаг ба ээжтэйгээ хамт 308 тоот өрөөг худалдаж авахаар шийдсэн. Намайг “Х” ХХК-ний зүгээс Төрийн бус байгууллага байгуулаад тус төвөөс дулаан цахилгаан ашиглалтын зардлыг хурааж авах ажил хийх үү гэх санал тавьсан. Би тухайн үед шууд хүлээн зөвшөөрөөгүй, харин ажлынхаа хажуугаар хийгээд үзье гэж хэлээд тухайн ажлыг хийгээд 7 хонож байсан. Татвар төлөлтийн асуудал болон мөнгөө буцааж авахын тулд иргэний шүүхээр орохдоо Түмэнбаяр гэх түрээслэгч эзэнтэйгээ 65,000 төгрөг төлнө гэсэн гэрээ хийсэн байсан. 2022 онд 800,000 төлсөн байсан. Харин өөрөө ашиглалтын зардал 300,000 төгрөг өгсөн гэж хэлсэн. Би 3 билүү 4 сарын ашиглалтын зардлыг авъя гэж хохирогчид хэлэхэд “...Би чамайг шалгана. Чи яагаад надаас мөнгө нэхээд байгаа юм бэ...” гэж хэлсэн. Би өрөөнд нь цэнхэр өнгийн хавтасаа барьж орж ирээд та манай өрөөнд орж ирээд энэ бичиг баримтуудыг үзээрэй гэж хэлэхэд “...Чи манай өрөөнд орж ирлээ. Би наад мөнгийг чинь төлөхгүй...” гэж хэлсэн. Мөн хуурамч гарын үсэг зурсан асуудал гарч ирсэн. Би хуурамч гарын үсэгний талаар мэдэхгүй. Хохирогч Бадамханд гэх хүнтэй маргалдсан тул надад өс санасан гэж би бодож байна. Хохирогч цэнхэр хавтсыг авч шидээд бичлэг хийсэн би бас тэр үед бичлэг хийх гэж байхад “...чи миний өрөөнд бичлэг хийлээ...” гэж хэлэхэд нь бичлэг хийхээ больсон. Тэгээд би ээж дээрээ очоод энэ хүн аймар хүн байна, бичлэг хийгээд байна гэж хэлээд ээжийгээ дагуулаад очсон. Хохирогч намайг гар зайл гэж өрөөнөөсөө хөөсөн. Тухайн үед би цэнхэр хавтсаа барьсан байсан. Бичлэг дээр би хавтсаа бариад өрөөнөөс нь гарсан. Энэ бичлэг дээр би цэнхэр хавтсаа бариад салгалаад уйлж байгаа нь харагддаг. Миний нуруу их хорсож байсан учраас ээждээ миний нурууны зургийг дараад өгөөч гэж хэлэхэд миний нурууг хараад аймаар урчихсан байна гэж хэлсэн. Миний ээж их зөөлхөн дуутай хүн. Мөн би өмнө нь хэнд ч гар хүрч байгаагүй, хүнд гар хүрч чадахгүй төрлийн хүн. Миний ээж сандарсандаа зураг авах гэж байгаад андуураад бичлэг хийсэн байсан. Намайг өрөөндөө байхад гаднаас хоёр цагдаагийн албан хаагч орж ирээд “...Та яагаад хүн зодож байгаа юм бэ...” гэж хэлсэн. Би зодоогүй гэж хэлээд нуруугаа харуулахад та хоёр хоорондоо учраа олоорой гэж хэлсэн учраас би учраа олох гэж хавтсаа бариад өрөөнд нь орсон. Өрөөнд нь ороход намайг зайл гэж хэлээд өрөөнөөсөө хөөсөн. Би өрөөнөөс нь сандарсан байдалтай гарсан тул хохирогчийн гар гэмтсэн байсан эсэхийг хараагүй, анзаараагүй. Намайг дараа нь цагдаагийн газраас дуудсан. Би цагдаагийн газар очиход миний эсрэг гомдол гаргаад зөрчлийн хэрэг нээсэн байсан. Би цагдаагийн газарт би ямар ч буруугүй, харин миний нурууг самардсан гээд нуруугаа хоёр цагдаагийн албан хаагчид харуулсан тэгэхэд намайг зөрчлийн хэргээр шалгаж байгаа гэсэн хариу тайлбар хэлсэн. 6 хоногийн дараа би шүүх эмнэлэг дээр ирж самардуулсан нуруугаа харуулсан. Тухайн үед миний дотор муухай оргиж, толгой өвдөж байсан тул би толгойгоо бариулсан. Хэрэг болсны дараа хохирогч шууд эмнэлэгт хумсаа үзүүлсэн байсан. Энэ үйл баримтыг харахад хохирогч урьдчилж төлөвлөөд намайг өрөөндөө дуудаж бичлэг хийсэн байна гэж бодож байна. Би ямар ч өс хонзон агуулаагүй. Би зөвхөн ашиглалтын зардлаа нэхэмжилсэн. Би хүмүүсээс ашиглалтын зардлын төлбөрөө өгөөрэй гэж их гуйдаг байсан. Үүнээс болоод би их стресст орсон. Хохирогч яагаад намайг ийм байдалд хүргэсэн гэдгийг би ойлгохгүй байна. Би урьд нь хэрэг хийж байгаагүй. Хохирогчийн өрөөнд байхад би их айсан байсан. Харин намайг загнаж, гар утсаар бичлэг хийж, хэл амаар доромжилсон. Би тог, цахилгаан, дулааны төлбөрийг нэхсэний төлөө өнөөдөр шүүхийн танхимд зогсож байна. Надад сонин санагдаж байна. Би энэ хүний мууг үзэх гэж гомдол бичээгүй. Би цагдаад миний нуруу зулгарсан байхад яагаад над дээр зөрчлийн хэрэг үүсгэсэн юм бэ, эмнэлэгт үзүүлж болох уу гэж асуусан. 6 хоногийн дараа би шүүх эмнэлэг дээр ирээд нуруугаа үзүүлсэн. Надаа худлаа ярих шаардлага байхгүй. Би өөрийн хүүхдүүдээ зөвөөр хүмүүжүүлсэн. Миний хүүхдүүдийн багш, найз нар маань намайг ямар хүн гэдгийг мэдэж байгаа...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.У-ийн өгсөн: “...Шүүгдэгч Б гэх хүний тухай ярьж байна. Төлбөрийн чадваргүй гэж хэлээд надтай миний өмгөөллийн үйл ажиллагаа хийж байгаа 318 тоот өрөөг 5 жилийн хугацаатай үнэ төлбөргүй, ашиглалтын зардал төлөхгүй эзэмшиж ашиглуулж, 5 жилийн дараа өмчлөх эрхийг миний нэр дээр шилжүүлж өгнө гэх агуулгатай гэрээ байгуулсан. 2023 оны 8 дугаар сард Бадамханд гэх хүн 318 тоот өрөөг 60,000,000 төгрөгөөр зарах гэж байсан ба тухайн үед Бадамханд 98,000,000 төгрөгийн өрөнд орсон байсан. Би Бадамханд гэх хүний ажлыг хийж дуусгасан байсан. Үүнээс болоод бид хоёрын дунд маргаан үүссэн. Тухайн байгууллагын 3 давхарт 11 өрөө байдаг. Г.Ө-г 11 өрөөний өмчлөгч нараас санал ирж ажиллуулсан гэдэг нь үндэслэлгүй. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч “Чандмань эрдэнийн хур” ТББ-ыг байгуулахдаа миний гарын үсгийг ашигласан, хуралд ороогүй гэж мэдүүлэг өгсөн. Өмгөөлөгч миний мэргэжлийн үнэмлэхийг аваад канондож хавсаргасан баримтыг 9 дүгээр сарын 21-ний өдөр би анх харсан. Миний зүгээс Бадамхандад өс санаагүй. Бадамханд бид хоёрын маргаан тусдаа асуудал. Тухайн төрийн бус байгууллагад ажилладаг 3 гишүүн болох Г.Ө-, А-, Я- нар хүмүүсээс ашиглалтын зардал авдаг. А- гэх хүн Бадамхандын охин. Эдгээр хүмүүс нэгдмэл нэг санаа зорилготойгоор 318 тоот өрөөнөөс намайг гаргахын тулд ашиглалтын зардлын асуудлыг тавьж байсан. Би 9 дүгээр сарын 12-ны өдөр Г.Ө-д хүсэлт өгч байсан. 9 дүгээр сарын 1-ний өдөр ашиглалтын зардал өгөхгүй бол өрөөг лацдана гэсэн албан тоот ирсэн. Шүүгдэгчид миний өрөөг лацдах эрх байхгүй. Хэрвээ тухайн өрөөнөөс намайг гаргах гэвэл шүүхэд хандсан байх ёстой байсан. Би шүүгдэгчид ашиглалтын зардал өгөх ёсгүй. Манай өрөөнд тухайн маргаан 30 минут үргэлжилсэн. Тухайн үед миний даралт ихсээд би шүүгдэгчийг хөөж гаргахад намайг цохисон. Манай өрөөнд байхад шүүгдэгч орилж, хашхираад, 3 удаа хувцсаа тайлж нүцгэлсэн. Хамгийн сүүлийн мэдүүлэг дээрээ би уйлаад урдаа хавтасаа тэврээд гүйсэн гэх тайлбарыг хэлсэн. Хэрэгт эд мөрийн баримтаар сиди авагдсан байгаа. Тухайн бичлэг дээр Г.Ө- хавтасгүй гүйж байгаа нь харагддаг. Мөн нүцгэн байхдаа коридорт цамцаа өмсөөд гүйж байгаа нь харагддаг. Манай өрөөнд бид хоёр маргалдаж байхад шүүгдэгч “...Ээжээ энэ хүн мөнгө өгөхгүй гэж байна. Намайг шоронд хийнэ гэж хэлээд байна...” гэж хэлээд ээжийгээ дуудаад аваад ирсэн. Тэр үед манай өрөөнд нэг удаа нүцгэлээд цамцаа өмсөөд гүйгээд гарсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч энэ үйл баримт болоогүй талаар ярьж байна. Г.Ө- ээжийгээ дуудаад ээжийнхээ хажууд нүцгэлсэн. Би дараа нь гар гээд хэлээд шүүгдэгчийг өрөөнөөсөө гаргах гэж байхад Г.Ө- хоёр гараараа хөргөгч, цонхны тавцан хоёроос бариад гарахгүй байсан. Би Г.Ө-г түлхэхдээ цамцнаас нь зулгаагаагүй. Шүүгдэгч өөрөө нүцгэлээд цамцаа бариад гүйж байхдаа өмссөн. Шүүгдэгч Г.Ө- ийм байдлаар 3 удаа нүцгэлсэн. Хамгийн анх маргаан болж байхад шүүгдэгчийн ээж байгаагүй бөгөөд явцын дунд орж ирсэн. Миний гарыг цохиж байхыг ээж нь харсан. Би шүүгдэгчийг өрөөнөөсөө гаргахад ээж нь хамт байсан. Ээж нь хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байгаа. Сидинд авагдсан бичлэгт хананд өлгөөстэй цаг харагдаж байгаа. Би Баянгол дүүргийн иргэний шүүх дээр 16 цагт шүүх хуралтай байсан тул тэрнээс өмнө өрөөндөө 13 цаг 40 минутад ирсэн байсан. Тухайн бичлэг дээр байх цагаар харагдаж байгаа. 16 цаг 34 минутад шүүгдэгч доошоо буугаад нуруугаа үзүүлээд бичлэг хийсэн. Бид нар өөд өөдөөсөө хараад сууж байхад тухайн хавтас нь ширээн дээр байсан. Тухайн хавтас газар шидсэн асуудал байхгүй. Би буруу зүйл дээр дуугүй байж чаддаггүй хүн. Шүүгдэгч ашиглалтын зардал авахдаа нэг ч баримт өгч байгаагүй ба тайланд зардлаа тусгахаар тухайн баримт байдаггүй байсан, зардал өгөх боломжгүй байсан талаар өөрөө хэлдэг. Би 9 дүгээр сарын 12-ны өдөр чамд өрөө лацдах эрх байхгүй, ашиглалтын зардал авах ч эрхгүй, ямар шийдвэр тооцооллоор мөнгө нэхэж байгаа, яагаад төрийн бус байгууллага байгуулсан талаар ийм 5 асуулт бүхий бичиг өгч байсан. Би 390,000 төгрөгийг болон Эрдэнэцэцэг өмгөөлөгчөөр дамжуулаад 490,000 төгрөг өгсөн. Би тухайн мөнгийг бүтэн 1 жил өгсөн гэтэл шүүгдэгч авсан мөнгөө аваагүй гэж хэлж байна. 4 давхар байгууллагын өрөөнүүдийн ашиглалтын зардал өндөр гарч байсан ба тухайн ашиглалтын зардлыг 14 өрөөнөөс авах ажлыг Г.Ө-д даатгасан байсан. Г.Ө- төрийн бус байгууллага байгуулсан байсан. Тухайн төрийн бус байгууллага нь эрүүл хоол хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Шүүгдэгч өрөөнүүдээс ашиглалтын зардал авах эрх байхгүй. Ийм асуудлаас болж маргаан үүссэн. “Х” ХХК болон “Хатан шаглаас” ХХК хоорондоо ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэ гэрээний маргаан тусдаа шийдвэрлэгдэж байгаа. Ажил гүйцэтгэх гэрээний 3.6 дугаар заалтад ашиглалтын зардлын төлбөр төлөхгүй, хэрвээ тухайн мөнгийг төлөх шаардлага гарвал тусгайлан тоолуур тавиад ашиглалтын зардлыг төлнө гэж заасан байдаг. Шүүгдэгч айсандаа болоод ээжийгээ дуудсан гэж мэдүүлэг өгч байна. Ийм зүйл болоогүй. 9 дүгээр сарын 21-ний өдөр шүүгдэгч Г.Ө- “...Намайг маажаад зодсон...” гэх агуулгатай гомдлыг анх өөрөө эхэлж гаргасан. Үүнийгээ шүүгдэгч өөрөө ойлгохгүй байна. Би хэрэг болдог өдрөөс хойш 4 хоног өнгөрөөд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд би цагдаагийн байгууллагад гомдол өгөөгүй байхад намайг яллагдагчаар татсан байна гэж мэдүүлэг өгч байна. Ийм зүйл ярьж байгаа нь утгагүй байна. Мөн Г.Ө- намайг санаатайгаар асуудлыг хүндрүүлэхийн тулд эмнэлэгт үзүүлсэн гэх тайлбарыг хэлж байна. Миний баруун гар 8 хоног хавдсан. Би өмгөөлөгчийн ажил хийдэг тул гартаа 8 хоног үзэг бариагүй. Миний гар гэмтсэн байхад эмнэлэгт үзүүлэх ёстой. Миний баруун гар дээр овойж товойсон зүйл буцаад эдгэхгүй гэсэн. Намайг гараараа Г.Ө-гийн нурууг даралттайгаар гүн маажиж өөрөө өөртөө гэмтэл учруулсан гэж ярьж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ийм үйл баримт тогтоогдохгүй байгаа. Шүүх шинжээчийн дүгнэлт дээр шүүгдэгчийн нуруун дээр 2 см урттай зулгаралт үүссэн байсан талаар дурдсан байна. Тухайн зулгаралтын өргөн нь 0.6 гэж тогтоосон байсан. Эрхий хурууны диаметр их өргөн байгаа. Хумстай маажсан бол тухайн зулгаралтын хэмжээ илүү өргөн байх ёстой байсан. Миний гарын хумс хугарсан гээд би нэмэлт ажиллагаа хийлгээд нотолсон. Надаас шүүгдэгч уучлалт гуйх болов уу гэж би өнөөдрийг хүртэл харсан. Би шүүгдэгчийг өнөөдөр эрүүгийн хариуцлагаа хүлээх ёстой гэж үзэж байна. Шүүгдэгч намайг өөрөө өөртөө гэмтэл учруулсан талаар хэлж байна. Энэ нь өнөөдрийн шүүх хуралдаанд ирүүлсэн нэмэлт баримтуудаар үгүйсгэгдэнэ. Миний баруун гарын хумс анхнаасаа хугараагүй. 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлэг өгөхдөө би хумсаа үзүүлээд баруун гар гэдгээ хэлсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд 9 дүгээр сарын 22-ны өдөр авсан гарын зургаа тухайн огноотой хамт угаалгаад хэрэгт хавсаргуулахаар өгч байгаа. Мөн шүүгдэгч нуруугаа маажуулаад сэтгэл санаагаар унаад уйлаад явсан тухай ярьж байна. Тухайн бичлэг дээр ийм үйл баримт харагдахгүй байгаа. Хэрэг прокурорын шатанд очоогүй байхад хэд хэдэн асуудлыг шалгуулах, нотлох баримтуудыг авхуулахаар хүсэлт гаргасан боловч хэрэг прокурорт ирээгүй байсан тул миний хүсэлт, фото зургийг шүүхийн шат руу шилжүүлсэн байсан. 9 дүгээр сарын 16-ны өдөр энэ хэрэг дээр ажиллагаа хийгдэхгүй байна гэх агуулгатай, мөн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш Г.Ө- намайг дарамталж байгаа гэх агуулгатай өргөдлийг прокурорт өгч байсан. Энэ өргөдөл нь хэрэгт авагдаагүй байна. Шүүгдэгч ийм зүйл яриад байгаа нь хэнд нөлөөлөх гэж оролдоод байгаа юм бэ? Одоо эрхэлж байгаа ажил, хөдөлмөр нь шүүхэд нөлөөлөхгүй. Намайг зөвтгөхийн тулд өөрөө өөртөө гэмтэл учруулсан гэж хэлж байна миний нэр хүнд рүү халдаж байна. Би өмгөөлөгчийн ажлыг 24 жил хийж байгаа. Миний эрх зөрчигдөж байна. Би хавдсан гараа А-тэд үзүүлсэн. Энэ тухай А- “...Би хараагүй. Ил харагдах гэмтэл, шарх сорив байгаагүй...” гэж худал мэдүүлэг өгсөн байна. Би өрөөндөө амгалан тайван байхын тулд Г.Ө-г гаргасан. Би гэртээ ганцаараа байдаг. Надад гэмтэл хэн ч учруулахгүй. Би хүүхдүүддээ гарынхаа зургийг аваад явуулж байсан. Гэрч Я- Үндсэн хуульд зааснаар хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөөгүй. А- ашиг сонирхол нэг тул мэдүүлэг өгөөгүй. Шүүгдэгч ашиглалтын зардал авахдаа хурлын протоколд гарын үсэг зурах нь эрх өөрт нь байгаа. Гарын үсэг зуруулж байхад би байхгүй байсан. Миний өмнөөс гарын үсэг зурсан байна. Би эрчим хүчний хороонд хандаж байсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг,
Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:
Хохирогч Т.У-ийн Баянгол дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст гаргасан гомдол /хавтаст хэргийн 19-200 дахь тал/,
Хохирогч Т.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр хуралтай байж байгаад хойшлоод Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хуралд орохоор ирсэн, тэгэхэд урд өдөр нь Ө- над руу залгаад ашиглалтын зардлын талаар ярихаар нь би Ө-тай цаг тохирч уулзъя гээд 16 цагийн хурлаас өмнө амжаад уулзъя гэж бодоод 14 цагийн орчимд 318 тоот өрөөндөө байж байхад Ө- надад үзүүлэхээр цэнхэр хавтас барьж орж ирээд надад ашиглалтын зардлаа яриад эхлэхээр нь би Ө-г ашиглалтын зардал шаардах эрхтэй гэсэн баримтаа үзүүлчих гэж хэлсэн юм. Тэгээд харахад “Чандмань Эрдэний хур” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан хурлын тэмдэглэлд намайг цахимаар хуралд оролцож үг хэлсэн болгоод хуурамчаар гарын үсэг зурж, миний хуучин өмгөөлөгчийн үнэмлэхийг канондаад ТББ-ыг үүсгэн байгуулсан бичиг баримтандаа хийсэн байсан. Тэгээд би Ө-д “Чиний ТББ-ын vйл ажиллагааны чиглэлд надаас ашиглалтын зардал авахаар тусгагдаагүй байна, чи өнөөдрийг хүртэл надад татварын баримт өгөөгүй, мөн ашиглалтын зардал авахдаа ТББ-ынхаа дансаар биш өөрийн хувийн дансаар авдаг чинь хууль бус, татвараас шалгавал чамд л торгууль тавина, чи өөрөө төлнө гэж хэлсэн. Тэгээд надаас мөнгө нэхэхдээ эхлээд 455.000 төгрөг, дараа нь 588.250 төгрөг нэхсэн. 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр та 200.000 төгрөг өгчих гэж хэлсэн. 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр би тус дулаантай гэрээ хийгээгүй болохоор чи хэнээр гэрээ хийсэн ба гэрээг чинь харъя, чи энэ “Х” ХХК-ийн нийт төлбөрөөс нь төлөөд байгаа юм бишүү, миний бичиг баримтыг өрөөнөөс яаж авсан юм бэ, миний өрөөнд нэвтэрч орсон юм уу, ер нь миний энэ өрөөнд байгаа нь “Х” ХХК-ийн захирал Бадамханд бид хоёрын хооронд өмчлөх эрхийн маргаан үүссэн байгаа учраас энэ маргааныг дуустал би төлбөр төлөхгүй гэж хэлэхэд “яаж авдгийг хараарай, ээжээ, намайг хуулиар далайлгаж шоронд хийнэ гэнэ” гэж хэлээд ээжийгээ аваад ирэхээр нь би “өндөр настай ээжийгээ дуудаж даралтыг нь ихэсгээд, чи өөрөө наад асуудлаа шийдээч” гэхэд ээж нь орж ирээд надтай юм яриагүй, харин Ө- нь “Х” ХХК-ийн нягтлангаар ажиллаж байсан Чука эгч рүү залгаад “энэ чинь намайг үнэмлэх авсан гээд байна, та нар хаанаас авсан юм бэ” гэсэн чинь Чука “захирал л өгсөн” гээд Ө- нь Чукатай яриулах гэхээр нь би ярихгүй гэж хэлсэн чинь утсаа таслаад чиний нөхөр үхсэн гээд чи 8 сард төлбөрөө өгнө гэсэн биз дээ, нөхөр чинь үхсэн нь хохь чинь гэж хэлэхээр нь би босоод “Үхэл хагацал хэнд ч ирдэг юм, чи өрөөнөөс гар” гэж хэлсэн чинь мөнгөө авч байж