Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2017/02316

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингэсийн өргөн чөлөө, Номин юнайтед оффисын 7 давхарт байрлах ******* ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, *******, 1 а тоот хаягт оршин суух, Галзад овогт О*******ын А******* /регистрийн дугаар /-д холбогдох,

1,626,712 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат, хариуцагч О.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жаргалсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч О.А******* нь манай компанийн Номин косметикс тасагт борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа ажлын хариуцлага алдаж, нийт 1084475 төгрөгийн бараа дутагдуулсан бөгөөд дутагдуулсан бараагаа хүлээн зөвшөөрч Монгол Улсын Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төлбөр барагдуулах NH/16/153/ дугаартай гэрээ байгуулан график гарган 9 сарын хугацаанд сайн дураар төлж барагдуулахаар харилцан тохиролцож байгуулсан.

Хариуцагч О.А******* нь өнөөг хүртэл төлбөр барагдуулах гэрээний дагуу төлбөрийг огт төлөөгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээний 5 1-д зааснаар гэрээг цуцалж, төлбөр авагч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэсний дагуу хариуцагч О.А*******аас төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 1,084,475 төгрөг, гэрээний 2.2-т төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги хоног тутам төлнө гэж заасны дагуу 542,237 төгрөгийн алданги, нийт 1,626,712 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч О.А******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* ХХК ба Улсын Их дэлгүүр салбарт ажиллаж байх хугацаанд их хэмжээний бараа алдагдалд орсноор ажлаасаа түдгэлзсэн билээ. Тэрхүү хугацаанд барааны алдагдал хаанаас хэний буруутайгаас хор хохирол нэр дээр гарсныг тухайн тасаг хариуцсан нягтлан, менежер, эрх зүйн газар камер ба дээд хяналтынхнаас шүүж өгөхийг цаг алдалгүй хүссэн билээ. Гэвч тодорхой хугацаанд хариу өгөөгүй. Алдсан гээсэн ч нотлох баримт бичлэгийг шүүж өгөхөөс татгалзсаны улмаас одоог хүртэл төлөлт хийгдээгүй билээ.

Түүнчлэн график хийхээс өмнө эрх зүйн газраас ажилд буцаан авах хүсэлт гаргуулан авч цалин хөлсний хэмжээнээс хор хохирлыг суутган авахаар ярилцан график байгуулж гэрээ хийсэн.

Гэвч сүүлд нь ажилд авах боломжгүй хувиасаа алдагдлыг төлнө гэсэн шаардлага тавьсны улмаас хүлээн зөвшөөрөх боломжгүй болсноор төлбөр барагдуулах нөхцөл хойшлогдсоор ирсэн. Түүнчлэн ******* ХХК-ийн нэхэмжилсэн 1,084,475 төгрөг, 542,237 төгрөгийн хүү алданги, нийт 1,626,712 төгрөгийг төлж барагдуулах боломжгүй гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч О.А*******ад холбогдуулан, 1,626,712 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Хариуцагч О.А******* нь ******* ХХК-ийн Номин косметикс салбарт Улсын Их дэлгүүрийн цагны тасгийн борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 31-ний хооронд 214,490 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 14-ний хооронд 868,985 төгрөгийг барааг тооллого тооцоогоор дутаасан, ажлын хариуцлага алдаж нийт 1,084,475 төгрөгийн өр дутагдал гаргаснаа хүлээн зөвшөөрч ажил олгогч ******* ХХК-д төлбөр барагдуулах гэрээ байгуулжээ.

******* ХХК нь О.А*******тай 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр NH/16/153 дугаартай Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулж, хариуцагч О.А******* нь дээр дурдсан 1,084,475 төгрөгийн өрийг 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн дотор, гэрээнд заасан 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 284,475 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд сар бүр 100,000 төгрөг төлөх графикийн дагуу төлж барагдуулах, төлбөр төлөгч нь графикийн дагуу хугацаандаа хөтөлбөрөө төлөөгүй тохиолдолд өрийн үлдэгдлийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алдангийг хоног тутамд төлөх, гэрээгээр хүлээсэн үүрэг бүрэн буюу хэсэгчлэн биелэгдээгүй, төлбөрийг 3 сар төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд төлбөр авагчийн санаачлагаар гэрээг цуцалж, төлбөр авагч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй хэмээн талууд харилцан тохиролцсон байна.

 

Дээрх төлбөр барагдуулах гэрээ болон зохигчдын тайлбараас дүгнэхэд, талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байх бөгөөд ажилтан О.А******* нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа ажил олгогчид хохирол учруулсан үйл баримт тогтоогдов.

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3.-т зааснаар ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж, байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Төлбөр барагдуулах гэрээний 2.2-т Төлбөр төлөгч нь энэхүү гэрээний грфаикт заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд өрийн үлдэгдлийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алдангийг хоног тутамд төлнө гэж талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасантай нийцжээ.

 

Хариуцагч О.А******* нь гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөөгүй байх тул дутаасан барааны үнэ болох 1,084,475 төгрөг, түүний алданги 542,237 төгрөг, нийт 1,626,712 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцсэн байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч О.А*******аас 1,626,712 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т заасныг баримтлан, хариуцагч О.А*******аас 1,626,712 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 40,978 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.А*******аас улсын тэмдэгтийн хураамж 409,978 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА