2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/481

 

 

 

 

 

 

 

 

 

   2025          02           13                                        2025/ШЦТ/481

 

 

                              

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн хөтлөн,

улсын яллагч С.Батгэрэл,  

шинжээч Б.Б /онлайнаар/,

шүүгдэгч  Б.М-, түүний өмгөөлөгч Б.Мэргэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,   

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ш овогт Б-н Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ний өдөр ** хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, “**” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай байсан, “***” ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Хүннү вилла ** дугаар байрны *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ш овогт Б-н М- /регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.М- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1 дэх /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан зөвлөл байгуулах, ажилтныг ажилд томилох, ажлаас чөлөөлөх/ заалтыг зөрчиж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанг томилоогүй, 2006 онд үйлдвэрлэгдсэн 2.5 тонн бүхий Hyundai /Хюьндай/ брендийн Mighty /Маяти/ маркийн автомашинд тус бүр нь 150 килограмм жинтэй, 12 мм зузаантай, чулуу ачиж даац хэтрүүлж Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.2-т заасныг зөрчсөн, мөн ачааны машинд чулуун хавтанг ачих, тавиурт хавтангуудыг зөв ачих, аюулгүй ажиллагааг хангах талаар “Ачиж буулгах аюулгүй ажиллагааны зааварчилгаа”-г зөрчиж Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “П” ХХК-д цагаар ажиллаж байсан иргэн Г.А- нь **-**  улсын дугаартай тээврийн хэрэгсэлд чулуун хавтан ачиж байх явцад хавтан нь нурж даруулан амь нас нь болгоомжгүй үйлдлийн улмаас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М- мэдүүлэхдээ: “...Манай компани тухайн чулуун хавтанг зөөхөөр олон хоног ярилцаад хамгийн түрүүнд тусдаа агуулах түрээслэсэн. Албан ёсоор чулуун хавтанг зөөдөг “***” гэж нэрлэгддэг тавиураар зөөхөөр ярилцсан юм. Манай үйлдвэртэй холбоотой үйл ажиллагааг Бадрал гэх хүн хариуцаж байсан. Хамгийн анх чулуун хавтанг яаж зөөдөг талаар асуухад хамгийн түрүүнд тавиураа хийсний дараа зөөдөг гэж хэлж байсан. Ингээд зөөх зүйлүүдээ бэлэн болгосон байсан. Чулууны компани бүгдээрээ машинаараа хамж зөөдөг гэх тайлбарыг өгч байсан. Би өөрөө хяналт тавиагүй,  нягталж шалгаагүй нь миний буруу. Тухайн үйл ажиллагааг зориулалтын бусаар тээвэрлэснээс болж хүн үхэлд хүрэх шалтгаан болсон гэж үзэж байна. Тэр өдрийн урьд орой нь бид маргааш зөөнө гэж ярилцсан. Тэгээд ямар хүмүүс авах, цагийн ажилтан авсан эсэх талаараа асуухад цагийн ажилтан олсон гэсэн тайлбарыг хэлсэн. Маргааш нь тухайн хүмүүсийн талаар асуухад тэдгээр хүмүүс архи уусан байгаа тул согтуу хүмүүсээр ажил хийлгүүлэхгүй, дахиж ажилтан олохын тулд ажлаа хойшлуулъя гэж хэлсэн. Үдээс өмнө ажилтан олсон тул тухайн ажлыг эхлүүлсэн. Яарч шийдвэр гаргасан байна. Би тухайн өдрийн өглөө үйл ажиллагаатай танилцах гэж байсан. Би тухайн үед өөрөө байгаагүй. Гэм буруугаа хүлээж, гэмшиж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.Б мэдүүлэхдээ: “...Би Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн хүзүү нурууны тасгийн их эмч. Хөдөлмөрийн чадвар алдалт гэдэг нь гэмтэл гарснаас дараах үеийг хэлж байгаа. Шүүх шинжээч эмч нар энэ дээр дүгнэлт гаргаж байхад голчлон ажиллаж байсан. Хохирогчид хөндлөн сэртэнгийн хугарал үүссэн байсан. Энэ хугарал нь 4 долоо хоног орчим алдагдана гэж номон дээр бичигдсэн байдаг. Би өөрийн мэргэжлийн талаас зөвлөгөө өгсөн... Бүсэлхийн нурууны арын хэсэг дээр хоёр тал руугаа чиглэсэн хөндлөнгийн яс байдаг. Тэр жижиг яс нь булчингууд бэхлэгдэхээс өөр үйл ажиллагаанд оролцдоггүй жижиг сэртэн байдаг. Тэр жижиг сэртэнгийн хугарал 4 долоо хоногийн дотор бороолоод өвдөлт, зовуурь арилдаг тул ажил, хөдөлмөр эрхлээд явах боломжтой гэж үзэж байгаа. Тухайн гэмтлийн хувьд зовуурь харьцангуй бага байдаг. Ямар нэгэн мэс засал хийлгэх шаардлага байдаггүй. Эхний 7 хоногтоо өвчин намдаах эмчилгээ хийлгээд, бүс зүүж ажил хөдөлмөр эрхлээд явах боломжтой. Тухайн хүнээс шалтгаална гэсэн үг. Хүн хөнгөн хөдөлмөр эрхлэхэд нөлөөлөх зүйл байхгүй. Уг гэмтэл нь удаан хугацаагаар алдагдуулахгүй. Бороолоод эдгэвэл хөдөлмөр эрхэлж болно. Шүүх шинжилгээний байгууллагын эмч нар нарийн тодорхойлолтыг нь мэдэж байгаа. Мэргэжлийн эмчийн хувьд гэмтлийн хурц буюу эрт үедээ өвдөлт ихээр мэдрэгдэж байх үед тухайн өвчтөн хөдөлмөр эрхлэх боломжгүй. Өвдөлт намдаад, бороолоод ирэхээр ажил хөдөлмөр эрхлэх боломжтой болдог. Эрүүл мэндийг сарниулсан гэдэг бол тухайн хүн гэмтэл аваад эхний 7 хоногтоо өвчнөөсөө болоод зовуурилж байгаа үеийг хөдөлмөрийн чадвар сарниулсан гэж үзэж байна...” гэв.