гарна гээд 2 удаа цамцаа тайлж цээж нүцгэлсэн, цамцаа тайлаад гарахгүй гэж байхдаа миний баруун гар руу цохихоор нь би гар хугалчихлаа шүү дээ, гар гээд өөрийнх нь гарнаас зулгаасан. Ээж нь болиоч гэсэн чинь ээжийгээ “битгий хуцаад бай, энэ чинь намайг шоронд хийнэ, мөнгөө өгөхгүй” гээд байна гэж орилоод байхаар нь би зүүн гараараа цамцнаас нь түлхээд гаргасан, дахиад цамцаа тайлсан чинь ээж нь “чи хүүхдийн нуруу маажсан байна” гэж хэлэхээр нь би “тийм байна, сая гаргах гээд зулгаахад маажигдсан байна, танай хүүхэд миний гарыг хугалчихсан байна” гэж хэлсэн чинь ээж нь охиндоо хандаж одоо эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Тэгээд би өрөөндөө ороод цагдаа дуудсан, миний эрхий хуруу шууд хавдсан. Удахгүй цагдаа ирсэн энэ бүх асуудал нь иргэний маргаан байна гээд дуудлагаа хаасан. Дахиж цагдаа явсны дараа манай өрөөнд орж ирээд 2021 оны НӨАТ бичүүлнэ, татварын байцаагчтай ярь гэж хэлэхээр нь би “ямар учиртай хүн бэ” гэсэн чинь миний танил гэж хэлээд тэр хүн нь надтай ярихыг хүсээгүй, би ч ярихыг хүсээгүй би ярихгүй гэж хэлсэн. Би шүүх хуралдаа суухаар очоод Баянгол дүүргийн шүүхийн хажууд байдаг “Грейс” төвд гарынхаа хавдрыг үзүүлэхэд эмчид ханд гэсэн учраас би шүүх эмнэлэгт үзүүлсэн. ...Одоо миний баруун гарын эрхий хурууны үений хөдөлгөөн хязгаарлагдсан байгаа, зүгээр болохгүй, энэ хэвэндээ тогтдог гэсэн. Ямар нэгэн эмчилгээ байхгүй гэж хэлсэн. Юм болгонд эрхий хуруу оролцдог юм байна, тэгэхэд хөдөлгөөн тодорхой хэмжээнд байнга хязгаарлагдаж зовиуртай байна. Хохирол төлбөр огт байхгүй. Эмчилгээ хийгдэхгүй болохоор төлбөр мөнгө гарсан асуудалгүй байгаа. Би энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Г.Ө-гийн үйлдэлд гомдолтой байна. ...Ө-г баруун гараараа гаргах гээд түлхэх үед намайг цохиод миний баруун гарын эрхий хуруу, тулж гэмтсэн. Би харин Ө-г зүүн гараараа түлхэх явцдаа нурууг нь маажсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80-82, 117-118 дахь тал/,
Гэрч С.Я-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр би 308 тоотод сууж байтал охин Г.Ө- намайг та ороод ирээч Т.У- мөнгөө өгөхгүй гээд байна гэж хэлэхээр нь би яваад ортол Т.У- намайг та суу гэж хэлэхэд нь би суугаагүй, гэтэл бичиг баримтны талаар хоорондоо яриад манай охиныг юмаа аваад гар гэж хэлээд араас нь түлхээд базаад гаргасан. Манай охин гараад нуруугаа хорсоод байна гэж хэлээд надад харуулсан. Гэтэл манай охины нурууг маажчихсан байсан нэг газраас нь цус гарч байсан. Удахгүй 2 цагдаа ирэд хараад явсан. ...Охиныг базаад самардаад түлхээд гаргасан өөр асуудал болоогүй. Тухайн үед би зургийг нь авч өгсөн. Би сүүлд орж ирсэн, надад танай охин чинь галзуу солиотой юм байна, хар энергитэй, хуурамч байгууллага байгуулж манай өрөөнд орж хулгай хийсэн байна. Хугацаа нь дууссан үнэмлэх авсан байна гэж хэлсэн. Манай охин өөдөөс нь гар хүрээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
Гэрч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 16 цагаас Т.У- өмгөөлөгчтэй хамт Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүх дээр хуралд орохоор болсон. Би цайны цагийн дараахан хурал дөхөж байна гэж сануулахаар ярьсан чинь эгч нь очиж чадхааргүй юм шиг байна, гараа хугалуулчихлаа гэж хэлэхээр нь би хурал урьд олон удаа хойшилсон болохоор та ямартай ч хүрээд ир гэж хэлсэн чинь Гэмтлийн эмнэлэг явахаар амжихгүй байх, шүүхийн ойролцоо гарныхаа зургийг авхуулах эмнэлэг байгаа болов уу гэж надаас асуусан. Тэгээд шүүх хурал 16 цагаас эхлэх болохоор би 15 цаг 50 минутын орчим шүүх рүү алхаж байхдаа та хаана байна, юу болсон бэ гэж асуусан чинь “*” төв дотор гарныхаа зургийг авахуулж байна гэж хэлсэн. Тус төвийн 2 давхарт гарахад Т.У- өмгөөлөгч гарныхаа зургийг авахуулсан, хариуг нь хүлээж байна гээд сууж байсан. Та яасан бэ гэж асуухад “Х”-нд ашиглалтын зардлаас болж хүнтэй маргасан гэж хэлсэн.