Эрүүгийн *** дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 5 дахь/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Шуурхай Удирдлагын тасаг, Дуудлагын лавлагааны хуудас /1-р хавтаст хэргийн 7 дахь тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 8-23 дахь тал/, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 24-28 дахь тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 29-30 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Г-н хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн: “...Би Г.А-гийн төрсөн ээж нь байгаа юм, манай хүү *** оны 9 дүгээр сарын 6-ны өдөр *** аймагт төрсөн ба айлын том хүүхэд, 2 охин дүүтэй. Манай гэр бүл 2002 онд ** аймгаас ** хотод шилжиж орж ирсэн ба манай талийгаач хүүхэд Нийслэлийн 2 дугаар сургуулийг төгссөн. Бүрэн бус дунд боловсролтой, 9 дүгээр анги төгссөн, Хөдөлмөр аюулгүй байдлаар төгссөн ч мэргэжлээрээ ажиллаагүй, хувийн байгууллагад ажил хийдэг байсан. Манай талийгаач хүүхэд эхнэр, хүүхэдгүй, ээж, дүү нарын хамт амьдардаг байсан. Би сая *** аймагт амьдардаг эгч дээрээ очоод байж байхад 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай хүү Г.А-г гэмтсэн байна, яаралтай хот руу ир гэж хэлэхээр нь би шууд хот руу гарсан. Манай хүү архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй байсан. Манай хүүхэд ямар нэгэн өвчингүй, эрүүл саруул хүүхэд байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 37 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.А-н хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн ах Г.А-гийн барьж байсан дугаар руу залгахад энэ утасны эзэн осолд ороод юманд даруулсан байна, ар гэр нь бол Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр очоод уулзаарай гэж хэлсэн тул цагдаа дээр ирээд манай төрсөн ах Г.А- нас барсан талаар мэдсэн. Миний бие тусдаа амьдардаг тул ахтайгаа тэр болгон уулзаад байдаггүй. Гэхдээ утсаар болон фэйсбүүкээр байнгын холбоотой байдаг. Манай ах хүнтэй муудалцдаггүй төлөв даруу зантай хүн байгаа юм...  Би болон манай гэр бүлийн зүгээс маш их гомдолтой байна. Эрүүл саруул байсан ах маань одоо нас барчихсан байна. Тухайн байгууллага маш их буруутай. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Ар гэрийн сэтгэл санааны хохирлыг барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд  Б.С-ын хохирогчоор өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 20-ны өглөө ажлын зар хайж байгаад цагийн ажил хийлгэнэ гэсэн зар байхаар нь холбоо барихад машинд чулуу ачиж буулгана өдрийн 100.000 төгрөг гэж хэлэхээр нь зөвшөөрөөд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Таван шард ирээд тус компанийн ажилтан Б-тай уулзахад “Д” ХХК-ийн агуулахаас чулуу ачаад манай байгууллага дээр буулгана гэж хэлсэн. Тэнд надаас гадна цагийн ажилтан гээд 4 залуу ирсэн. “П” ХХК-ийн 3 ажилтан байсан. “П” ХХК-ийн ажилтан Түвшин бидэнд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөд дээвэр дээр гарын үсэг зуруулаад ажилд оруулсан. Чулуун хавтанг **-**  улсын дугаартай машин ачсан. Талийгаач залуу, жолооч бид гурав машин дотор чулуу ачиж, харин Түвшин погоор хавтан чулууг өргөөд машин руу зөөж байсан. Бусад цагийн ажилчин машины гадна ажил хийж байсан. Гэтэл гэнэт чулуу нураад талийгаач бид хоёрыг хананд хавчсан. Хавтан чулууг холдуулаад намайг гаргасан. Талийгаач шууд газар дээрээ нас барсан. 103 ирээд талийгаачийг үзээд нас барсан байна гээд намайг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Би гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд нурууны хөндлөн сэртэн хугарсан гээд хэвтрийн дэглэм сахих шаардлагатай, хагалгаанд орох шаардлагагүй гэж хэлсэн. Би тэнд нэг өдөр л ажилласан. Мөн талийгаач бас цагийн ажилтан байсан... Би Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлбөр авсан. Надад сэтгэл санааны хор уршиг тогтоолгох шаардлага байхгүй. “П” ХХК-иас надад эмчилгээний зардал гэж 2.500.000-3.000.000 төгрөг өгсөн. Би Улсын Гуравдугаар эмнэлэгт 7 хоногт хэвтэн эмчлүүлсэн. Тэгээд гэртээ дэглэм сахина. Одоо миний бие зүгээр болсон...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 53 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Түмэндэмбэрэлийн гэрчээр өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 46-10 тоот гэртээ байхдаа өдөр 11 цагийн үед фейсбүүк ухаж байгаад 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр туслах ажилтан авна, өдрийн 100,000 төгрөгийн цалинтай” гэсэн зар байхаар нь холбогдоход миний насыг асууж, чулуу даах уу гэж хэлэхээр нь би насаа хэлж, чулуу дааж чадна гэж хэлсэн. ...Ажил хийхээр очсон хүмүүст Төвшөө гэх хүн аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулж, гарын үсэг зуруулсан. Мөн тухайн үйлдвэр рүүгээ оруулж хэн юу хийх талаарх ажлыг тайлбарлаж надад ажлын бээлий өгсөн. **-** улсын дугаартай цагаан өнгийн тэвштэй машин дээр 120кг жинтэй гал тогооны хананд байрлуулдаг чулууг нэг нэгээр нь ачих болсон. Уг машины тэвш дотор гурван хүн чулууг байрлуулахаар орсон. Талийгаач уг машины тэвшний голд, чулуунд дарагдуулсан ах уг машины цаад талд, үндсэн ажилтан нь машины наана тэвш дотор зогссон. Би уг машины тэвшний гадаа чулууг өргөж өгөх үүрэгтэй зогсож байсан. Ингээд ажлаа эхлүүлээд чулуугаа машинд өргөж өгч нэг талдаа 7 чулууг тавиад бэхэлчихээд, нөгөө талд нь 13-14 чулууг мөн бэхэлж тавьчихаад, 7 чулуу тавьсан чулууны бэхэлгээг авах үед уг машин зүүн тал руугаа хазайсан ч бид нар ажлаа үргэлжпүүлэн 1 чулуу аччихаад дахин 1 чулуу тавиад янзалж байх үед баруун талын өрж тавьсан чулуунууд хазайсан тал руу нурах гэхэд тухайн тэвш дотор байсан гурван хүн уг чулуунуудыг нурахаас сэргийлж түлхээд дийлэлгүй дарагдсан. Машины жолооч ах, цагийн ажил хийхээр ирсэн залуу бид гурав уг чулуунуудыг өргөж холдуулах гэхэд чадаагүй. Чулуунд хүн дарагдсан гэдгийг мэдээд тэнд байсан ажилчид ирж уг нурсан чулуунуудыг нэг нэгээр нь буцаад хана руу босгож тавьсан. Тухайн чулуунд дарагдсан талийгаачийг машины тэвшнээс гаргаад хэвтүүлчихсэн, нөгөө хоёр хүн тэвшнээс гараад зогссон байсан. Ингээд түргэн ирж машины тэвшний цаана зогсож байсан ахын биеийг үзэж тариа хийж, тухайн ахтай хамт аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн ах эмнэлэг рүү явсан. Харин тэвш дээр гаргаж хэвтүүлсэн ахыг нас барсан байна гэж хэлсэн... Тэнд байсан хүмүүс Төвшөө гэж дуудаад байсан, Төвшөө гэх хүн аюулгүй ажиллагааны зааварчилгаа амаар танилцуулж, хүснэгт дээр нь ямар нэгэн бичиглэлгүй бичгийн цаас дээр бид нарыг нэрээ бичээд гарын үсэг зуруулж ажилд оруулахын өмнө ажлын бээлий л өгсөн. Чулуунд гар хөлөө хавчуулж бэртэв гэсэн утгатай зааварчилгаа өгсөн... Тухайн үед чулууг ачиж байхад машин хөдлөөгүй, харин жолооч тал руугаа хазайсан байсан. Талийгаач тэвшний голд дээшээ гаргаж өгсөн чулууг түшиж өгч байсан... Тухайн ажлын зар “2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр туслах ажилтан авна, өдрийн 100,000 төгрөгийн цалинтай Утас: 99696951” утгатай байсан. Ямар хаягаас тухайн зарыг бичсэн гэдгийг сайн санахгүй байна...”  гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Мөнхзоригийн гэрчээр өгсөн: “...Би “П” ХХК-д жолоочоор 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон бөгөөд манай менежер Б- над руу 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн өглөө 8 цаг өнгөрч байх үед залгаад машинаа бэлд, өнөөдөр 5 шараас очиж чулуу тээвэрлэж авчирна гэж ярихаар нь би машинаа очиж бэлдээд 5 шард байдаг “Д” ХХК-ийн чулууны үйлдвэр дээр 11 цагт ирсэн. Тэгээд үйлдвэр дотор оруулж машинаа байрлуулаад хүлээж байсан чинь Б- гаднаас цагийн ажилчин гээд 5 танихгүй залуу дагуулаад мастер Түвшингийн хамт ирээд энэ хүмүүс чулуу ачна гээд тэр хүмүүстэй уулзаад тэр 5 залуу нь гадаа зогсож байгаад хувцасаа солиод Т мастер өргөгч погоор цаанаас чулуу оосорлож машинд авчирч өгөөд машины цаад буланд талийгаач болон гэмтэл аваад явсан залуу 2 ачиж өгсөн чулууг түшээд түлхээд наад талд нь 2 залуу гадаа поны хажууд зогсоод чулууг өргөх үед нь араас нь түлхэж өгөөд би машины арын өргөгч дээр авч өгсөн чулууг нь машин дотор орох үед араас нь түлхэж өгч байсан чинь гэнэт машин дотроос “уналаа” гээд орилоход миний түшиж байсан нураад би барьж дийлэлгүй алдсан. Тэгсэн чинь дотор байсан 2 залуугийн нуруугаа гэмтээсэн залуу нурсан чулууны цаад буланд ар нуруу талаараа даруулчихсан талийгаач залуу болохоор цээж хэсгээрээ хагас босоо байрлалтай цээжээрээ даруулчихсан байсан. Цаад талын залуу нь “авраарай” гээд орилсон. Тэр хавьд байсан хүмүүс бүгд ирж нураад дарсан байгаа чулууг наад талаас нь 1, 1  ширхэгээр нь сугалж аваад босгоод түлхэж байгаад даруулсан хоёр хүнийг чулууны завсраас гаргасан. Тэр үед талийгаач ямар нэгэн юм ярьж чадахгүй байгаа бололтой харагдсан бөгөөд бид нар тэр үед нийт дарсан байсан 9 ширхэг том чулуун хавтанг босгож байж тэр хоёр залууг гаргахад талийгаач түргэний эмч ирж үзэх үед өнгөрчихсөн байсан... Манай байгууллагад Хөдөлмөр хамгааллын чиглэлийн ямар нэгэн ажилтан огт байхгүй. Тухайн үед надад бол ямар нэгэн зааварчилгаа өгөөгүй, харин тэр залуустай Т мастер уулзаж байсан, зааварчилгаа өгсөн талаар бол би мэдэхгүй байна... Энэ чулуунууд нэг ширхэг нь урт нь 3,20 өргөн нь 1,60 жин нь 150-130 орчим кг жинтэй... Тэр үед машин унтраастай байсан ба ямар нэгэн хүн хөдөлгөөгүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 58-59 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд  Н.Ж-н гэрчээр өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс “Д” ХХК-д ХАБ-н мэргэжилтний ажлыг хамтран гүйцэтгэхээр ажиллаж эхэлсэн. 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 12 цаг 50 минутын үед манай захиалагч компани дээр хүн чулуунд дарагдуулсан байна гэсний дагуу тухайн чулууны үйлдвэрт очиход 2 хүн чулуунд даруулсан байсан ба нэг хүн нь нас барсан, нөгөө хүнийг нь 103 ирээд Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв рүү аваад явсан байсан. Удалгүй цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын байцаагч нар ирсэн. Тухайн компани нь манай байгууллагад чулууг ачиж авна гэж хэлсэн боловч 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр авна гэж хэлээгүй, чулууг өргөж машинд ачсан ажилчид нь манай компаний ажилчид биш тухайн захиалагч тал болох “П” ХХК-ийн цагийн ажилчид байсан. ...Манай компаниас чулуу захиалж авдаг захиалагч компани нь тухайн бараа материалын ачилт, зөөвөрлөлтийг өөрсдөө хариуцдаг, би тухайн компаний ХАБ-н үүргийг гүйцэтгэдэггүй. Тухайн захиалагч компани өөрсдөө аюулгүй байдлаа хангадаг... Дээрх чулууг ачсан машин манай компаний машин биш, “П” ХХК-ийн автомашин. 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр “П” ХХК-тай манай “Д” ХХК нь захиалгын гэрээ хийж хамтарч ажил хийж эхэлсэн. Тухайн гэрээнд заасны дагуу манай компани захиалагчийн өгсөн зургийн дагуу чулууг үйлдвэрлэдэг, захиалагч тал өөрсдөө захиалан бараа материалаа зөөвөрлөж аюулгүй байдлыг нь өөрсдөө хариуцдаг...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд  П.Б-ын гэрчээр өгсөн: “...Би “П” ХХК-д үйл ажиллагаа эрхэлсэн менежерээр ажилладаг бөгөөд манайх тавилгын чулуу зүсэж тавилгад нь суурилуулдаг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнөөдөр манай байгууллагын чулууны нөөц дуусаад манай толгой компани болох Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байдаг “Д” ХХК-иас чулуу ачиж авчрах шаардлагатай болоод ачих хүн хайгаад олдохгүй болохоор нь манай захирал Б- өнөөдөр намайг зар дээр зар тавиад цагийн ажилтан аваад чулуунуудаа өнөөдөртөө зөөж дуусгаарай гэж хэлэхээр нь би өнөөдөр 2023 оны 10 дугаар сарын 20-ны өглөө 11 цагийн үед фейсбүүк дээр өөрийнхөө П.Б- гэдэг хаягаас “өнөөдөр 5 шар дээр ажиллах 5 залуу өдрийн 100.000 төгрөгөөр ажилд авна” гэсэн зар тавьсан. Зарын дагуу надтай түрүүлж ирж уулзсан 5 залууг “Д” ХХК-д ирүүлээд машинд өргөгчөөр зөөгөөд өгөх үед чулуунуудыг машинд ачихад чиглүүлж түших ажилд ажиллана гэж хэлээд манай байгууллагын чулууны мастер Түвшинтөр гэдэг хүн амаар аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөд зааварчилгаа амаар өгсөн гээд хүмүүсээр гарын үсэг зуруулаад ажил эхэлсэн. Тэгээд манай байгууллагаас чулуу ачихаар байгууллагын амбаартай 69-51 УНУ улсын дугаартай Маяти машин ирж “Д” ХХК-ийн үйлдвэр дотор ороод “Д” ХХК-ийн өргөгчөөр Түвшинтөр манай машинд өргөж өгөөд манай цагийн ажилчид түлхэж оруулж өгөөд талийгаач А- болон бусад хүмүүс чулууг түшиж байсан. Тэр үед би гадаа утсаар ярьж байтал үйлдвэр дотор хүмүүс орилох чимээ гарахаар нь би дотор ороход талийгаач А- болон бас нэг залуу машин дотор түшиж байсан чулуундаа даруулаад хавчуулагдсан байхаар нь 2 байгууллагын хүмүүс нийлж байгаад чулууг өргөөд тэр хоёр хүнийг гаргахад талийгаачийн 2 гар бугуйгаараа хугарсан байдалтай байсныг хүмүүс өргөөд машины арын өргөгч дээр хэвтүүлэхэд талийгаач ямар нэгэн юм ярьж чадахгүй амьсгалж байсан. Тэгээд би яаралтай 103 залгаад түргэн дуудахад түргэн ирж үзээд өнгөрчихлөө гээд явсан хамт даруулсан залууг манай мастер Түвшинтөр гэмтэл рүү аваад явсан. Би энэ байгууллагад 2022 оны 9 дүгээр сард борлуулагчаар ажилд орсон бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн захирал Б- үйл ажиллагаа хариуцсан менежер болох санал тавиад ажиллаж байсан... Манай байгууллагад Хөдөлмөр хамгааллын чиглэлийн ямар нэгэн ажилтан огт байхгүй. Тухайн хүмүүст ажиллах үед нь Түвшинтөр мастер өөрөө амаараа зааварчилгаа өгсөн гэж ярьсан. Манай байгууллага “Д” ХХК-ийн “Китчен алл” гэдэг компанид тавилгын чулуу нийлүүлдэг байгууллага юм. ...Энэ чулуунууд нэг ширхэг нь урт нь 3,20 өргөн нь 1,60 жин нь 150 кг жинтэй. Намайг очиход 8-9 чулуу дарсан байдалтай нэг залуу нь машины цаад буланд цаашаа хараад нуруу нь хавчуулсан байдалтай талийгаач хагас босоо байдалтай нөгөө талын чулуунуудыг нуруугаараа налаад урдаас нь чулуунууд давхарлагдаад нураад дунд нь цээж хавиараа даруулсан байдалтай олон хүн сандраад гаргах гээд бужигнаж байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 64-65 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Б-н гэрчээр өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 20-ны өглөө 11 цагийн үед гэж санаж байна, фейсбүүк дээрээс “Өнөөдөр ажиллах 4-5 залуу байна уу, ажлын хөлс 100,000 төгрөг” гэсэн зар хараад *** гэсэн дугаарын утас руу холбогдож ярихад “Чулуун хавтангийн үйлдвэр дотор чулуун хавтан машинд ачиж өөр үйлдвэр дээр буулгана жаахан оройтож магадгүй түгжрэлээс шалтгаалаад гэж хэлэхээр нь би ажиллахаар болоод 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” ХХК-ийн гадаа очсон. Намайг хашааны үүдэнд очиход 2 эрэгтэй хүн ирчихсэн байсан бөгөөд удалгүй араас дахин нэг хүн ирээд бид 4 хамт үйлдвэрийн хашаа руу орсон. Тэр үед мөн хашаан дотор дахин 2 эрэгтэй хүн зогсож байсан. Бид 6 нийлээд зогсож байтал үйлдвэрийн агуулахаас саарал өнгийн “Infinity” гэсэн ажлын хувцастай 30-35 орчим насны, бор царайтай намхан ах гарч ирээд хийх ажлыг танилцуулаад чулуун хавтан ачааны машинд ачна би поогоор /өргөгч машин/ өргөж өгнө өөрсдөө өргөх шаардлагагүй хүнд учир миний зааварчилгааг сонсоод явчихаарай гэж хэлсэн. Тэгээд бид нарт ямар гэдгийг санахгүй байна, А4 бичгийн цаасан дээр хэвлэсэн компьютер дээр бичсэн хүснэгт байсан бөгөөд надтай хамт ажиллах гэж байсан 3 залуу хамт гарын үсэг зураад ажлаа эхэлсэн. Тухайн үед агуулах руу бүгд ороход залуухан шар царайтай урт үстэй хүүхэд байж байсан. Тэгээд бид нараар гарын үсэг зуруулаад байсан ажлын хувцастай ах бид нарын ажлыг хуваарилж өгөөд дотор Маяти маркийн авто машин зогсож байсан бөгөөд тухайн машины хойд талын бүхээг хэсгийн хоёр талын хананд шахаж зэрэгцүүлэн өрж ачихаар болсон. Тэр үед намайг хавтангуудын хураасан хэсгээс по-/ачигч машин/-д чулуун хавтангуудыг өлгөж өгөх хэсэгт хамт цагийн ажлын зараар ирсэн шохой болсон хувцас пүүзтэй, 25 орчим насны бор царайтай 170 орчим см өндөртэй залуутай хамт ажиллахаар, агуулах дотор байсан хүүхдийг ачааны машины ард талын