Тухайн үед эмч баруун гарын эрхий хуруу нь мултарсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37, 95-96 дахь тал/,
Гэрч О.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр би ажил дээрээ байж байтал 2 цагдаа ирээд дээшээ гарсан. Тэгтэл У- өмгөөлөгч хажуугаар явахдаа зөрчлийн хэрэг үүсгэсэн гэнэ гэж яриад явж байгааг нь сонсоод тэдний өрөөнд асуудал гарсаныг мэдсэн. Удалгүй цагдаа нар гарсаны дараа У- бууж ирээд зүгээр ажлаа хийж байгаа над руу дайрч давшилж орилж эхэлсэн. Надад Ө-г гаргах гэж байгаад нуруунаас нь базчихсан юм шиг байна, тэгээд цагдаа шүүх болж байх шиг байна гэж хэлсэн. Тэгээд миний хажууд орилж чарлаад байгууллага үймүүлээд байхаар нь манай үйлдвэрийн дарга намайг ажлаа хий гэж тушаасан. Гэтэл араас нь Ө- бууж ирээд надад нуруугаа үзүүлсэн, тухайн үед ямар асуудал болсоныг ярьж өгсөн. ...Ө-гийн нуруу далны хэсэгт хумсаар маажсан сорви байсан бас нурууны дунд хэсэгт нилээн гүнзний хавдсан шарх байсан. Би тухайн үед нурууных нь зургийг аваад өгөөч гэж хэлэхээр нь утсаар зургийг нь авсан. Т.У-ийн биед ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Өөрөө надад хумс хугарсан гэж хэлсэн. Би 2020 оноос хойш У-ийг таньдаг болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаартай шинжээчийн “...Г.Ө-гийн биед зүүн далны дотор хэсэгт зулгаралт, зүүн бугалгын ар дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хоёр удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн ** дугаартай шинжээчийн “...Т.У-ийн биед баруун сарвуун эрхий хурууны алга хурууны үеэр хагас мултрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,
Бичлэг бүхий сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 64-64-65 дахь тал/,
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 66-67 дахь тал/,
Шинжээч Б.Ариунзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дээрх “Т.У-ийн биед баруун сарвуун эрхий хуруу алга-хурууны үеэр хагас мултрал" гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр дарах, мушгих зэргийн үед үүсэх боломжтой. Дарах мушгих үйлдэл өөрийн болон бусдын хүчээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлийг өөрөө хүн түлхэх үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 99-100 дахь тал/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 119-122 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Ө-гийн яллагдагчаар өгсөн: “...Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” ХХК-ийн барилгын 3 давхарт байрлах 11 өрөө нийт 7 өмчлөгчтэй юм, тухайн байрлалд би 2019 оны 8 дугаар сараас хойш өрөө түрээсэлдэг болсон. Тухайн 13 өрөөний хүмүүс хоорондоо тохиролцоод бүгд зөвшөөрөөд би ус цахилгааны мөнгийг нь хурааж авч, татварт төлдөг байсан юм. 2023 оны 2 дугаар сараас хойш мөнгө төлбөрөө төлөхгүй, сар бүр тогтмол 65.000 төгрөгийг төлөх ёстой байтал надад энэ хугацаанд 360.000 төгрөгийг өөрийнхөө дансаар өгсөн байсан. Тэгээд өөрөө 2023 оны 2 дугаар сараас хойш огт төлбөр төлөхгүй байсан, очоод асуухаар 2023 оны 2 дугаар сард уулзахад миний хөгшин нас барчихсан байна, 5 сард мөнгөө төлье гэж хэлэхээр нь би за тэгье гээд 2023 оны 5 дугаар сард утсаар ярихад “би очихгүй байгаа энэ тэр гэж байснаа би чамайг шалгуулна" гээд байсан. Тэгж ярьж байгаад 8 сард уулзъя гэж байсан, тэгээд 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр таараад “чи өрөөнд ороод ир” гэж хэлэхээр нь би баримт материалуудаа аваад ороход намайг янз бүрээр хэл амаар доромжлоод байхаар нь “ар гэрийнх нь нас барсан хүн ийм байдаг юм уу” гэж хэлэхэд намайг доромжлоод байснаа нуруунаас татаж ирээд миний гарнаас нааш цааш татаж түлхээд байсан. Тэгж байгаад миний нурууг маажсан, миний гар хөхөрсөн байсан. Тэгээд өөрөө цагдаа дуудчихсан байсан, тэгснээ шүүх эмнэлэгт үзүүлээд гэмтэл гарсан байсан. Би тэр гэмтлийг ямар учиртайг нь мэдэхгүй байна, миний гарыг тулгасан гээд байсан, гэтэл тэр нь өөрөө намайг нуруу болон гар руу цохиж түлхэж байх үед нь үүссэн юм шиг байгаа юм. Миний нуруунд хумсны сорви үүссэн, миний гарын булчин хэсэгт хөхөрсөн байсан ч гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн...