тэвшний доод хэсэгт байх залгаа тавцан дээр, жолооч ах болон ажиллахаар ирсэн хоёр залуу машины ачааны бүхээг хэсэгт орж ажиллахаар болсон. Гэтэл 13 цагийн орчимд гэж санаж байна бараг сүүлийн хавтанг погоор өргүүлээд машины ачааны хэсэгт өргөөд бэхэлгээг суллаж чулуун хавтанг нөгөө хүүхэд болон надтай хамт хавтан бэхэлж байсан залуу бид гурав тавцан руу оруулж түлхэж өгч байтал хамт түлхэж байсан залуу хавтанг тэвшин дээр орсон байх үед дараагийн хавтанг бэхлэхээр явчихсан байсан юм. Тэгээд би дүүтэй түлхээд оруулаад жолооч ах тэвшний дээд талаас тусалж байтал баруун талд өрж байсан чулуун хавтангуудыг бэхлээгүй бүхээгийн дотор талд хоёр залуу чулуун хавтанг түлхээд зогсож байсан юм. Тэгтэл жолооч ах ачиж байсан хавтангуудыг жаахан зайтай байна доогуур нь шахна гэж хэлээд удаагүй байтал баруун талд өрөөстэй байсан чулуун хавтангууд нураад нүд ирмэхийн зуургүй дотор байсан хоёр хүн дарагдчихсан. Тухайн үед нөгөө хавтанд дарагдсан хоёр хүнийг гаргах гэж хавтанг өргөж үзэхэд дийлэхгүй байсан бөгөөд үйлдвэр дотор байсан өөр 10 орчим хүн гүйж ирээд өргөхөд 1-2 минут орчмын дараа дарагдсан хоёр хүнийг гаргаж ирсэн бөгөөд нэг залуу нь нуруугаа барьчихсан алхаад гарч ирсэн. Харин нөгөө залууг өргөж гаргаж ирээд тавцан дээр тавихад ухаангүй хоёр гар нь бугалга хэсгээрээ хугарчихсан байдалтай байсан. Тэгээд удалгүй бид нарыг нуруугаа барьсан залуугийн хамт агуулахаас гаргаад нөгөө залууг хараад сууж байгаарай гэж хэлээд сууж байтал удалгүй эмнэлгийн яаралтай тусламж ирсэн. Тухайн үед эмч агуулахад орж үзлэг хийж дуусаад гарч ирээд дарагдсан нэг залуу нь нас барсан байна, харин нөгөө залууг нь гэмтлийн эмнэлэг рүү авч явъя гэж ярилцаж байгаад удалгүй нуруугаа гэмтээсэн залууг аваад явсан. ...Миний харж байснаар по буюу өргөгч машиныг ажиллуулж байсан ах амаар “зүссэн чулуун хавтан хурц ирмэгтэй байдаг учир гараа зүсэв, хавчуулав” гэж хэлсэн, бичгээр аюулгүй ажиллагааны зааварчилгааг уншиж танилцуулан гарын үсэг зуруулсан асуудал байхгүй. Түр хугацаанд цагаар ажиллаж байсан учир ямар нэгэн гэрээ хийгээгүй, хувцас солиулаад ажлыг эхлүүлсэн... Хөдөлмөр аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан гэж хүн байгаагүй. Бид нар бүгд өөрсдөө гэрээсээ ажлын хувцастай ирээд тухайн хувцасаа өмсөж ажилласан. Тухайн үед ажиллах газраа ирээд анх ороход нүдний шилтэй саарал өнгийн ажлын хувцастай шар царайтай ах дагуулж ороод погоор чулуун хавтанг өргөж байсан ахын хамт зааварчилж үүрэг өгч ажилласан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 67-68 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ө.Д-н гэрчээр өгсөн: “...Би Солонгос улсаас 2023 оны 9 дүгээр эхээр Монгол улсдаа ирсэн. Тэгээд хүүхдүүдээ харахын хажуугаар ажил хийе гэж бодоод фэйсбүүкээр зарын дагуу өдрийн 100,000 төгрөгөөр цагийн ажил хийлгэнэ гэсэн зар цагийн ажлын нэгдсэн зар гэх группт байсаны дагуу би **** гэсэн дугаар руу 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 10 цагийн үед залгаж ярихад эрэгтэй хүн аваад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Таван шарын автобусны хойд талд ирээд залга гэсэн үүний дагуу өдрийн 11 цагийн үед очиход “Китчен алл” нэртэй гал тогооны чулуун хавтан зүсдэг цех байсан. Намайг очиход үл таних нэрийг нь мэдэхгүй 30 орчим насны залуу шууд ажлын бээлий өгөөд ажилдаа ор гээд, тэр хүн хүмүүсийн хийх ёстой ажлыг зааж өгөөд явсан. Би өргөгч машинд чулуун хавтангуудыг өлгөж өгөх ажил хийгээд цехийн байрны ертөнцийн зүгээр баруун талд ажиллаж байтал 13 цагийн орчим гэнэт өргөгч машины жолооч залуу хүн дарагдчихлаа гээд зүүн тал руу хаалга хэсэг рүү гүйгээд явсан. Би хэсэг зогсож байгаад араас нь очтол хүмүүс овоороод байсан. Хүмүүс бүхээгтэй ачааны машины бүхээгнээс зөөж байсан том чулуун хавтанг нэг тал руу нь зөөж дарагдсан байсан хоёр залууг гаргаж аваад 103 дуудсан. Энэ үед нэг залуу нь ухаангүй байсан нэг залуу нь хөл дээрээ муухан тогтоод явж харагдсан. Удалгүй 103 ирээд ухаангүй байгаа залууг үзээд нас барсан байна гэж хэлсэн. Нөгөө залууг үзээд тариа хийгээд машиндаа суулгаад авч явсан. Надад огт аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, би Хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан хүнтэй таараагүй хүмүүс ярихдаа Хөдөлмөр аюудгүй байдал хариуцсан нь ажлаасаа гарсан, тийм хүн байдаггүй ярьж байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 70-72 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ү.О-н гэрчээр өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 13 цаг өнгөрч байх үед “Д” ХХК-д өөрийнхөө өрөөнд ажлаа хийж байсан чинь гэнэт үйлдвэр дотор хүмүүс орилолдохоор нь гараад харсан чинь үйлдвэр дотор чулуу ачиж байсан машин дотор 2 хүн чулуун хавтангуудад хавчуулагдсан байхаар нь би хүмүүстэй нийлж байгаад уг дарсан чулуунуудыг нэг нэгээр нь сугалж байгаад хана руу нь дахин босгож түшиж байгаад чулуунуудаа хананд нь бэхэлж байгаад нөгөө хавчуулагдсан 2 хүнийг манай ажилчид гаргасан. Тухайн үед би чулуу босгож байгаад хуруугаа хавчуулсан байсан болохоор чулуу босгоод 2 хавчуулсан хүнийг гаргасны дараа би гадаа гарсан бөгөөд удалгүй түргэний эмч ирээд би зөрөөд гэмтэл яваад хуруугаа боолгоод ирэхэд хавчуулсан нэг залуу нь нас барсан гэдгийг мэдсэн. Энэ чулуунууд нэг ширхэг нь урт нь 3,20 өргөн нь 1,60 жин нь 180 орчим кг жинтэй чулуунууд юм. Тэр үед 2 хүн хавчуулагдсан хүний нэг нь арагшаа хараад нуруугаараа хавчуулсан, нөгөөх нь цээжний дээд талаараа хавчуулагдсан дуу нь гарахгүй царай нь цонхийчихсон харагдсан. Тэр чулуунууд их хүнд учраас машинд ачих үедээ хоёр талынхаа тэнцвэрийг олж ачих ёстой байдаг бөгөөд тэр хүмүүс нэг тал руу нь их ачаад машин тэнцвэр алдаад нурсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 74 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б-н гэрчээр өгсөн: “...Би  2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 11 цаг 50 минутын үед цайндаа орох гээд байж байсан чинь “П” ХХК-ийн менежер Б- гэх хүн ирээд чулуу ачна гэж хэлсэн. Тэгээд би ажилчидаа аваад өдрийн цайндаа орчихоод гараад ирэхэд Б- гээд залуу чулуу ачуулахаар авч ирсэн хүмүүсийн хамт чулууг ачиж байсан. Үйлдвэрийн үүдэнд ажилчид болон Т, О бид 3 гурав утсаар тоглоод байж байсан. Ажлын цаг эхлээд угсаргааны багийнхан ирсэн, тэр хэдтэй тендерийн чулууг ачуулаад зогсож байсан. Гэтэл том цех дотор хүмүүс орилолдоод байхаар нь очоод хартал чулуу ачиж байсан Маяти дотор хоёр хүн чулуугаар дарлуулсан нэг нь ухаангүй байсан, харин нэг хүн орилоод байж байсан. Хажууд нь очиход нас барсан гэх хүн анх толгойгоо дээш өргөж байсан, тэгээд бид нар дээрээс нь дарсан чулууг хажуу талын хана руу татаж тэгшилж босгосон. Чулууг холдуулж гаргаснаас хойш 10 минутын дараа түргэн ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн. Нөгөө залууг болохоор гэмтлийн эмнэлэгт рүү аваад явсан. Би 2018 оноос эхлэн “Д” ХХК-д үйлдвэрийн туслах ажилд орж байсан. Харин 2020 оноос хойш төлөвлөлтийн ажилтан хийж байгаа. Би анх ажилдаа орохдоо гэрээ байгуулж байса н. Манай “Д” ХХК-ийн хүний нөөцтэй жил болгон шинээр гэрээ байгуулж ажилладаг. ...Би амь хохирогчийн ажил үүргийн талаар мэдэхгүй. “П” ХХК-ийн ажилтан Б- гэдэг хүн ямар ажил үүрэгтэй ажиллаж байсан талаар мэднэ. ...Манай байгууллагатай гэрээ байгуулж “П” ХХК нь агуулах түрээсэлдэг. Өнөөдөр 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр цайндаа орох гэж байхад “П” ХХК-ийн ажилтан Б- гэх залуу чулуугаа ачаад манайд түрээсэлж байсан агуулахаа чөлөөлж өгөх гэж ирсэн, өөр тусдаа агуулахтай болсон гэж байсан.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 79-80 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Б-н гэрчээр өгсөн: “...Би 2018 оны 9 дүгээр сараас хойш “Д” ХХК-д одоог хүртэл ажиллаж байна. 