Би энэ хүнийг яагаа ч үгүй байхад намайг цагдаад өгч шалгуулаад намайг зодсон гэж гүтгэж байгаад би гомдолтой байгаа юм. Би тэр хүний гар руу ч цохиогүй, тэр хүн л намайг маажаад цохиод, гарнаас бариад татаж түлхээд байсан. Миний гарыг базаад татаж түлхэхдээ л гараа тулгасан, тэрнээс би тухайн хүний биед халдсан асуудал огт байхгүй. Миний хувьд маш их гомдолтой байна...
Намайг гүтгэж, өөрийг нь зодсон мэт гомдол гаргасанд маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 109-111 дэх тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 127 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 130 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэгийн 131 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 132 дахь тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Прокуророос шүүгдэгч Г.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар авч үзвэл: 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” төвийн 318 тоот өрөөнд дулаан, цахилгаан ашиглалтын зардалтай холбоотой асуудлаас болж шүүгдэгч Г.Ө- хохирогч Т.У- нар хоорондоо маргалдаж, улмаар хохирогч Т.У-ийн эрүүл мэндэд баруун сарвуун эрхий хурууны алга хурууны үеэр хагас мултрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирчээ.
Шүүгдэгч Г.Ө- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Би хохирогчид самардуулж, маажуулсан ба тухайн өдрөөс хойш 6 хоногийн дараа Шүүх эмнэлэгт үзүүлсэн. Би өөрийгөө хохирогч гэж бодож байсан, хохирогч Т.У- өөрөө миний гарыг базаад татаж түлхэхдээ л гараа тулгасан, би тухайн хүний биед халдсан асуудал огт байхгүй...” гэж мэтгэлцэв.
Хохирогч Т.У-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаар тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт гарч, хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан “баруун сарвуун эрхий хурууны алга хурууны үеэр хагас мултрал” бүхий хөнгөн гэмтэлийг шүүгдэгч Г.Ө-г учруулсан гэж мэдүүлэв.
Шүүх шүүгдэгч Г.Ө-гийн үйлдлийн улмаас хохирогч Т.У-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан байна гэж дүгнэв.
Учир нь: Хэрэгт авагдсанаар тухайн цаг хугацаанд буюу 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” төвийн 318 тоот өрөөнд шүүгдэгч Г.Ө-, хохирогч Т.У-, гэрч С.Я- нар байсан байх ба болсон үйл баримтын талаар хохирогч Т.У- “…би Г.Ө-г өрөөнөөс гар гэж татаж чангаасны дараа миний гарыг Г.Ө- цохисны улмаас миний гарт гэмтэл үүссэн” гэж, харин гэрч С.Я- “Г.Ө- Т.У-ийг цохиогүй” гэж, шүүгдэгч Г.Ө- “...хохирогч Т.У- өөрөө миний гарыг базаад татаж түлхэхдээ л гараа тулгасан, би тухайн хүний биед халдсан асуудал огт байхгүй...” тус тус мэдүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж, мөн хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй...” гэж тодорхойлон заасан байх ба тухайн үед болсон үйл явдлыг харсан гэрч С.Я- шүүгдэгч Г.Ө-тай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн тул түүний гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлснийг буруутгах үндэслэлгүй, мөн тухайн ач холбогдол бүхий нөхцлийг мэдээгүй, хараагүй байх боломжтой юм.
Харин хохирогч Т.У- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар өөрт учирсан гэмтлийг хэн учруулсныг буюу хэргийн талаар үнэн, зөв мэдүүлэг үүрэгтэй бөгөөд хохирогч Т.У- өөрт учирсан гэмтлийг шүүгдэгч Г.Ө- учруулсан гэж мэдүүлгийн эх сурвалжаа шууд зааж байна.
Иймд шүүгдэгч Г.Ө- хохирогч Т.У-тэй маргалдан улмаар түүний эрүүл мэндэд баруун сарвуун эрхий хурууны алга хурууны үеэр хагас мултрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсныг хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогчийн мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шинжээч Б.Б-н “...“Т.У-ийн биед баруун сарвуун эрхий хуруу алга-хурууны үеэр хагас мултрал" гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр дарах, мушгих зэргийн үед үүсэх боломжтой. Дарах мушгих үйлдэл өөрийн болон бусдын хүчээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлийг өөрөө хүн түлхэх үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 99-100 дахь тал/ гэрч Э.Б-н “...Т.У- өмгөөлөгчтэй хамт шүүх хуралд орохоор болсон. Би ярьсан чинь эгч нь очиж чадхааргүй юм шиг байна, гараа хугалуулчихлаа гэж хэлсэн... зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, хохирогчид учирсан хөнгөн гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэлээ.
Тодруулбал: Шинжээч уг гэмтэл өөрөө хүн түлхэх үед үүсэх боломжтой гэж асуултад хариулсан байх боловч уг гэмтэл мохоо зүйлийн хүчин зүйлийн үйлчлэлээр дарах, мушгих үед үүсэх боломжтой гэснийг хохирогч өөрт учирсан гэмтэл яаж учирсаныг мэдүүлснийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.