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Д” ХХК-д өглөө 8 цаг 5 минутад ирээд хүргэлт хийх айлуудынхаа жагсаалтаа аваад хүргэлтийн машин болох Титан маркийн цагаан өнгийн амбаартай 62-96 гэх улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр хамт хүргэлт хийдэг Болор-Эрдэнэ, Отгонбат, Мөнхбат, Батням нарын хамт хүргэлт хийх чулуугаа үйлдвэрийн байрнаасаа ачаад хүргэлтэндээ гарсан. Хүргэлтээ хийж дуусчихаад 13 цагийн үед ажил дээрээ ирээд Сонсголонд байрлах үйлдвэртээ 16 ширхэг чулуу аваачиж өгөх гээд машиндаа ачиж дуусчихаад бид хэд явах гэж байтал нөгөө секторын чулууны үйлдвэрээс хүмүүс “энд юм болчихлоо очоорой” гээд орилохоор нь би бразил агуулах руу гүйгээд очтол агуулах дотор цагаан цэнхэр өнгийн амбаартай Маяти маркийн автомашины хойд 2 хаалга онгойчихсон хүмүүс тэвшин дээр нь гарчихсан, машинд аччихсан байсан 10 ширхэг чулуу ханарсан байдалтай хүмүүс тэр чулууг босгоод байж байхаар нь би машинд гүйж ороод тухайн чулууг бүгдийг нь босголцтол чулуун завсар 2 хүн нэг нь цээж хэсгээрээ чулуунд хавчигдчихсан хоёр гар нь унжсан байдалтай, нөгөө нь цаад талд нь нуруугаараа хавчигдсан байдалтай “авраарай” гэж орилоод байж байсан. Бид нар чулууг босгоод би тэр үед чулууг тулаад зогсож байтал хамт байсан хүмүүс тухайн 2 хүнийг өргөж гаргасан. Нэг залууг нь тухайн машины хойд талд байсан төмөр дээр дээш харуулаад хэвтүүлэхэд амьсгалахгүй байсан. Нөгөө нэг залуу “нуруу өвдөөд байна гээд” байж байсан. Манай “Д” ХХК нь намайг анх ажилд ороход хөдөлмөрийн гэрээ байгуулж байсан. Өглөө болгон ажилд гарахдаа аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцаж гарын үсэг зуруулж, эрсдэлийг тооцсон өврийн дэвтэрт гарын үсэг зуруулж аюулгүй байдлыг хангаж ажилладаг… Манай компанид Хөдөлмөр аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан нь Отгон-Амьдрал гэх хүн байдаг. Тухайн хүн өглөөд ажилд гарахад аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулан гарын үсэг зуруулдаг. …Машинд чулуу ачиж байсан “Propinito’’ компанийн ажилчид тухайн үед хамгаалалтын хувцас хэрэглээгүй, хамгаалалтын малгайгүй, ажлын бээлийгүй байсан. “Propinito” гэх компанийн менежер Б- гэх хүн тухайн хүмүүсийг хариуцаж ажиллуулж байсан юм шиг байна лээ…” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 83-84 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Б-н гэрчээр өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн үед гэж санаж байна, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” ХХК-ийн агуулахаас хамт ажилладаг Батням, Мөнхбат, Отгонбат нарын хамт агуулахад байсан чулуун тавцан ачихаар ирээд ачиж байсан. Тухайн үед бид 4 чулуун тавцанг өргөөд машинд ачиж байтал нэг бразил гэж нэрлэдэг зааланд хүн даруулчихсан бололтой авраарай гээд орилж хашхирч байгаа чимээ сонсогдсон юм. Тэр үед би хамт ажиллаж байсан 3 залуугийн хамт гүйгээд очиход Маяти маркийн цагаан өнгийн авто машинны ачааны бүхээг хэсэгт 2 хүн 10 орчим чулуун хавтан доор даруулчихсан байдалтай хэвтэж байсан бөгөөд дэргэд нь 4-5 хүн өргөх гээд дийлэхгүй байгаа бололтой байхад би хамт ажиллаж байсан гурван залуугаа хамт нөгөө хүмүүстэй нийлж өргүүлээд хуучин баруун талд байрлалтай байсан хэсэгт чулуун хавтангуудыг налуулсан. Тэр үед би нөгөө 2 залууг хаана байрлалтай байсныг харж амжаагүй. Шууд агуулахаас гарч сандраад “П” буюу тухайн чулуун хавтангуудыг ачиж байсан компанийн хариуцан ажилуулж байсан Б- гэх залуугийн хамт эмнэлэгийн түргэн тусламж дуудсан юм. Тэгээд би Б-ын хамт түргэн дуудчихаад буцаж агуулах дотор орж ирэхэд өргөлцөж байсан хүмүүс маань чулуун хавтангуудын доор нь байсан хоёр хүнийг гаргачихсан, туранхай бор царайтай залууг уг авто машины хойд талын тэвшнээс илүү гарсан тавцан дээр дээш харсан байрлалтай хэвтүүлчихсэн хоёр гар нь хугарчихсан амьсгалахгүй хөдлөхгүй байдалтай, нуруугаа барьчихсан шар царайтай дундаж нуруутай залууг нь уг машины ачааны хэсгийн дэргэд байхаар нь гадаа авч гаран агаар амьсгалуулж сандал дээр суулгасан. Удалгүй эмнэлгийн түргэн тусламж ирээд үзлэг хийхэд агуулах дотор авто машины тэвшиний тавцан дээр дээш харсан байрлалтай эрэгтэй нас барчихсан байна. Харин нуруугаа барьчихсан байсан даруулсан залууг яаралтай гэмтлийн эмнэлэг авч явах хэрэгтэй гэж хэлээд “П” компанийн хамт ажиллаж байсан хүнийг дагуулаад аваад явсан бөгөөд удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 86-87 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд А.О-н гэрчээр өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 11-12 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” ХХК буюу манай ажлын агуулахаас манай компанитай хамтран ажилдаг “П” ХХК-ийн 8 ажилчин орж ирж байсан. Ачлага хийж байсан агуулах руу би нэг удаа ороход Mighty маркийн амбаартай машинаа үйлдвэрийн хаалгаар ухраагаад зогсоочихсон хавтангуудаа зөөгөөд ачиж байгаа харагдаж байсан. 2-3 хоногт нэг удаа ирж хавтангуудаа авдаг бөгөөд “П” ХХК-ийн ажилчин Б- гээд залуу тухайн үед хариуцаад ажиллаж байсан. Манай “Д” ХХК-ийн ажилчид цайндаа орж байсан. Би үйлдвэрийн голын хаалганы тамхины цэг дээр тамхи татчихаад агуулах руу ортол машин дээр байсан хүмүүс өргөөрэй гээд орилоод байхаар нь очтол амбаартай машины амбаар дотор 10 орчим ширхэг чулуун хавтанд машины толгой талд нь хамгийн цаад захад нь байсан залуугийн нуруу хэсэгт нь чулуун хавтан нураад дарчихсан ёо ёо гээд орилоод наана нь байсан залуугийн цээжин хэсэг дээр нь чулуун хавтангуудад даруулчихсан байсан. Амбаарын хаалга талд нь нэг залуу чулуун хавтанд даруулаагүй өргөх гээд дийлэхгүй байж байсан. Бусад ажилчид нь хаана байсан талаар сайн мэдээгүй. Тэгээд би өөрийнхөө ажилчдыг дуудаад нурсан чулуун хавтангуудыг өргөөд дарагдсан хоёр хүнийг өргөж гаргаад нурсан чулууг нь хүлээд түргэн тусламж Б- гээд залуу дуудсан. Түргэн ирэх хооронд чулуун хавтангийн голд нь даруулсан залуу босож чадахгүй ер нь бараг дуу гарахгүй байсан санагдаж байна. Цаад мухарт нь байсан залуу өөрөө алхаад гадагшаа гарах шиг болсон. Түргэн ойролцоогоор 20 минут орчмын дараа ирээд чулуун хавтангийн голд даруулсан залуугийн биеийг үзээд нас барсан байна гэж байх шиг байсан. Харин захад байсан залуугийн биеийг үзээд аваад явсан. ...Дээрх нэр бүхий хүмүүс нь манай компаны ажилчид биш, “’П” ХХК-ийн чулуун хавтан ачихаар ирсэн хүмүүсийн нэрс байна... Уг давтан зааварчилгааны цаас нь манай компанийн нэртэй байгаа боловч би “П” ХХК-ийн хүмүүст гаргаж өгөөгүй бөгөөд одоо манайд өдөр тутам ашигладаг зааварчилгаа цаас биш байна. Би өөрийнхөө одоо ашигладаг буюу 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр компанийн ажилчдад өгсөн зааварчилгааны цаасыг хуулбарлаж өгье. Мөн би уг цаасыг “П” ХХК-ийн  хүмүүст гаргаж өгөөгүй, хаанаас олж авсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 89-90 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд  Ж.М-н гэрчээр өгсөн: “...Би “Д” ХХК-д 2021 оны 4 дүгээр сард анх гадна угсаргааны жолоочоор ажилд орсон. 2023 оны 10 дугаар сарын 20-ны 13 цагийн үед бид үйпдвэрээс гарах гэж байхад үйлдвэрийн зүүн талд хүмүүс чанга хашгиралдаад дуу чимээ гарсан. Б, О, Б, Б бид 5 тухайн чимээ гарсан газар очтол цагаан өнгийн бүхээгтэй ачааны машины бүхээг дотор үл таних хоёр залуу чулуун хавтанд дарагдаж, хавчуулагдсан байдалтай байсан. Бид нар шууд бүхээг рүү явж ороод чулуун хавтангуудыг нэг нэгээр нь зөөж эсрэг талын хана руу байрлуулж доор нь байсан хоёр залууг гаргаж авсан. Ингэж гаргах үед тэр хоёр залуугийн нэг нь огт ухаангүй хөдлөхгүй, амьсгалахгүй байсан. Нөгөө залуу нь бие нь тааруу байсан. Тэгээд 103 түргэн тусамжийг хэн нэгэн хүн дуудсан. Удалгүй 103 ирээд нэг залууг нь нас барсан байна гэж хэлсэн. Нөгөө залууг нь аваад явсан. Бид тав бол хүн өргөж гаргаагүй харин тэр залууг дарсан чулуун хавтанг өргөж тулж байсан, энэ хооронд тэнд хүмүүс тухайн хоёр хүнийг өргөж гаргасан. Уг чулуун хавтанг ачиж байсан ачааны машины жолооч болон тэнд байсан хүмүүсийг би танихгүй манай компанитай гэрээтэй байгууллагын хүмүүс байсан. Манай компаний Хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Жаргалмаа гэж эмэгтэй байдаг...” гэх мэдүүлэг  /1-р хавтаст хэргийн 99-101 дэх тал/, 

 

Мөрдөн шалгах ажиллагаанд  Б.т-н гэрчээр өгсөн: “...Өглөө 11 цаг 00 минутад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Д” ХХК-д очиж ажиллахаар болсон. Тус компанид ирж хүнд даацын ачааны по гэх машин барихаар болсон. Би тухайн үед наад машиныг чинь барихгүй гэхэд манай ахлах менежер Б- гэх залуу чи нэг бол наад погоо барь эсвэл бусад ажилчидын хамт чулуу зөө гэж хэлэхээр нь би Б-ад үндсэн погийнх нь жолоочоос асуучих гэхэд Б- хэсэг хугацааны дараа дахин ирж чи ирж барих юм байна гэж хэлээд 11 цаг 20 минутын үед би тухайн үйлдвэрт байрлах пог барьж эхэлсэн ба ажил эхлэхэд тухайн үйлдвэрт ажиллаж чулуу зөөх хүмүүсийг Б- дуудаж ирсэн. Б- надад чи эдгээр хүмүүст аюулгүй ажиллагааны зааварчилгааг танилцуул гэж хэлсэн. Тухайн үйлдвэр буюу “Д” ХХК-ийн давтан зааварчилгаа гэсэн анкет дээр би Б-ын авчирсан 5 хүний нэрийг бичиж аман хэлбэрээр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулж ажил ойролцоогоор 11 цаг 20 минутад эхэлсэн. Өдрийн 13 цагийн орчимд погоор чулуу буулгаад дахин чулуу авахаар хөдлөөд явтал ард орилолдоод эхэлсэн. Тэр үед би барьж явсан погоо унтраагаад чулуу буулгасан газраа бууж очтол буулгасан чулуунд талийгаач болон С- гэх залуу нар дарагдсан байдалтай байсан. Дарагдах үед “Д” ХХК-ийн ажилчид болон цаана нь зогсож байсан 3 залуугийн хамт тухайн 2 залуу дээр байсан чулууг гараараа татан холдуулсан. Холдуулах үедээ би тухайн чулуунуудын доор орж доороос нь түлхсэн ба хэдий олуулаа өргөж байсан ч гэсэн алдах гээд байх шиг байхаар нь түргэн дуудаарай гэж хэлсэн. Тэгээд чулууг холдуулж дуусгаад дор дарагдсан байсан залуугийн нэг нь буюу С- нь захад байсан болохоор цааш уначихсан. Харин талийгаач залуу амьтай төдий байж байсан, ямар нэгэн үг хэлээгүй ба чулууг холдуулснаас хойш хөдлөөгүй. Сүүлд харахад талийгаач залуугийн гар хугарсан, биеийн аль нэг хэсгээс цус гарсан шинжгүй байсан ба 103-ын эмч ирж нас барсан байна, цагдаа дууд гэж хэлсэн. Би цагдаа ирэхээс өмнө С- гэх залууг үзүүлэхээр С-ын хамт Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд 14 цагийн орчимд ирсэн. Намайг ажиллах хугацаанд нэг ч удаа гарын үсэг зуруулж зааварчилгаа танилцуулж байгаагүй... Миний ажилладаг “П”  ХХК болон “Д” ХХК-д Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан байдаггүй...  Талийгаач болон С- гэх залуу **-** гэх улсын дугаартай битүү бүхээгтэй ачааны машины бүхээг дотор баруун ханыг налж байрлуулсан 10 ширхэг чулуун хавтанг түлхчихсэн, харин тус бүхээг дотор наад талд нь нэг залуу байсан ба тэр гурав ерөнхийдөө машин доторх хавтанг түлхээд тус машины наад талд 2 үл таних залуу погоор зөөлөн чулууг тэр гурав руу түрж түлхэж өгөх гээд наана нь зогсож байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 104-107 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн ** дугаартай шинжээчийн “...Талийгаачийн биед цээжний дунд хэсгийн дарагдлын ором, зулгаралт, зовхины салст, уушги, зүрхний гадаргуу дахь цэгчилсэн цус харвалт, уушги хавчилт, уушгины цус хуралт, няцрал, өвчүү ясны хугарал, зүүн 4, 5, 6-р хавирганы хугарал, баруун, зүүн шуу, богтос ясны бяцарсан хугарал, бугуйн мултрал, хүзүүн дэх цус хуралт, хүзүү, баруун, зүүн бугуйнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь нас барахын өмнө үүссэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлээр цээжинд удаан дарах, унах үед үүссэн гэмтлүүд байх боломжтой. Үхэлд шууд хүргэсэн тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь механик амьсгал бүтэлт буюу цээж дарагдах хэлбэрийн улмаас амьсгал бүтэлтэнд орж нас баржээ. Талийгаач нь 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 00:30 минутын байдлаар нас бараад ойролцоогоор 10-12 цаг орчим хугацаа өнгөрсөн байна. Талийгаачийн ходоодонд бага хэмжээний цайвар өнгийн шингэн агууламжтай байсан тул хэзээ ямар хоол хүнс хэрэглэсэнг тогтоох боломжгүй байна. Талийгаачийн цус, ходоодны шингэн, шээсэнд спирт болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна. Эмнэлгийн тусламж авсан ч амь аврагдах боломжгүй байжээ. Талийгаач нь гуравдугаар бүлгийн цустай...” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 121-128 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “…Б.С-ын биед бүсэлхийн 2, 3 дугаар нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой…” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 135-136 дахь тал/,