Мөн гэрч Э.Б-н “...Т.У- өмгөөлөгчтэй хамт Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүх дээр хуралд орохоор болсон. Би цайны цагийн дараахан хурал дөхөж байна гэж сануулахаар ярьсан чинь эгч нь очиж чадхааргүй юм шиг байна, гараа хугалуулчихлаа гэж хэлсэн... “***” төвийн 2 давхарт гарахад Т.У- өмгөөлөгч гарныхаа зургийг авахуулсан, хариуг нь хүлээж байна гээд сууж байсан. Та яасан бэ гэж асуухад “Х”-нд ашиглалтын зардлаас болж хүнтэй маргасан гэж хэлсэн... Тухайн үед эмч баруун гарын эрхий хуруу нь мултарсан байна гэж хэлсэн...” гэсэн /хавтаст хэргийн 36-37, 95-96 дахь тал/, гэрч О.А-ийн “...Т.У- өмгөөлөгч хажуугаар явахдаа зөрчлийн хэрэг үүсгэсэн гэнэ гэж яриад явж байгааг нь сонсоод тэдний өрөөнд асуудал гарсаныг мэдсэн... Т.У- бууж ирээд надад Ө-г гаргах гэж байгаад нуруунаас нь базчихсан юм шиг байна, тэгээд цагдаа шүүх болж байх шиг байна гэж хэлсэн. Тэгээд миний хажууд орилж чарлаад байгууллага үймүүлээд байхаар нь манай үйлдвэрийн дарга намайг ажлаа хий гэж тушаасан. Гэтэл араас нь Ө- бууж ирээд надад нуруугаа үзүүлсэн, тухайн үед ямар асуудал болсоныг ярьж өгсөн. ...Ө-гийн нуруу далны хэсэгт хумсаар маажсан сорви байсан бас нурууны дунд хэсэгт нилээн гүнзний хавдсан шарх байсан. Би тухайн үед нурууных нь зургийг аваад өгөөч гэж хэлэхээр нь утсаар зургийг нь авсан. Т.У-ийн биед ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Өөрөө надад хумс хугарсан гэж хэлсэн...” гэсэн /хавтаст хэргийн 38-39 дэх тал/ эдгээр мэдүүлгүүд нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлыг бий болгохгүй юм.
Өөрөөр хэлбэл эдгээр гэрчүүд гэмт хэрэг үйлдэгдэхэд хэргийн газар байгаагүй бөгөөд зөвхөн үзсэн, харснаа мэдүүлснийг л мөрдөн шалгах ажиллагааны явцад дамжмал байдлаар мэдүүлсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Шүүгдэгч Г.Ө- мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхээ эдэлснийг буруутгах үндэслэлгүй юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Ө- өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдаан мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, саналыг авч, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Г.Ө-г хохирогч Т.У-ийн биед халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн ба прокуророос шүүгдэгч Г.Ө-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Г.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Улсын яллагчаас “...шүүгдэгч Г.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” санал,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Г.Ө- хохирогчид гэмтэл учруулсан нь хангалттай нотлогдохгүй байна.
Шинжээч эмчийн мэдүүлэг нь гэрч болон шүүгдэгч Г.Ө-гийн мэдүүлгийг давхар баталж байна гэж үзэж байна. Зураг дээрх Г.Ө-гийн нуруунд учирсан маажилт, базалтыг харахад хохирогч дарах, мушгих үйлдэл хийгээд гарт учруулсан гэмтлээ өөрөө өөртөө учруулсан байх нөхцөл байдал харагдаж байна. Хохирогчид учирсан хагас мултралыг цохих үед үүссэн гэсэн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудад авагдаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Г.Ө-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү....” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Ө-д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Ө-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Г.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Гурав. Хохирол хор уршгийн талаар:
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Т.У-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийн 2.1.1-т гэмт хэргийн улмаас хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр тус зүйл ангийг тусгасан байна.
Мөн тушаалын 2 дахь хэсгийн 2.3-т “Энэ журмын 2.1-т заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл” тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загварыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэрэгт хавсаргана гэж заасан байх ба энэ талаарх баримт хавтаст хэргийн 119-122 дахь талд авагдсан байна.
Хохирогч Т.У- мөрдөн шалгах ажиллагаанд эмчилгээний зардлын талаарх нотлох баримт гаргаж өгөөгүй ба шүүхийн хэлэлцүүлэгт “би сэтгэцэд учирсан хор уршигийг нэхэмжилж байна…” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Г.Ө-гаас сэтгэцэд учирсан нөхөн төлбөр гаргуулж хохирогч Т.У-д олгох нь зүйтэй байна.
Иймд хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдлыг тус тус харгалзан Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дагуу 550.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2.750.000 /хоёр сая долоон зуун тавин мянган/ төгрөгийг хохирогч Т.У-ийн сэтгэцэд учирсан нөхөн төлбөр гэж тооцсон болно.
Дөрөв: Бусад асуудлын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 /гурав/ ширхэг сидиг хэргийн хамт хадгалж,
шүүгдэгч Г.Ө- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт Г-н Ө-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө-г 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Ө-д оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.
4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Ө-гаас 2.750.000 /хоёр сая долоон зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Т.У-д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгиийн 8.8 дахь заалтад зааснаар хэрэгт хураагдсан 3 /гурав/ ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Г.Ө- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