 

Эрүүгийн ** дугаартай хэргийн материалд шинжилгээ хийсэн тухай шинжээчийн 2023/17 дугаартай “…“П” ХХК нь /РД:***/ “Чулуун хавтангийн бөөний худалдаа чиглэл”-ээр үйл ажиллагаа явуулдаг.

“П” ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанг томилоогүй байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуупийн 28 дугаар зүйлийн 28.2.1 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан зөвлөл байгуулах, ажилтныг ажилд томилох, ажлаас чөлөөлөх/ дэх заалтыг зөрчсөн байна.

“*” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 23/10/10 тоот тушаалаар “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус комисс”-ыг 3 хүний бүрэлдэхүүнтэй томилсон байна. /Хавтаст хэргийн 117 дугаар хуудас/ Тус комисс нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Д” ХХК-ийн агуулахаас чулуун хавтан зөөвөрлөхөөр олон нийтийн сошиал мэдээллийн фэйсбүүкээр ажлын зар тавьж зарын дагуу ирсэн 5 иргэнээр ажил гүйцэтгүүлж байх үед гарсан ослыг судалж, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.11 /үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний тоон мэдээллийн талаар тэмдэглэл хөтөлж, холбогдох байгууллагад мэдээлж байх/, 29 дүгээр зүйлийн 29.2 /Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна/-т заасны дагуу “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт”-ыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст ирүүлж, Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хянан баталгаажуулсан байна. /Хавтаст хэргийн 115-136 дугаар хуудас/.

Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордпогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна” гэж заасны дагуу үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх үүрэгтэй.

Г.А- нь ажлын байран дээр ажил үүрэг гүйцэтгэж байгаад осолд өртсөн тул Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 дэх заалтад “ажлын байрандаа ажил үүрэг гүйцэтгэж байх үед” гэж заасан тул үйлдвэрлэлийн осол мөн болно.

2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гарсан ослын улмаас иргэн Г.А-гийн амь нас хохирсон тул “П” ХХК нь доорх үүргийг хүлээнэ. Үүнд:

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2-д заасны дагуу “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол нэг сарын дундаж цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг түүний гэр бүлд нэг удаа олгох үүрэгтэй.

- Талийгаач Г.А- нь “П” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул тус компанийн ажилтан биш.

- Осол болсон 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ажил гүйцэтгэхээр ирсэн ажилтнуудад аюулгүй ажиллагааны зааварчилгааг тус байгууллагын чулууны мастер Түвшинтөр амаар өгсөн гэх бөгөөд /Эх сурвалж. Үйл ажиллагаа эрхэлсэн менежер П.Б-ын мэдүүлэг, хавтаст хэргийн 40-42-р хуудас/, ажилтнуудаар гарын үсэг зуруулсан материал хавтаст хэрэгт авагдсан байна /Хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудас/

- Тус байгууллагын менежер П.Б- нийт 29 чулуун хавтан байна, нэг мөсөн ачиж явъя гэж хэлж хэлсэн талаар Б.С- ослын талаарх тайлбарт дурьдсан байна. Талийгаач Г.А- болон бусад ажилчид чулуун хавтанг ачиж буулгах, тээвэрлэх үеийн аюул, эрсдэлийг тооцож ажиллаагүй байна. /Эх сурвалж: Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актын материал /хавтаст хэргийн 116 дугаар хуудас/

Энэ талаар “П” ХХК-ийн 2023.10.31-ний өдөр үйлдсэн “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх акт”-д хавтанг ачихдаа машины тэвшин дээр бүхээгийн ханын дагуу тэнцвэртэй тоогоор ачаагүй, даацыг хэтрүүлж ачсан талаар дурьдсан.

- “Профмнито Монголиа” ХХК ачааны машинд чулуун хавтанг ачих, тавиурт хавтангуудыг зөв ачих аюулгүй ажиллагааг хангах талаар “Ачиж буулгах аюулгүй ажиллагааны зааварчилгаа”-д тусгасан байна. /Хавтаст хэргийн 225- 240 дүгээр хуудас/.

- Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д / өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/ гэсэн ажилтны үүргийг биелүүлж ажиллаагүй байна.

Hyundai.Mighty маркийн ** арлын дугаартай, ачаа ачих зориулалттай бүхээгтэй, авто тээврийн хэрэгсэлийг БНСУ-д 2006 онд үйлдвэрлэсэн, 2022.06.09-нд Монгол Улсад импортолж, техникийн хяналтын үзлэгт 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр орж, “Тэнцсэн” тул 2023 оны 10 дугаар сарын 10-ны едөр “Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ” олгосон нь ачааны машины техникийн шаардлага хангасныг нотолно.

Уг автомашины зориулалтыг өөрчлөөгүй. Тус машинд засвар, үйлчилгээ хийсэн талаарх материал хавтаст хэрэгт авагдаагүй байна.

“П” ХХК нь талийгаач Г.А-гийн ар гэрт 15.000.000.00 /Арван таван сая/ төгрөгийг олгосон байна. /Хавтас хэргийн 132-136 дугаэр хуудас/…” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 144-146 дахь тал/,

 

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт /1-р хавтаст хэргийн 155-156 дахь тал/, “П” ХХК-ийн гүйцэтгэх захирлын “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх хороо байгуулах тухай тушаал /1-р хавтаст хэргийн 157 дахь тал/, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комиссын хурлын тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 158-159, 2-р хавтаст хэргиийн 35-36 дахь тал/, Үйлдвэрийн ослын талаарх тайлбар /1-р хавтаст хэргийн 160-164 дэх тал/, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын бүртгэл /1-р хавтаст хэргийн 166-169 дэх тал/, Хохирол төлбөр төлсөн талаарх баримтууд /1-р хавтаст хэргийн 172-176 дахь тал/, “П” ХХК-ийн Галын аюулгүй байдлын хяналтын журам /1-р хавтаст хэргийн 177-185 дахь тал/, “П” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дотоод журам /1-р хавтаст хэргийн 186-199 дахь тал/, “П” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөлийн ажиллах журам /1-р хавтаст хэргийн 200-205 дахь тал/, “П” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дотоод хяналт шалгалт хийх журам /1-р хавтаст хэргийн 206-215 дахь тал/, “П” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хавтаст хэргийн 216-225 дахь тал/, “П” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам /1-р хавтаст хэргийн 226-246 дахь тал/, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого бүртгэсэн акт /2-р хавтаст хэргийн 33-34 дэх тал/, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын бүртгэл /2-р хавтаст хэргийн 43- дэх тал/, хохирогч Б.С-ын эмчилгээний зардлын жагсаалт /2-р хавтаст хэргийн 47 дахь тал/, хэвлийн хөндийн эрхтнүүдийн хэт авиан оношилгооны хариу /2-р хавтаст хэргийн 48-49, 57-58 дахь тал/, “Д” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /2-р хавтаст хэргийн 54 дэх тал/, хохирол төлсөн талаарх баримт /2-р хавтаст хэрргийн 108, 111-130, 72 дахь тал/, хохирогчийн хууль ёсны төлөлөөгч Э.Гантогтохоос гаргаж өгсөн хохирлын баримтууд /2-р хавтаст хэргийн 133-188 дахь тал/,

 

Иргэний хариуцагч Б.С-н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би эрүүгийн хэрэгтэй танилцсан бөгөөд байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас Г.А- хавтанд дарагдаж нас барсан. Энэ хэрэгт байгууллагын зүгээр буруугаа хүлээх бөгөөд хохирогчид учирсан хохирлоос талийгаач Г.А-гийн ар гэрт 21.500.000 төгрөгийг өгсөн байгаа мөн С-ын эмчилгээнд 4.762.000 төгрөг өгсөн. С- ямар нэгэн эд зүйл нэхэмжлэхгүй биеийн байдал зүгээр болсон. Харин талийгаачийн ар гэрт баримтаар гарсан зардлыг болон сэтгэл санаа хохирлыг манай байгууллага бүрэн хариуцаж ажиллана…” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 82 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Ч.Э-н өгсөн: “…Б.С-ын биед учирсан ясны хугарал бороолж эдгэрэх учир цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Мөн хуульд заасны гуравны нэгийг алдагдуулахгүй…” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 233 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “…Б.С-ын биед бүсэлхийн 2, 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй, шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Б.С-ын биед учирсан бүсэлхийн 2, 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл бороолж эдгэрэх учраас цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй…” гэх дүгнэлт /2-р хавтаст хэргийн 55-57 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “…Б.С-ын биед бүсэлхийн 2, 3-р нугалмуудын баруун хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл учирсан байна. Энэ нь 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Монгол улсын Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан А/225, А/153, А/85 дугаар тушаал болох Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтэний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Дээрх бүсэлхийн 2, 3-р нугалмуудын баруун хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл нь ердийн явцаараа эмчлэгдэн эдгэрэх бөгөөд цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй /Шүүх эмнэлгийн ерөнхий хөдөлмөрийн чадвар гэдэг нь тусгай мэргэжил шаардахгүйгээр өдөр тутамдаа өөрөө өөртөө үйлчлэх энгийн хөдөлмөрийг хэлнэ/. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн чадвар алдагдах болон шүүх эмнэлгийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдах хоёр нь тусдаа ойлголт болно…” гэх дүгнэлт /2-р хавтаст хэргийн 67-69 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Б.Б-н өгсөн: “…Хохирогч Б.С-ын биед учирсан гэмтэл нь 4-6 долоо хоногоор алдагдуулна. Хохирогчид тухайн хөндлөн сэртэн хугарсан хэсгээр өвдөлт зовиур өгөх бөгөөд хугарлыг бүс бэхэлгээ зүүснээр өвдөлт намдаах эм ууж эдгээнэ. Хөдөлмөрийн чадварын эрт алдалтын хувиар тодорхойлох боломжгүй бөгөөд бүс бэхэлгээ зүүн хөнгөн ажил хөдөлмөр хийх чадвартай байх ба хөдөлмөрийн чадварын гуравны нэгийг удаан хугацаагаар алдагдуулахгүй гэмтэл юм. …Тухайн гэмтэл авсан үедээ баруун бүсэлхийн 2, 3 дугаар нугалмын оргилд өвчин эмзэглэл байх бөгөөд өвчин намдаах эм, бүс бэхэлгээ зүүснээр хөнгөн ажил хөдөлмөр хийх боломжтой учир хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс доош алдагдуулах бөгөөд бороолж эдгэсний дараа хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй…” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 80-81 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.М-ын яллагдагчаар өгсөн: “…Манай “П” ХХК 2022 онд байгуулагдсан бөгөөд бөөний худалдаа, тавилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага байгаа юм. Би 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш одоог хүртэл “П” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. 2023 онь 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах агуулахаас чулуун хавтан зөөвөрлөх гэж цагийн ажилтан авсан юм. Тэгээд чулуун хавтанг **-** улсын дугаартай маяти маркийн бүхээгтэй тээврийн хэрэгсэлд ачиж байхад иргэн А- уг чулуун хавтанд даруулж нас барсан xapиy гарсан. Би тухайн үед оффис дээр байсан ба манай ажилтан менежер Б- хариуцан ажиллаж байсан. Тэгээд надад утсаар мэдэгдээд би мэдсэн. Манай байгууллагад тухайн үед хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйг хариуцсан ажилтан байгаагүй.  Энэ осол гарнаас хойш ажилтан томилж ажиллуулж байгаа. Манай байгууллагын зүгээс чулуун хавтан ачиж буулга зааварчилгаа байхгүй, харин уг чулуун хавтанг үйлдвэрлэсэн байгууллагаас илгээсэн техникийн гарын авлагыг ажилдаа мөрдүүлдэг. Англи хэл дээр байдгийг орчуулснаар байдаг юм. Тухайн үед манай байгууллагаас фейсбүүкийн зарын группт цагийн ажилтан ажиллуулна гээд зар тавьсаны дагуу 4 хун ирсэн ба миний одоо мэдэж байгаа С-, А- хоёр байна. С- нь бас даруулж гэмтсэн ба эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан. Байгууллагын зүгээс С-ад эмчилгээний зардал 4.500.000 төгрөг өгсөн. Мөн талийгаач А-гийн ар гэрт нь байгууллагын зүгээс 20 гаруй сая төгрөг өгсөн. “П” ХХК-ийн гүйцэтгэх захирлын улмаас хариуцлага алдсан дээрээ маргах зүйл байхгүй, гэхдээ миний хувийн ажил биш байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хэрэг гарсан тул байгууллагыг иргэний хариуцагчаар татаж өгнө үү…” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 91-92 дахь тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хавтаст хэргийн 93 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2-р хавтаст хэргийн 105 дахь тал/,  иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хавтаст хэргийн 101 дэх тал/, ирэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2-р хавтаст хэргийн 102 дахь тал/ зэргийг шинжлэн судлав.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б-ын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Нэг. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар авч үзвэл: 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “П” ХХК-д Г.А- цагаар ажиллаж байхдаа **-**  улсын дугаартай тээврийн хэрэгсэлд чулуун хавтан ачиж байсан хавтан нурж даруулан механик амьсгал бүтэлт буюу цээж дарагдах хэлбэрийн улмаас амьсгал бүтэлтэнд орж болгоомжгүй үйлдлийн улмаас нас барсан үйл баримт хэрэгт авагджээ.

 

Энэ үйл баримт дээр дурьдсан гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 5 дахь/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Цагдаагийн Газрын Шуурхай Удирдлагын тасаг, Дуудлагын лавлагааны хуудас /1-р хх-ийн 7 дахь тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 8-23 дахь тал/, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 24-28 дахь тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 29-30 дэх тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э, Г.А, гэрч Ц.Т, Д.М, Н.Жаргалмаа, П.Б-, Т.Б, Ө.Д, Ү.О, Б.Б, О.Б, А.О, Ж.М, Б.Т нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн ** дугаартай шинжээчийн дүгнэлт, Эрүүгийн *** дугаартай хэргийн материалд шинжилгээ хийсэн тухай шинжээчийн 2023/17 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримттай агуулгын хувьд зөрүүгүй, харилцан уялдаатай нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Г.А- “П” ХХК-д цагийн ажилтанаар ажиллаж байхдаа буюу **-**  улсын дугаартай тээврийн хэрэгсэлд чулуун хавтан ачиж байх явцад хавтан нь нурж даруулан амь нас нь болгоомжгүй үйлдлийн улмаас нас барсан үр дагаварт амь хохирогчийг буруутгах үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, үүнийг золгүй явдал буюу хууль зүйн агуулгаар учрал гэж үзэхгүй болно.

Тодруулбал, “П” ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанг томилоогүй байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуупийн 28 дугаар зүйлийн 28.2.1 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан зөвлөл байгуулах, ажилтныг ажилд томилох, ажлаас чөлөөлөх/ дэх заалтыг зөрчсөн байна.

 

Шүүгдэгч Б.Б- нь 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар “П” ХХК-ийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан ба өөрийн компанид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, заавар, журмын хэрэгжилтийг хангуулах, ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, ажлын зохистой орчныг бүрдүүлэх үйл ажиллагааг уялдуулах ажлыг удирдан зохион байгуулах чиг үүрэгтэй ажилладаг байжээ.

 

Хэрэгт авагдсан Эрүүгийн *** дугаартай хэргийн материалд шинжилгээ хийсэн тухай шинжээчийн 2023/17 дугаартай дүгнэлтэд тусгаснаар шүүгдэгч Б.Б- нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-д /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан зөвлөл байгуулах, ажилтныг ажилд томилох, ажлаас чөлөөлөх/ гэх заалтыг зөрчиж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанг томилоогүй байна.

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “...Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.” гэж заажээ.

Иймд шүүгдэгч Б.Б- аюулгүй байдлыг хангах үүрэгтэй хүн буюу ажил олгогч мөн байна.

 

Өөрөөр хэлбэл энэ хэргийн тухайд “П” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд /гүйцэтгэх захирал, ХАБ-ын инженер/ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл хариуцан ажилтан томилон ажиллуулж, ажилчдад Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч, хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллах ёстой байсан бөгөөд хохирогчийн амь нас “П” ХХК буюу шүүгдэгчийн хариуцлагагүй байдалтай шалтгаант холбоотой, амь хохирогчийн үхлийн шалтгаан нь хэргийн нөхцөл байдалтай тохирч байна.

 

Улсын яллагч шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэл бүхий ба энэ гэмт хэргийн объектив шинж нь “хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эсвэл болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр хүний амь нас хохироосон” гэсэн хоёр диспозиц хэм хэмжээнээс бүрддэг байна.

Өөрөөр хэлбэл гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас түүний шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж болдог бөгөөд улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ шүүгдэгчийг “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр хүний амь насыг хохироосон” гэж үйл баримтаа дүгнэснийг шүүх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Б.Б- хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Мөн тухайн цаг хугацаанд Б.С-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч Хан-Уул дүүргийн хяналтын прокуророос 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн прокурорын тогтоолоор шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан ял сонсгосон бөгөөд шинжээчийн дүгнэлт, мэдүүлгийг үндэслэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн шинжийг хангахүй байна гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-од 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж өгнө үү гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүгдэгч Б.Б-олд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын гэмт этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцүүлэн шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол, санал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь ял шийтгэл гарцаагүй байх зарчмыг хангана гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-од зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух дүүргийн нутаг дэвсгэр буюу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр ажил, оршин суух нутаг дэвсгэрийн хооронд зорчих үүргийг мөн хугацаагаар хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Гурав. Хохирол, хор уршиг:

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилжээ.

 

Хавтаст хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Гантогтохын “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тэмдэглэл,  хохирол төлбөр төлсөн талаарх баримтууд /1-р хавтаст хэргийн 172-176 дахь тал/ авагдсан байна.

 

Бусад асуудлын талаар:

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шүүгдэгч Б.Б- энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасныг баримтлан  хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 

Учир нь уг хэрэгт шүүгдэгч Б.Б- нь хэдийгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, болон гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон зэргийг харгалзан ял оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ш овогт Б-н М-ыг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б.М-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-од зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-од зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух дүүргийн нутаг дэвсгэр буюу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр ажил, оршин суух нутаг дэвсгэрийн хооронд зорчих үүргийг мөн хугацаагаар хүлээлгэсүгэй.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Б.М- энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван найм дугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